Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2018/ШЦТ/119

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Б  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Сартуул овогт Б-ын Б-д холбогдох 1816002150109 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, Завхан аймгийн Цагаан чулуут сумын харьяат, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багийн 6-64 тоотод оршин суух, 1...... оны ..... дугаар сарын ......-ны өдөр төрсөн, .... настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, ...... регистрийн дугаартай, Сартуул овогт Б-н Б .

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багт байх иргэн Э.С-гийн хашаанаас цахилгааны 34 метр утас, 250 метр зэс голтой утас, эмэгтэй хүний өндөр өсгийтэй, бор өнгөтэй, уландаа 6 дугаартай гутал 1 хосыг тус тус хулгайлж 591.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.Б  нь 2018 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багт байх иргэн Э.С-гийн хашаанаас цахилгааны 34 метр утас, 250 метр зэс голтой утас, эмэгтэй хүний өндөр өсгийтэй, бор өнгөтэй, уландаа 6 дугаартай гутал 1 хосыг тус тус хулгайлж 591.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.Б-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Би тархины 2 удаагийн хагалгаанд орсон учир архи уухаар юу болсон талаар мэддэггүй. Тэгээд архи уугаад айлын хашаанаас юм авсан байсан... Мөнгийг нь төлсөн ... 400.000 төгрөг төлсөн... гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа... Хулгай хийсэн нь миний буруу хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Э.С-гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 09 сарын 15-ны өдөр 08 цаг 40 минут орчимд сургуулийн хүүхдүүдээ аваад 3 дугаар сургууль дээр очсон юм. Тэндээсээ Солонго хорооллын дээшээ сургуулийн хүүхдээ аваад очсон бөгөөд 15 цаг өнгөрч байхад гэртээ харьсан. Манай нөхөр гаднаас орж ирээд хойд амбаараас түлхүүр багаж авах гэж байгаад намайг дуудаад амбаар доторх эд зүйлээ янзлахгүй бол ундуй сундуй болсон байна гэхээр нь орж үзэхэд эд юмс эмх цэгцгүй болсон байсан. Тухайн амбаараас цахилгааны 34 метр утас, 250 метр цахилгааны монтажны утас алга болсон байсан. Дараа нь 3 хоногийн дараа хавар намрын гутал алга болсон байсныг мэдсэн...” гэх мэдүүлэг/хх 11-рт/,

Хохирогч Э.С-гийн мөрдөн байцаалтад дахин мэдүүлсэн: “...Манай хашаа урд хэсгээрээ задгай байдаг. Бас амбаарын хаалга уначихсан. Хаалганы нугас нь эвдэрчихсэн байгаа юм... Манай доод талын хашаанд ээжтэйгээ хамт амьдардаг А  гэх архи дарс уудаг эмэгтэй байдаг. Тэр айлаар Б  гэх хүн ирж байхыг би харж байсан. Тиймээс тэр хүмүүсийг сэжиглэж байна. Б  гэх хүн архиар өгнө гээд манай цахилгааны 34 метр утсыг нь үүрчихсэн явж байхаар нь цагдаад мэдэгдсэн юм...Би алга хийсэн 250 метр цахилгааны утсаа төлүүлээд 400.000 төгрөг бэлнээр авсан. Одоо надад гомдол, санал, хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх 12-13-рт/,

Гэрч Б.Ц-ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...2018 оны 09 дүгээр сарын сүүлээр гэрт нь очтол хашаан дотор байсан бор өнгөтэй уаз469 маркын машины сэгэн дээр шуудайнд бор өнгийн арьсан гутал хийгээд тавьсан байсан. Тэгээд би дүү Баяраагаасаа асуутал нэг айлаас цахилгааны утас болон энэ гутлыг хулгайлчихсан юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг/хх 14-15-рт/,

Шүүгдэгч Б.Б-гийн мөрдөн байцаалтад яллагдагчаар мэдүүлсэн: “... гэртээ ороод архи ганцаараа уугаад гадагш гараад урагшаа яваад хашааны хаалгаар ороодхар өнгийн цахилгааны утас, хуйлсан цагаан өнгөтэй цахилгааны утас, бор өнгийн эмэгтэй гутал байхаар нь би аваад зах руу явж байгаад цагаан өнгийн цахилгааны утсаа нэг хүнд 10000 төгрөгөөр зараад нөгөө хоёроо зарна гэж явж байгаад баригдсан юм...” гэх мэдүүлэг/хх 32-33-рт/,

Эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 5-8-рт/,

Эд зүйлийн үнэлгээ/хх 21-22-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл/хх 5-6-рт/, хохирогч Э.С-гийн мэдүүлэг/хх 11-12-рт/, гэрч Б.Ц-ын мэдүүлэг/хх 14-15-рт/, яллагдагч Б.Б-гийн мэдүүлэг/хх 54-55-рт/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Б  нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцоно гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулах нотлох баримт “...байхгүй...” гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

 

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Говь-Алтай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-гийн хүсэлтээр хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд шүүгдэгч Б.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Хулгай хийсэн нь миний буруу хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрийн сайн дураар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар буюу өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүйгээр хууль бусаар авч буй үйлдэл бөгөөд шүүгдэгч Б.Б  нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баяншанд багт байх иргэн Э.С-гийн хашаанаас цахилгааны 34 метр утас, 250 метр зэс голтой утас, эмэгтэй хүний өндөр өсгийтэй, бор өнгөтэй, уландаа 6 дугаартай гутал 1 хосыг тус тус хулгайлж 591.000 төгрөгний хохирол учруулсан үйлдэл нь уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байх тул бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Иймд Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнээд шүүхээс шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Б-гийн хууль эрх зүйн мэдлэг дутмаг байдал, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал зэрэг нь уг гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж шүүх үзлээ.

 

Хохирогч Э.С  нь мөрдөн байцаалтад дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Би алга хийсэн 250 метр цахилгааны утсаа төлүүлээд 400.000 төгрөг бэлнээр авсан. Одоо надад гомдол санал хүсэлт байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч Б.Баярааг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

 

Шүүгдэгч Б.Б  нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мөрдөн байцаалтад мэдүүлсэн, прокурор 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, шүүгдэгч Б.Б-г яллагдагчаар татаж, мөрдөн байцаалтын ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулахаар шийдвэрлэсэн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн этгээдэд хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаа зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх бөгөөд дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь гомдол, саналгүй гэсэн байх тул учруулсан хохирлыг төлсөн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулахдаа харгалзаж үзсэн бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б-гийн гэмт хэрэг үйлдсэн байдал, мөн түүний хувийн байдал зэргийг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б  нь согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2/хоёр/ жилийн хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 36.5 метр цахилгааны хар утас, эмэгтэй хүний өсгийтэй бор өнгийн уландаа 6 дугаартай хос гуталыг хохирогч С-д олгож, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Сартуул овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай болон болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.Б-д сануулсугай.

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 36.5 метр цахилгааны хар утас, эмэгтэй хүний өсгийтэй бор өнгийн уландаа 6 дугаартай хос гуталыг хохирогч С-д олгосугай.

6. Энэ хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь хохирогчид 400.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүний иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ч.МӨНХТУЯА