Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 213/МА2023/00012

 

*******гийн нэхэмжлэлтэй

“Хонгор цамхаг” ХХК, ******* нарт

холбогдох иргэний хэргийн тухай

 

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, шүүгч Ш.Баттогтох, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2022/00655 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй хариуцагч “Хонгор цамхаг” ХХК,  ******* нарт холбогдох

1. Ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 18,500,000 төгрөгийг гаргуулах үндсэн,  түрээсийн гэрээний үүргийн нэмэгдүүлсэн шаардлагын 4,000,000 төгрөг нийт 22,500,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

2. хариуцагч *******ы нэхэмжлэгч *******д холбогдуулан “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч *******ы давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн хэргийг 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч Б.Бурмаа, хариуцагч *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Б.Сайнбилэг нар оролцов.

Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагадаа:

1.******* би 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр “Хонгор цамхаг” ХХК-ийн захирал *******тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан *******ы Баянхонгор аймгийн Галуут суманд байрлах уурхайд өөрийн өмчлөлийн хүнд даацын 28-99 БНХ улсын дугаартай Howo автомашинаар 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажил гүйцэтгэсэн. Энэ хугацаанд уурхайн уулын цул буюу шороог зөөж гэрээнд заасны дагуу өөрийн талаас ямар нэг зогсолт хийгээгүй, ажил цалгардуулаагүй болно.

2.Бид хоёр ажил гүйцэтгэсний хөлсөнд 1 сард 6,000,000 төгрөгөөр харилцан тохиролцож 15 хоног тутамд ажлын хөлсийг тооцож миний хаан банкны 5225368086 тоот дансанд шилжүүлэхээр болсон. Би ажлын хөлснөөс нийт 5,000,000 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн үеэр бэлэн авсан.

Миний жолооч Занад 2016 оны 08 сард 300,000, 200,000 төгрөг тус тус *******аас авсан бөгөөд нийт 5,500,000 төгрөг авсан.

3. Ингээд миний 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хугацаанд ажил гүйцэтгэсний 4 сарын ажлын хөлс 24,000,000 төгрөг болж байгаа үүнээс 5,500,000 төгрөг хасаад 18,500,000 төгрөг авах ёстой юм. Би энэ мөнгөө “Хонгор цамхаг” ХХК-ийн захирал *******аас удаа дараа нэхсэн боловч өгнө гэсээр өдий хүрсэн.Хонгор цамхаг ХХК, ******* нараас 18,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

4.Дахин тодруулж үзэхэд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл нийт 58 хоног ажилласан тул нэг сарын 12,000,000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон.

5.Ингэхдээ 24 цаг тасралтгүй ажиллаж ажиллахдаа 2 ээлжийн жолооч ажиллах болсон. Түрээсийн гэрээний дагуу би 58 хоногийн  400,000 төгрөг нийт 23 200 000 төгрөгийн ажил хийж ийм хөлс авах ёстой байсан. Би түрээсийн гэрээний дагуу Баярсайханаас 23,200,000 төгрөгийн ажлын хөлс авахаас нийт 19,025,000 төгрөг авсан одоо үлдэгдэл 4,175,000 төгрөг авахаас би 4,000,000 төгрөг нэхэмжилсэн болно гэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч  *******, итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нарын анхан шатны шүүх болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбарын агуулга:

1.Нэхэмжлэгч нь нийт 18,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагыг хариуцагч бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2016 онд тохиролцож Баянхонгор аймгийн Галуут суманд байрлах уурхайд нэхэмжлэгчийн Howo маркийн автомашинаар ажил ажил гүйцэтгүүлэхээр амаар харилцан тохиролцож ажиллуулсан байдаг. Гэвч тухайн үед авто машины жолооч нь ажлын байранд удаа дараа согтууруулах ундаа хэрэглэж манай үйл ажиллагаанд саад учруулж байсан тул цаашид хамтран ажиллах боломжгүй болж ажилласан өдрийн нь төлбөр тооцоог бэлнээр хийж явуулсан. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ гэрээ байгуулсан гэх боловч бидний хооронд ямар нэгэн гэрээ бичгээр байгуулагдаагүй. Хариуцагч гэрээ байгуулаагүй учраас тухайн үед ажиллуулсан өдрийх нь мөнгийг бэлнээр өгч явуулсан. Тухайн үеийн болсон явдлын талаар уурхай дээр ажиллаж байсан хүмүүс маш сайн мэдэж байгаа болно гэжээ.

2.“Нэхэмжлэгч нь 2018 оны 12 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сар хүртэл манайд 1 сар ажилласан байсан. Тухайн үед би ажил хариуцан ажиллаж байгаагүй, сарын өмнө болсон асуудал байсан. *******ы тайлбарын дагуу манайхтай хамтран ажилласан төлбөр тооцоогоо бүгдийн хийж дуусаад явсан байдаг. Удаа дараа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байгааг гайхаж байна гэв.

Хариуцагч ******* анхан шатны шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

1. бид хоорондоо ямар нэгэн гэрээг байгуулаагүй, 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ” гэх баримтад ******* миний бие гарын үсэг зураагүй, 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар би “Хонгор цамхаг” ХХК-д хувьцаа эзэмшиж байгаагүй ба захирлаар ажиллаж байгаагүй гэдэг нь тухайн үеийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдох болно. Уг гэрээ гэх баримт нь хэн, хэзээ, хэрхэн яаж үйлдсэн болох нь тодорхойгүй, үнийн дүн бичигдээгүй ба хууль зөрчиж үйлдсэн буюу бусдын гарыг үсгийг зурсан байна гэж үзэж хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.

2. ...Нэхэмжлэгч нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүртэл хамтран ажиллахдаа 12,000,000 төгрөг авсан бөгөөд 975,000 төгрөгөөр сэлбэг худалдан авч сэлбэг ирэх хугацаанд 7-8 хоног ажиллаагүй сул зогссон байдаг. Манай компаниас сүүлд 5.025.000 төгрөгийг сэлбэг авсан зардал зэргийг хасаж тооцоод үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн. Мөн Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл өгөх үед нь шүүхээр яваад ажил удаад яах вэ гэж бодоод 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

3.2016 онд гэрч Б.Одбаатар мэдүүлэгтээ нэхэмжлэгчид 10,000,000 төгрөг өгсөн талаар мэдүүлсэн, тухайн өдөр Баруун бүс худалдааны төв ороод алтаа тушаасны дараа нэхэмжлэгчийн машинд нь сууж байгаад 10,000,000 төгрөг өгсөн.

4. манай компаниас дансны хуулга нотлох баримтаар гаргаж өгөөд 19,025,000 төгрөгийг нэхэмжлэгчийн дансаар шилжүүлсэн нь тодорхой болоод ирэхээр худлаа яриад хоног өдрөө нэмээд 2 сарын хугацаанд ажилласан гээд худлаа яриад байх юм.

5.Б.Одбаатарын данснаас нэхэмжлэгчийн данс руу 2,700,000 төгрөг орсон байдаг, ...2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл ажилласан түрээсийн төлбөрийг Б.Одбаатар төлөх ёстой байсан  гэжээ

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 16,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дахь заалтыг баримтлан хариуцагч *******ы сөрөг нэхэмжлэлийг хангаж, нэхэмжлэгч ******* болон хариуцагч “Хонгор цамхаг” ХХК нарын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч “Хонгор цамхаг” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 56.2., 60 дугаар зүйлийн 60.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 329,400 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн 250,450 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 240,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д, нэхэмжлэгч *******гоос 250,450 төгрөгийг гаргуулан хариуцагч *******д олгож, шийдвэрлэжээ.

Хариуцагч *******ы давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын агуулга:

1. анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн 16 500 000 төгрөгийг гаргуулах үндэслэлгүй, гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн мөртөө мөнгө гаргуулахаар шийдвэрлэсэн.

2.Хүрэлтогоод 2019 оны 01 сард машинаа түрээслүүлээд 11.500.000 төгрөг авсан, 2019 оны 5 сард 8 000 000 төгрөг авсныг тооцоогүй, 10 000 000 төгрөгийн үйл баримтыг шалгаагүй, нэг талыг барьсан  шийдвэр гаргасан

3.Хүрэлтогоод 2016 оны ажилд 5500000 төгрөг нэг удаа, 10 000 000 төгрөг нэг удаа, 8000000 төгрөг нийт 23500 000 төгрөг бэлэн болон дансаар өгсөн нь нотлогдож байгаа, өр авлага байхгүй гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд  хянаад  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв. Учир нь:

1. Шүүх хэрэгт хуульд заасан журмаар цугларсан нотлох баримт, зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч ******* нь ажил гүйцэтгэх гэрээний   үүргийн 18 500 000 төгрөгийг гаргуулах үндсэн,  түрээсийн гэрээний  үүргийн нэмэгдүүлсэн шаардлагын 4000 000 төгрөг нийт 22,500,000 төгрөгийг хариуцагч Хонгор цамхаг ХХК, *******аас гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 16,500,000 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, 6,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,  2016 оны ажил гүйцэтгэх  гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, хариуцагч Хонгор цамхаг ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн үндэслэлтэй  байна.

2. Нэхэмжлэгч  ******* нь  2016 онд ажил гүйцэтгэсний  ажлын хөлсөнд 1 сард 6,000,000 төгрөгөөр харилцан тохиролцсоны дагуу  нийт 5,500,000 төгрөг авсан,   үлдэгдэл 18,500,000 төгрөгийг гаргуулна, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түрээсийн гэрээний үүргийн 4,000,000 төгрөг нийт 22,500,000 төгрөгийг гаргуулна гэж, хариуцагч Хонгор цамхаг ХХК, ******* нь  2016 онд  Баянхонгор аймгийн Галуут суманд байрлах уурхайд нэхэмжлэгчийн самосвал маркийн автомашинаар ажил ажил гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч *******той  харилцан тохиролцож ажиллуулсны хөлс  5,500,000 төгрөгийг амаар тохирч, 5500 000 төгрөгийг дансаар,  10,000,000 төгрөгийг бэлнээр , мөн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 8,000,000 төгрөг тус тус өгсөн.  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах уурхайд ажиллуулах үед 1 сар 8 хоног ажиллуулж 11,025,000 төгрөг дансаар шилжүүлсэн тул төлбөрийн тооцоогүй, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй  гэж   маргаан үүсгэсэн байна.

3. Нэхэмжлэгч *******, хариуцагч  Хонгор цамхаг ХХК, *******  нар 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр   ажил гүйцэтгэх гэрээг бичгээр хийж ******* нь өөрийн өмчлөлийн 28-99 БНХ улсын дугаартай өөрөө буулгагч ачааны автомашинаар жолооч, автомашины сэлбэг, үйлчилгээ өөрөө хариуцаж уурхайд шороо ачиж зөөвөрлөх ажлыг гүйцэтгүүлэхээр хариуцагч ******* ажлын хөлсийг төлөхөөр тус тус тохирчээ. (1 дүгээр хавтаст хэргийн 108, 2 дугаар хавтаст хэргийн 127 дугаар хуудас)

4. Зохигчдын тайлбар  гэрээний агуулгаас үзэхэд 2016 онд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн автомашинаар жолооч, жолоочийн хөлс болон автомашиныг бүрэн хариуцаж,  хариуцагч байгууллагын уурхайд шороо ачиж, зөөвөрлөх ажлыг хийж гүйцэтгэн ажилласан энэ талаар маргаангүй. 

5. Дээрх гэрээний үүргийн дагуу нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр  бичгээр  хийсэн ажил гүйцэтгэх гэрээний дагуу  5,500,000 төгрөг төлсөн талууд энэ талаар маргаангүй гэрээний хугацаа 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл үргэлжилсэн  болохыг гэрч Ч.Ганбат, Ч.Жамбалцэрэн, Б.Одбаатар, Ө.Өнөрмаа нар мэдүүлсэн  (1 дүгээр хавтаст хэргийн 72-77, 2 дугаар хавтаст хэргийн 12-13, 54-55 дугаар хуудас),  гэрч Б.Алтанхуяг, Н.Уранцэцэг нар “...нэхэмжлэгч *******г 7 сараас 9 сар хүртэлх хугацаанд Дөвөнтийн уурхайд ажилласан” гэж мэдүүлсэн нь  хугацааны хувьд зөрүүтэй байх ба гэрээний үргэлжлэх хугацаанд   Баянхонгор аймгийн Заг сумын Түүхий хөндий гэх газар очиж ажилласан   болох нь  гэрч Ч.Ганбат, Ч.Жамбалцэрэн, Б.Одбаатар, Ө.Өнөрмаа нар мэдүүлгээр тогтоогдсон гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 219-223 дугаар хуудас)

6. Хариуцагч ******* нь  “*******гийн ажиллуулсан жолооч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд ажил хийгээгүй...” гэх тайлбарыгаа  нотлох, нотлох баримтыг шүүхэд гаргаагүй байх бөгөөд  нэхэмжлэгч  нь  хэдэн хоног ажил тасалсан,  хэдэн төгрөгийн хөлснөөс  татгалзаж байгаа,  татгалзлыг нотлох  баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу  бичмэл  баримтаар нотлох үүргийн дагуух баримт хэрэгт авагдаагүй байна.

7.  Хариуцагч  Хонгор цамхаг ХХК,  ******* “...2016 онд нэхэмжлэгчтэй байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд  10,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн бөгөөд үүнийг гэрч Б.Одбаатарын мэдүүлэг нотолно..” гэх  тайлбар нь гэрч Б.Одбаатарын  “...******* 10,000,000 төгрөгийг *******д өгнө гээд мөнгөө аваад *******гийн автомашин дотор орсныг харсан. Гэхдээ би *******гийн автомашин дотор хамт ороогүй” гэх мэдүүлгээр үгүйсгэгдсэн байх ба гэрч Б.Одбаатар нь хариуцагч *******аас нэхэмжлэгч *******д 10,000,000 төгрөг бэлнээр өгөх үед  тэрээр хамт байгаагүй, тухайн үйл баримтыг өөрөө биечлэн үзээгүй  гэрчийн мэдүүлэг нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т зааснаар үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлэх боломжгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүйг буруутгах боломжгүй юм. (2 дугаар хавтаст хэргийн 117-118 дугаар хуудас)

8.  2016 онд байгуулагдсан  ажил гүйцэтгэх гэрээнээс харахад  талууд ажлын хөлсөө  гэрээндээ тодорхой заагаагүй боловч   *******, ******* нар нь 2016 оны 8 сард нэг сарын ажлын хөлсөнд 5,500,000 төгрөг авч өгөлцсөн байдлаар  тооцож 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд ажил гүйцэтгэсэн 4 сарын ажлын хөлс 22,000,000 төгрөгөөс  ажлын хөлсөнд  ажил гүйцэтгэгч *******д өгсөн 5,500,000 төгрөг хасаж тооцон хариуцагч Хонгор цамхаг ХХК,  *******аас   16,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцсэн байна.

 9.  нэхэмжлэгч ******* нь “...2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр түрээсийн гэрээ гэх нэртэй байгуулан өдөрт 20 цагаар нэг сарын 12,000,000 төгрөгөөр тохиролцож Өмнөговь аймгийн Гурвантэс суманд байрлах уурхайд ажлын 58 хоног ажилласан бөгөөд хөлс 23,200,000 төгрөг авахаас 19,025,000 төгрөг авч үлдэгдэл 4,000,000 төгрөгийг  гаргуулах”-аар  нэмэгдүүлсэн.

10. Хариуцагчийн зүгээс Лувсандоржийн Нямсүрэн гэх хүний Хаан банкны 5026607805 дугаартай данснаас 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 6,000,000 төгрөг, 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 5,025,000 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 8,000,000 төгрөг нийт 19,025,000 төгрөгийг  тус тус нэхэмжлэгчийн 5225368086 дугаартай дансанд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон байна. (2 дугаар хавтаст хэргийн 141-144 дүгээр хуудас)

11. Талууд хооронд гэрээндээ гэрээний үргэлжлэх хугацааг заагаагүй  байх бөгөөд нэхэмжлэгч нь  нийт 19025000  төгрөгийг  нэхэмжлэгчийн дансанд  шилжүүлсэн, харин байх тул нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******аас 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн 4,000,000 төгрөгийг гаргуулах талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

12.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 131/ШШ2022/00655  дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж,  хариуцагч  *******ы гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1-т тус тус   зааснаар хариуцагч *******ы  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275450 төгрөгийг  төвлөрсөн төсвийн дансанд хэвээр  үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасныг баримтлан  анхан болон давж заалдах шатны шүүх  хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл  зохигч талууд тэдгээрийн өмгөөлөгч нар  давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол  гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРЭНЭ

ШҮҮГЧИД Ш.БАТТОГТОХ

Л.НЯМДОРЖ