Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 101

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Сайхантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Г.Т-ын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох 

Нэхэмжлэлийн шаардлага: “...Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/140 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахыг даалгуулах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Т , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Т нь шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэл болон Г.Т , түүний өмгөөлөгч Т.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Г.Т би анх 2008 онд Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст архивчаар ажилд орсон. Үүнээс хойш сайн дурын даатгалын байцаагч, эрүүл мэндийн даатгалын байцаагч зэрэг ажлуудыг хийж байгаад 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс тэтгэврийн байцаагчаар ажилласан. Би нийгмийн даатгалын байгууллагад 8 жил тасралтгүй үр бүтээлтэй ажилласан ажлын дадлага, туршлага, ур чадвараар бусад ажилтнаас доогуур үнэлэгдэж байгаагүй. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр намайг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бүтцийн өөрчлөлтөөр тэтгэврийн байцаагчийн албан тушаал өөрчлөгдөөгүй бөгөөд харин 10 орон тоо байснаас 2 орон тоог цөөрүүлсэн. Цөөрүүлэхдээ бидний ажлыг дүгнэж сонгон шалгаруулалт хийлгүй тушаал гаргасан нь хууль бус юм.

Би энэ тухай гомдлоо Төрийн албаны зөвлөлд гаргахад шүүхэд хандах нь зүйтэй гэсэн хариуг өгсөн. 

Төрийн албаны тухай хуулинд орон тоог цөөрүүлэхдээ сонгон шалгаруулалт  явуулж, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хамгийн сайн хангаж байгаа ажилтантай гэрээ байгуулахаар заасан байдаг. 

Энэхүү хуулийн заалтыг зөрчин ямар нэгэн сонгон шалгаруулалт хийлгүйгээр намайг ажлаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/140 дугаартай тушаал хууль бус байх тул хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“...Иргэн Г.Т нь анх Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст 2008 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн архивын туслах ажилтнаар түр томилогдсон бөгөөд 2012 онд сайн дурын даатгалын байцаагчаар 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар тэтгэврийн байцаагчаар тус тус томилогдон ажилласан. 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/10 дугаар тушаалаар тус хэлтсийн бүтэц, орон тоо, салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулсан. 

Дээрх тушаалыг үндэслэн дараах арга хэмжээг авсан. Үүнд: 

1. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/17 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулж, ажилтан албан хаагчдын ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, ажлын  давхардал  гаргахгүй  байхаар  ажлын  чиг  үүргийг нарийвчлан тодорхойлж, ажлын байрны тодорхойлолтыг шинэчилсэн. 

2. Мөн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/18 дугаар тушаалаар албан хаагчдыг ажлаас чөлөөлж, зохион байгуулалтын зарим арга хэмжээг авсан. Тухайлбал, ажлын байрны шинжилгээ хийсэн, ажлын байрны тодорхойлолтод нийцүүлэн ажилтнуудыг мэргэжил, ур чадвар, мэргэжлийн түвшингээр сонгон шалгаруулж, ажилтан албан хаагчдыг ажилд томилсон. 

3. Мөн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/19 дүгээр тушаалаар ажлын байрны чиг үүрэг, харгалзах албан тушаал, орон тоог шинэчлэн баталсан бөгөөд тэтгэврийн байцаагчийн орон тоог 8 байхаар баталсан. 

4. Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр баталсан Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод үйл ажиллагааг шалгах ажлын удирдамжаар 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацааг хамруулан шалгах ажлын чиглэлийн 2.2-т тэтгэврийн тогтоолт, олголтын талаар тэтгэврийн бүх байцаагчдыг хамруулж шалгалтыг хийсэн бөгөөд Г.Т ыг тэтгэврийн байцаагчаар томилогдсон өдрөөс буюу 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хамруулж шалгахад Баянзүрх дүүргийн 4, 19, 24 дүгээр хорооны нийт 4115 тэтгэвэр авагчдыг хариуцаж ажиллаж байсан бөгөөд 16 тэтгэвэр авагчидтай холбоотой дараах зөрчлүүдийг гаргасан. Үүнд. 

Тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байсан С.Ц, Д.Т, Н.О, Д.С нарын хувийн хэрэг, Тахир дутуугийн тэтгэвэр авч байсан Д.Б, А.А нарын нийт 6 хүний хувийн хэргийг архивт хүлээлгэж өгөөгүй. 

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны тахир дутуугийн тэтгэвэр авагч иргэн Б.Р-д давхар тэтгэвэр тогтоосон, мөн дүүргийн 19 дүгээр хорооны өндөр насны тэтгэвэр авагч иргэн Ц.Д давхар тэтгэвэр нийт 2 иргэнд тогтоосон. 

Тус дүүргийн 19 дүгээр хорооны өндөр насны тэтгэвэр авагч Д.Б-д 2016 оны 11 дүгээр сарын тэтгэвэр дээр 137241 төгрөгийг илүү олгосон. 

Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны тахир дутуугийн тэтгэвэр авагч Ц.Н, С.Ннарын 2016 оны 11 дүгээр сарын тэтгэврийн мөнгийг шилжүүлээгүй. 

Баянзүрх   дүүргийн    19   дүгээр   хорооны   тахир   дутуугийн   тэтгэвэр  авагч У.Ө-ы 2016 оны 9 дүгээр сарын тэтгэврийн мөнгийг шилжүүлээгүй.

Баянзүрх  дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Д.Ганхуягийн эрх үүсээгүй өндөр насны тэтгэвэр дээр 2016 оны 9 дүгээр сард файл банкинд явуулаагүй, мөн дүүргийн өндөр насны тэтгэвэр авагч Л.О-ын тэтгэврийн эрх үүсээгүй материалыг хүлээн авч эрх, хугацаа болоогүй байхад банкинд файл явуулсан. 

Г.Т аас тэтгэврийн олголтын файлыг хэрхэн бэлдэж явуулдаг талаар асуухад мэдэхгүй, банкинд шилжүүлсэн тэтгэвэр авагчийн тэтгэврийн файл шилжүүлсэн жагсаалт байхгүй байсан бөгөөд сангийн нягтлан бодогч Ж.Н-эс файлын жагсаалтыг авч шалгалтын гишүүдэд үзүүлсэн. Ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй, анхан шатны бүртгэлийг тэтгэврийн программд бүртгээгүй зэрэг дутагдлуудыг гаргасан. 

Мөн Г.Т 2015 онд үр дүнгийн гэрээ байгуулсан боловч 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх хуудас дүгнэгдээгүй, 2016 оны хагас жилийн үр дүнгийн гэрээний биелэлтийг дүгнэх хуудас тус тус дүгнэгдээгүй байсан. 

Дээрх үндэслэлүүдээр иргэн Г.Т ыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/140 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлсөн. 

Иргэн Г.Т д дээрх тушаалын тушаах хэсгийн 2-т заасан гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмж болох 1.841.007 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн төлбөрийн 1038 дугаар хүсэлтээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас шилжүүлсэн болно” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч Г.Т ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн А/358 дугаар тушаалаар  Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагуудын 2013 онд баримтлах үндсэн болон гэрээт ажилтны орон тооны дээд хязгаарыг батлахдаа Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц орон тооны дээд хязгаарыг 60, мөн даргын 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн А/90 дүгээр тушаалын  гуравдугаар хавсралтаар Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн бүтэц орон тооны дээд хязгаарыг 63, үүнд тэтгэврийн байцаагчийн орон тооны дээд хязгаарыг 10 байхаар тус тус баталсан байна. 

Баянзүрх  дүүргийн  Нийгмийн  даатгалын  хэлтсийн  дарга  2016  оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Б/72 дугаар тушаалаар  Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт “Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм”-ийн 4.1.11 дүгээр заалт, хэлтсийн хөдөлмөрийн дотоод журмын 4.1 дэх заалтыг тус тус үндэслэн Сайн дурын даатгал хариуцсан байцаагч Г-ын Тү-ыг 2016 оны 6 дугаар сарны 28-ны өдрөөс үүрэгт ажлаас чөлөөлж, мөн өдрөөс тэтгэврийн байцаагчаар томилжээ. 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр А/03 дугаар тушаалын  зургаадугаар хавсралтаар Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.2 дах хэсэг, Засгийн газрын 2016 оны 4 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Засгийн газрын агентлагийн орон тооны хязгаар”, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/17 дугаар тушаалыг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн орон тоо, албан тушаалын жагсаалтыг 62, тэтгэврийн байцаагчийн орон тоог 10 байхаар баталсан байна. 

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/10 дугаар тушаалаар  Нийслэлийн Нийгмийн даатгалын газрыг Нийслэлийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар, аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийг тухайн аймаг, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, сум, дүүргийн нийгмийн даатгалын тасгийг тухайн сум, дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын тасаг болгон шинэчлэн зохион байгуулсан байх бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 8/190 дүгээр албан бичгээр уг тушаалыг аймаг, дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт хүргүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/03 дугаар тушаал, хэлтсийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 5.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А/17 дугаар тушаалаар  Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг байгуулж, мөн даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр А/19 дүгээр тушаалын  хоёрдугаар хавсралтаар албан тушаал, орон тоог 61, тэтгэврийн байцаагчийн орон тоог 8 байхаар тус тус баталсан байна. 

Хариуцагч 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Б/140 дүгээр тушаалаар  Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын “Бүтэц, орон тоо батлах тухай” 2016 оны А/03, “Орон нутгийн салбар нэгжийг шинэчлэн зохион байгуулах тухай” 2016 оны А/10 дугаар тушаалыг тус тус үндэслэн тус хэлтсийн бүтэц орон тоо шинэчлэн батлагдсантай холбогдуулан Г-ын Тү-ыг тэтгэврийн байцаагчийн үүрэгт ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлжээ. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр) -ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэж зааснаас үзэхэд хариуцагч байгууллага Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс болж өөрчлөгдсөн ч гэсэн бодит байдал дээр нэхэмжлэгчийн ажиллаж байсан тэтгэврийн байцаагчийн албан тушаалын чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн нь Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/03, А/10 дугаар тушаал, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/19 дүгээр тушаал, тэтгэврийн байцаагчийн ажлын байрны тодорхойлолт зэргээр тодорхой байх тул маргаан бүхий акт хууль нийцээгүй байна гэж шүүх үзлээ. 

Хариуцагч “өмнөх бүтцээр тэтгэврийн байцаагчийн орон тоо 10 байсан нь 8 болж багассан бөгөөд тэтгэврийн байцаагч нарын судалгаа болон ур чадварыг үнэлж, Г.Т ыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т 

заасны дагуу ажлаас чөлөөлсөн” хэмээн маргаж байна. 

Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн А/18 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар  тэтгэврийн байцаагчаар ажиллаж байсан Д.Г П.Б, Г.Т , Б.С, Ш.А, С.Б, Т.Ч, З.О, Б.Б, Б.М нарын 10 иргэнийг ажлаас чөлөөлсөн байх бөгөөд мөн хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/22 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар  тэтгэврийн байцаагчийн 8 орон тоонд өмнө ажиллаж байсан С.Б, З.О, Б.Б, Б.М, хуулийн зөвлөх хүний нөөцийн мэргэжилтэнээр ажиллаж байсан Б.Ө, орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан Д.Басан нарын 6 иргэнийг тэтгэврийн байцаагчаар томилжээ. 

Түүнчлэн шинээр Б.Б Э.Х нарыг тэтгэврийн байцаагчийн сул орон тоонд түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/141, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/145 дугаар тушаалуудаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих...” гэж заасан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах Г.Т ын эрхийг зөрчиж,  үүрэгт ажлаас чөлөөлсөн байна. 

Албан тушаалын орон тоо хасагдсан гэдэг ойлголт нь энэхүү тохиолдолд тэтгэврийн байцаагчийн орон тоо огт байхгүй болсон байхыг ойлгох бөгөөд 10-ас 8 болж цөөрснийг хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т хамааруулсан нь буруу, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх төрийн албаны зарчимд нийцээгүй, албан тушаалтан дур зоргоороо ажлаас чөлөөлөх актыг гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх бөгөөд төрийн албаны “хууль дээдлэх” үндсэн зарчим алдагдахад хүргэжээ.  

Мөн хариуцагч 2016 оны 10 дугаар сарын 13-ны өдөр “... даатгалын хэлтсийн хэмжээнд хууль, тогтоомжийн хэрэгжилт, хэлтсийн үйл ажиллагаа, зардлын зарцуулалт, ажлын байрны ачаалал, үр дүн, байцаагчдын цаг ашиглалтыг ... шалгаж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилготойгоор” Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, дотоод үйл ажиллагааг шалгах ажлын удирдамжийг  баталж,  энэхүү ажлын хэсгийн илтгэх хуудсыг үндэслэн хэлтсын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн  бөгөөд “...Г.Т ын гаргасан алдаа зөрчил их байсан тул чөлөөлсөн” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т зааснаар орон тоо цөөрсөн бол ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн сонгон шалгаруулах замаар тухайн албан тушаалд ажиллах ажилтныг сонгохыг ойлгох байтал маргаан бүхий тушаалдаа энэхүү хуулийн зохицуулалтыг баримтлаагүй, анхнаасаа дээрх ажлын хэсгийг ажиллуулах зорилго нь өөр байсан, илэрсэн дутагдлыг арилгах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх байтал энэхүү ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Г.Т ыг ажил, албан тушаалаас нь чөлөөлсөн нь хууль бус байна.     

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/140 дүгээр тушаалыг хүчингүй болгон, Г.Т ыг өмнө эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоож  шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах гэж нэхэмжилсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг  /цалингийн дэлгэрэнгүй 2016 оны 8, 9, 10 дугаар сарууд/ 613.669 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан хугацааны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх нийт 66 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /613.669: 21,2=28.947х66/ 1.910.502 /нэг сая есөн зуун арван мянга таван зуун хоёр/ төгрөг + нэмэгдэл /1.910.502-22%/ 420.310 /дөрвөн зуун хорин мянга гурван зуун арав/ төгрөг нийт 2.330.812 /хоёр сая гурван зуун гучин мянга найман зуун арван хоёр/ төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж  1.841.007 төгрөгийг хасч үлдэгдэл 489.805 /дөрвөн зуун наян ес мянга найман зуун тав/ төгрөгийг Г.Т д олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасныг баримтлан Г.Т ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган, Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/140 дүгээр тушаалыг хүчингүй болгож, Г.Т ыг Баянзүрх дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэврийн байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэлх нийт 66 хоногийн цалин хөлстэй тэнцэх олговор /613.669: 21,2=28.947х66/ 1.910.502 /нэг сая есөн зуун арван мянга таван зуун хоёр/ төгрөг + нэмэгдэл /1.910.502-22%/ 420.310 /дөрвөн зуун хорин мянга гурван зуун арав/ төгрөг нийт 2.330.812 /хоёр сая гурван зуун гучин мянга найман зуун арван хоёр/ төгрөг олгохоос бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж 1.841.007 төгрөгийг хасч үлдэгдэл 489.805 /дөрвөн зуун наян ес мянга найман зуун тав/ төгрөгийг Г.Т д олгохыг хариуцагчид даалгасугай.  

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Т ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.Сайхантуяа