| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 101/2022/04485/И |
| Дугаар | 210/МА2023/00529 |
| Огноо | 2023-03-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2023/00529
2023 03 13 210/МА2023/00529
К ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00410 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К ХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 331,657,603 төгрөг, зээлийн хүү 300,976,663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,232,497 төгрөг, нийт 675,866,763 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагатай, хүүгийн алдагдал гэж илүү тооцож авсан 17,172,825 төгрөгийг буцаан гаргуулах, үндсэн зээлээс төлөгдсөн 61,842,397 төгрөгт дүйцүүлэн автомашин, дэд станц, цахилгааны шугам зэрэг барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг шаардлагатай, 2014 оны 09 сарын 11-ний өдрийн *** тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх бие даасан шаардлагатай иргэний хэргийг зохигчдын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Г.Э, хариуцагчийн төлөөлөгч С.О, хариуцагчийн өмгөөлөгч Л.М, гуравдагч этгээд Ө.Д, Э.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Б ХХК нь тус банктай 2014 оны 09 сарын 11-ний өдөр *** тоот зээлийн гэрээ байгуулан 460,000,000 төгрөгийг экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн 888 төслийн зээлийн зориулалтаар жилийн 7,0 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцааны гэрээ байгуулж Б ХХК-ийн өмчлөлийн үйлдвэрийн зориулалттай 618 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, эд зүйлс, Б ХХК-ийн эзэмшлийн 20,000 м.кв талбайтай газар, Э.О ын өмчлөлийн 43 м.кв талбайтай орон сууц, Ө.Д ий өмчлөлийн 40 м.кв талбайтай орон сууц, тусгай зориулалтын автомашин, суудлын автомашин, Г.О ы өмчлөлийн 28 м.кв талбайтай орон сууцыг тус тус барьцаалсан. Талууд харилцан тохиролцож 2014 оны *** тоот зээлийн гэрээнд 2014 оны 09 сарын 25-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулж ***А тоот гэрээ байгуулсан. Тус гэрээгээр зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөний улмаас хүүгийн алдагдлыг Банк хүлээсэн бол уг алдагдлыг гэрээний үүргээ зөрчсөн тал буюу зээлдэгч хариуцан төлөх, зээлийн хүү жилийн 25,2 хувь, зээлийн нэмэгдүүлсэн хүү жилийн 5,04 хувь гэх зэрэг болон бусад нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулсан. Хариуцагчийн хүсэлтийн дагуу нэхэмжлэгч нь Г.О ы өмчлөлийн 28 м.кв талбайтай орон сууцыг барьцаанаас чөлөөлсөн. Хариуцагч нь 2014 оны 09 сарын 11-ний өдрийн *** тоот зээлийн барьцааны гэрээний барьцаа хөрөнгө болох гипсэн гулдмай үйлдвэрлэх үйлдвэрийн 14 ширхэг тоног төхөөрөмжийг 2017 оны 05 сарын 01-ний өдрийн *** тоот барьцааны нэмэлт гэрээгээр нэхэмжлэгчид барьцаалсан. Талууд 2017 оны 06 сарын 30-ны өдөр ***Б тоот, *** тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ байгуулсан бөгөөд тус гэрээгээр зээлийн үлдэгдэл төлбөр болох 335,282,048 төгрөгийн эргэн төлөлтийн хуваарийг хавсралт 1-д заасны дагуу өөрчилсөн. Хариуцагч нь өнгөрсөн хугацаанд үндсэн зээлд 128,342,397 төгрөг, үндсэн хүүд 122,379,120 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 17,172,825 төгрөг, нийт 267,894,342 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг хариуцагчаас удаа дараа шаардсан боловч үр дүнд хүрээгүй. Иймд хариуцагчаас 2022 оны 11 сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээл 331,657,603 төгрөг, зээлийн хүү 300,976,663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,232,497 төгрөг, нийт 675,866,763 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: 2014 оны 09 сарын 11-ний өдөр *** тоот зээлийн гэрээг байгуулсан боловч зээл олгогдолгүй удсан. Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон гэсээр 2014 оны 10 сарын 07-ны өдөр зээлийн санхүүжилтийг олгосон. 680,000,000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эрх олгосон боловч К ХК нь барьцаа хөрөнгийн үнэлгээг багаар тооцож 460,000,000 төгрөг болгож бууруулсан. "Б ХХК-ийн гипсэн блокийн үйлдвэр технологийн онцлогоосоо хамаарч дулааны улиралд буюу жилд дунджаар 6 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулдаг. 2014 оноос эхлэн барилгын салбарын болон улсын нийгэм, эдийн засаг, зах зээлийн тааламжгүй нөхцөл байдлуудаас шалтгаалан бэлэн мөнгөний хомсдолд орсон. Зээлийн эргэн төлөлтийг хойшлуулж өгөхийг хүссэн хүсэлтээ К ХК-д 2015 оны 07 сараас эхлэн удаа дараа тавьсан боловч банкны зүгээс асуудлыг шийдэж өгөөгүй. 2018 оны хавраас К ХК-д 1 жилийн 7 хувийн хүүтэй төслийн зээлийг бизнесийн зээлээр солиулах, Ө.Д ий өмчлөлийн орон сууц, автомашиныг зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх талаар удаа дараа хүссээр 2018 оны 11 сард энэ хүсэлтийг шийдвэрлэсэн шийдвэр гарсан боловч шийдэгдээгүй. Энэ хүсэлтүүдийг К ХК зөвшөөрсөн бол Б ХХК зээлээ 2019 оны 10 сарын 07-ны өдөр төлж дуусгах, Ө.Д ий орон сууцны гэрчилгээг суллаж өгөх үүргээ биелүүлэх боломжтой болох байсан гэжээ.
3. Хариуцагч сөрөг нэхэмжлэл, тайлбартаа: К ХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлж, гэрээний зүйл болох 460,000,000 төгрөгийг шилжүүлэхгүй удаашруулж 2014 оны 09 сарын 25-ны өдрийг хүргэсэн. Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд гарын үсэг зурахыг тулгасан. Бид зээлийг хүлээн авахын тулд аргагүйн эрхэнд 2014 оны 09 сарын 25-ны өдөр уг гэрээнд гарын үсэг зурсан. Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээнд зээлдэгчийн зүгээс зээлийг хугацаанд нь төлөөгүйн улмаас банкинд бий болох хүүгийн алдагдлыг төлүүлэх гэх ойлголтыг тусгасан байсан. Гэтэл бодит байдалд алдагдал гэх ойлголт нь юу болох, ямар ойлголт болох талаар аль ч гэрээнд нь тодорхойлон зааж өгөөгүй байдаг. Зээлийн жилийн хүү 25,2 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 5,04 хувиар тооцсон шударга бус бөгөөд үндсэн гэрээний зорилго болон хуульд нийцэхгүй, зээлдэгчид илтэд хохиролтой нөхцөл бүхий нэмэлт гэрээний нөхцөлүүдийг тулгасан. Нэхэмжлэгч нь өнгөрсөн хугацаанд дээрх үндэслэлгүй нэмэлт гэрээний хүрээнд 17,172,825 төгрөгийг зээлдэгчээс илүү тооцож авсан байна. Зээлдэгч талаас гэрээний үүргээ биелүүлж нийт төлөх ёстой төлбөрөөс 128,342,397 төгрөгийг төлсөн. Энэхүү төлөлтөд дүйцэх үнийн дүнгээс гэрээгээр тохиролцсоны дагуу №***А тоот зээлийн барьцааны гэрээний зүйл болох 28 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өмнө нь чөлөөлүүлсэн. Одоогийн байдлаар үндсэн зээлээс төлсөн дүнгээс дээрх барьцааны зүйлийг суллуулсан дүнг хасаж үзэхэд 61,842,397.03 төгрөг төлөгдсөн байна. Иймд К ХК-аас хүүгийн алдагдал гэх нэрээр үндэслэлгүйгээр илүү тооцож авсан 17,172,825 төгрөгийг буцаан гаргуулах, зээлийн гэрээний үндсэн төлбөрөөс төлөгдсөн үнийн дүн болох 61,842,397 төгрөгийн үнийн дүнд дүйцэх RХ350 суудлын автомашин, Dong Feng тусгай зориулалтын автомашин, дэд станц, SКК-5, 10 кв-ын цахилгааны шугам зэрэг барьцаа эд хөрөнгүүдийг чөлөөлж өгнө үү гэжээ.
4. Гуравдагч этгээд Ө.Д бие даасан шаардлагадаа: Миний бие 2012 оны 01 сарын 17-ны өдөр иргэн С.От өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаа зээлийн барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгосон. Гэтэл 2014 оны 09 сарын 11-ний өдөр Б ХХК нь К ХК-тай №*** дугаартай зээлийн гэрээ байгуулж 460,000,000 төгрөгийн зээл авахдаа №***В дугаартай зээлийн барьцааны гэрээ байгуулж, миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаа болгож улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна. Ингэхдээ 2012 оны 01 сарын 17-ны өдөр С.О т олгосон итгэмжлэлд үндэслэн үл хөдлөх эд хөрөнгийг 80,500,000 төгрөгөөр үнэлэн барьцааны зүйл болгосон байна. Б ХХК нь хуульд заасан үндэслэлийн дагуу хууль ёсны өмчлөгчийн зөвшөөрөл, итгэмжлэлгүйгээр гэрээ байгуулсан тул энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарна. Иймд К ХК болон Б ХХК-ийн хооронд 2014 оны 09 сарын 11-ний өдөр байгуулагдсан №***В дугаартай зээлийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, *** тоот хаягт орших, эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэлтэй, 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг барьцаа хөрөнгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч тал бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: Ө.Д нь 2012 оны 01 сарын 17-ны өдөр С.О т өөрийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаа зээлийн барьцаанд тавих эрх олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатайгаар олгосон. С.О т тухайн итгэмжлэлийн дагуу бусад этгээдтэй иргэний хувьд гэрээ, хэлцэл байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны зүйл болгох эрх олгогдсон хэдий ч итгэмжлэлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлж, иргэнийхээ хувьд бусад этгээдтэй барьцааны гэрээ байгуулсан зүйл байхгүй. Ө.Д өөс олгосон итгэмжлэл нь бусдад шилжүүлэх эрхгүйгээр олгосон итгэмжлэл байсан. Итгэмжлэлд нэр дурдагдаагүй буюу итгэмжлэл олгогдоогүй хуулийн этгээд болох Б ХХК-ийн авсан зээлийн гэрээний барьцаанд Ө.Д ий өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаа болгосон нь үнэн тул бие даасан шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
6. Нэхэмжлэгч тал хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан тайлбартаа: 2014 оны 09 сарын 25-ны өдрийн ***А тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, талуудын хооронд 2014 оны 09 сарын 11-ний өдөр байгуулагдсан *** тоот зээлийн гэрээний 13.5-д тус тус заасныг үндэслэн байгуулсан. Б ХХК нь зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хүлээн зөвшөөрч, С.О гарын үсгээ зурж, компанийн тамгаа дарснаар тус гэрээний 4-т заасны дагуу хүчин төгөлдөр болсон. Уг гэрээний дагуу К ХК нь Б ХХК-аар зээлийн төлбөр төлүүлж байсан тул 17,172,825 төгрөгийг тус компанид буцаан төлөх хууль зүйн үндэслэлгүй. Ө.Д уг шаардлагаа 2021 онд нэхэмжлэлийн шаардлага байдлаар гаргаж байсан. 2021 оны 12 сарын 30-ны өдрийн *** тоот шийдвэрээр хэрэгсэхгүй болгож, 2022 оны 03 сарын 21-ний өдрийн ***тоот магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээсэн. Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээг заавал биечлэн хийх тухай хуулийн шаардлага байхгүй, итгэмжлэлээр хийж болдог. Итгэмжлэл хүчин төгөлдөр гэдэг нь нотлогдсон. Зохигчийн гэм буруугийн талаар шүүхийн болон арбитрын шийдвэр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар бие даасан шаардлагыг хүлээн авах үндэслэлгүй гэжээ.
7. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 56 дугаар зүйлийн 56.1.8, 160 дугаар зүйлийн 160.1.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 468,863,442 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 207,003,321 төгрөгт холбогдох хэсэг болон хүүгийн алдагдал нэрээр илүү тооцож авсан 17,172,825 төгрөг буцаан гаргуулах, RХ350 суудлын автомашин, Dong Feng тусгай зориулалтын автомашин, дэд станц, SКК-5, 10 кв-ын цахилгааны шугамуудыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай хариуцагч Б ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгө болох *** тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх тухай гуравдагч этгээд Ө.Д ий бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ***улсын дугаартай, *** гудамж, үйлдвэрийн зориулалттай 648 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө,
НТД:*** улсын дугаартай, *** зориулалттай 2 га газар,
*** гудамжны 86 тоот үл хөдлөх эд хөрөнгөд байрлах 10 кв цахилгааны шугам, 10/0, 4кв-100кв хүчин чадалтай дэд станц, гүний худаг /90м/, гипсэн гулдмайн тоног төхөөрөмж SKK-5. 2008 он, гипсэн блокийн хэвлэгч SKK-5-GВМ, гипсний нөөцийн сав шнекенд дамжуулагч SKK-5GRC, Цементийн нөөцийн үненийн сав SKK-5GRC, усны нөөцийн сав дамжуулагч SKK-5WRC, гипсэн хольц зуурагч SKK-5-MM, автомат удирдлага SKK-5-EC, гипсэн гулдмайн тоног төхөөрөмж TK-12. 2012 он /666х500х100/, гипсэн блокны хэв ТК12-GBPM, гипсэн хольц зуурагч зуурмагийн тогоо ТК12-ММ, түүхий эдийн сав, өргүүр TK12-RMC, усны нөөцийн сав дамжуулагч TK12-WRC, гидрийн машин ТК-GМ, автомат удирдлагын систем TK12-ACS,
Э.О ын өмчлөлийн *** улсын дугаартай, *** тоотод байрлах 43 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,
Ө.Д ий өмчлөлийн *** улсын дугаартай, *** тоотод байрлах 40 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц,
*** УНО улсын дугаартай, *** арлын дугаартай, Dong feng үйлдвэрийн TZ5210GFL маркийн тусгай зориулалтын машин,
*** УНА улсын дугаартай, *** арлын дугаартай, Lexus RX350 маркийн суудлын автомашиныг шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 3,835,635 төгрөг, хариуцагчаас төлсөн 711,100 төгрөг, гуравдагч этгээд Ө.Д өөс төлсөн 630,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,572,467 төгрөг гаргуулж нэхэмжлэгч К ХК-д олгож шийдвэрлэжээ.
8. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийг хариуцагчид олгосон зээлийн хүүгээ 25,2 хувиар, нэмэгдүүлсэн хүүгээ 5,04 хувиар тус тус тооцож нэхэмжилснийг үндэслэлгүй гэж үзэж, харин анхны гэрээний дагуу зээлийн хүүг 7,0 хувиар, нэмэгдүүлсэн хүүг 1,4 хувиар тооцох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна. Нэхэмжлэгч нь 2014 оны 09 сарын 25-ны өдөр ***А тоот зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээг хариуцагчтай байгуулсан. Уг гэрээгээр хариуцагч зээлийн төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн хүүг 25,2 хувь, нэмэгдүүлсэн хүүг 5,04 хувиар тус тус тооцохоор тохиролцсон. К ХК, Монгол Улсын Хөгжлийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай 2014 оны 08 сарын 26-ны өдрийн *** тоот гуравласан гэрээний 6.2.6-д заасан нэхэмжлэгчид олгосон эрхийн дагуу дээрх нэмэлт гэрээг хариуцагчтай байгуулсан байтал анхан шатны шүүх тус нэмэлт гэрээг үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зөрчсөн. Иймд хариуцагчаас 675,866,763 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
9. Хариуцагч тал нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Гурвалсан гэрээнд хариуцагч тал оролцоогүй, хариуцагчид огт хамааралгүй. Мөн талууд энгийн нөхцөлтэй зээлийн гэрээг байгуулаагүй. Зээлийн мөнгийг өгөхийн тулд нэмэлт гэрээ байгуулсан, улмаар зээл зээлдэгчийн дансанд орсон. Нэмэлт гэрээний 3.2 дахь заалтаар гэрээний хүүг өсгөсөн заалт оруулсан бөгөөд хүүг яагаад өсгөсөн талаарх шалтгаанаа гэрээнд ерөнхий байдлаар хүүгийн алдагдал гэж тайлбарласан. Гэтэл хүүгийн алдагдал гэдэг ойлголт хуульд байхгүй, гэрээнд ч тодорхойлоогүй. Нэхэмжлэгч хүүгийн алдагдал хүлээсэн гэдгээ нотлоогүй. Түүнчлэн, нэхэмжлэгч талаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай байгуулсан хоёр талт хамтран ажиллах гэрээний 4.5-д Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгож буй мөнгийг өөр нөхцөлөөр олгохыг хориглоно гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.
10. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах гэсэн гомдлын агуулга хэрэгжих боломжгүй. Тодруулбал, тооцоолол буруу хийгдсэн асуудлыг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй. Үүнтэй холбоотой ямар нотлох баримтыг эш татаж дурдах, хэрэгт авагдсан хэд хэдэн удаагийн зээлийн болон барьцааны гэрээнүүдтэй холбоотой ямар дүгнэлт хийгдэх ёстой талаар нэхэмжлэгч, хариуцагч нар тодорхой байр суурь илэрхийлээгүй. Мөн нэхэмжлэгчийн хэлснээр шүүх мэтгэлцэх боломжоор хангаагүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл энэ нь тус хэрэг дахин хэлэлцэгдэх хууль зүйн үр дагавар үүсгэдэг тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар давж заалдах гомдол хангагдахгүй гэжээ.
11. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
11.а. Үндсэн хүүгийн 1 жилд тооцогдох дүн 460,000,000 х 7% = 32,200,000 төгрөг, 1 сард ногдох нь 2,683,333 төгрөг, үүнийг 8 жил, 1 сард тооцвол нийт 32,200,000 х 8 = 257,600,000 + 2,683,333 = 260,283,333 төгрөг гарч байна. Анхан шатны шүүх үндсэн хүүг өөрийнхөө аргачлалаар тооцохдоо алдаж тооцоолон 536,667 төгрөгөөр илүү дүн гаргасан. Нэмэгдүүлсэн хүүгийн 1 жилд тооцогдох дүн 32,200,000 х 1.4% = 450,800 төгрөг, 1 сард тооцогдох нь 37,567 төгрөг, үүнийг 8 жил, 1 сард тооцвол нийт 450,800 х 8 = 3,606,400 + 37,567 = 3,643,967 төгрөг байна. Энэ дүнг шүүгч 15,937,784 төгрөг гэж тооцсон. Шүүх нэмэгдүүлсэн хүүг тооцохдоо 12,293,817 төгрөгөөр илүү дүн гаргасан байна.
11.б. Шүүгчийн аргачлалаар тооцвол хариуцагчийн төлбөл зохих үндсэн зээл 460,000,000 төгрөг, үндсэн хүү 260,283,333 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,643,967 төгрөг, нийт 723,927,300 төгрөг байна. Гэтэл шүүгч шийдвэртээ 736,757,784 төгрөг гэж 12,830,484 төгрөгөөр илүү тооцсон байна. Мөн шүүгч хариуцагчийг 2014 оны 10 сарын 08-ны өдрөөс хойш нэг ч удаа үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй, харин 2022 оны 11 сарын 29-ний өдөр үндсэн зээл, үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийлбэр дүн болох 267,894,342 төгрөгийг төлсөн мэтээр буруу дүгнэсэн. Хариуцагч нь 2014 оны 10 сарын 07-ны өдрөөс 2022 оны 11 сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөлт хийж байсан талаар тооцооллыг өдөр бүрээр нь гаргаж өгсөн. Гэтэл шүүгч үндсэн зээл 460,000,000 төгрөгөөс үндсэн зээлийн төлбөрийг төлж байсныг хасахгүйгээр үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг тооцсон тул үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол зөрүүтэй гарсан байна. Иймд шүүхийн алдаатай тооцооллоос үүдэлтэй шийдвэрт тусгагдсан дүнгээс 61,343,840 төгрөгийг хасаж өгнө үү.
11.в. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлээгүйд гомдолтой байна. Учир нь хэрэгт зээлдэгч өөрөө шийдвэр гаргаж, үндсэн зээл төлөгдсөн дүнд дүйцэх барьцааны хөрөнгийг чөлөөлж ирсэн бодитой эрх, үүргийн харилцаа явагдсан байхад энэ үйл баримтад бодит дүгнэлт хийж чадаагүй.
11.г. Анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн шүүх бүрэлдэхүүнийг албажуулах тухай захирамжаар К ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх бүрэлдэхүүнийг албажуулснаас биш К ХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шүүх бүрэлдэхүүнийг албажуулаагүй болно. Үүнийг хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
12. Нэхэмжлэгч тал хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Анх нэхэмжлэлээ 2022 оны 06 сарын 23-ны өдөр гаргасан бөгөөд К ХК гэсэн нэртэйгээр гаргасан. Өөрөөр хэлбэл, анхнаасаа хувьцаат компани байсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аж ахуйн нэгжийн хэлбэр өөрчлөгдөөгүй. Тухайн үед компанийн нэрийг ХХК гэж бичсэн нь техникийн алдаа байсан. Хууль болон гэрээгээр зээлээ төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгийг хэсэгчлэн чөлөөлөх үүргийг хүлээгээгүй. Зээл төлөгдсөн, эсхүл шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд орж худалдан борлуулагдсаны дараа барьцаа хөрөнгө чөлөөлөх хууль зүйн зохицуулалттай. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах үндэслэлтэй гэж тайлбарласан учраас хариуцагчийн хүүгийн тооцооллыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
13. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн гомдлоос үзэхэд давж заалдах шатны шүүхээс ямар шийдвэр гаргуулахыг хүсэж байгаа нь тодорхойгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан эсэх асуудал эргэлзээтэй байгаа талаар гомдол гаргажээ. Өөрөөр хэлбэл, гомдлын 1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн буруу хийсэн тооцооллыг давж заалдах шатны шүүх засаж залруулах боломжтой гэж тайлбарладаг боловч гомдлын 2 дахь хэсэгт анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, мэтгэлцэх зарчмаар хангаагүй, хэргийн оролцогчийг зөв тодорхойлоогүй, нэхэмжлэгчийн хувийн байдал буюу компанийн нэр, хэлбэр шүүхээс гарах эрх зүйн акт, шүүгчийн захирамжуудад буруу бичигдсэн зэрэг асуудлуудыг дурдаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангаагүй гэх үндэслэлийг нотолж байна гэжээ.
14. Гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
14.а. Б ХХК-д хуульд заасан төлөөлөх бүрэн эрх үүсээгүй, төлөөлөгч С.О т олгосон итгэмжлэлд Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5, 62.7 дахь хэсэгт заасан төлөөлөх бүрэн эрхийг бусдад шилжүүлэх эрх тусгайлан олгогдоогүй байхад барьцааны гэрээ байгуулж байгаа нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх хууль зүйн үр дагавар үүсгэж байна. Дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт өгч хуулийг зөв хэрэглэж чадаагүй.
14.б. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 11.2. 11.4. 11.5. 11.6, 11.7-д С.О ийн нэрийг С.О гэж тэмдэглэсэн байх бөгөөд гуравдагч этгээдийн зүгээс иргэн С.О гэж хүнд холбогдуулан бие даасан шаардлага гаргасан зүйл байхгүй. Мөн бие даасан шаардлагын хүрээнд нэхэмжлэгч К ХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн хөндөгдөж байгаад хууль зүйн дүгнэлт хийж түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх зүйн байдлыг тодорхойлж өгөлгүй орхигдуулсан атлаа шийдвэрийн үндэслэх хэсгийн 11.6 дахь хэсэгт ...бие даасан шаардлагыг иргэн С.О т холбогдуулан гаргасан нь үндэслэлгүй байна... гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн зөрчил болно.
14.в. Анхан шатны шүүх гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг үгүйсгэж буй гол үндэслэлээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 30-ны өдрийн 101/ШШ2022/00115 дугаар шийдвэр гэж дурдсан. Тус шийдвэр нь маргаан бүхий зээлийн барьцааны гэрээтэй холбоотой бус иргэн Ө.Д өөс иргэн С.О т олгосон итгэмжлэлтэй холбогдуулан хууль зүйн дүгнэлт хийсэн шийдвэр бөгөөд ...нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, итгэмжлэлийг хүчингүй болгосноор үүсэх хууль зүйн үр дагаврыг тодорхойлоогүй байна... гэж дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь маргаан бүхий үйл баримттай хамааралгүй болохыг анхан шатны шүүх анхаараагүй.
Иймд бие даасан шаардлагыг хангасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.
15. Нэхэмжлэгч тал гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Ө.Д нь С.О гэх хүний хамтран амьдрагчийн хүүхэд бөгөөд хүүхдийнхээ орон сууцыг барьцаанд тавьсан. Шүүхээс итгэмжлэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, итгэмжлэл хүчин төгөлдөр гэсэн шийдвэр гаргасан. Өмнө нь шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргасан боловч бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцуулах шүүгчийн захирамж огт гараагүй. Гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, мөн хуулийн 164 дүгээр зүйлийн 164.3 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэх үндэслэлгүй гомдол тул гуравдагч этгээдийн дээрх гомдолд тайлбар гаргах боломжгүй гэжээ.
16. Хариуцагч тал гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Энэ асуудлаар шүүх зарчмын шинжтэй дүгнэлт хийх ёстой байсан. Тодруулбал, хэнээс хэнд итгэмжлэл олгосон гэдгийг нарийвчлан дүгнэж, уг этгээд итгэмжлэлд олгосон агуулга бүрээр ашигласан үгүйг тогтоох ёстой. Энэ үүднээс анх бие даасан шаардлага гаргахад нь хариуцагчийн зүгээс ийм байдлаар тайлбараа гаргаж, шүүхэд бичгээр өгч байсан. Гуравдагч этгээдээс олгосон итгэмжлэлийг өөр зээлийн гэрээнд ашигласан. Итгэмжлэлийг С.О т олгосон болохоос Б ХХК гэх хуулийн этгээдэд олгоогүй гэдэг асуудлаар гомдож байгааг манай талаас зарчмын хувьд хүлээн авч байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч К ХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 331,657,603 төгрөг, зээлийн хүү 300,976,663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 43,232,497 төгрөг, нийт 675,866,763 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг,
хариуцагч Б ХХК нь нэхэмжлэгч К ХК-д холбогдуулан хүүгийн алдагдал гэж илүү тооцож авсан 17,172,825 төгрөгийг буцаан гаргуулах, үндсэн зээлээс төлөгдсөн 61,842,397 төгрөгт дүйцүүлэн автомашин, дэд станц, цахилгааны шугам зэрэг барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх сөрөг шаардлагыг,
гуравдагч этгээд Ө.Д нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан 2014 оны 09 сарын 11-ний өдрийн *** тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг тус тус гаргаж, хэргийн оролцогчид маргажээ. /1хх 1-5, 175-180, 234-237, 2хх 5, 12, 5хх 198-199, 211, 212/
3. Зохигчид 2014 оны 09 сарын 11-ний өдөр *** тоот Зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч К ХК нь 460,000,000 төгрөгийг жилийн 7,0 хувийн хүүтэй, жилийн 1,4 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй, 60 сарын хугацаатай олгох, эхний 1 жилийн үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөх, зээлдэгч Б ХХК нь уг зээлийн мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан хүүг буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ. /1хх 16-19/
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээний харилцаа гэж зөв тодорхойлж, зээлдүүлэгчийн зүгээс 2014 оны 10 сарын 07-ны өдөр 460,000,000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэн өгсөн үйл баримтыг зөв тогтоосон байна.
4. Улмаар, зохигчид 2014 оны 09 сарын 25-ны өдөр ***А тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүйн улмаас Банк хүүгийн алдагдал хүлээсэн бол хүүг жилийн 25,2 хувиар, нэмэгдүүлсэн хүүг 5,04 хувиар тус тус тооцож зээлдэгчээр төлүүлэх нөхцөлийг тусгасан байх боловч уг нөхцөлөөр Банк зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож шаардах эрхгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв. /1хх 38-39/
Учир нь, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй зээлдэгчид хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх хариуцлагыг хуульчилсан байтал дээрх нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээгээр хуульд зааснаар өөр, гэрээгээр анх тохиролцсон хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээгт 3.6 дахин нэмэгдүүлэн тооцохоор тусгасан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна.
5. Нэхэмжлэгч нь үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг ***А тоот Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ-ний дагуу тооцсон гэж тайлбарлаж байх тул хариуцагч Б ХХК-аас үндсэн зээл 331,657,603 төгрөг, зээлийн хүү 83,604,629 төгрөг /300,976,663 : 3.6/, нэмэгдүүлсэн хүү 12,009,027 төгрөг /43,232,497 : 3.6/, нийт 427,271,259 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХК-д олгож, үлдэх 248,595,504 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцнэ.
6. Хариуцагч талын гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдагдсан хүүгийн алдагдал гэж илүү тооцож авсан гэх 17,172,825 төгрөг нь дээрх байдлаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн дүнд багтсан тул уг сөрөг шаардлагыг хангах үндэслэлгүй.
Зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б ХХК-ийн хүлээсэн үүрэг Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар дуусгавар болоогүй тул барьцааны гэрээгээр хүлээсэн нэмэлт үүрэг дуусгавар болохгүй, улмаар үндсэн зээлд төлөгдсөн гэх 61,842,397 төгрөгт дүйцүүлэн барьцаа хөрөнгийг чөлөөлөх боломжгүй. Үндсэн үүрэг дуусгавар болоогүй байхад нэмэлт үүргээс чөлөөлөх эсэх нь барьцаалагчийн хүсэл зоригоос шууд хамаарна. Энэ талаархи сөрөг нэхэмжлэл, давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
7. Хэрэгт авагдсан Ө.Д өөс С.О т 2012 оны 01 сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэлд ...*** тоот 40 м.кв талбайтай орон сууцыг зээлийн барьцаанд тавих, төлөөлөн гэрээ хийж гарын үсэг зурах, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, гэрээний үүргийг хангахтай холбогдсон бусад эрх, мөн лавлагаа авах бүрэн эрхийг олгож байна... гэж дурджээ. Уг итгэмжлэл нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан бичгээр олгосон итгэмжлэлд тавигдах шаардлагыг хангасан байна. /1хх 36/
Гуравдагч этгээд Ө.Д нь дээр дурдсанчлан С.О т ...түүнийг төлөөлөн гарын үсэг зурах бүрэн эрх...-ийг олгосон, үүний дагуу С.О нь 2014 оны 09 сарын 11-ний өдрийн ***В тоот зээлийн барьцааны гэрээнд барьцаалуулагч Ө.Д гэсний доор гарын үсэг зурсан байх тул 2014 оны 09 сарын 11-ний өдрийн *** тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх бие даасан шаардлагыг хангах үндэслэлгүй. /1хх 30-31/
8. Хэрэгт авагдсан 2014 оны 09 сарын 11-ний өдрийн *** тоот, ***А тоот, ***Б тоот, ***В тоот Зээлийн барьцааны гэрээ, *** тоот Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /Фидуци/, 2017 оны 05 сарын 01-ний өдрийн *** тоот Барьцааны нэмэлт гэрээ зэрэг нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна. /1хх 20-21, 22-23, 24-25, 26-27, 28-29, 30-31, 40-42/
Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцжээ.
9. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 07 сарын 01-ний өдрийн 101/ЕШ2022/05038 дугаар Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжид нэхэмжлэгч К ХК-ийг ...К ХХК... гэж дурдсан, мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Б ХХК-ийн захирал С.О ийг ...С.О... гэж бичсэн зэрэг нь илэрхий техникийн алдаа байх тул уг үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.
Түүнчлэн, ...гуравдагч этгээд Ө.Д ийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр татсан захирамжийг шүүх гаргаагүй... гэх давж заалдах гомдол нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй гэж үзэв. Учир нь, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шүүх хүлээн авч гардуулах ажиллагааг хийсэн, мөн хэргийн оролцогчид бие даасан шаардлагын талаар тайлбар гарган мэтгэлцсэн байна.
10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/00410 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1, 160 дугаар зүйлийн 160.1.6, 56 дугаар зүйлийн 56.1.1-д тус тус зааснаар хариуцагч Б ХХК-аас нийт 427,271,259 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХК-д олгож, үлдэх 248,595,504 төгрөгт холбогдох хэсэг, мөн нэхэмжлэгч К ХК-д холбогдох хүүгийн алдагдал гэж илүү тооцож авсан 17,172,825 төгрөгийг буцаан гаргуулах, үндсэн зээлээс төлөгдсөн 61,842,397 төгрөгт дүйцүүлэн автомашин, дэд станц, цахилгааны шугам зэрэг барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх хариуцагч Б ХХК-ийн сөрөг шаардлага, мөн хариуцагч Б ХХК-д холбогдох 2014 оны 09 сарын 11-ний өдрийн *** тоот барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, барьцаа хөрөнгө болох 3 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх гуравдагч этгээд Ө.Д ий бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...Цементийн нөөцийн үненийн сав... гэснийг ...Цементийн нөөцийн сав... гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 3,835,635 төгрөг, хариуцагчаас төлсөн 711,100 төгрөг, гуравдагч этгээд Ө.Д өөс төлсөн 630,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,364,506 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч К ХК-д буцаан олгосугай гэж өөрчлөн найруулж,
шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдол болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Б ХХК-аас төлсөн 467,200 төгрөг, 464,700 төгрөг, нийт 931,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, нэхэмжлэгч К ХК-аас төлсөн 1,192,967 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс төлсөн 631,850 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР