| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0391/Э |
| Дугаар | 436 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0391/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагч Г.Яндаг,
Шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт Ч.С-д холбогдох эрүүгийн 1818006760469 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, М овогт Ч.С /РД: /, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, лаборант мэргэжилтэй, “...............” ХК-д лаборант ажилтай, ам бүл 7, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай,
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Ч.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цэвэрлэх байгууламжийн ариун цэврийн өрөөнд хохирогч Э.М нь Хуавэй у5 загварын гар утсаа гээсэн байсныг шүүгдэгч Ч.С нь олж аван завшсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- Би 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Дархан сумын 5 дугаар багт байрлах цэвэрлэх байгууламжид ажиллаж байхдаа бие засах өрөөний угаалтуур дээр өөрийн Хуавэй у5 загварын гар утсыг мартаад явсан байсан. Тэгээд би хуралд оролцоод 1 цаг орчмын дараа гар утсаа гээснээ мэдсэн. Би гар утсаа буцааж авсан гэх хохирогч Э.М-ийн мэдүүлэг /хх-ийн 13-15/,
- 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр цэвэрлэх байгууламжид ажиллаж байхдаа ариун цэврийн өрөөнд ороход цонхны тавцан дээр хар өнгийн гэртэй гар утас байхаар нь би аваад лаборантын өрөөндөө оруулж орхисон... гэх шүүгдэгч Ч.С-ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36/,
- 2018 оны 10 дугаар сарын 18-нд Ч.С-ээс хар өнгийн гэртэй, шаргал өнгийн 7х14см хэмжээтэй, нүүрний доод хэсэгт Хуавэй гэсэн бичигтэй гар утсыг хураан авав гэх эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9/,
- Хохирогч Э.М нь Хуавэй загварын гар утсаа Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас хүлээн авлаа гэх эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/,
- Э.М-ийн эзэмшлийн Хуавэй у5 загварын шинэвтэр гар утас 310.000 төгрөг гэх “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.С-ийн үйлдлийн улмаас хохирогч Э.М-т 310.000 төгрөгийн хохирол учирсан, хохирогч нь гар утсандаа хадгалсан байсан чухал баримт бичгээ 350.000 төгрөгөөр үнэлж шүүгдэгчээс нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан Э.М нь Хуавэй загварын гар утсаа Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газраас хүлээн авлаа гэх эд зүйл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10/, хохирогч Э.М-ийн өгсөн “...Би гар утсаа буцааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, хохирогчийн бичсэн “...Ч.С-ээс 350.000 төгрөгийг Голомт банкны дансаар авахаар тохиролцсон. Дахин гомдол гаргахгүй болно” гэх хүсэлт тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.С-ийн иргэн Э.М-ийн ариун цэврийн өрөөнд гээсэн Хуавай у5 загварын гар утсыг авсан боловч өмчлөгч, эзэмшигч болон эрх бүхий байгууллагад мэдэгдэлгүй өөртөө авч 310.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Ч.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ч.С нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ч.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, “..................” ХК-д лаборантаар ажилладаг, тогтмол цалин орлоготой зэрэг хувийн байдал нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 40/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 43/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.С нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан нь торгох ялыг даруй, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй ялтны эдийн засгийн байдлыг харгалзан гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр боломж олгож буй зохицуулалт юм.
Иймд шүүгдэгч Ч.С нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ч.С-ийг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар Ч.С-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР