Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2023/00678

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2023              03             31                                              210/МА2023/00678 

                              

 

Н.Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2023/00430 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Н.Оийн нэхэмжлэлтэй

Хариуцагч З.Нд холбогдох

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,796,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Содномдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.Н.О нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр З.Нд 3,496,000 төгрөгийн үнэтэй турк барааг 45 хоногийн хугацаатай зээлээр худалдсан бөгөөд нотариат орж зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээнд хүү, алданги төлөхийг хүлээн зөвшөөрч З.Н гарын үсэг зурсан.

1.2.Дээрх хугацаа өнгөрөхөд мөнгө шилжүүлээгүй, 10 хоног сунгах хүсэлт тавьсныг хүлээн зөвшөөрсөн бөгөөд сунгасан хугацаанд өгөөгүй. 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 700,000 төгрөг шилжүүлснээс өөрөөр мөнгө шилжүүлээгүй. Би чанартай барааг боломжийн үнээр нийлүүлж, хариуцагч зөвшөөрч авсан. Гэтэл З.Н намрын хувцас авсан байж өвлийн улиралд буцааж өгнө гэж 4 сарын дараа ярьж байна. Барааг 3-4 сар гэртээ байлгаж хир толботой болгож, олон хүн өмсөж үзэж элдэв үнэр шингээж буцааж зарах боломжгүй болсон. Ямар ч дэлгүүрээс бараа авахад 3-5 хоногт буцаадаг. Бусдын мөнгийг олон сараар түгжиж хохироож байгааг ойлгохгүй байна.

Хариуцагчаас зээлийн үлдэгдэл 2,800,000 төгрөг, хүү 663,000 төгрөг, алданги 220,500 төгрөг, нийт 3,683,500 төгрөг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа 887,500 төгрөгөөр багасгаж байна. Хариуцагчид шилжүүлсэн барааны үнэ 3,496,000 төгрөгөөс төлсөн 700,000 төгрөгийг хасаж, 2,796,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Н.Отэй “Турк дэлгүүр бүх төрлийн бэлэн хувцас зээлээр олгоно” гэсэн зарын дагуу 88106961 дугаарын утсаар холбогдож 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 3,496,000 төгрөгийн бэлэн хувцсыг баримт үйлдэж зээлээр авсан. Миний бие уг барааг хөдөө орон нутаг руу явахдаа зарж борлуулах зорилготой зээлээр авч байгаагаа хэлсэн.

2.2.Гэрээний хугацаанд зарж борлуулсан барааны үнэ болох 700,000 төгрөгийг Н.Оийн Хаан банкны 5114053301 тоот харилцах дансанд шилжүүлж үлдсэн барааг зарж борлуулж чадаагүй нь үнэн. Миний бие гэрээний хугацаа дуусах үед Н.От “бэлэн хувцасны чанар хэвийн байгаа тул тоо ширхгийн дагуу буцаан өгч, хохиролгүй болгоё” гэсэн боловч Н.О хэл ам хийж зөвшөөрөөгүй.

Иймд Н.Ооос гар бичвэр үйлдэж хүлээн авсан бараа, бэлэн хувцсыг тоо ширхгийн дагуу тулгалт хийж хүлээлгэн өгч, төлбөр тооцоогүй болох хүсэлтэй байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч З.Нэс 2,796,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.От олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73,886 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 59,686 төгрөг  гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад хууль зүйн хувьд үнэн зөв дүгнэлт өгөхгүйгээр хэргийг хэт нэг талыг барьсан байр сууринаас шийдвэрлэж хариуцагчийн эрх, ашиг сонирхлыг илтэд хохироосон шийдвэр гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүх зээлсэн гэх мөнгө нь төгрөгөөр биш бараа материалаар үйлдэгдсэн, мөн тухайн барааны тодорхой хэсэг нь хариуцагчид байгаагаа илэрхийлж буцаан өгч үнийн дүнгээс хасуулах талаар дурдаж талууд маргасан байхад зохигчийн нэг талын гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үзэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн.

4.2.Тухайн үед хариуцагч нь бие давхар байсан бөгөөд өвдөлт өгөөд эмнэлгээр явж байхад хуульд заасны дагуу шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан анхан шатны шүүх хуралдаанд эрүүл мэндийн шалтгаантай байсан учраас оролцож чадаагүй гэдэг нь худал юм. Учир нь шүүгчийн туслах хариуцагч руу утсаар залгахад “би цагаа буруу сонссон байна, одоо гэрээсээ гарч байгаа тул шүүх хуралдааныг түр хойшлуулж өгнө үү” гэсний дагуу шүүх хуралдааныг 1 цаг 30 минут хүртэл хойшлуулсан боловч шүүх хуралдаанд ирээгүй учраас шүүх хуралдаан болсон гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч Н.О нь хариуцагч З.Нд холбогдуулан анх зээлийн гэрээний үүрэгт зээлийн үлдэгдэл 2,800,000 төгрөг, хүү 663,000 төгрөг, алданги 220,500 төгрөг, нийт 3,683,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдсан барааны үнэ 3,496,000 төгрөгөөс төлсөн 700,000 төгрөгийг хасаж үлдэх 2,796,000 төгрөг гаргуулахаар шаардлагаа тодруулж, 887,500 төгрөгөөр багасгасныг хариуцагч барааг хүлээн авсанд маргахгүй, харин зарагдаагүй барааг буцаан өгнө гэх үндэслэл заан татгалзжээ.

 

3.1.Талуудын хооронд 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр “зээлийн гэрээ” бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Н.О нь 3,500,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч З.Н нь шилжүүлэн авсан мөнгийг буцаан төлөхөөр харилцан тохиролцжээ. (хэргийн 6-7 дахь тал)

3.2.Мөн талуудын тайлбараар нэхэмжлэгчээс хариуцагчид куртка (намрын) - 400,000 төгрөг (4ш*100,000), цагаан нимгэн куртка - 70,000 төгрөг, бомбор - 200,000 төгрөг (4ш*50,000), арьсан гутал - 400,000 төгрөг (2ш*200,000), малгайтай цамц - 180,000 төгрөг (4ш*45,000), нэхий өмд -  210,000 төгрөг (7ш*30,000), эрэгтэй гэрийн өмд - 80,000 төгрөг (4*20,000), трико - 39,000 төгрөг (13ш*3,000), савхин өмд - 150,000 төгрөг (3ш*50,000), хүүхдийн трико - 36,000 төгрөг (3ш*12,000), хүүхдийн трико - 7,000 төгрөг, хос юбка пиджак - 100,000 төгрөг, эмэгтэй гэрийн өмд - 88,000 төгрөг (4ш*22,000), хүүхдийн гэрийн хослол - 70,000 төгрөг (2ш*35,000), пүүз - 40,000 төгрөг (2ш*20,000), ногоон цэнхэр платье - 70,000 төгрөг (2ш*35,000), хар юбка - 35,000 төгрөг, ягаан улаан платье - 84,000 төгрөг (2ш*42,000), ягаан төмөртэй платье - 60,000 төгрөг, пажама - 140,000 төгрөг (2ш*70,000), өмд - 50,000 төгрөг (2ш*25,000), свитер - 15,000 төгрөг, ногоон цамц - 35,000 төгрөг, бор боди - 45,000 төгрөг, ноосон цамц - 70,000 төгрөг (2ш*35,000), хослол - 375,000 төгрөг (15ш*25,000), дотуур хувцас - 192,000 төгрөг (дан хөхний даруулга - 75,000 төгрөг (5ш*15,000), даруулгатай дан хөхний даруулга - 72,000 төгрөг (4ш*18,000), эмэгтэй трусы - 45,000 төгрөг (9ш*5,000)), 3тай хос - 120,000 төгрөг (4ш*30,000), ягаан гутал - 135,000 төгрөг тус тус нийт 3,496,000 төгрөгийн үнэ бүхий барааг шилжүүлсэн, хариуцагчаас барааны үнэд 700,000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. (хэргийн 28 дахь тал)

3.3.Нэхэмжлэгч анх нэхэмжлэлийн шаардлагаа дээрх зээлийн гэрээнд үндэслэсэн боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад худалдах, худалдан авах гэрээний үүрэг шаардаж байгаагаа тодруулсан байна. (хэргийн 25-27 дахь тал)  

3.4.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь дүгнэж, талуудын хүсэл зоригийн илэрхийллийг зөв тогтоож, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

 

4.Хариуцагч нь зарагдаагүй үлдсэн барааг нэхэмжлэгчид буцаан өгч тооцоо дуусгана гэж маргажээ.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан гэрээг цуцлах эрхтэй боловч нэхэмжлэгчийн шилжүүлсэн бараа доголдолтой эсэхэд хариуцагч маргаагүй. Иймээс хуульд зааснаар гэрээг цуцлах үндэслэлгүй тул үлдэгдэл барааг нэхэмжлэгчид буцаан өгөх тухай хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5.Нэхэмжлэгч Н.О нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар 2,796,000 төгрөг төлөхийг хариуцагч З.Нэс шаардах эрхтэй.

 

6.Хариуцагч нь шүүх хуралдааны товыг мэдсэн ба шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцох боломжгүй тухай хүсэлт, нотолсон баримт гаргаагүй учир хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулах талаар гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шүүхээс хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгийг зөрчөөгүй. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2023/00430 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч З.Нэс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,686 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.БЯМБАСҮРЭН

                                                ШҮҮГЧИД                                     Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                      Д.ЗОЛЗАЯА