| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 186/2016/0159/э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2017-01-12 |
| Зүйл хэсэг | 152.1., |
| Улсын яллагч | Б.Уранчимэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 41
Д.Энхзулд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Уранчимэг,
ялтан Д.Энхзул, түүний өмгөөлөгч Т.Баярбат,
нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулж,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Буяннэмэх даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Энхзулын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 201625031459 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Хөвдүүд овгийн Дашравдангийн Энхзул, 1992 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Шударга-Өргөө” ХХК-д нягтлангаар ажиллаж байсан гэх, ам бүл 6, эцэг, эх, 2 дүү, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, “Цэргийн хотхон” гудамжны 306 тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /регистрийн дугаар: СЖ92022209/
Д.Энхзул нь 2016 оны 4 дүгээр сарын 19-нөөс 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шударга-Өргөө” ХХК-д хөдөлмөрийн гэрээ болон эд хариуцагчийн гэрээ байгуулахгүйгээр нягтлангаар ажиллаж байхдаа өөрийн нэр дээр нээсэн “ХААН” банкны данснаас байгууллагын мөнгө болох 3,571,668 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Энхзулын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Энхзулыг бусдын хадгалуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тэрээр торгох ял эдлэхээс ноцтойгоор зайлсхийвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар хорих ялаар сольж болохыг сануулж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Энхзулаас 1,154,368 төгрөг гаргуулж хохирогч Ц.Энхтуяад, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.1, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар 750,000 төгрөг гаргуулж “Шударга-Өргөө” ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.
Ялтан Д.Энхзул давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:
1. Мөрдөн байцаалтын шатанд аудитын дүгнэлтийг танилцуулаагүй, зөвхөн үнийн дүнг харуулаад “прокурор дээр танилц” гэж албадан гарын үсэг зуруулсан. Миний хувьд хэзээ аудитын дүгнэлт хийгдсэнийг мэдээгүй, надаас тайлбар тодруулга аваагүй, байгууллагын зүгээс санхүүгийн анхан шатны бүртгэлийн шаардлага хангаагүй бүрэн гүйцэд биш материал гаргаж өгснөөс 1,072,000 төгрөгийн зөрүү гарч байгааг шүүх дээр нарийвчлан танилцахдаа мэдсэн.
2. “Шударга-Өргөө” ХХК-ийн гол баримт бичиг зээлдэгчийн өдөр тутмын бүртгэл бөгөөд мөнгө дутсаны дараа надад захирал, нягтлан хоёрын өөрсдийн гараар тэмдэглэгээ хийж өгсөн бүртгэлийн материал дээр уг 1,072,000 төгрөг орсоноор бүртгэгдсэн байхад аудитийн байгууллагад өгсөн материал дээр өгөөгүй байна гэдэг нь аудитад дутуу баримт гаргаж өгсөнтэй холбоотой гэж үзэж байна. Мөн байгууллагын данс гэж хэлээд байгаа данс нь захирал Ц.Энхтуяагийн хувийн данс бөгөөд, аудитын дүгнэлтийн тайлбарт “Ц.Энхтуяагийн биш, байгууллагын данс” гэсэн тайлбар үг үсэг яваад байгаа нь эргэлзээ төрүүлэх бас нэг үндэслэл болж байна. Байгууллагаас надад гаргаж өгсөн зээлийн өдөр дутмын бүртгэлийг өөрсдөө гаргаж өгсөнөө хохирогч Ц.Энхтуяа, гэрч Г.Цогзолмаа нар хүлээн зөвшөөрсөн байгаа /шүүх хуралдааны тэмдэглэлийн 6-р хуудас/ бөгөөд уг бүртгэлийг шүүх нотлох баримтын хэмжээнд авч үзэлгүй, “шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй зөрүүтэй нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж үзсэнд гомдолтой байна.
3. Мөн шүүх хуралдаанд гэрч Г.Цогзолмаа миний гаргасан хүсэлттэй холбогдуулан мэдүүлэг өгөхдөө “Аудит он, сарыг зөрүүлж бичсэн байна”, “Цогзолмаа, Сити-Баянжаргал, Болормаа нар миний гаргаж өгсөн орлогын хуулган дээр ороогүй байна” гэх мэтээр үнэнийг хүлээн зөвшөөрсөн, аудитын дүгнэлтийг үгүйсгэсэн мэдүүлэг өгөөд байхад шүүх үүнийг хүлээн аваагүйд гомдолтой байна.
4. Шүүх 1,154,368 төгрөг гаргуулж хохирогч Ц.Энхтуяад олгосон нь ойлгомжгүй байна. Хохирогч нь Ц.Энхтуяа юм уу, эсхүл “Шударга-Өргөө” ХХК юм уу гэдэг нь ойлгогдохгүй байна. Гэтэл дээр дурдагдсан аудитын дүгнэлтийн тайлбарт байгууллагын данстай гэсэн үг байхаас бус Ц.Энхтуяагийн данстай тулгаж үзсэн гэсэн үг, үсэг байхгүй болно. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд Аудитын дүгнэлт буруу гарсан бөгөөд мөрдөн байцаалтад хэргийг буцааж хохирлын хэмжээг дахин шалгуулж тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү.” гэв.
Ялтан Д.Энхзулын өмгөөлөгч Т.Баярбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Энхтуяа захирал болон нягтлан бодогч нарын гаргаж өгсөн санхүүгийн баримтыг өдөр тутмын орлого, зарлагын баримттай тулгаж үзэхэд 1,072,000 төгрөгийн зөрүү гарсан. Эдгээрийг нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн боловч нотлох баримтын шаардлага хангахгүй гээд аваагүй. Иймд санхүүгийн баримтыг дахин шалгаж, хохирлыг зөв тооцох ёстой гэж үзэж байна.” гэв.
Прокурор Б.Уранчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Д.Энхзул 2016 оны 4 дүгээр сарын 19-нөөс 6 дугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд “Шударга-Өргөө” ХХК-д нягтлангаар ажиллаж байхдаа өөрийн нэр дээр нээсэн “ХААН” банкны данснаас байгууллагын мөнгө болох 3,571,668 төгрөгийг завшсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Аудитын дүгнэлт “Шударга-Өргөө” ХХК-ийн өдөр тутмын орлого зарлага, санхүүгийн баримт, зээлдэгч нарын зэрэг бүх баримтыг үндэслэн гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ХЯНАВАЛ:
Д.Энхзулд холбогдох хэргийн талаар шүүх тогтоол гаргахад чухал ач холбогдолтой, зайлшгүй шалгах шаардлагатай нөхцөл байдлыг хэрэг бүртгэлтийн шатанд шалгаж тодруулаагүй, үүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу байна.
Нотлох баримтуудаас үзэхэд “Шударга-Өргөө” ХХК нь хуулийн дагуу хөдөлмөрийн харилцаа үүсээгүй Д.Энхзулын нэр дээр банкинд данс нээлгэж, түүгээр дамжуулан зээлийн төлбөр буюу компанийн орлогыг татан авч захирал Ц.Энхтуяад бэлнээр болон хувийн дансаар нь тушаалгадаг байжээ.
Гэтэл компани үндсэн үйл ажиллагаанаас олсон орлогоо иргэний дансаар дамжуулан татан авдаг байсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй эсэх талаар холбогдох шалгалтыг хийлгүй, орхигдуулсан байна.
Иймээс тус компанид татварын хяналт, шалгалт хийлгэж үйл ажиллагаа нь хуульд нийцсэн эсэх, Д.Энхзулын “ХААН” банк дахь 5077382982 тоот хувийн харилцах дансаар орсон нийт 29,265,058.51 төгрөгийн компанийн үйл ажиллагааны орлого татварт тайлагнагдсан эсэх, эсхүл хэн нэгний нэр дээр данс нээлгэж, түүнийг татвараас зайлсхийх зорилгоор хэрэгсэл болгон ашиглаж байсан эсэх асуудлуудыг цогцоор нь шалгаж, тодруулаагүй нөхцөлд Д.Энхзулын завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй гэж үзэв.
2. Д.Энхзулыг “оффис менежер”-ийн албан тушаалд томилсон “Шударга-Өргөө” ХХК-ийн захирлын тушаал /хх-120-121/ хэрэгт авагдсан атал хохирогч Ц.Энхтуяа “... Д.Энхзултай ямар ч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Ажилд орох анкет л бөглүүлж авсан...” /хх-23/, гэрч Г.Цолзолмаа “... Д.Энхзул бол хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байсан...” /хх-29/ гэж тус тус мэдүүлж байх тул эдгээрийн аль нь үнэн бодитой болохыг шалгах шаардлагатай.
3. Нэмэлт хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа Д.Энхзулын давж заалдах гомдолд хөндөгдөөд байгаа хохиролтой холбоотой асуудлуудаар холбогдох шинжилгээ, шалгалтыг явуулах нь зүйтэй.
Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 190 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Энхзулд холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газраар дамжуулан нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасугай.
2. Хэрэг прокурорт очтол Д.Энхзулд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Энэ магадлалд хяналтын шатны журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
М.ПҮРЭВСҮРЭН