| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0417/Э |
| Дугаар | 451 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 451
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0417/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц овогт Б.Э-д холбогдох эрүүгийн 1818000000501 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц овогт Б.Э /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн нь шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Э нь согтуурсан үедээ 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өөрийн гэртээ хувийн таарамжгүй харьцааны улмаас эхнэр Ж.О-тай маргалдан зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дотор салст, зовхи, зүүн хацар, доод эрүүнд цус хуралт, зулгаралт, доод уруулын язралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...манай нөхөр Б.Э “яах гэж манай дүүг гэрээс хөөж байгаа юм бэ” гэж уурлаад миний зүүн хацар луу нэг удаа алгадахад би газарт унасан. Тэгтэл Б.Э миний эрүү орчим руу 2 удаа өшиглөж зодоод гэрээс гарч явсан. Одоо нөхөр бид 2 эвлэрсэн, ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй гэх хохирогч Ж.О-ы мэдүүлэг /хх-ийн 11-12/,
- ...Ж.О нь нөхөр Б.Э-тай архи уулаа гэж маргалдсан. Тэгээд би Улаанбаатар хот руу явсан. Манай ах Б.Э 2 хоногийн дараа над руу утсаар “тэр өдөр Ж.О-тай маргалдаад зодчихжээ” гэж хэлсэн гэх гэрч Б.А-ийн мэдүүлэг /хх-ийн 14-15/
- 2018 оны 10 дугаар сарын 31-ний орой “Эрүүл мэндийн төв”-д ажил дээрээ байхад 22 цагийн үед нэг эмэгтэй зодуулчихлаа гэж орж ирсэн. Үзлэг хийхэд зүүн нүдний салстад цус хурсан, мөн зүүн нүдний дээд болон доод зовхинд зөөлөн эдийн хөхрөлт цус хуралт үүссэн, доод уруулын дотор хэсэгт язарсан шархтай, доод үүдэн шүд 2 дугаар зэргийн хөдөлгөөн үүссэн, баруун гарын алганд хазагдсан шархтай, цээжинд арьсны түвшинд 5 см орчим зулгарсан шархтай байсан. Цаашид эрүүний зураг авахуулах шаардлагатай гэсэн тодорхойлолт хийж өгсөн гэх гэрч Х.Х-ийн мэдүүлэг /хх-ийн 16/,
- ...би гэнэт уусан архиндаа согтоод огцом уурлаж эхнэрийгээ нэг удаа алгадаж унагаад эрүү рүү нь 2 удаа өшиглөсөн... гэх шүүгдэгч Б.Э-ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25/,
- Ж.О-ы зүүн нүдний салстад цус хурсан, зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн хөхрөлт, цус хуралт үүссэн, доод уруул язарсан шархтай, доод үүдэн шүд хөдөлсөн, эрүүний зураг авахуулах шаардлагатай, баруун гарын алганд хазсан шархтай, цээж нь 5 см орчим зулгарсан шархтай байв гэх Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Эрүүл мэндийн төвийн жижүүр эмчийн тодорхойлолт /хх-ийн 17/,
- Ж.О-ы биед зүүн нүдний дотор салст, зовхи, зүүн хацар, доод эрүүнд цус хуралт, зулгаралт, доод уруулын язралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1107 дугаартай дүгнэлт /хх-ийн 19/,
- Дархан-уул аймаг дахь Цагдаагийн газрын Шарын гол сумын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахмад Г.Гантулгын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 22:14 цагт хийсэн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээгээр 1 оноо буюу бага түвшинд тогтоогдсон” гэх үнэлгээ /хх-ийн 7-8/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Э, хохирогч Ж.О нар нь 2011 онд гэр бүл болсон, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан Б.Э, Ж.О нарын гэрлэлтийн гэрчилгээ /хх-ийн 36/, тэдний хүү Э.Ч-ийн төрсний гэрчилгээ /хх-ийн 35/, шүүгдэгч, хохирогч болон гэрч Б.А нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Э-ы үйлдлийн улмаас хохирогч Ж.О-ы биед зүүн нүдний дотор салст, зовхи, зүүн хацар, доод эрүүнд цус хуралт, зулгаралт, доод уруулын язралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Ж.О-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Одоо нөхөр бид 2 эвлэрсэн, ямар нэгэн гомдол, санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, хэрэгт авагдсан хохирогчийн бичсэн “...нөхөр бид 2 хоёр хоорондоо эвлэрч, хохирлын талаар болон хэргийн талаар ямар нэгэн санал хүсэлт, маргаан байхгүй...” гэх баталгаа хх-ийн 55/-аар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр Ж.О-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, мал малладаг бөгөөд “...................” ТББ-т бичил уурхайчнаар ажилладаг, сайн дурын нийгмийн даатгал төлдөг болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39/, багийн Засаг даргын 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн тодорхойлолт /хх-ийн 29/, мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2017 оны тооллогын хуудас /хх-ийн 32/, “................” ТББ-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаартай тодорхойлолт /хх-ийн 38/, дээрх ТТБ-ын 45 дугаар бригадын бичил уурхайчин гэх үнэмлэх /хх-ийн 33/, нийгмийн даатгалын дэвтэр /хх-ийн 34/ зэргээр нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба прокурор 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Э нь тогтмол цалин орлогогүй, “.................” ТББ-д бичил уурхайчнаар ажилладаг болох нь “...............” ТББ-ын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 50 дугаартай тодорхойлолт /хх-ийн 38/, 45 дугаар бригадын бичил уурхайчин гэх үнэмлэх /хх-ийн 33/ зэргээр тогтоогдож байх бөгөөд түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Б.Э-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Э-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Б.Э-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР