Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 213/МА2023/00008

 

“Итгэлт мандал констракшн” ХХК-ийн

нэхэмжлэлтэй “Елбата” ХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж,  шүүгч Ш.Баттогтох, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 131/ШШ2023/00060 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Итгэлт мандал констракшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч “Елбата” ХХК-д холбогдох

Дулаан хангах гэрээний үүргийн гүйцэтгэлд 12,637,200 төгрөг гаргуулахыг  хүссэн иргэний хэргийг хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бурмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Х.Золцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын  агуулга:

1. “Елбата” ХХК нь дотор засал хийх гэж байна гээд 11 сард халаалт авсан. 2 сар Засгийн газраас аж ахуй нэгжийг хөнгөлж байгаа гээд хөнгөлөгдсөн. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс Засгийн газраас хөнгөлөхөө болсон тул халаалтаа үргэлжлүүлнэ гэж хэлэхээр нь н.Бадамцэцэгтэй гэрээ хийсэн.

2. Тухайн барилга метр кубээрээ 8,900,000 төгрөг гэж гардаг. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 50 хувиар бодож халаана гэж тохиролцсон. 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр мөнгө нэхэмжлээд өгөхгүй болохоор 1 хоног халаалтыг хаасан. Дотор шугам хөлдлөө гэх шалтгаанаар 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл халаасан. 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр халаалтыг нь зогсоосон. Гэрээнд зааснаар халаалтын төлбөр 12,000,000 төгрөг нэхэмжилсэн.

3. “Елбата” ХХК анх халаалтын хөлсөнд нүүрс зөөж өгнө гэж хэлсэн. 40,000 төгрөгөөр тохироод 2 удаа нүүрс зөөж өгсөн. 2 сард халаалтын мөнгө гэж 2,000,000 төгрөг өгсөн. 2022 оны 3 дугаар сарын 01-ны өдөр 1 өдөр халаалтаа хаасан. Энэ өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хаагаагүй. 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдөр *******, ******* бид 3 хамт байж байгаад дулаарсан болохоор халаалтаа хаасан.

4. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс аж ахуй нэгжийн дулааны төлбөрийг Засгийн газраас хөнгөлөхөө больж *******ийн эхнэр ******* надтай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл гэрээ хийхээр болж төлбөр 5,000,000 төгрөг болсноос бид тохиролцож 4,500,000 төгрөг болгосон юм.

5. Тэгээд гэрээний хугацаа дуусахад ******* дахин холбогдож доторх засварын ажил дуусгаагүй байна. Дахин 20 хоног сунгах талаар ярьснаар бид зөвшөөрсөн юм. Гэхдээ нэмэлт хоног дуусахаас өмнө гэрээний хугацаа дууссан учир 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2 хоног халаалтыг тасалсан. Нэмж сунгасан халаалтаа 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зогсоосон. Тухайн өдөр *******, ******* нар байсан.

6. 12,000,000 төгрөгийг нэхэмжилснээс хариуцагч тал манай компаниас авах ёстой гэх нүүрсний тээвэрлэсний хөлс 485,000 төгрөг болон 1,027,200 төгрөг, 1,768,800 төгрөг, кран ашигласны 6 хоногийн хөлс 1,800,000 төгрөг. Мөн халаалтын зардалд төлсөн 2,000,000 төгрөг өгснийг бүгдийг хүлээн зөвшөөрч байна. Халаалтын зардалд 12,000,000 төгрөгөөс 7,081,000 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр хасаж 4,919,000 төгрөгийг гаргуулна гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

1.Би 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний хооронд 2 сарын хугацаагаар “Итгэлт мандал” ХХК-тай гэрээ байгуулан уг хугацаанд нэг сарын 4,500,000 төгрөгөөр тооцон халаалтын хөлс төлөх талаар гэрээ байгуулаагүй миний бие гарын үсэг зураагүй. *******тэй уулзаж байгаагүй.

2. Дээрх хугацаанд халаалт ирдэг байсан ч маш муу ирдэг ирдэг байсан манай компанийн зүгээс удаа дараа уулзаж эсвэл утсаар үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлсэн боловч ахиц гараагүй 3 дугаар сар 4 дүгээр сард халаалт ирсэн би мэдэхгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.Манай компанийн зүгээс нэхэмжлэгч компаниас дараах мөнгийг авах ёстой 2020 оны 09 дүгээр сард нэхэмжлэгч “Итгэлт мандал” ХХК Хүрээмарал сумынхаа төвийн халаалтын шугамыг шинэчлэн хийхдээ манай компанийн 5 тонны авто краныг өдрийн 300,000 төгрөгөөр тохирон 6 өдөр ажиллуулсан бөгөөд 6 өдрийн хөлс 1,800,000 төгрөгийг төлөөгүй.

4.Тухайн үед 6 өдөр ажиллахад манай компанийн жолооч Итгэлт ажилласан байдаг. 2020 оны 11 дүгээр сард манай компани өөрийн эзэмшлийн 50 тонны Howo шланзаар 33 тонн нүүрс тээвэрлэж буулгаж өгсөн бөгөөд тухайн үед 1 тонн  45,000 төгрөгөөр тооцон ажлын хөлс 1,485,000 төгрөг авах байснаас миний данс руу 500,000 төгрөг, эхнэр Бадамцэцэгийн данс руу 500,000 төгрөг шилжүүлэн одоо уг мөнгөнөөс 485,000 төгрөг дутуу байгаа. 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр манай компани өөрийн эзэмшлийн РОТОМ авто самосвалаар 17,120 тонн нүүрс буулгасан 1 тонныг 60,000 төгрөгөөр тооцон 1,027,200 төгрөгийн ажлын хөлс болсон бөгөөд уг мөнгийг аваагүй байна. 2022 оны 3 дугаар сарын 20-ны манай компани өөрийн эзэмшлийн Нowo шланзаар 29,480 тонн нүүрс буулгасан 1 тонныг 60,000 төгрөгөөр тооцон 1,768,800 төгрөгийн ажлын хөлс авах байсан боловч одоогоор өгөөгүй нийт 5,081,000 төгрөгийн ажлын хөлсний авлагатай байна.

5. Тус компанид 2,000,000 төгрөг халаалтын төлбөр гэж бэлэн өгсөн байдаг бөгөөд 5,081,000 төгрөгийн ний ажлын хөлс аваагүй тул нийт 7,081,000 төгрөг өгсөн байна. Дээрх ажлыг цаг тухай бүрд нь хийж хугацаанд нь нүүрсийг буулгаж өгдөг байсан. Миний хувьд 1 сарын халаалтын хөлс 4,500,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй яагаад гэвэл би гэрээ байгуулж халаалтын хөлсийг тохироогүй энэ талаар мэдээгүй, харин нэхэмжлэгч компани бусад байгууллагатай нэг сарын 2,000,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан байсан” гэж маргаж байна.

6.Баянхонгор аймгийн Хүрээмарал суманд ажиллаж байхад надтай ирж уулзаагүй. Би гэрээний талаар эхнэрээсээ мэдсэн хэдий ч үнийн дүнг мэдээгүй байсан. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл халаалтыг өгсөн боловч дунд нь өчнөөн тасалсан гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Елбата” ХХК-аас 4,619,000 /дөрвөн сая зургаан зуун арван есөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Итгэлт мандал констракшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 /гурван зуун мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 217,145 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Елбата” ХХК-аас 88,854 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Итгэлт мандал констракшн” ХХК-д олгож, шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн байгууллагын төлөөлөгч *******ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

1. шүүх хэрэгт авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дулаанаар хангах гэрээг “Елбата” ХХК-ийг төлөөлж менежер ажилтай ******* гарын үсэг зурж байгуулсан гэх үйл баримт тогтоогдож байна.

Тухайлбал “Елбата” ХХК-ийн захирал ******* өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг тус гэрээ хийх үед “Итгэл мандал констракшн” ХХК-ийн захирал *******д “ ...******* нь өөрийн нөхөр “Елбата" ХХК-ийн захирал *******ийн гарын үсгийн зурж, компанийн тамга дарсан, менежер ******* гэж бичиж, гарын үсгээ зурсан” нөхцөл байдлыг олгосон тул “Елбата” ХХК нь *******ийн компанийг төлөөлөх бүрэн эрхгүй гэдгийг ашиглаж , компанийн нэрийн өмнөөс хийгдсэн 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дулаанаар хангах гэрээг байгуулагдаагүй буюу хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна гэж шүүх дүгнэсэн.

2. Гэтэл 0311005082 дугаарын улсын бүртгэлийн дугаартай “Елбата” ХХК-ийн захирлаар ******* бүртгэгдэж, гишүүдийн тоо 1 байхаар 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүртгэж улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байх бөгөөд “Елбата” ХХК-ийн захирал ******* нь *******т нэхэмжлэгч “Итгэл мандал констракшн" ХХК-ийн захирал Цэвээнсүрэнтэй гэрээ байгуулах эрх олгоогүй, итгэмжлэл олгоогүй, Цэвээнсүрэнг энэ гэрээ байгуулах нөхцөл байдалд оруулаагүй, төөрөгдүүлээгүй болно.

Гэтэл “Елбата” ХХК-ийн захирал ******* гэсэн хүн байсаар байхад надтай уулзаж ажил хэргийн талаар ярьж байгаагүй, гэрээ байгуулаагүй байж одоо яагаад “Елбата” ХХК-ийн захирал ******* гэх хүнээс мөнгө нэхэмжлээд шүүх түүнийг нь олгоод байгааг ойлгохгүй байна.

3. “Итгэл мандал констракшн” ХХК нь хариуцагч “Елбата” ХХК-тай 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд байгуулсан “Дулаанаар хангах гэрээ” нь Иргэний хуулийн 56.1.8.”хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” байх тул Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 131/ШШ2023/00060 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг  хэвээр үлдээж шийдвэрлэв.

Учир нь:

1. Нэхэмжлэгч “Итгэлт мандал констракш” ХХК нь 2017 онд 1 гишүүнтэй байгуулагдсан, захирал нь *******, хариуцагч “Елбата” ХХК  нь  2006 онд байгуулагдсан  1 гишүүнтэй, захирал нь  ******* болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /хэргийн 4,20 дугаар тал/

2. Хариуцагч “Елбата” ХХК-ийг төлөөлж менежер *******, нэхэмжлэгч  “Итгэлт мандал констракш” ХХК-ийг төлөөлж захирал ******* нар харилцан тохиролцож  2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс  2022 оны 3 дугаар сарын 01-ний хооронд халаалтын төлбөрийг сарын 4,500,000 төгрөгөөр харилцан тохиролцож   байгуулсан дулаанаар хангах гэрээнд “Елбата” компанийн захирал *******ийн зөвшөөрөлгүйгээр менежер *******  гарын үсэг зурсан нь  Иргэний хуулийн 56.1.8-д заасан гэрээ нь ...зохих этгээдийн зөвшөөрөлгүйгээр хийгдсэн хэлцэл  тул  хүчин төгөлдөр бус хэлцэл гэж маргаан үүсгэжээ.

3. Гэрээний дагуу нэхэмжлэгч “Итгэлт мандал констракшн” ХХК-аас 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд дулаан үйлдвэрлэлээр хангаж, хариуцагч “Елбата” ХХК халаалтын төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэгчээс нүүрс тээвэрлэсний хөлс  2020 онд 485,000 төгрөг, 2022 оны 02 дугаар сард 1,027,200 төгрөг, 2022 оны 3 дугаар сард 1,768,800 төгрөг, кран ашигласны 6 хоногийн хөлс 1,800,000 төгрөг, нийт 5,081,000 төгрөгийн авлагатай байсан болох зохигчдын тайлбараар тогтоогдож байхаас гадна зохигчид энэ талаар маргаагүй байна.

4. Хариуцагч байгууллагын төлөөлөгч  ******* нь ” манай байгууллагыг төлөөлж *******тэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус, миний зөвшөөрлийг аваагүй” гэж  маргаж байгаа нь Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж   заасны дагуу  гэрээг  хүчин төгөлдөрт  тооцохгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

5.  хариуцагч “Елбата” ХХК-ийн захирал ******* нь “...Би гэрээний талаар эхнэрээсээ мэдсэн хэдий ч үнийн дүнг мэдээгүй байсан. Тус нэхэмжлэгч компани нь бусад байгууллагатай нэг сарын 2,000,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан” гэж тайлбарлаж байгаа боловч    энэ  байдлыг нотлох, нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул  зохигчдын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр  хэлцэл  бөгөөд нэхэмжлэгч нь дулаан үйлдвэрлэлээр хангах үүргээ биелүүлсэн, харин хариуцагч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар төлбөрийг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буруутай байх тул нэхэмжлэгч нь халаалтын төлбөрийг шаардах эрхтэй байна.

6. нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь “гэрээний хугацаанд 2 хоног халаалтыг тасалсан...” гэдгээ хүлээн зөвшөөрч байх тул сарын 4,500,000 төгрөг буюу нэг өдрийн 150,000 төгрөг ба 2 өдрийн халаалтын төлбөр 300,000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхгүй тул  хариуцагч “Елбата” ХХК-аас дулаанаар хангах гэрээний үүргийн гүйцэтгэлд 4,619,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Итгэлт мандал констракшн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 300,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн үндэслэлтэй байна.

7. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн хэдий ч  гэрээний зүйл нь ажил үйлчилгээнд хамаарч байх тул Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн  28.1-т “Эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн харилцааг Иргэний хууль, энэ хууль, аж ахуйн харилцааны дүрэм, эрчим хүчээр хангагч, хэрэглэгчийн хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.” гэж заасны дагуу тус харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийг хэрэглэх нь зүйтэй гэж  шүүх  бүрэлдэхүүн үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1...” гэснийг  Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 гэж өөрчлөлт оруулж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж  шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 131/ШШ2023/00060  дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад  “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1...” гэснийг  “Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1” гэж өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т тус тус   зааснаар хариуцагч байгууллагын  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88,854 төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Л.НЯМДОРЖ