Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 440

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0402/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч О.Доржмаа,

Шүүгдэгч Р.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт Р.М-д холбогдох эрүүгийн 1818002590503 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, М овогт Р.М /РД: /, Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь шүүгдэгч Р.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Р.М нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Френдс” нэртэй зочид буудлын өрөөнд хохирогч М.З-той хамт архидан согтуурч байхдаа М.З-ын Самсунг Эс-5 загварын гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хэлэн хуурч аван 250.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...Тэр залуу /Р.М/ нь миний гар утсаар ярьчхаад өгье гэхээр нь би гар утсаа өгсөн. Тэгсэн тэр залуу миний гар утсаар ярьж байгаад алга болчихлоор нь би зочид буудлын хүлээн авагчаас асуухад явчихсан гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө дугаар луу найзынхаа утсаар залгатал нөгөө залуу утас аваад “одоо очлоо ах аа” гэж хэлээд гар утсыг салгаад алга болсон... гэх хохирогч М.З-ын мэдүүлэг /хх-ийн 11-12/,

- ...Р.М өглөө босоод надаас гар утас асуусан. Тэгэхээр нь би “чи гэртээ орж ирэхдээ гар утасгүй орж ирсэн” гэж хэлсэн. Хэд хоногийн дараа З гэх хүн “танай хүн миний гар утсыг аваад явсан” гэж хэлсэн... гэх гэрч Б.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 15/,

- ...Р.М нь М.З-оос “гар утсаа өгч бай” гэж хэлээд гар утсыг нь авч гараад нэг хүнтэй утсаар ярьсан. Тэгээд Р.М явчихсан... гэх гэрч А.С-ын мэдүүлэг /хх-ийн 16/,

- ...М.З нь “миний гар утсыг Р.М гэх залуу аваад яваад алга болсон” гэж хэлсэн... гэх гэрч В.Ж-ы мэдүүлэг /хх-ийн 17/,

- ...би хохирогч М.З ахын гар утсыг гуйж аваад эхнэр лүүгээ утсаар ярьж байсан санагдаад байгаа юм. Тэгээд тэр гар утсаа яасныг санахгүй байгаа юм... гэх шүүгдэгч Р.М-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-28/,

- М.З-ын эзэмшлийн Самсунг Эс-5 загварын хуучин гар утас 250.000 төгрөгийн үнэтэй гэх “Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Р.М-н үйлдлийн улмаас хохирогч М.З-од 250.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч М.З-ын хэргийн материалтай танилцаад гаргасан “Хохирол төлбөр хүлээн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 59/-ээр нотлогдож байна.

Шүүгдэгч Р.М-н “утсаар яриад өгье” гэж хэлэн иргэн М.З-ын гар утсыг авч 250.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо төлж барагдуулсан байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Р.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Р.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Р.М нь урьд 3 удаагийн ял шийтгэлтэй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байх ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.

Шүүгдэгч Р.М нь гэмт хэргийн улмаас  учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгчийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт Р.М-ийг 17.3 дугаар зүйлийн 1-т заасан хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч Р.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Р.М нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.М-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР