Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0429/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нямдорж,

Улсын яллагч Н.Идэр,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч А.А, О.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар М овогт А.А, Д овогт О.М нарт холбогдох эрүүгийн 1818007030483 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, М овогт А.А /РД: ЖЮ00222576/, 2000 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Универсал политехник” коллежийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, эмээ, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 16 дугаар хороо, Бэлхийн 31 дүгээр гудамж, 705 тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

2. Монгол улсын иргэн, Д овогт О.М /РД: ТЯ98102511/, 1998 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин, хүнд механизмын засварчин мэргэжилтэй, “Энержи ресурс” ХХК-нд засварчин ажилтай, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 53 дугаар гудамж, 692 тоотод оршин суух, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр нь шүүгдэгч А.А, О.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.А, О.М нар нь бүлэглэж 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг дельта-9-тетрагидроканнабинол агуулсан ургамлыг худалдан борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.А-ын өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр автобус дотор явж байхад О.М Шарын гол сум руу явъя гэж чат бичсэн. Би “надад мөнгө байхгүй, чи даавал хамт явъя” гэж хэлсэн. Тэр өдрөө би гэрийнхэндээ хэлээд Шарын гол сум руу явсан. Шарын гол суманд очоод явж байгаад айлын хашаанд ургасан байсныг түүж цүнхэндээ хийсэн. Галт тэрэгний тасалбар худалдаж авахаар явж байх үед цагдаа нар тааралдаж шалгуулсан. Би энэ зүйлийг хийсэндээ харамсаж байна гэх мэдүүлэг,

Шүүгдэгч О.М-ын өгсөн: 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр ажлаасаа бууж ирээд 18 цагт Улаанбаатарт ирэхдээ А.А руу “Шарын гол сум руу явах уу, ийм зүйл байна” гэж чат бичсэн. Тэгээд бид хоёр Шарын гол сум руу явсан. Шарын гол суманд өглөө буугаад хэсэг хайж явж байгаад Шаазгайт гэдэг газарт очиход нэг айлын хашааны гадна талд ургаж байсныг бид хоёр түүсэн. Бид хоёр түүж дуусаад хоолны газар орчхоод 18 цагийн үед тасалбар бичүүлэх гээд сум руу алхаж байх үед цагдаа дуудаж шалгалт хийж баригдсан. Энэ ургамлыг хэрэглэхээр сэтгэл хөөрлийн байдалтай байдаг. Би хол замд явах гэж байсан тул нөөцлөх гэж түүсэн юм. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

“Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Ойчидын гудамжинд ургасан байсан хар тамхины төрлийн ургамлыг түүж бэлтгэсэн газрыг гэрч А.А-аар заалгаж үзлэг хийлээ...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8/,

О.М-ын үүрч явсан эрээн цүнхэнд 4 ширхэг гялгар ууттай каннабис ургамал, А.А-ын үүрч явсан ногоон цүнхэнд гялгар ууттай каннабис ургамал байх ба нийт 11.7 кг ургамал байв гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 9/,

...ногоон болон эрээн өнгийн үүргэвчтэй өвсийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 11/, дээрх цүнхэнд гялгар ууттай нойтон өвс байв гэх эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 9404 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн эрээн өнгийн үүргэвчтэй 1-5 хүртэл дугаарлан авсан өвс мэт зүйл, ногоон өнгийн үүргэвчтэй 1-3 гэж дугаарлан авсан өвс мэт зүйл тус бүрд дельта-9-тетрагидроканнабинолын агууламж илрэв. Тетрагидроканнабинол НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зураг /хх-ийн 30-35/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9400 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн зориулалтын хуванцар савтай шээсний дээж хэмжээний хувьд хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “А.А” гэсэн хаягтай шээсний дээжид мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын агууламж илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-41/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 9401 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь тэнцэнэ. “Дархан-Уул аймаг, Цагдаагийн газар, М шээс” гэж хаягласан шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-46/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч А.А, О.М нарын бүлэглэж 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг дельта-9-тетрагидроканнабинол агуулсан ургамлыг худалдан борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Иймд шүүгдэгч А.А, О.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэх, хадгалах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.  

Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.А, О.М нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудаснуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар А.А, О.М нар нь гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.А, О.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нар анх удаа хөнгөн төрлийн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нар нь өөрсдийн болчимгүй зангаасаа болж үйлдсэн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1-т “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд А.А, О.М нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эрээн болон ногоон өнгийн үүргэвчтэй өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул тэдэнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт А.А, Д овогт О.М нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, О.М нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А, О.М нарт оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрээн болон ногоон өнгийн цүнхтэй өвс мэт зүйлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.А, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР