Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/00600

 

 

 

 

2023 03 20 210/ШЗ2023/00600

 

Т.А гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/00226 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.А гийн нэхэмжлэлтэй, хариуцагч У ХХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.А , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: У ХХК-д 2021 оны 11 сард жолоочийн ажилд орсон. Туршилтаар 1 сарын хугацаанд түгээлтийн жолоочийн дагалдан хийснээр намайг ажилд авахаар болсон. Эхлээд ажил хийж чадахгүй байна гэх үндэслэлээр намайг гүтгэж ажилд томилоогүй. 1 жилийн хугацаанд жолоочоор ажиллахдаа нэг ч минутын хоцрогдолгүй, компанид ямар ч алдагдал гаргахгүй ажилласан. Миний бие 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 16 цаг 32 минутад түгээлтийн ажлаа дуусгасан бөгөөд тухайн өдрийн зодооны асуудал болон массажны оочироос болж стресстэж 1 шил архийг ганцаараа уусан. Би ажиллах хугацаандаа алдаа дутагдал гаргаж байгаагүй, архи ууж, байгууллагад хохирол учруулж, хүмүүстэй маргаж асуудал гаргаагүй, маргааш нь ирж уучлалт гуйсан. Гэтэл 2022 оны 10 сард У ХХК намайг ажлаас халах тушаал гаргасан. Тухайн үед би ...надад ямар нэгэн арга хэмжээ авч болно, харин ажлаас битгий халаарай... гэж гуйсан. Архи уусан нь миний буруу. Би У ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандах талаар мэдээгүй. Цаашид У ХХК-д ажиллах хүсэлттэй байгаа тул намайг хүргэлтийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

2.   Хариуцагч хариу тайлбартаа: Т.А нь У ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 11 сарын 28-ны өдрийн *** дугаар тушаалаар анх туршилтын хугацаагаар түгээлтийн жолоочийн ажилд орсон. 2022 оны 01 сарын 13-ны өдрийн *** тоот тушаалаар үндсэн ажилтнаар томилогдож хөдөлмөрийн гэрээ байгуулан түгээлтийн жолоочоор ажиллаж эхэлсэн. У ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 сарын 25-ны өдрийн *** дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг Т.А гаргасан. 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 18:30-19:30 минутын хооронд Т.А нь ажлын байран дээрээ буюу У ХХК-ийн агуулах дээр биеэ авч явах чадваргүй, архидан согтуурсан байдалтай байсан бөгөөд үүнийг шууд удирдлага мэдсэн. Т.А нь өөрөө ажлын байранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Т.А нь ноцтой зөрчил гаргасан учраас ажил олгогчийн зүгээс зөрчлийн хуудас бөглүүлж, шууд удирдлага болон ажилтнаас мэдээлэл авсан. Зөрчлийн хуудаст Т.А нь н.А, н.М нарыг хамт архи ууя гэсэн боловч татгалзсан. Улмаар ганцаараа ажлын байранд, автомашиндаа архи ууж, сэлгүүцэж байгаад шууд удирдлагатай таарсан. Ноцтой зөрчил гэдгийг талуудын хооронд байгуулсан *** дугаартай хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т Ажлын байран дээрээ мансуурсан буюу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бол ноцтой зөрчилд тооцож арга хэмжээ авна гэж заасан. Ноцтой зөрчил гаргасан гэдгээ нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар Т.А нь компанийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд 30 хоногийн дотор гомдол гаргах ёстой. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаал гарсан өдөр Т.А нь тушаалыг хүлээж авсан. Т.А нь У ХХК-ийн Хөдөлмөрийн маргаан таслах комисс болон Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд хандаагүй атлаа шууд шүүхэд хандаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж байна. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт заасан үндэслэл байгаа тохиолдолд хэргийг хүлээж авах зохицуулалттай. Иймд хуульд заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.   Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан У ХХК-ийн түгээлтийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Т.А гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие ажлаас халагдсанаас өмнөх саруудын цалинг одоог хүртэл авч чадаагүй. Түүнчлэн, миний чөлөөтэй хөдөлмөрлөх, цалин хөлс авах эрх болон нэр төрд халдсан учир хэргийг дахин хянаж өгнө үү гэжээ.

 

5.   Хариуцагч тал давж заалдах гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч ажиллаж байсан хугацааны цалын хөлс гаргуулахаар шаардаагүй. Анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9, 10 сард ажилласан цалин хөлсийг авах талаар дурдаагүй. Энэ цалинг хариуцагчийн зүгээс хэзээд өгөхөд бэлэн. Хөдөлмөрийн дотоод дүрэм, журмын дагуу ажлаа хүлээлгэж өгөөд, тойрохоо зуруулсны дараа тухайн цалин хөлсийг авах боломжтой. Хүний нэр төр болон эрхэд халдсан гэж анхан шатны шүүхэд огт яригдаагүй. Ямар агуулгын хүрээнд ингэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийдвэрийн ямар үндэслэлд гомдол гаргаж, аль үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээв.

 

2.   Нэхэмжлэгч Т.А нь хариуцагч У ХХК-д холбогдуулан түгээлтийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Талууд 2022 оны 01 сарын 13-ны өдөр *** тоот Хөдөлмөрийн гэрээ байгуулж, У ХХК нь Т.А йг түгээлтийн жолоочоор ажиллуулж, нийт 1,040,000 төгрөгийн цалин хөлс олгохоор харилцан тохиролцсон нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамаарч байна.

Улмаар, У ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 сарын 25-ны өдрийн *** тоот тушаалаар ...ажилтан 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 18:30-19:30 цагийн үед компанийн төв оффис, агуулахын гадна талбайд ажлын хувцастай архи согтууруулах ундаа хэрэглэсэн, биеэ авч явах чадваргүй байдалтай байсан ноцтой зөрчил гаргасан... үндэслэлээр түгээлтийн жолооч ажилтай Т.А д ажлаас халах сахилгын шийтгэлийг ногдуулжээ. 

Дээрх тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т заасныг тус тус үндэслэсэн байна.

Ажилтан Т.А Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан 30 хоногийн хугацаанд шүүхэд хандаж гомдлоо гаргажээ.

4.   Анхан шатны шүүх ...ажилтан Т.А хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тул ажил олгогчийн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаал хууль зөрчөөгүй... гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчдын тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлсэн байна. Тодруулбал:

а/.Талуудын байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5.1.2-т ажлын байранд, ажлын цагаар болон бус цагаар, албан үүргээ гүйцэтгэж явахдаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн, эсвэл ажлын байранд согтуурсан болон масуурсан байдалтай ирсэн бол ноцтой зөрчилд тооцон ажил олгогчийн санаачилгаар гэрээг цуцлахаар заажээ;

б/.Ажилтан Т.А 2022 оны 09 сарын 28-ны өдрийн 16:32 цагийн үед түгээлтийн автомашинтай ажлын байранд ирж, улмаар 18:30 цагийн үед архидан согтуурсан байдалтай, гурилын агуулах дундуур, гадна талбайн орчимд биеэ авч явах чадваргүй байдалтай байсан болох нь зөрчил бүртгэх хуудас, байгууллагын удирдлагад Т.А гийн гаргасан хүсэлт, цаг бүртгэлийн тайлан, СиДи бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургийн хуулбар зэрэг баримтаар нотлогдсон. Нэхэмжлэгч уг үйл баримтын тухайд маргаагүй.

 

5.   Иймд У ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 сарын 25-ны өдрийн *** тоот тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасантай нийцсэн гэж үзэх тул нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах боломжгүй.

Нэхэмжлэгч Т.А нь давж заалдах шатны шүүх хуралдаанд ...ажилласан хугацааны цалин хөлсийг ажил олгогч өгөөгүй... гэсэн тайлбарыг гаргасан боловч уг асуудлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул энэ талаар тусгайлан хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 сарын 12-ны өдрийн 102/ШШ2023/00226 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ 

Д.НЯМБАЗАР