| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0400/Э |
| Дугаар | 447 |
| Огноо | 2018-12-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 447
Хэргийн индекс: 166/2018/0400/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Хохирогчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч В.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт В.Ш-т холбогдох эрүүгийн 1818000000438 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт В.Ш /РД: /, Өвөрхангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь шүүгдэгч В.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч В.Ш нь 2018 оны 9 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Будда Таун” хотхоны ертөнцийн зүгээр зүүн талын асфальтан зам дээр 93-29 ДАХ улсын дугаартай Хондо фит ариа маркийн хөх өнгийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч П.Шийг мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч В.Ш-ын өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө 02:00 цагийн үед галт тэрэгний буудлаас харих гээд явж байхдаа “Будда” тауны зүүн талын төв замын явган хүний гарцан дээр хүн мөргөсөн. Би эмнэлгийн түргэн тусламжийн 103 дугаар луу залгахад утсаа авахгүй байсан учир машинаараа хохирогчийг эмнэлэгт хүргэж өгсөн. Би хохирол төлбөрт 2.100.000 төгрөг төлсөн гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч П.Ш-ийн өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 23-ны 00 цагийн үед “Комфорт” зочид буудлын кафенаас гарсан. Түүнээс хойш юу болсон талаар санахгүй байна. 9 хоногийн дараа Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаан орсон. Тэгтэл би гэр лүүгээ явж байхдаа машинд мөргүүлсэн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
Гэрч Г.У-ийн өгсөн: В.Ш 2018 оны 9 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө 02 цагийн орчим “Будда таун” хотхоны хажуугийн зам дээр машинаа жолоодож яваад хүн мөргөсөн гэсэн. Би тухайн үед хамт яваагүй гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Гэрч П.Ц-ийн өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн шөнө 03 цагт Цагдаагийн байгууллагаас “танай дүү эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн байна” гэж ярьсан Би эмнэлэгт очиход манай дүүгийн чамархай, чихний ард, баруун гарын сарвууны ар, 2 өвдөг нь шалбарсан, ухаангүй, амнаас цагаан хөөс гарсан байдалтай эмнэлгийн хүлээн авах өрөөний ор дээр хэвтэж байсан. Юу болсон талаар асуухад эмнэлэгт байсан цагдаа “танай дүү зам тээврийн осолд орсон” гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 22/,
Гэрч П.Ө-ийн өгсөн: П.Ш бид 2 “Комфорт” зочид буудлын кафенаас гараад таксинд сууж явсан. Би “Дархан” их дэлгүүрийн хажууд буусан. П.Ш цаашаа гэр лүүгээ явсан. Шөнө П.Ш-ийн эгч П.Ц залгаад “та 2 хэзээ салсан бэ” гэж асуухаар нь 23 цаг өнгөрч байхад салсан гэж хэлсэн. Маргааш нь П.Ц эгч П.Ш-ийг зам тээврийн осолд орсон талаар хэлсэн гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Гэрч Ч.Б-ын өгсөн: Би 2018 оны 9 дүгээр сарын 23-аас 24-нд шилжих шөнө Цагдаагийн газрын жижүүрийн зөрчил бүртгэгчээр ажилласан. Тухайн өдөр “Будда таун” хотхоны хажуугийн зам дээр хуучин Дарханаас шинэ Дархан явах чиглэлд хөх өнгийн Хонда маркийн машин явган зорчигчийг мөргөсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн ослын газарт хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч зураг, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-12/,
Жолооч В.Ш нь Хондо фит ариа маркийн 93-29 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрийн 9 дүгээр бүлгийн 9.1-т “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.”, 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг зөрчсөн тул зам тээврийн осол гаргасан гэх зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл /хх-ийн 17/,
Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч С.Ганзоригийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 39 дугаартай “Явган зорчигч П.Ш нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчөөгүй байна. Хондо фит ариа маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч В.Ш нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар бүлгийн 13.1-т Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэж заасныг зөрчсөн байна. Зам тээврийн ослын А цэгийг машинаас унасан шилний хагархай, мөн осол гаргасан жолоочоор өөрөөр нь заалгасан болно” гэх дүгнэлт /хх-ийн 38/,
Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч, авто тээврийн мэргэшсэн инженер Л.Лхагвасүрэнгийн “Хондо фит ариа маркийн 93-29 ДАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, осол гарахад техникийн хувьд нөлөөлсөн зүйлгүй” гэх дүгнэлт /хх-ийн 42-46/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар,
Уг ослын улмаас явган зорчигч П.Ш-ийн эрүүл мэндэд нь тархины хүнд зэргийн няцрал, дагз, чамархай, дух, чих, баруун сарвуу, баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий хүнд хохирол учирсан болох нь:
П.Ш-ийн духны зүүн тал болон зүүн чихний ард, 2 гарын сарвууны ард, зүүн тохойн үе орчимд зулгарсан шархтай гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 27/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 993 дугаартай “П.Ш-ийн биед тархины хүнд зэргийн няцрал, дагз, чамархай, дух, чих, баруун сарвуу, баруун зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй цохигдож унах үед юм мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29/, 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1091 дугаартай “П.Ш-ийн биед учирсан гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу 2018.09.23-24-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед авто машинд хүчтэй мөргөгдөх, цохигдох, хатуу гадарга дээр хүчтэй унах зэрэгт үүсгэгдэх боломжтой” гэх шинжээчийн нэмэлт шинжилгээний дүгнэлт /хх-ийн 33-34/,
Хохирогч П.Ш-ийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай 5923 дугаартай өвчний түүх /хх-ийн 80-112/ зэрэг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч В.Ш-ын 93-29 ДАХ улсын дугаартай Хондо фит ариа маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчин явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч П.Ш-ийг мөргөсөн үйлдэл нь хохирогч П.Шийн биед учирсан хохиролтой шууд шалтгаанд холбоотой бөгөөд В.Ш-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд шүүгдэгч В.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч П.Ш-ийн биед тархины хүнд зэргийн няцрал, дагз, чамархай, дух, чих, баруун сарвуу, баруун зүүн өвдөгт зулгаралт бүхий хүнд хохирол учирсан ба хохирогч мөрдөн байцаалтын шатанд эмчилгээний зардал 2.296.117 төгрөг /хх-114-122/, шүүхийн шатанд 409.000 төгрөг /хх-157-161/, нийт 2.705.117 төгрөг, эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас одоог хүртэл ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байгаа үндэслэлээр осол болсноос хойш төлөх ёстой байсан төлбөрүүд болох 1.819.875 төгрөг /орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлт 1.575.900 төгрөг, дулааны төлбөр 30.720 төгрөг, хохирогчийн эзэмшдэг 99040897 дугаарын төлбөр 190.000 төгрөг, хэрэглээний цэвэр бохир усны төлбөр 23.255 төгрөг/, өмгөөллийн хөлс 800.000 төгрөг /хх-ийн 162-182/-ийг тус тус нэхэмжилж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгчээ.
Мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн 114-122 дугаар талуудад авагдсан 2.296.117 төгрөгийн зардлын баримтуудын үнийн дүнг тооцож үзэхэд хохирогч тооцооллын алдаа гаргаж 275.522 төгрөгийн зөрүү гаргасан ба уг баримтуудын үнийн дүн 2.020.595 төгрөг болж байна.
Шүүхийн шатанд хохирогч талаас гаргаж өгсөн 409.000 төгрөгийн /хх-ийн 157-161/ баримтаас хавтаст хэргийн 160-161 дүгээр талд авагдсан 150.000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.
Иймд эрүүл мэндийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн үнийн дүнг 2.429.595 төгрөгөөр тооцож /2.020.595+409.00=2.429.595/, уг нэхэмжлэлээс 150.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 2.279.595 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох үндэслэлтэй байна.
Гэвч шүүгдэгч нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирогчид 2.370.000 төгрөг төлсөн болох нь хохирогчоос шүүхэд гаргаж өгсөн “...2.100.000 төгрөг баримтын дагуу авсан...” гэх хүсэлт /хх-ийн 182/, шүүгдэгчээс шүүх хуралдаанд гаргаж өгсөн “2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.500.000 төгрөгийг хохирогчийн төрсөн эгч П.Ц-д өгсөн гэх баримт, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 270.000 төгрөг төлсөн гэх баримтаар нотлогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд бүрэн төлөгдсөн гэж дүгнэлээ.
Харин гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу осол болсноос хойш төлөх ёстой байсан төлбөрүүд болох 1.819.875 төгрөг /орон сууцны ипотекийн зээлийн эргэн төлөлт 1.575.900 төгрөг, дулааны төлбөр 30.720 төгрөг, хохирогчийн эзэмшдэг 99040897 дугаарын төлбөр 190.000 төгрөг, хэрэглээний цэвэр бохир усны төлбөр 23.255 төгрөг/, өмгөөллийн хөлс 800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн тухайд хохирогч П.Ш зам тээврийн осолд орохоосоо өмнө ажил хөдөлмөр эрхэлж, тогтмол цалин орлоготой байж дээрх төлбөрүүдийг төлдөг байсан нь баримтаар нотлогдохгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг гаргуулах нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч В.Ш нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Шүүгдэгч В.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчийг шууд эмнэлэгт хүргэж өгсөн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд бүрэн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч В.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулах саналыг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч В.Ш нь анх удаа болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирол төлбөрийг нотлох баримтын хэмжээнд төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр хамгийн бага хугацаагаар тэнсэж өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч В.Ш-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах зорилгоор тэнссэн хугацаанд хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх үүргийг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан ба уг гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутай хүнд тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг заавал оногдуулахаар заажээ.
Иймд шүүгдэгч В.Ш-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасах ял оногдуулж, эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулсан тул хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч В.Ш-ын 1110162 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт В.Ш-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч В.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг төлөх үүргийг хүлээлгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-т зааснаар шүүгдэгч В.Ш-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч В.Ш-т оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар В.Ш нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар хохирогчийн 150.000 /нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
8. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг гаргуулах нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар эрхтэйг дурдсугай.
9. Хэргийн хамт ирүүлсэн В.Ш-ын 1110162 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Ш-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР