| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0401/Э |
| Дугаар | 452 |
| Огноо | 2018-12-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 452
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0401/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,
Улсын яллагч Г.Яндаг,
Хохирогч Д.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Н.Д-ад холбогдох эрүүгийн 1818005690511 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Н.Д /РД: /, Дархан-Уул аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь шүүгдэгч Н.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг Үйлчилгээний төв орчимд иргэн Д.Э-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясны цууралт, нүүрний 3 шарх, нүүр, хүзүү, хоолой, их бие, баруун өвдөг, бугалга, тохой, зүүн тохой, шуу, бугуй, өвдөг, хуйхны зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Н.Д-ын өгсөн: 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай хуучин байрны С гэх залуу Үйлчилгээний төв дээр Э-тэй хамт явж байгаад надтай таарсан. Тэр үед намайг С-тай мэндлэхэд С- надад “Нохой Д ах юу байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Хүн мэндэлж байхад юу гээд байгаа юм” гэж хэлээд дөхөж очсон. Тэр үед Э намайг түлхсэн. Түүнээс нь болж бид хоорондоо маргалдсан. Биднийг Үйлчилгээний төвийн орчимд байсан хүмүүс салгасан. Э, С хоёроос салаад “Манхан” дэлгүүрийн булан тойроод явж байхад цагдаа нар ирээд намайг эрүүлжүүлэх байранд аваачсан гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Э-ийн өгсөн: ...Би С-тай хамт “Үйлчилгээний төв”-ийн ойролцоо явж байгаад Д-тай таарсан. Тэр үед Д хэсэг бүлэг залуустай явж байгаад С-ыг хэл амаар доромжилж бид хоорондоо муудалцсан. Тухайн үед маргаан болоход 4-5 залуу нийлж намайг зодсон. Шүүгдэгч Д нь намайг газар унагаж чирсэн. Энэ байдал нь миний фудволж урагдсанаар нотлогдоно. Би тэр үед Д-ын царайг тогтоож авсан учраас цагдаад хандсан. Мөн шүүгдэгч нь хохирол төлбөр төлж барагдуулаагүй, гэмшсэн байдлаа илэрхийлээгүй. Би энэ хэргээс болж эдийн засгийн байдал, итгэл үнэмшлээрээ хохирч байна. Би 448.799 төгрөгийн шинжилгээ хийлгэсэн. Энэ мөнгөө нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Гэрч Ж.С-ын өгсөн: ...Д.Э ахтай хамт Үйлчилгээний төв дээр явж байхдаа Н.Д, Г нартай таарсан. Тэгээд би Н.Д-ыг “нохой Д ахаар юу байна” гэж хэлэхэд Н.Д уурлаад намайг зодох гээд дайрсан. Тэгтэл Д.Э ах намайг өмөөрөөд Н.Д-тай маргалдсан. Н.Д нь Д.Э-ийг газар унагаад толгой руу нь өшиглөөд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Гэрч Л.П-ын өгсөн: ...би Үйлчилгээний төв дээр очиход Ж.С, Д.Э ах 2 байсан. Д.Э ахын футболк нь урагдчихсан, нүүр ам нь энд тэндээ цус болчихсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 738 дугаартай “Д.Э-ийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясны цууралт, нүүрний 3 шарх, нүүр, хүзүү, хоолой, их бие, баруун өвдөг, бугалга, тохой, зүүн тохой, шуу, бугуй, өвдөг, хуйхны зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Д.Э-ийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Н.Д-ын 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 16 дугаар баг Үйлчилгээний төв орчимд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Э-ийг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясны цууралт, нүүрний 3 шарх, нүүр, хүзүү, хоолой, их бие, баруун өвдөг, бугалга, тохой, зүүн тохой, шуу, бугуй, өвдөг, хуйхны зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Э-ийн биед тархи доргилт, хамрын таславчийн мурийлт, баруун сарвууны 5 дугаар хурууны шивнүүр ясны цууралт, нүүрний 3 шарх, нүүр, хүзүү, хоолой, их бие, баруун өвдөг, бугалга, тохой, зүүн тохой, шуу, бугуй, өвдөг, хуйхны зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний төлбөрт 448.800 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Э-ийн компьютер томографийн зураг авахуулсан, толгойн MRI оношилгоо хийлгэсэн, эм тариа худалдан авсан зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байх тул шүүгдэгч Н.Д-аас 448.800 төгрөг гаргуулж хохирогч Д.Э-т олгох нь зүйтэй гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Н.Д нь урьд 4 удаагийн ял шийтгүүлсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй учир торгуулийн ял оногдуулах боломжгүй, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх санал гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь гэм буруугаа хүлээсэн, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлыг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, цагдан хоригдсон 8 хоногийг эдлэх ялд оруулан тооцож өгнө үү гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Н.Д-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Н.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл нийт 8 хоног цагдан хоригдсон ба цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлаар тооцож 64 цагийн ажлыг эдлэх ялаас хасаж нийт ялыг 336 цагаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н.Д-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Д-ыг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Н.Д-ын цагдан хоригдсон 8 /найм/ хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлаар тооцож 64 цагийн ажлыг эдлэх ялаас хасаж эдлэх ялыг 336 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус зааснаар Н.Д-ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Н.Д-аас 448.800 /дөрвөн зуун дөчин найман мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогчид олгосугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д-ад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР