Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 213/МА2023/00007

 

 

*******ын нэхэмжлэлтэй *******ид

холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж,  шүүгч Ш.Баттогтох,  Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 131/ШШ2023/00113 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй хариуцагч *******ид холбогдох

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Л.Бор нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Л.Бор, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Х.Золцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч *******ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1. Би *******той 2006 онд танилцаж, 2007 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр охин *******, 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүү ******* нар төрсөн. ******* надтай амьдарснаасаа хойш архи ууж агсагнах цаашлаад зоддог болсон таарч тохироогүй нь тодорхой болсон учраас шүүхэд өргөдөл өгч 2021 оны 9 дүгээр сарын 131/ШШ2021/00502 дугаартай шийдвэрээр бидний гэрлэлтийг шүүх цуцалж охин хүү нарыг нарыг миний асрамжид үлдээсэн.

2. Би  өмнөх  шийдвэрийн үед хүүхдийн тэтгэлэг авахаас татгалзсан боловч гэрлэлтээ цуцлуулснаас хойш хүүхдүүдээ харж хандахгүй эцэг хүний үүргээ биелүүлэхгүй байгаа тул *******оос 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн охин *******, 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү ******* нарт тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. 2018 оны жилийн эцсээр адуу 5, Үхэр 40, хонь 200, ямаа 150 бүгд 394 тооны мал тоолуулсан эдгээр малаас зарж *******ын бусдад тавьсан өрийг дарж үлдсэн байсан төлөг, 50 эм хонь, 50 хурга, 27 эр ямаа 32 борлон, 61 эм ямаа, 61 ишиг нийт 291 тооны маг салахдаа ******* бүгдийг авсан, би ямар ч эд хөрөнгө аваагүй хамтран амьдарч байх хугацаандаа бий болгосон бүх хөрөнгөө үлдээсэн.       

2. *******аас хамт амьдарч байх хугацаандаа 3,000,000 төгрөгөөр банз худалдаж аваад 4 тал хашаа барьж бий болгосон хашааны тал мөнгө,11,500,000 төгрөгийн Toyota Prius машины өөрт ногдох хэсэг, малын   үнэ 32,840,000 төгрөгийн ногдох 16,420,000 төгрөгийг,  миний хуваарьт эд хөрөнгө болох 5,000,000 төгрөгийн иж бүрэн мөнгөн тоноглолтой эмээл, 1,000,000 төгрөгийн гаанс, 100,000 төгрөгийн нэг нүдний дуран, 50,000 төгрөгийн хонь хяргадаг хайч нийт 6,150,000 төгрөгийн эд зүйлийг гаргуулах  нийт 22,570,000 төгрөгийн сөрөг нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* надаас хүүхдийн мөнгө авахгүй гэсэн тул би сөрөг нэхэмжлэлээс татгалзаж эвлэрсэн.

3. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 131/ШШ2021/00502 дугаар шийдвэрээр татгалзлыг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Миний бие хүүхдийн мөнгө төлөхгүй, өөрийн гэсэн бүх зүйлээ 2 хүүхдэдээ үлдээж түүний оронд 2 хүүхдийн мөнгө төлүүлэхээс ******* татгалзсан, харин би 2 хүүхдээ том болж сургуульд суралцах үед сургалтын төлбөрийг нь төлнө, хүүгээ хүнтэй суухад нь гэрийг нь бэлдэж өгнө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

4. Тухайн үед шүүхээс дахин нэхэмжлэл гаргах эрхгүй талаар хэлж үр дагаврыг тайлбарлаж өгсөн  учир хүүхдийн тэтгэлэг төлөхгүй” гэв.  

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.2, 41.2.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******ид холбогдуулан гаргасан “Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Борын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

1. Шүүх Гэр бүлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн бөгөөд үндэслэх хэсэгтээ Гэр бүлийн тухай хуулийн 41.1 дэх хэсэгт зааснаар ... хүүхдийн тэтгэлгийг мөнгөн болон эд хөрөнгөөр олгож болно... мөн зүйлийн 41.2-т ... тэтгэлгийг сар, улирал , жилээр 16 420 000 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулахаар сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасан байсан болон нэг удаагийн хугацаагаар тэжээн тэтгэж болохоор зохицуулсан 2021 оны 09 сарын 21 ний өдрийн шүүх хуралдаанд эд хөрөнгөөр хүүхдийн тэтгэлгийг төлөхөөр тохирсон гэж үзсэн нь бодит байдалтай огт нийцэхгүй байна. Талуудын хооронд дундын эд хөрөнгийн асуудал маргаантай хэвээр байсан ба одоо ч энэ асуудлаа шүүхээр шийдвэрлүүлээгүй.

 2. Зохигч *******, ******* нар 2 хүүхдээ тэжээн тэтгэх талаар гэрээ байгуулаагүй, хариуцагч 16 420 000 төгрөгийг нэхэмжлэгч *******аас гаргуулах ёстой энэ талаар өмнө сөрөг нэхэмжлэл шүүхэд гаргасныг ******* түүний эд хөрөнгөнөөс юу ч аваагүй, нэхэмжлэл дээр бичсэн хайч нэг нүдний дуран зэргийг өөрөө аваад үлдсэн. Би 2 хүүхэдтэйгээ зодуулаад түүний гэрээс хөөгдөөд гарахдаа зөвхөн өмсөх хувцастайгаа гарсан. Тэр үеэс хойш гэртээ эргэж очоогүй, ******* гэртээ үлдсэн болохоор эд хөрөнгөө өөрөө зарж үрсэн байх, тэр үед, эмээлээ машиныхаа ард хийчихсэн явсныг миний охин үзсэн байсан. Би түүний малыг аваагүй өөрөө хүнд хэд хэдээр нь зардаг байсан гэх зэргээр 2 удаагийн шүүх хуралдаанд өгсөн тайлбаруудаар хариуцагчийн нэхэмжилсэн эд хөрөнгийг аваагүйгээ илэрхийлж, эд хөрөнгөтэй байсныг үгүйсгэдэг. Энэ талаар шүүх хуралдаанд оролцсон гэрч С.Хүрэлбаатараас би *******ийн малыг 2018- 2019 онуудад малладаг байсан. ******* хэд хэдээр нь хүнд зарах гэж байгаа гээд аваад явдаг байсан. Сүүлд нь 30 аад мал үлдсэн байсныг өөрөө аваад явсан гэж мэдүүлсэн.

3. Гэр бүл болон иргэний бүртгэлийн хуулиудын зарим зүйл заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 11 сарын 25 -ны өдрийн тогтоол хүчинтэй хэвээр байгаа. Энэ тогтоолын 23.2-т мөн Гэр бүлийн тухай хуулийн 38 2 дахь хэсэгт ...эцэг эх харилцан тохиролцож гэрээ байгуулж тэтгэлэг тогтоож болно гэдгийг хуулийн 45.1-т заасан тэжээн тэтгэх гэрээ гэж ойлгоно. Тогтоолын 25.1-д тэтгэлэг төлөгч , авагч нарын хооронд тэжээн тэтгэх гэрээ байгуулаагүй боловч энэ хуулийн 41 дүгээр зүйлд зааснаар зохигчид тэтгэлгийг мөнгөн ба эд хөрөнгөөр мөн тодорхой хугацаагаар авахаар тохирч болно. Энэ тохиолдолд тодорхой хугацаагаар төлөх мөнгөний болон эд хөрөнгийн хэмжээг шүүхийн шийдвэрт тодорхой заана. Хэрвээ тэтгэлэг авагч. төлөгч нар хоорондоо тэтгэлгийн хэлбэр, хугацааг хоорондоо тохиролцоогүй бол шүүх тогтооно гэж заасан байна. Эндээс үзэхэд эцэг эх хүүхдээ мөнгөөр болон эд хөрөнгөөр тэтгэж болох бөгөөд энэ талаар гэрээ байгуулах ёстойг хууль болон тогтоолд тусгасан.

4. Талууд 2021 оны 09 дүгээр сарын 21 ний өдрийн 131/ШШ2023/00502 дугаар шүүхийн шийдвэр гарах үед шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болохоос биш хүүхдийн тэтгэлгийг ямар хугацаагаар ямар эд хөрөнгөөр төлөхөө тохиролцоогүй, гэрээ байгуулаагүй, гэрлэгчид дундын хөрөнгийн талаар маргаантай байхад шүүх тэтгэлгийг эд хөрөнгөөр тохирсон гэсэн дүгнэлт хийж гэр бүлийн тухай хууль, хүүхэд хамгааллын тухай хууль, бага насны хүүхдүүдийн эрх ашгийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.

5. Хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаны дараа хүүхдийн эрх зөрчигдвөл дахин хэдийд ч нэхэмжлэх эрх хэвээр үлддэг болохыг шүүх анхаарсангүй. Гэрлэлтээ цуцлуулахдаа талууд хүүхдийн тэтгэлэг тогтоолгоогүй ч гэсэн хүүхдийн эдийн засгийн эрх хэдийд зөрчигдөнө тэр үед эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг бий болдог.

6.Гэр бүлийн тухай хуулийн 26.6 дугаар зүйлд зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлаагүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно гэж заасан байтал хариуцагч ******* хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж янз бүрийн шалтгаан зааж хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг ойлгохгүй байна гэж үзэхээр байна.

7.Улсын тэмдэгтийн хураамжийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг байтал шүүх миний үйлчлүүлэгч *******аас 70200 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэж хууль буруу хэрэглэсэн байх тул энэ мөнгийг буцаан гаргуулах хүсэлтэй байна.

8. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр 30-ны өдрийн 131/ШШ2023/00113 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч *******ын давж заалдах шатны шүүхийн гаргасан гомдлын агуулга:

1. Би 10-14 насны 2 хүүхдийн хамт амьдардаг. Гэрлэлтээ цуцлуулахдаа ******* хүүхдүүдээ тэжээн тэтгэж явна гээд гуйгаад байхаар нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсан юм. Гэтэл тэр үеэс хойш  хүүхдүүдээ огт хайхрахгүй мөнгө төгрөг өгөхгүй. Бүр загнаад хөөдөг болсон тул тэтгэмж гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Миний ах нас барсан тул намайг шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хүүхдүүдэд маань тэтгэмж гаргуулж өгнө үү гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад    гомдлыг хангаж ,анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт  оруулж   шийдвэрлэв. Учир нь:

1.Нэхэмжлэгч *******ын хариуцагч *******ид холбогдуулан  хоёр хүүхдэдээ тэтгэлэг тогтоолгохыг хүссэн шаардлагыг   хариуцагч *******  нь хүлээн зөвшөөрөхгүй  маргаан үүсгэсэн байна.

2. хариуцагч *******, нэхэмжлэгч  *******  нарын  гэрлэлтийг цуцалж,  хариуцагч ******* нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн үнээс  16,420,000 төгрөг болон   өөрийн хуваарьт эд хөрөнгийн нэхэмжлэгч   *******аас гаргуулах   сөрөг нэхэмжлэлийн,   нэхэмжлэгч ******* нь хоёр хүүхдэдээ  тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа тус, тус татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн  2021 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 502 тоот шийдвэр  хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /хавтаст хэргийн 4-15 дугаар тал/

3. 2008 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төрсөн  охин С. Буян-Эрдэнэ, 2013 оны 8 дугаар сарын 28-ны өдөр  төрсөн хүү ******* нарын эцэг нь ******* болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр  тогтоогдсон, энэ асуудлаар маргаангүй байна. /хавтаст хэргийн 16-17 дугаар хуудас/

4. охин *******, хүү ******* нар  нь эхийн асрамжид эрүүл энх өсөж, сурч байгаа болох нь  Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын ерөнхий боловсролын сургуулийн болон 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолтууд  хэрэгт авагджээ. /хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас/

5.Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ.”, 26 дугаар зүйлийн 26.2.2-т “Эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.” гэж заасны дагуу эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх нь хуулиар хүлээлгэсэн үүрэг бөгөөд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр хүүхдүүдийг эхийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч ******* нь 2 хүүхдийнхээ тэтгэлгийг тогтоолгож эцэг  *******оос гаргуулж тэжээн тэтгүүлэх шаардлагаасаа урьд татгалзсан  байдал нь хүүхдүүдийн ахуй амьдралынхаа зайлшгүй хэрэгцээгээ хангуулах суурь эрхэд  нөлөөлөхгүй бөгөөд хариуцагч ******* нь  гэрлэлтээ цуцлуулснаас хойш хүүхдүүдээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэхгүй  нөхцөл байдал үүссэн  тохиолдолд нэхэмжлэгч энэ асуудлаар шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхтэй.

7. Давж заалдах шатны шүүхээс  анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан  хүү *******т  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар сард тогтоож, 11 нас хүртэл,  хүү *******, охин С.Буян-эрдэнэ нарт тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр  сард тогтоож, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл эцэг *******оос  гаргуулан тэжээн тэтгүүлж шийдвэрлэв.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан гаргаж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 131/ШШ2023/00113  дугаар шийдвэрийн  үндэслэх хэсэгт  “115.2.3” гэснийг “115.2.1” гэж,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ” Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан  хүү *******т  тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар сард тогтоон 11 нас хүртэл,  хүү *******, охин С.Буян-эрдэнэ нарт тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр  сард тогтоон, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл эцэг *******оос  гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэл гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгосугай “ гэж тус тус өөрчлөлт оруулж,  давж заалдах эрхийг  нь хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасны дагуу нэхэмжлэгчээс  давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан гаргаж нэхэмжлэгч *******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Л.НЯМДОРЖ