Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0077

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 13 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0077

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0721 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Хан-Уул дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн захирал Б.Б 2018 оны 2 дугаар сарын 8-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ны өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын “М” ХХК-ийн менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0721 дүгээр шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.1.3, 40 дүгээр зүйлийн 40.1, Захиргааны ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.4, 17 дугаар зүйлийн 17.1, 17.2, 17.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, Хан-Уул дүүргийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Хан-Уул дүүргийн Засаг даргын “М” ХХК-ийн менежментийн төлөвлөгөө баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан “Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүхээс “...хариуцагчаас дээрх хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг шийдвэрлэхээр нэхэмжлэгч “М” ХХК-иас байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөө, уг төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан талаарх баримтыг удаа дараа шаардаж байсан нь тогтоогдсон, ...2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл нийт 02 жил 07 сарын хугацаанд “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г хуульд зааснаар шинэчлэн батлуулж ирүүлээгүй, өргөдлөө шийдвэрлүүлэх талаар ямар нэг үйлдэл явуулаагүй шууд буруутай үйлдэл тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “М” ХХК Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасан байгаль орчны шинэчилсэн төлөвлөгөөг батлуулж хүргүүлээгүй шалтгаан нь Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар шийдвэрийн улмаас батлуулаагүй болохыг мэдэж байсан.

Нэхэмжлэгчийн зүгээс менежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй Хан-Уул дүүргийн Засаг даргын буруутай үйлдлийн үр дагаврыг “М” ХХК-д ногдуулж тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж маргасан.

“М” ХХК-ийн зүгээс 2014 оны 5 дугаар сараас хойш “Байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө”-г батлуулах, тусгай зөвшөөрөл бүхий талбайн солбицолд өөрчлөлт оруулах асуудлаар маш их хөөцөлдөж, холбогдох бүх байгууллагад хандсан байдаг.

Тухайлбал Хан-Уул дүүргийн Засаг даргатай 2014 оны 4 дүгээр сард мөн оны 2 дугаар сарын албан бичгийн дагуу биечлэн уулзахад “...Нийслэлийн байгаль орчны газар, байгаль орчны байцаагчтайгаа очиж уулз, нөхөн сэргээлт хийсэн эсэх талаарх баримтаа авч ир” гэсэн. Нөхөн сэргээлтийн ажлыг цаг тухайд нь хийсэн тодорхойлолт гаргуулахаар Байгаль орчны байцаагчид хандахад “...Нийслэлийн байгаль орчны газарт ханд, би мэдэхгүй” гэдэг. Байгаль орчны газар “...Ашигт малтмалын газарт ханд” гэдэг бол Мэргэжлийн хяналтын газар “...манайх тус асуудлыг хариуцахаа больсон” гэж тайлбарладаг.

Харин Ашигт малтмал, газрын тосны газар “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” гэдэг хариуг өгч заавар, чиглэлийг нь өгдөггүй, асуудлыг өөрсдөөсөө бултуулдаг, төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлээс шалтгаалсныг “М” ХХК-ийн буруутай үйлдэл гэж тогтоосон нь үндэслэлгүй.

“М” ХХК 2016 оны 12 дугаар сарын 1-ний өдөр ХII/328 дугаар албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст “Орон нутгийн удирдлага болон байгаль орчин хариуцсан мэргэжилтнээс манай компанийн тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах болон нөхөн сэргээлттэй холбоотой албан бичиг, дүгнэлт гаргаж өгөхөөс удаа дараа татгалзаж байсан” гэж тайлбарлан хандсан боловч тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах үүргээ биелүүлээгүй.

Гэтэл Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын 2015 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 289 дүгээр тогтоолоор “М” ХХК-ийн ..... дугаар тусгай зөвшөөрлийн 25.64 га талбайн зөвхөн 0.21 га талбай усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамаарах болсон.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Засгийн газрын 2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 120 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам”-ын 2.7, 2.8-д заасны дагуу давхцалтай хэсгийг хасч, тусгай зөвшөөрлийн солбицолд өөрчлөлт оруулах үүргээ биелүүлээгүй.

Анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгч компаниас захиргааны байгууллагын шаардлагад ямар нэг байдлаар тайлбар, хүсэлт гаргаагүй” гэжээ. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс “М” ХХК-д албан ёсоор “Менежментийн төлөвлөгөө батлан ирүүлэх” шаардлага, албан бичгийг нэг ч удаа ирүүлж байгаагүй.

Гэтэл шүүхээс “Тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах дотоод хяналтын хуудас”-д тэмдэглэгдсэн “Шинэчилсэн БОХТ-г шаардав” гэснийг үнэлэн шаардлага хүргүүлсэн мэтээр тайлбарлаж буй нь хэт нэг талыг баримталсан байдаг. Уг шаардлагыг хариуцагчаас хэнд хандаж, хэрхэн шаардлага хүргүүлсэн талаараа тайлбарлаагүй.

Мөн “...өөрийгөө төлөөлөх этгээдийг зөв тодорхойлон ирүүлэлгүй өөрийн компанид ажилладаггүй, хамааралгүй этгээдийг төлөөлөгчөөрөө заан явуулж байсан” гэжээ. “М” ХХК-ийн зүгээс тус компанид ажилладаггүй Б.Э төлөөлөгчөөрөө явуулсан зүйл байхгүй бөгөөд итгэмжлэл олгон явуулж байгаагүй. Төрийн байгууллагын зүгээс “М” ХХК-ийн ерөнхий захирал Н.Б уг асуудлыг хөөцөлдөөд явж байдаг талаар мэдсээр байж, түүнд холбогдох заавар зөвлөгөөг өгөөгүй, шаардлага тавьсан гэх боловч албан ёсоор компанийн хаягаар ирүүлэх ёстой байсан боловч нэг ч удаа тус байгууллагаас албан бичиг ирж байгаагүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-д заасан өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь мөн хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийн хугацааг энэ хуулийн 21.1.5-д заасан хугацаагаар сунгаж энэ тухай тусгай зөвшөөрлийн бүртгэлд тэмдэглэнэ” гэж заасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авсан “М” ХХК-ийн өргөдлийг 4 жил 3 сарын хугацаанд шийдвэрлээгүй хууль зөрчсөн байдаг. Уг хугацаанд нэг ч удаа албан ёсоор шаардлага хүргүүлээгүй, “М” ХХК-ийн тайлбар, саналыг сонсоогүй, төлөвлөгөөг батлуулж чадахгүй байгаа шалтгааныг тодруулаагүй.

Анхан шатны шүүхээс “...нэгэнт компанийг төлөөлөх эрх бүхий этгээдийн талаар хариуцагчаас мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн нь дээрх байдлаар тогтоогдож байхад тус компанид хамааралгүй, ажилладаггүй этгээдэд мэдэгдсэн, гардуулсан, сонсох ажиллагаа хийгээгүй гэж маргасан нь үндэслэлгүй гэж үзлээ” гэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 221/ШТ2018/0237 дугаар тогтоолд “...Захиргааны актыг мэдэгдэх үүргээ хуульд заасан журмын дагуу зохих ёсоор биелүүлээгүй захиргааны байгууллагын үйл ажиллагаа, мэдэгдлийг гардан авахаас татгалзаагүй Б.Э эс үйлдэхүйд холбогдуулан нэхэмжлэгч “М” ХХК-ийг буруутгах үндэслэлгүй ...актыг 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр мэдсэн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн байтал шүүхээс гарсан тухайн үйл баримтыг тогтоосон эцсийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь хуульд нийцэхгүй ойлгомжгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ”, 27.2-т “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ”, 27.2.1-т “Хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх” гэж тус тус заасан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг “М ХХК-д шууд хүргүүлээгүй, улмаар дээрх хуулийн 27.4-т заасан “Сонсох ажиллагаа”-г огт явуулаагүй төрийн байгууллагын буруутай үйл ажиллагааг хэрхэн зөвтгөж байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын “М” ХХК-ийн менежментийн төлөвлөгөөг баталж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгуулах шаардлагын тухайд:

Анхан шатны шүүхээс “...“Монгол шуудан” ХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 08/703 дугаар албан бичигт “М” ХХК-иас 2017 оны 1, 2 дугаар сар, 2018 оны 2 дугаар сард “Засаг даргад, Хан-Уул дүүрэг” хаягаар албан бичиг илгээсэн нь нотлогдохгүй байна” гэсэн нь үндэслэлгүй.

Гэрч Б.Э “...Н.Б захирал утсаар ах нь лицензээ хөөцөлдөөд яваад байгаа боловч сайн мэдэхгүй байна, маргааш Хан-Уул дүүрэг болон холбогдох газруудаар яваад өгөөч гэсний дагуу 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргад хандсан бичиг өгөхөд нь хамт явж бичиг хэрэгт өгсөн. Яг ямар бичгүүд өгснийг нарийн сайн мэдэхгүй байна” гэх тайлбар, “М” ХХК-ийн 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн Хан-Уул дүүргийн Засаг даргад гаргасан хүсэлтийг “Монгол шуудан” ХК-ийн шуудан хүргэгчийн дэвтэрт “2018.02.07-ны өдөр Б.Н” /Б.Н үзлэг хийхэд оролцсон Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газарт Нийгмийн бодлогын хэлтсийн ажилтан/-д хүргүүлсэн байдаг.

Гэтэл шүүхээс зөвхөн хариуцагчийн тайлбарыг үндэслэж “М” ХХК-иас хүсэлт ирээгүй хэмээн дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Ийнхүү ямар учраас “М” ХХК-ийн хүргүүлсэн нэг ч хүсэлт, албан бичиг Хан-Уул дүүргийн Засаг даргад очоогүй нь ойлгомжгүй, ийнхүү тайлбарладаг хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байдгийг шүүх анхаарч үзээгүй.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагын тухайд:

Анхан шатны шүүхээс “...2014 оны 05/72 дугаар актын хувьд нэхэмжлэл гаргах хугацааг 2002 онд батлагдаж 2004 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаагаар тооцохоор байна, ...нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 5 дугаар сарын 16-д дуусгавар болсон байна” гэж дүгнэсэн.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 05/72 дугаар шийдвэр 2004 оноос мөрдөгдөж хүчингүй болгосон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хууль болон 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Захиргааны ерөнхий хуулийн аль алинд заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байдаг.

Нэгэнт илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй бөгөөд уг акт нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед гарсан акт хэдий ч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацаа үл хамаарна” гэж тус тус заасны дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын 05/72 дугаар актыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй юм.

Процесс ажиллагааг зохицуулсан хууль нь хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн цагаас шууд хэрэгжиж эхэлдэг. Иймд хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө үүссэн эсэхээс үл хамааран тус харилцааг дээрх хуулиар зохицуулна гэж үзэж байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар акт илт хууль бус захиргааны акт болох тухайд:

Тус актаар Хан-Уул дүүргийн Засаг дарга “М” ХХК-ийн үйл ажиллагаагаа зогсоон, нөхөн сэргээлт хийхийг мэдэгдэж, менежментийн шинэчилсэн төлөвлөгөө баталж өгөөгүй нь хуульд үндэслэх, шийдвэр нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг болон Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2, 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасныг зөрчиж өөрийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргаж тусгай зөвшөөрлийн дагуу явуулж буй үйл ажиллагааг зогсоохыг шаардсан.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрөлтэй талбай ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон хуулийн зохицуулалтад хамаарч байвал түүнд нөхөн олговрыг бүрэн төлснөөр тусгай зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагаагаа зогсоо гэх эрхтэй байгууллага нь байтал дүүргийн Засаг даргаас хуулийн зохицуулалтад огт үндэслэлгүй, өөрийн бүрэн эрхэд хамааралгүй асуудлаар шийдвэр гаргасан.

Хан-Уул дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн уг шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-ын “н”, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-т заасныг баримталсан боловч эдгээр зохицуулалт нь үйл ажиллагааг зогсоох эрхийг агуулсан эрхийн зохицуулалт биш юм.

“М” ХХК 2011 онд хайгуулын талбайд нөхөн сэргээлтийг хийж байгаль орчны байцаагчид хүлээлгэж өгснөөс хойш уг талбайд огт хайгуулын үйл ажиллагаа явуулаагүй, байгаль орчинд сөргөөр нөлөөлөх үйлдэл гаргаагүй байтал үндэслэлгүйгээр ийнхүү шийдвэрлэснээр менежментийн төлөвлөгөөг батлуулж чадаагүй. Mенежментийн төлөвлөгөөг баталж өгөөгүй төрийн захиргааны байгууллагын буруутай ажиллагааны үр дагаварт “М” ХХК-ийг буруутгаж олон жилийн хайгуул хийж, нөөц батлуулсан ихээхэн хэмжээний зардлаар хохироож байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0721 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

1.Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.3-т байгаль орчны менежментийн төлөвлөгөөг …шинэчлэн батлуулсан баримт”-ыг хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргахаар заасан, гэтэл нэхэмжлэгч “М” ХХК-иас 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дуусах 13682 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг мөн сарын 5-ны өдөр гаргахдаа хуульд заасан дээрх баримтыг хавсаргаагүй, хариуцагчийн зүгээс өргөдлийн бүрдлийг хангуулахаар удаа дараа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахыг шаардаж байсан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдох бөгөөд энэ талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2 дахь хэсэгт зааснаар өргөдлийг хүлээн авснаас хойш 10 өдөрт багтаан хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэх үүрэгтэй, гэвч энэ тохиолдолд өргөдлийн бүрдлийг хангуулах хугацааг нэхэмжлэгчид хангалттай өгсөн болох нь 515 дугаар шийдвэр 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гарснаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчид анх өргөдөл гаргасан 2014 оны 5 дугаар сарын 5-наас хойш 3 жил гаруйн хугацаанд хуулийн 22.1.3-т заасан шаардлагыг хангуулах боломжийг хангалттай олгожээ.

Иймд хуульд заасны дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл сунгуулах өргөдөлд хавсаргах байгаль орчны менежментийн шинэчилсэн төлөвлөгөөг Засаг даргаар батлуулаагүй, эсхүл Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгоогүй байхад тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан хариуцагчийн шийдвэрийн улмаас улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхгүй.

2.“Хан-Уул дүүргийн Засаг даргын тус компанийн менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, хянан батлахыг даалгах” шаардлагыг “нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах байтал хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

Учир нь дүүргийн Засаг даргаас 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичгээр байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан болохыг нэхэмжлэлд тодорхой дурдсан, энэ талаарх баримт ч хэрэгт авагдсан тул энэхүү бичгийг хүлээн авснаас хойш нэхэмжлэл гаргах хугацааг тооцох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэгт заасан болон Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газартай давхацсан гэсэн үндэслэлээр төлөвлөгөөг батлахаас татгалзсан байх бөгөөд үүнийг эс зөвшөөрч, тухайлбал Усны тухай хуульд заасан онцгой болон энгийн хамгаалалтын бүсээс давсан байдлаар анхнаасаа хилийн заагыг тогтоосон гэж үзвэл, эсхүл дээрх хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор тусгай зөвшөөрлийн 25.64 га талбайн зөвхөн 0.21 га нь усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд хамаарах болсон гэж үзвэл тухайн үед нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байжээ.

Түүнчлэн Туул голын сав газрын захиргаанаас “М” ХХК-д хүргүүлсэн 2015 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 3/84 дүгээр албан бичигт “…Усны тухай болон холбогдох хуулийн хүрээнд авч үзэхэд танай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайн 8.6 хувь болох 2.2 га нь Туул голын үндсэн голдрил буюу эргээс 200 метрийн зайтай татсан усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс дотор, үлдсэн 91.4 хувь нь хамгаалалтын бүсийн гадна байна” гээд зургийг хавсаргасан байгаагаас үзэхэд ч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байгаа үндэслэлийг үгүйсгэж Засаг даргын эс үйлдэхүйн талаар нэхэмжлэл гаргах боломж хангалттай байсан гэж дүгнэв.

3.Хан-Уул дүүргийн Засаг даргын 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичиг нь захиргааны актад хамаарахгүй байх үүнийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох шаардлагыг нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн бус харин захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзах нь зүйтэй.

Хэдийгээр ил хууль бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй ч, нэгэнт захиргааны акт биш байх тохиолдолд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн эсэх нь ач холбогдолгүй.

Нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг дээрх албан бичигт дурдсанчилан “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.3 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор батлагдсан усан сан бүхий газарт танай байгууллагын тусгай зөвшөөрлөөр олгогдсон нэгж талбар давхардаж байгаа тул үйл ажиллагаагаа зогсоон нөхөн сэргээлт хийхийг үүгээр мэдэгдэж байна” гэснээр бус харин тусгай зөвшөөрлийн хугацааг сунгахаас татгалзсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 515 дугаар шийдвэрээр дуусгавар болгосон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2018/0721 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 22 дугаар зүйлийн 22.1.3-т заасныг баримтлан “М” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 515 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай”; 2 дахь заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг баримтлан “Хан-Уул дүүргийн Засаг даргын тус компанийн менежментийн төлөвлөгөө батлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон, менежментийн төлөвлөгөөг хянаж батлахыг даалгуулах”, мөн 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 05/72 дугаар албан бичгийг илт хууль бусад тооцуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН