| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2018/0411/Э |
| Дугаар | 456 |
| Огноо | 2018-12-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 456
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2018/0411/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгч С.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт С.З-т холбогдох эрүүгийн 1818000000478 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х овогт С.З /РД: /, Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь шүүгдэгч С.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.З нь 2018 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “МБМ” нэртэй зочид буудлын 306 тоот өрөөнд Б.Б, С.У нарыг зодож, Б.Б-ийн эрүүл мэндэд нь духны шарх, С.У-ын биед дээд уруулын шарх бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хэрэгт авагдсан:
- ...2018 оны 10 дугаар сарын 21-ний өглөө 05 цагийн орчим намайг хэн нэгэн нь миний толгой руу цохисон бөгөөд тухайн үед нь би ухаан балартаад нэг мэдсэн чинь цусаа гоожуулаад сууж байсан. Юу болчихов оо гээд хамт байсан хүмүүсээс асуухад У, М, Г нар надад 15 дугаар сургуулийн З чамайг шар айрагны шилээр цохичхоод гараад явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би эмнэлэгт очиж зүүн хөмсөгний дээд талд 10 оёдол хийлгээд цагдаа дээр ирж мэдүүлэг өгсөн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хохирогч Б.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 9-10/,
- ...унтаж байхад хаалга тогших чимээ гарсан бөгөөд нэг хүн орж ирээд Б-тай маргалдаад байх шиг байсан. Гэнэт шил тас хийх чимээ гарахаар нь би босоод харахад З нь Б-ийг шар айрагны шилээр цохисон байсан. Тэгэхээр нь би “хүүе юу болж байна” гээд салгах гээд очиход З намайг гараараа түлхээд унагаасан. Би унахдаа ширээний булан мөргөөд миний дээд уруул сэтэрч гэмтсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх хохирогч С.У-ын мэдүүлэг /хх-ийн 12-13/,
- ...З 2 залуутай хамт орж ирээд юм ярилгүй гаднаас гартаа бариад орж ирсэн шар айрагны шилээ над руу шидэхэд миний зүүн талын хацрыг оносон. Тэгээд хойшоо саваад ширээ мөргөсөн. Тэгээд З орон дээр унтаж байсан Б-ийн толгойн тус газарт нь шар айрагны шилээр цохисон. Тухайн үед намайг харахад нэг удаа цохисон дахиж цохисныг мэдэхгүй байна. Тэгээд хамт орж ирсэн 2 залуу нь З-г аваад гарсан гэх гэрч Г.Г-ын мэдүүлэг /хх-ийн 14, 39/,
- ...З болон миний зүс таних залуу 2 орж ирээд Г хаалгатай ойрхон сууж байсан болохоор З шууд нүүрэн тус газарт нь цохиод гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгээд хөнжил сөхөөд “Б энд байна уу чи?” гээд гартаа барьж байсан шар айрагны шилээр нүүрэн тус газарт нь цохиод авсан гэх гэрч Б.М-ийн мэдүүлэг /хх-ийн 19-20/,
- ...Б.Б нь У-ыг хэл амаар доромжлоод дээрэлхээд байсан нь бодогдоод дээшээ 306 тоот өрөөнд ороход Б.Б орон дээр унтаж байхаар нь би нүүр лүү нь нэг удаа цохиод ширээн дээр байсан шар айрагны шилээр толгой руу нь цохисон. Тэгтэл Г.Г, С.У нар болиулах гээд хажуугаас орж ирэхээр нь би Г.Г-ыг нэг удаа цохиод, С.У-ыг түлхсэн гэх шүүгдэгч С.З-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-36/,
- ...Үзлэгээр уг тасалгааны голд ногоон өнгийн даавуу, шаргал өнгийн орны бүтээлэг байх ба уг даавуу, бүтээлэг нь цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/,
- Б.Б нь үзлэгээр духны хэсэгт уртаашаа 10 см орчим зүсэгдсэн шархтай, шарх гүн байна, шарханд оёдол хийлгэсэн. С.У нь үзлэгээр дээд уруул язарсан шархтай, шарх өнгөц байна гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 21, 27/,
- Б.Б-ийн биед духанд эдгэж буй шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1134 дугаартай дүгнэлт /хх-ийн 24/,
- С.У-ын биед дээд уруулд эдгэсэн шархны сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1135 дугаартай дүгнэлт /хх-ийн 30/,
Шүүгдэгч С.З-ын үйлдлийн улмаас хохирогч Б.Б-ийн биед духны шарх, С.У-ын биед дээд уруулын шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогч нартай эвлэрсэн, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Б.Б, С.У нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгүүд /хх-ийн 9-10, 12-13/, хэрэгт авагдсан хохирогч нарын бичсэн “...С.З бид хоёр эвлэрсэн учир одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх баталгаа /хх-ийн 42, 44/-аар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч С.З нь Б.Б, С.У нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нь 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нартай эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгч С.З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.З нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч С.З нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байх ба энэ байдал нь ямар нэг эрх зүйн үр дагавар үүсгэхгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримт юм.
Шүүгдэгч С.З нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба прокурор 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.
Шүүгдэгч С.З-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан нь торгох ялыг даруй, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй ялтны эдийн засгийн байдлыг харгалзан гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр боломж олгож буй зохицуулалт юм.
Шүүгдэгч С.З нь шүүхээс оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт С.З-ыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.З-ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.
4. Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.З-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР