| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2022/03126/И |
| Дугаар | 210/МА2023/00601 |
| Огноо | 2023-03-20 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2023/00601
2023 03 20 210/ШЗ2023/00601
Х ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/00048 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б ХХК-д холбогдох, гэрээний үүрэгт нийт 108,961,471 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: Х ХХК нь Б ХХК-тай 2022 оны 03 сарын 28-ны өдөр мазут бэлтгэн нийлүүлэх гэрээ, 2022 оны 04 сарын 20-ны өдөр мазут бэлтгэн нийлүүлэх гэрээний нэмэлт, өөрчлөлтийг тус тус байгуулсан. Гэрээний дагуу 309,550 тонн мазутыг нэг тонныг 590,000 төгрөгөөр худалдах, нийлүүлэх, Б ХХК нь мазутын төлбөрийг 2022 оны 06 сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, худалдан авагчийн захиалгын дагуу 2022 оны 03 сарын 29-ний өдрөөс 2022 оны 04 сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 182,634,500 төгрөгийн, 309,550 тонн мазутыг худалдан авагчийн захиалгын дагуу М ТӨҮГ-ын уурхайд хүргэж өгсөн. Худалдан авагч нь гэрээний дагуу 2022 оны 03 сарын 29-ний өдөр мазутын урьдчилгаа төлбөр 35,400,000 төгрөг, тээврийн зардал 4,600,000 төгрөг, 2022 оны 05 сарын 24-ний өдөр 10,000,000 төгрөг, 2022 оны 06 сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус төлж, нийт 55,400,000 төгрөг төлсөн. Хариуцагч мазутын үлдэгдэл төлбөр 127,234,500 төгрөг, тээврийн зардлын үлдэгдэл 287,000 төгрөг, нийт 127,521,500 төгрөгийг төлөх сүүлийн хугацаа буюу 2022 оны 06 сарын 25-ны өдөр болоход төлбөр төлөөгүй байна. Иймд хариуцагчаас нийт 127,521,500 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 2022 оны 06 сарын 30-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 07 сарын 25-ны өдөр 10,000,000 төгрөг төлснийг хасч, 2022 оны 06 сарын 25-ны өдрөөс 30 өдөр хүртэл төлөх ёстой 127,521,500 төгрөгийн хугацаа хэтэрсэн 5 хоногийн алданги 637,607 төгрөг, 2022 оны 06 сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 сарын 25-ны өдөр хүртэл төлөх ёстой 100,521,500 төгрөгийн хугацаа хэтрүүлсэн 25 хоногийн алданги 2,513,037 төгрөг, 2022 оны 07 сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх төлөгдөх ёстой 97,951,500 төгрөгийн хугацаа хэтрүүлсний алданги 8,289,327 төгрөг, нийт 11,439,971 төгрөг, нийт 108,961,471 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Х ХХК-тай мазут худалдах, худалдан авах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний дагуу барааны төлбөрөө төлж явж байгаад төсөв мөнгөгүй болж, төлбөр төлөх хугацаа саатаж, төвөгтэй нөхцөл байдал үүссэн. Мөн Ковид-19 халдварын нөхцөл байдал нөлөөлсөн. Бид төлбөрийг яаралтай төлж барагдуулах эвлэрэх саналтай байна. Гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл болох 97,521,500 төгрөгийг төлж барагдуулна, харин алдангийг төлөх боломжгүй гэжээ.
3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б ХХК-аас 103,671,485 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,289,985 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 795,558 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б ХХК-аас 676,307 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан. Хариуцагч Б ХХК нь гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн үйл баримт тогтоогдож байх бөгөөд талуудын байгуулсан гэрээний 4.9-т алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байх тул гэрээний үлдэгдэл төлбөрөөс алданги тооцож нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэн, цаашлаад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан ба хариуцагч Б ХХК гэрээний үндсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн, дэлхий дахинд шинэ төрлийн Ковид-19-ийн цар тахал, түүний улмаас тогтоосон хорио цээр нь аж ахуйн нэгж, иргэдийн санхүү, төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлж байгааг тус тус харгалзан үзэж алдангийн хэмжээг хуульд заасан хэмжээнээс 50 хувиар бууруулж, /11,439,971 х 50% / = 5,719,985 төгрөг, /5,719,985 + 97,951,500/ = 103,671,485 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5.289.985 төгрөг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
Учир нь, хариуцагч Б ХХК гэрээнд заасны дагуу тооцсон алдангийг хэмжээ их байна, алдангийн хэмжээг бууруулах санал хүсэлт, шаардлага гаргаагүй, мөн гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгэж чадаагүй нь ийм хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаар ямар нэгэн тайлбар, баримт гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, мэтгэлцээгүй байхад шүүх өөрийн санаачилгаар Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн алдангийн хэмжээг 50%-аар бууруулсан нь шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль дээдлэх, нотлох баримтыг үнэлэх зарчмыг ноцтой зөрчсөнийг илтгэнэ.
Талуудын хооронд байгуулсан гэрээнд алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1%-тай тэнцэх алдангийг хоног тутам төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан хоног тутам тооцох алдангийн дээд хэмжээ 0,5%-аас даруй 5 дахин бага байгаа, мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50%-аас хэтэрч болохгүйгээр заасан ба хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн хэмжээ 97,521,971 төгрөг байгаа, нэхэмжилсэн алданги 11,439,971 төгрөг байгаа тнул энэ нь дөнгөж 11% болж байгаа тул анзын хэмжээг илт их гэж үзэх үндэслэлгүй.
2022 оны 06 сар гэхэд Монгол Улсад Ковид-19 цар тахлын хөл хорио, тогтоосон хорио цээрийн дэглэм бүрэн цуцлагдаж хэвийн байдалд шилжсэн. Б ХК нь нэхэмжлэгчээс зээлээр авсан 182,634,500 төгрөгийн мазутаа тухайн үед М ТӨҮГ-т 396,588,500 төгрөгөөр нийлүүлэн борлуулж, уг төлбөрөө авсан. Иймд хариуцагчаас 108,961,471 төгрөгийг гаргуулсан өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч А.Б шүүх хуралдаанд оролцоогүй, улмаар хариу тайлбар ирүүлээгүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасан үндэслэл илэрсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан мазутын үлдэгдэл төлбөр 97,521,500 төгрөг, алданги 11,439,971 төгрөг, нийт 108,961,471 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч нь дээрх шаардлагаас үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ.
3. Талууд 2022 оны 03 сарын 28-ны өдөр ***тоот Мазут бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ХХК нь чанарын шаардлага хангасан М-100 маркийн мазут нийлүүлэх, Б ХХК нь 1 тонн М-100 маркийн мазутыг 590,000 төгрөгөөр тооцож үнийг нь төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлжээ.
4. Худалдагчаас нийт 182,634,500 төгрөгийн үнэ бүхий 309,550 тонн мазут нийлүүлсэн, үүнээс худалдан авагч нийт 85,400,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 97,234,500 төгрөг, тээврийн зардал 287,000 төгрөг, нийт 97,641,500 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байгаа талаар зохигчид маргаагүй.
Харин нэхэмжлэгч нь 11,439,971 төгрөгийн алданги шаардах эрхтэй эсэх нь маргааны зүйл болжээ.
5. Талууд өмнө дурдсан гэрээний 4.9-д Худалдан авагч нь худалдагчийн заасан хугацаанд нэхэмжилсэн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хуваарийн дагуу төлөх ёстой үнийн дүнгээс хоног тутамд 0,1 хувийн алдангийг бэлтгэн нийлүүлэгчид төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгийг зохицуулалтад нийцжээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч хууль, гэрээний дагуу 11,439,971 төгрөгийн алданги шаардах эрхтэй гэж үндэслэлтэй дүгнэсэн боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн шаардсан алдангийг 50 хувь бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ. Учир нь:
а/.Талуудын харилцан тохиролцсон алдангийн хэмжээ нь 0,1 хувь буюу хуульд заасан хэмжээнээс 5 дахин бага байх тул алдангийн хэмжээг илт их гэж үзэхгүй;
б/.Ковид-19 цар тахал худалдан авагчийн төлбөрийн чадварт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч энэ талаар тайлбар, татгалзал гаргаагүй.
6. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэлтэй гэж үзэх тул анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 183/ШШ2023/00048 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б ХХК-аас 108,961,471 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтад ...676,307 төгрөгийг... гэснийг ...795,558 төгрөгийг... гэж өөрчилж,
шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 02 сарын 13-ны өдөр урьдчилан төлсөн 99,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.НЯМБАЗАР