Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0165

 

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 20 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0165

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0837 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Б нарын давж заалдах гомдлоор, “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Э” ХХК-ийн захирал Ж.Б 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“2016, 2017 онд Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал 1.325.000.013 төгрөгийг төлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, дээрх ажлын зардал 1.325.000.013 төгрөгийг олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0837 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7 дугаар зүйлийн 7.1.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, 2016, 2017 онуудад Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замын барилгын ажилд тавигдсан техникийн хяналт буюу зөвлөх үйлчилгээний зардал 1.325.000.013 төгрөгийг төлөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дээрх ажлын зардал 1.325.000.013 төгрөгийг “Э” ХХК-д олгохыг Зам, тээврийн хөгжлийн яаманд даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, Б.Б нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Зам, тээврийн хөгжлийн яам болон “Э” ХХК-ийн хооронд 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 83 дугаар “Эвлэрлийн гэрээ” байгуулсан.

Тус гэрээний 2.1-т “Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замд техникийн хяналт тавих зөвлөх үйлчилгээний 2016, 2017 оны ажлын нэмэлт гэрээг 2017 оны эхний улиралд багтаан байгуулж, санхүүжилтийг холбогдох журмын дагуу олгох”-оор Зам, тээврийн хөгжлийн яамны хүлээх үүрэгт, 3.1-т “Зам, тээвэр хөгжлийн яамнаас нэхэмжилж буй 10 нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах”-аар “Э” ХХК-ийн хүлээх үүрэгт тус тус заасан байна.

2.“Эвлэрлийн гэрээ”-ээр талууд эвлэрэн, эвлэрлийн гэрээнд заасан 10 нэхэмжлэлийн шаардлагаас “Э” ХХК нь татгалзаж Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 001/ХТ2017/00425, 4 дүгээр сарын 25-ны өдрийн 001/ХТ2017/00512, 5 дугаар сарын 10-ны өдрийн 001/ХТ2017/00622, 5 дугаар сарын 19-ний өдрийн 001/ШТ2017/00129 дугаар тогтоолуудаар баталгаажин шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан.

Гэтэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасныг шүүх ноцтой зөрчин захиргааны хэрэг үүсгэн, хэргийг шийдвэрлэж, шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...Энэхүү “Эвлэрлийн гэрээ”-г баталгаажуулсан иргэний шүүхийн шийдвэр гаргаагүй гэж үзлээ” гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар үйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт... ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн.

3.Шүүхийн шийдвэрт “...нэхэмжлэгч зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй...” гэж авч үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчиж, шүүгч хэргээ ойлгоогүй болохыг нотолж байна.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж заасны дагуу шүүгч хэргийн нотлох баримтыг цуглуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй нь тус шүүхийн шийдвэрээр нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0837 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсье.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

1.Нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах, улмаар захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарах эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна.

Хэрэгт авагдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээс үзэхэд нэхэмжлэгчээс Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулж Хавчигийн хавцал-Манхан чиглэлийн 28.3 км, Өлгий-Хашаатын даваа чиглэлийн эхний ээлжинд 60 км, Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн IV ээлжийн 27.7 км, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн нийт 32 км, Бага улаан даваа-Манхан чиглэлийн 25 км, Тэмээн хүзүү-Бага улаан даваа чиглэлийн 110.8 км, Бага улаан даваа-Уртын гол чиглэлийн 50 км, Баруун Урт-Мөнххаан-Өндөрхаан чиглэлийн 132 км авто замын зохиогчийн хяналт хийсний ажлын хөлсийг тус тус нэхэмжилж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Өөрөөр хэлбэл иргэний журмаар гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах үндэслэл болсон 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 83 дугаар “Эвлэрлийн гэрээ”-г шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар баталгаажуулаагүй ч, уг гэрээнд дээрх болон бусад нэхэмжлэлүүдээс татгалзах үүргийг “Э” ХХК, харин гэрээний 2.1-д зааснаар Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 143 км авто замд техникийн хяналт тавих зөвлөх үйлчилгээний 2016, 2017 оны ажлын нэмэлт гэрээг 2017 оны эхний улиралд багтаан байгуулж, санхүүжилтийг холбогдох журмын дагуу түргэн шуурхай олгох үүргийг Зам, тээвэр хөгжлийн яам хүлээжээ.

Анх нэхэмжлэгчээс “Өндөрхаан-Чойбалсан” чиглэлийн 143 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын байнгын хяналтын зөвлөх үйлчилгээ үзүүлэх 41 дүгээр гэрээг 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, нэмэлт 3 дугаар гэрээг 2014 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр, шинэчлэн 147 дугаар гэрээг 2015 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хариуцагчтай тус тус байгуулж, эдгээр гэрээний дагуу нийтдээ 1.627.271.429 төгрөг төлөгдсөн, харин замын гүйцэтгэл удааширснаас шалтгаалан дээрх байдлаар ямар нэгэн гэрээ байгуулалгүйгээр нэхэмжлэгч 2016 онд 977.678.583 төгрөгийн, 2017 онд 347.321.430 төгрөгийн буюу нийт 1.325.000.000 төгрөгийн техникийн хяналт тавих зөвлөх үйлчилгээ үзүүлснийг хариуцагч үгүйсгээгүй болох нь эдгээр төлбөрийг баталгаажуулсан акт үйлдсэнээр иргэний маргааны явцад байгуулсан эвлэрлийн гэрээнд санхүүжилтийг шийдвэрлэх үүрэг хүлээснээр, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн хяналтын зөвлөхийн гэрээ дүгнэсэн хурлаар 2016, 2017 оны зөвлөхийн зардлыг тодорхой болгож, Сайдын зөвлөлд танилцуулан шийдвэрлүүлэх арга хэмжээ авах, эвлэрлийн гэрээний дагуу нэмэлт гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн төдийгүй Зам, тээврийн хөгжлийн яамны 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 03/149, 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 04/2629, 7 дугаар сарын 28-ны өдрийн 01/048 дугаар сарын 23-ны өдрийн 06/3712 дугаар зэрэг албан бичгээр нэхэмжлэгчийн зөвлөх үйлчилгээ үзүүлсний нэмэлт ажлын санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлүүлэхээр 2016, 2017 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгаж Сангийн яаманд удаа дараа хандаж байснаар тус тус тогтоогдож байна.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс авто замын зохиогчийн хяналт хийж гүйцэтгэсний ажлын хөлсийг иргэний хэргийн шүүхэд нэхэмжилж байсан атлаа харин авто замд техникийн хяналт тавих зөвлөх үйлчилгээний ажлын хөлсийг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй, анхан шатны шүүхээс чухам ямар үндэслэлээр гэрээний үүргийн биелэлтээс хамааралтай төлбөрийг нэхэмжилж байгааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.7-д заасан “захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас …хуулийн этгээдэд учруулсан хохирлыг гаргуулах”-д хамруулсан үндэслэл тодорхойгүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт 2016, 2017 онд гэрээ байгуулаагүй учраас нэхэмжлэгчид төлбөрийг олгох боломжгүй гэх атлаа нэхэмжлэгчийн гаргасан зардлыг хүлээн зөвшөөрч байгаагаас, мөн эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргийг агуулгаас тус тус дүгнэхэд заавал гэрээ байгуулсны үндсэн дээр 1.325.000.000 төгрөг олгогдоно гэж үзвэл нэмэлт гэрээ байгуулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах, эсхүл ажлын хөлсийг төсөвт тусгахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох гэх зэргээр захиргааны шүүхэд харьяалагдаж болохуйц нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн “Захиргааны актад гаргасан гомдолд тухайн актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэсэн зохицуулалтад “хохирол” нь хууль бус актын улмаас үүссэн байхаар заасан, гэтэл энэ тохиолдолд ямар хууль бус актын улмаас хохирол учирсан гэж үзэж байгааг, түүнчлэн хийлгэсэн ажлын төлбөрийг өгөхгүй байгаа хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй нь нэхэмжлэгчид “хохирол учруулсан”-д хамаарах эсэхэд дүгнэлт өгөх шаардлагатай. 

2.Хэрэгт санхүүжилт хийгдээгүйгээс төлбөр төлөгдөхгүй байгаа, мөн төсвийн төсөлд тусгуулахаар хариуцагчаас удаа дараа Сангийн яаманд хүсэлт гаргасан талаарх нотлох баримт авагдсан байх бөгөөд санхүүжилтээс хамаарч төлбөр төлөгдөхгүй байх тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тодорхойлохоос хамаарч хамтран хариуцагч татагдах нөхцөл үүсэхийг ч үгүйсгэхээргүй байна.

Учир нь шүүхийн шийдвэр хэрэгжиж бодит боломжтой байх шаардлагатай бөгөөд хариуцагчийн хууль бус үйлдлээс бус харин төсвийн санхүүжилтээс хамаарч төлбөр төлөгдөхгүй байх тохиолдолд зөвхөн Зам, тээврийн хөгжлийн яаманд холбогдуулж нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргэх эсэхийг анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 128/ШШ2018/0837 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                                           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН