Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 470

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0434/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагч Д.Энхтуяа,

Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Г.У-т  холбогдох эрүүгийн 1818000000544 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б овогт Г.У /РД: /, Дундговь аймгийн Адаацаг суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.У нь 2018 оны 11 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө 03 цагийн орчимд гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр З.У-г оройтож ирлээ гэж маргалдан зодож эрүүл мэндэд нь дух, хамар, зүүн нүдний зовхи хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

Хэрэгт авагдсан:

- ...манай нөхөр Г.У миний хэлсэн үгэнд итгэхгүй миний зүүн хөлийн гуя руу нэг удаа өшиглөхөд би газарт унасан. Тэгтэл Г.У миний толгой руу 3-4 удаа, зүүн нүд рүү 1 удаа цохиж, нуруун дээр 2 удаа дэвссэн... Би нөхөр Г.У-тай учир зүйгээ ололцож эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх  хохирогч З.Угийн мэдүүлэг /хх-ийн 9-10/,

- ...унтаж байхад түс тас гээд хаалга дуугарахаар нь гайхаад өрөөнийхөө хаалгыг нээхэд Г.У ах гүйж ирээд манай өрөөний хаалгыг хаачихсан. Тэгтэл З.У зүүн нүд нь хөхөрч улайсан байдалтай хүүхдээ тэврээд манай өрөөнд орж ирсэн... гэх гэрч О.Н-ийн  мэдүүлэг /хх-ийн 13/,

- ...З.Угийн нөхөр Г.У нь “хаашаа яваад ирэв? Муу банзал, янхан минь” гээд орилж чарлаад байсан. Маргааш нь 12 цагийн үед З.У-тай утсаар ярьтал “чамайг явсны дараа намайг зодсон” гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр З.Угийн зүүн нүд улайж хөхөрсөн байсан... гэх гэрч М.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 15/,

- ...би З.У-д итгээгүй бөгөөд “чи битгий давраад байгаарай” гээд түүнийг 2 удаа алгадсан. Тэгтэл З.У “би чамд үнэнээ хэллээ шүү дээ” гээд газарт суучхаар нь би уурлаад түүний толгой руу 2-3 удаа гараараа цохиод, нуруу руу нь 1 удаа дэвссэн. Тэгээд З.У-гийн зүүн нүд рүү гараараа цохичихсон... гэх шүүгдэгч Г.У-ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24/,

- З.У-гийн биед дух, хамар, зүүн нүдний зовхи хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1159 дугаартай дүгнэлт /хх-ийн 17/,

- Дархан-уул аймаг дахь Цагдаагийн газрын хэсгийн байцаагч, цагдаагийн ахмад Б.Анхбаярын 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 19:00 цагт хийсэн “Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийн үнэлгээгээр 2 оноо буюу бага түвшинд тогтоогдсон” гэх үнэлгээ /хх-ийн 4-5/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Г.У, хохирогч З.У нар нь 2014 онд гэр бүл болсон, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан Г.У, З.У нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53/, тэдний хүү У.Э-ийн төрсний гэрчилгээ /хх-ийн 55/, шүүгдэгч, хохирогч болон гэрч О.Н, М.Н нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.У-ын үйлдлийн улмаас хохирогч З.У-гийн биед дух, хамар, зүүн нүдний зовхи хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирогчтой эвлэрсэн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч З.Угийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би нөхөр Г.У-тай учир зүйгээ ололцож эвлэрсэн. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/, хэрэгт авагдсан хохирогчийн бичсэн “...нөхөр бид 2 хоёр хоорондоо эвлэрч, хохирлын талаар болон хэргийн талаар ямар нэгэн санал хүсэлт, маргаан байхгүй...” гэх баталгаа /хх-ийн 60/-аар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Г.У нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох өөрийн эхнэр З.У-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. 

  1. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.У нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Г.У нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, .................-д багшаар ажилладаг, тогтмол орлоготой болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/, ............................... сургуулийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 332 дугаартай тодорхойлолт /хх-ийн 45/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 52/, нийгмийн даатгалын ...................... дугаартай дэвтэр /хх-ийн 56/ зэргээр нотлогдож байна.

Шүүгдэгч Г.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан ба прокурор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүгдэгч Г.У-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болон улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж заасан нь торгох ялыг даруй, эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд төлөх боломжгүй ялтны эдийн засгийн байдлыг харгалзан гурван жил хүртэлх хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр боломж олгож буй зохицуулалт юм.

Шүүгдэгч Г.У нь шүүхээс оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй гэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд тогтоогдоогүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т заасны дагуу түүнд оногдуулсан торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г.У-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.У-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйг дурдсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.У-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.ИХТАМИР