Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2018\ШЦТ\428

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0394/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч О.Доржмаа,

Хохирогч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Батжаргал,

Шүүгдэгч Л.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Л.Э-д холбогдох эрүүгийн 1818006350408 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Л.Э /РД: /, Дорнод аймгийн Дашбалбар суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дуучин мэргэжилтэй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 8 дугаар сарын 11-ний орой Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Петровис” ШТС-ын зүүн талын замд Тоёота истима маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дугаар зүйлийн а-д заасан “Жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүрэг хүлээнэ” гэснийг зөрчин зөрчилтэй буюу ойрын гэрлийн тусгал стандартад нийцээгүй буюу бага тээврийн хэрэгсэл жолоодож яваад мөн дүрмийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөнөөс явган зорчигч Д.Н-ийг мөргөж амь насыг нь хохироосон болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Л.Э-ын өгсөн: Осол гарахын өмнө араас тээврийн хэрэгсэл намайг гүйцэж түрүүлсэн. Уг тээврийн хэрэгсэл намайг гүйцэж түрүүлсний дараа гэнэт зам дээр бургас гараад ирсэн. Санаатай уг гэмт хэргийг хийгээгүй. Гэнэтийн асуудал гарч ийм хэрэг болсон. Гэм буруу дээр маргаан байхгүй. Би хохирол төлбөрт 5.000.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Б-гийн өгсөн: Би тухайн өдөр Улаанбаатар хотод байсан. Уг үйл явдал болсон талаар 11 цагийн үед утсаар сонссон. Маргааш өглөө нь вагоноор ирсэн. Уг үйл явдлын талаар өөрөөр сайн мэдэхгүй. Үлдэж байгаа эхнэр хүүхэд нь унаж татдаг өвчинтэй. Одоо хүүхдүүдтэйгээ цуг хотод байгаа. Үлдэж байгаа хоёрыг нь орох оронтой болгох хэрэгтэй байгаа. Хашаа байшин, гэртэй л болгочихвол өөр нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүгдэгчээс орон байрны 6 сая төгрөгийг нэхэмжилж байгаа. Би оршуулгын зардалд 5.000.000 төгрөгийг шүүгдэгчээс авсан гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч С.Ц-ын өгсөн: ...Манай хүргэн Л.Э машинаа жолоодоод миний охин Ц.Б жолоочийн хажуугийн суудалд суугаад би арын суудалд суугаад явж байсан. Би замдаа ядраад унтсан. Нэг мэдэхэд түс тас хийх чимээ сонсогдоод машины тоормосны чимээ гарсан. Машины урд салхины шил хагарсан байсан ба би өндийгөөд цонхоор харахад замын хажууд хүн хэвтэж байсан би сандрах, айх зэрэгцээд сайн харж чадаагүй... гэх мэдүүлэг /хх-ийн 69/,

Гэрч Ц.Б-ийн өгсөн: ...Л.Э машиныхаа гэрлийг ойрын гэрэл дээр тусгаад явж байсан. Тэгтэл гэнэт юу юугүй бургас харагдаад тулаад ирсэн. Тэгээд тоормос гишгэтэл тэр бургасыг мөргөөд зогссон. Би бургас ачсан машины араас тулаад зогсчихлоо гэж бодсон. Тэгээд нөхөр Л.Э бид 2 машинаас буугаад хартал замын хажууд бургас үүрсэн эрэгтэй хүн хэвтэж байсан. Тэгээд эмнэлгийн түргэн тусламж дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 84-85/,

Шинжээч Л.Л-ийн өгсөн: Автомашины дугуйн элэгдэл нь ашиглалтын явцад элэгддэг ба Монгол улсын нөхцөлд нэг дугуй 45.000 км явах нормтой. Тухайн тээврийн хэрэгслийн дугуйн хээний элэгдэл нь дээрх заасан километрээс илүү явж элэгдэж хязгаарлалын тэмдэгт хүрсэн байгаа нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний удаашралд буюу зогсоход нөлөөлсөн байна. Өөрөө хэлбэл хээгүй дугуй нь гулгаа ихтэй байна гэсэн үг. Мөн тухайн тээврийн хэрэгслийн ойрын гэрлийн тусгал, цацрагийн хэмжээ нь стандартад нийцээгүй бага байсан. Холын гэрлийн тусгал хэвийн хэмжээнд байсан гэх мэдүүлэг /хх-ийн 86/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын бүдүүвч зураг /хх-ийн 2-10/,

Л.Э нь Тоёота эстима маркийн *******  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1, 2 дугаар бүлгийн 2.3.а-д заасныг, явган зоригч Д.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т заасныг тус тус зөрчсөнөөс осол гарсан гэх зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх-ийн 11, Зам тээврийн ослын бүдүүвч зураг /хх-ийн 12/, Зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл /хх-ийн 13/,

Үзлэгийг Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн авто тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд эхлэхээр тогтов... гэх 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 21-23/,

Талийгаач Д.Н-ийн авч явсан 2 м урттай, 25 см диаметр хэмжээтэй олсоор гадуур нь багцалж боосон хуурай бургас модыг эхнэр С.Т-д хүлээлгэн өгсөн гэх тэмдэглэл /хх-ийн 26/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаартай “Талийгаачийн биед гавал тархины ил гэмтэл, гавлын суурь болон орой ясны хугарал, тархины баруун чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, 2 хөлийн дунд чөмөг, зүүн шилбэний 2 ясны битүү хугарал, баруун чамархайн шарх, нүүр, зүүн хөлийн шилбэний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээрийн ослын үед машинд мөргөгдөх үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачийн биед илэрсэн гавал тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд шууд аюултай хүнд зэргийн гэмтэл болно. Талийгаач нь гавал тархины гэмтлээр нас баржээ. Талийгаачийн биед үхэлд хүргэх архаг хууч өвчин илэрсэнгүй. Талийгаачийн цусанд этилийн спирт илэрсэнгүй. Талийгаачийн цусны бүлэг OI байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/, Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-36/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 96 дугаартай “Шинжилгээнд авсан Д.Н-ийн цусны бүлэг нь OI байна” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 176 дугаартай “Шинжилгээнд авсан Д.Н-ийн цусанд этилийн спирт илэрсэнгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 177 дугаартай “Шинжилгээнд авсан Д.Н-ийн ходоодны агууламжид этилийн спирт илэрсэнгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/,

Үзлэгээр цогцосны урт 170 см, дээгүүрээ цахилгаан нь эвдэрсэн, хуучин, эрээн өнгийн куртиктэй, куртикны дотор хагас ханцуйтай, бараан шаргал судалтай, дотроо цэнхэр өнгийн бэлтгэлийн өмдтэй, хөлдөө цагаан, улаан өнгийн пүүзтэй, дотуур нь бор саарал өнгийн оймстой байв... гэх цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37/,

Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Өнөрбат 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 34 дугаартай “Жолооч Л.Э нь Тоёота эстима маркийн******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар зүйлийн 2.3.а-д заасан “жолооч хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно; зэрэг үүргийг хүлээнэ” гэсэн заалтыг зөрчсөн. Явган зорчигч Д.Н нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.4-т “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн. Жолооч болон явган зорчигч нар Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол хэрэг гарсан учир уг үйлдэл нь зам тээврийн осол мөн. Зам тээврийн ослын газар дээрх хурдыг тогтоох боломжгүй” гэх дүгнэлт /хх-ийн 41/,

Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “...******* улсын дугаартай Тоёота эстима маркийн тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн, хойд талын тэнхлэгийн дугуйн хээ техникийн ашиглалтын явцад элэгдсэн нь осол гарахад нөлөөлсөн. Осол үйлдэгдсэн үндсэн шалтгаан нь техникийн бүрэн бус байдлаас шалтгаалаагүй” гэх дүгнэлт /хх-ийн 45-49/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Л.Э нь 2018 оны 8 дугаар сарын 11-ний орой Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Петровис” ШТС-ын зүүн талын замд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 дугаар зүйлийн а-д заасныг зөрчиж, ойрын гэрлийн тусгал стандартад нийцээгүй, хойд талын тэнхлэгийн дугуйн хээ техникийн ашиглалтын явцад элэгдсэн зэрэг зөрчилтэй тээврийн хэрэгсэл болох Тоёота истима маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа мөн дүрмийн 9.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргаж зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Нийг мөргөн амь насыг нь хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. байна.

Иймд Л.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Д.Н-ийн эрүүл мэндэд гавал тархины ил гэмтэл, гавлын суурь болон орой ясны хугарал, тархины баруун чамархайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, 2 хөлийн дунд чөмөг, зүүн шилбэний 2 ясны битүү хугарал, баруун чамархайн шарх, нүүр, зүүн хөлийн шилбэний зулгаралт бүхий гэмтэл үүсэж, талийгаач нь гавал тархины гэмтлээр нас барсан ба шүүгдэгч нь хохиролд 5.000.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б-гийн ХААН банк дахь 5054026292 дугаартай данс руу Л.Э-ын ХААН банк дахь ******* дугаарын данснаас 4.000.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 24-25/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Б нь талийгаачийн ар гэрт хөгжлийн бэрхшээлтэй эхнэр, хүүхэд нь үлдсэн, энэ хүмүүсийг гэр оронтой болгоход шаардагдах 6.000.000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Л.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар, хохирол төлбөрт 5.000.000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан хохирогч Б.Б-гийн ХААН банк дахь 5054026292 дугаартай данс руу Л.Э-ын ХААН банк дахь ******* дугаарын данснаас 4.000.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримт, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 24-25/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байгааг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасах саналыг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч Л.Э нь гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Л.Э-ыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд болон түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, дахин гэм хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгуулах зорилгоор тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг заавал оногдуулахаар заажээ.

Иймд шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Л.Э-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Л.Э-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 3.4-т зааснаар Л.Э-д тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэж, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Л.Э нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар Л.Э-д оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

8. Хохирогчийн 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

9. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

10. Хэргийн хамт ирсэн Л.Э-ын ........... дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

12. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР