Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1098

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 03                      Дугаар 1098                                  Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/02092 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ ХХ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ ХХХ ” ХХК-д холбогдох,

Хайгуулын хөлс 30 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХ

Нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ХХХ” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөөл сумын нутагт байрлах газарт тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын ажил хийхэд шаардагдах 30 000 000 төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай компаниас эргэн төлөлтийн нөхцөлтэйгээр зээлж, талууд гэрээ байгуулан “ХХХ” ХХК -ийн захирал ХХХ гарын үсэг зурсанаар зээлдүүлсэн. Гэрээнд зааснаар “ХХХ” ХХК -ийн хайгуулын ажил дуусч, нөөц хамгаалагдахаас өмнө “ХХХ” ХХК-д төлбөрийг төлж барагдуулах ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй байгаа учир 30 000 000 төгрөг гаргуулж      өгнө үү.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байгуулсан гэрээ гэх баримт байдаг. Гэрээг хариуцагч тал хүлээн зөвшөөрөөгүй учир гарын үсгэнд шинжээч томилуулсан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс дүгнэлт гарч гэрээнд зурагдсан гарын үсэг ХХХын гарын үсэг мөн болох нь тогтоогдсон дүгнэлт гарсан нь хэрэгт авагдсан байгаа. Мөн 30 000 000 төгрөгийг юунд зарцуулсан бэ гэдэг талаар тодорхойлсон байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас “ХХХ” ХХК болон “ХХХ” ХХК нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хайгуулын нэмэлт ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байдаг. Энэ гэрээний 4.1 дэх хэсэгт гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулснаас хойш гүйцэтгэгч тал өөрийн хөрөнгөөр ажиллагаа хийж, зээл хаагдуулах ёстой гэдгийг тодорхойлсон байдаг. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ХХХ” ХХК нь “ХХХ” ХХК-тай 2012 онд анх геологи хайгуулын ажлын гэрээ хийж, 2013 онд дамнасан хайгуул хийж, “ХХХ” ХХК-д хайгуулын ажил дутуу байна гэдэг дүгнэлт өгсөн. Үүнийг “ХХХ” ХХК хүлээн зөвшөөрөхгүй байна гээд хөндлөнгөөс Хын компанийг оруулж ирсэн. Х хайгуулын ажил бүрэн дууссан гэж үзээд тайланг оруулж өгсөн боловч хайгуулын ажил дутуу гээд тайлан маань унасан. Х томилогдсон шинжээчийн дүгнэлтийг өөрчлүүлнэ гээд гадаад захиралаасаа 20-30 мянган ам.доллар аваад явсан. Энэ нь жил дамнан 2013 оны 11 дүгээр сард 2 дугаар нэмэлт гэрээг байгуулсан. Тухайн гэрээнд бид өөрсдийн хөрөнгөөр хайгуулын ажлыг хийнэ гэж заалт оруулсан бөгөөд хайгуулын ажлын явцад “ХХХ” ХХК-ийн хөрөнгө оруулагч нар дор дор нь мөнгөө өгч байсан учир бид “ХХХ” ХХК-тай ямар нэгэн зээлийн гэрээ хийгээгүй. Раавий гэдэг Энэтхэг хөрөнгө оруулагч, түүний Монгол дахь захирал нарт Х гэдэг хүн чинь ажил хийлгэхгүй байна гэж хэлэхэд Хыг зүгээр орхичих. Удахгүй ажлаасаа халагдах гэж байгаа юм гэж хэлсэн. Албан ёсны компанийн тамга тэмдэгтэй гэрээ байгуулаагүй. Х өөрөө манай компани дээр ирж юм бичиж сууж байгаад гарсан. Үүнийг харсан хүн байгаа. Би Хоос 30 000 000 төгрөг зээлээгүй. “ХХХ” ХХК-иас ямар ч мөнгө зээлээгүй. Би “ХХХ” ХХК-тай гэрээтэй, 2012 оноос хойш харьцаж байгаа. Надад ямар нэгэн мөнгө зээлдүүлээгүй. Би хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсгийг тус тус баримтлан хариуцагч “ХХХ” ХХК -иас зээлийн гэрээний үүрэгт        30 000 000 төгргөгийг гаргуулах тухай “ХХХ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 307 950 төгрөг төлсөнийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Талуудын маргааны зүйлийг нотлох ганц баримт нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээ юм. Энэхүү гэрээнд нарийвчилсан хайгуулын ажилд шаардагдах 30 000 000 төгрөгийг "ХХХ" ХХК нь "ХХХ" ХХК-иас зээлсэн болно" гэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасантай нийцнэ. Учир нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасан "...гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна" гэж заажээ. Хэрэв талуудын хооронд мөнгө, төгрөг өгч, аваагүй байсан бол дээрх баримт үйлдэгдэхгүй, хэн алин гарын үсэг зурахгүй байх байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч "ХХХ" ХХК-ийн захирал ХХХ нь 2015 оны 12 дугаар сарын      02-ны өдөр шүүхэд өгсөн тайлбартаа "...нэхэмжлэлд хавсаргасан гэрээнд байгаа гарын үсэг ХХХ миний гарын үсэг биш байна" гэсэн тайлбар өгсөн боловч ШШҮХ-ийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 302 дугаар Шинжээчийн дүгнэлтээр "...шинжилгээнд ирүүлсэн 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн гэрээнд зурагдсан гарын үсэг нь ХХХын гарын үсэг мөн байна" гэсэн нь талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-т зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэнийг нотолно. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн нөхцөл байдалд нийцээгүй нь шүүхийн шийдвэр "хууль ёсны буюу үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэнийг зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК -д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан гэрээгээр хайгуулын ажилд зарцуулагдах 30 000 000 төгрөгийг зээлсэн...” гэж тайлбарласан.

Хариуцагч нь “...гэрээгээр 30 000 000 төгрөг аваагүй...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан 30 000 000 төгрөгийг хариуцагчид бэлэн буюу бэлэн бусаар шилжүүлснээ баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэхгүй, энэ талаар шүүхээс хийсэн дүгнэлт хуульд нийцжээ.

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтанд үндэслэгдсэн байна.

Харин шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг буруу бичсэн нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул нэхэмжлэгчийн нэрийг зөвтгөсөн өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2016/02092 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...30 000 000 төгрөгийг гаргуулах тухай “ХХ”        ХХК-ийн” гэснийг “...30 000 000 төгрөг гаргуулах тухай “ХХ” ХХК-ийн...” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 307 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                     Т.ТУЯА

 

                                                                   М.НАРАНЦЭЦЭГ