Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 001/ХТ2021/0041

 

А т ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хууль зүй,

дотоод хэргийн сайд, Хууль зүйн, дотоод хэргийн

сайдын тушаалаар байгуулагдсан Галт зэвсэг,

сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох,

нийтэд худалдаалах тусгай зөвшөөрлийн

сонгон шалгаруулалтын комисст тус тус

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:  

Даргалагч, танхимын тэргүүн Ч.Тунгалаг

Шүүгчид:                                       Х.Батсүрэн

                                                        Д.Мөнхтуяа

                                                        П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                              Ц.Цогт

Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль зүйн дотоод хэргийн яамны комиссын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №03 дугаар хурлын шийдвэрийн 8 дахь хэсэг буюу Асэтрэвел ХХК-д холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Асэтрэвел ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалт-аар тус компанид 2020 онд олгогдсон квотын тоонд нь багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах,

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0602 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 635 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, А.Э-Э нар.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0602 дугаар шийдвэрээр: Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 4.1.2, 4.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.4, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 16 дугаар зүйлийн 16.1, 16.9, 19 дүгээр зүйлийн 19.5, 19.7-д заасныг баримтлан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулсан комиссын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хурлын 03 дугаар тэмдэглэлийн шийдвэрлэсэн нь гэсний 8 дахь хэсгийг хүчингүй болгож, А т ХХК-ийн хүсэлт гаргасан харуул хамгаалалтын зориулалтаар тус компанид олгогдсон квотын тоонд нь багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 635 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 602 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "А т" ХХК-аас Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулагдсан Комисст холбогдуулан гаргасан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/27 дугаар тушаалаар байгуулагдсан Комиссын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар хурлын шийдвэрийн 8 дахь хэсэг буюу А т ХХК-д холбогдох Вепрь загварын 180 ширхэг галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, А т ХХК-ийн хүсэлт гаргасан 180 ширхэг галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар тус компанид 2020 онд олгогдсон квотын тоонд нь багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй гэж тус тус өөрчилж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 635 дугаартай магадлал /шийдвэр/-ийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж эс зөвшөөрч байх тул дараах үндэслэлээр энэхүү гомдлыг гаргав. Үүнд:

Хууль зөрчсөн тухайд:

4. Нэг. Тус маргааныг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх /Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.21 өдрийн 128/ШШ2020/0602/ тоот шийдвэр/ хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүхээс албан ёсоор томилогдож, Шүүхийн шинжилгээний хуулийн дагуу эрх, үүрэг сануулсны үндсэн дээр шинжилгээ хийсэн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэл болгож хэргийг хянан шийдвэрлэсэн. Тухайлбал, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020.09.02-ны өдрийн 4908 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт болон мөн энэ талаар өмнө нь хийгдсэн Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019.05.27-ны өдрийн 2394 дүгээр дүгнэлтээр ОХУ-ын Молот оружие зэвсгийн үйлдвэрийн галт зэвсэг болох Вепрь загварын галт зэвсгүүд нь Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын /цаашид гурван сайдын гэж товчлох/ хамтарсан тушаалын хавсралтаар баталсан иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр төрлийн жагсаалт-ын 2.1-т заасан харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн ангилалд хамаарч байна..., Дээрх галт зэвсгүүдийг спорт сургалт, харуул хамгаалалтын чиглэлээр ашиглаж эзэмшиж болно хэмээн тус бүр дүгнэлт хийснийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн юм.

5. Гэтэл давж заалдах шатны шүүх энэхүү нэхэмжлэл шүүхэд гаргаагүй байх үеийн буюу хариуцагч талын өөрсдийн ажил хэргийн дотоод хүрээндээ хүсэлт гарган /нэг талын/ хийлгэж байсан мэргэжилтний магадлагаа гэх баримтыг үндэс болгож, хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээтэй. Учир нь тус магадлагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдээгүй, хөндлөнгийн хараат бус байдлаар хийгдсэн гэх баталгаагүй, түүнчлэн хууль сануулах ажиллагаа хийгдээгүй төдийгүй зохих хуульд заасан шинжээчийн эрх эдэлж, үүрэг хүлээсэн шинжээчийн албан ёсны дүгнэлт биш болно. Товчдоо Шүүх шинжилгээний тухай хуулийн 6-р зүйлийн 6.1.1-6.1.6-д зааснаар мэргэжилтэн нь шинжээчийн эрхгүй буюу шинжээч биш, магадлагаа бол шинжээчийн дүгнэлт биш бөгөөд шүүхийн шинжилгээ-д тооцогдохгүй тул албан ёсны нотлох баримт биш болно. Дээрх байдалд шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

6. Талууд урьд өмнө нь маргаан бүхий Вепрь загварын 180 ширхэг галт зэвсэг нь гурван сайдын хамтарсан тушаалын хавсралтаар баталсан жагсаалтад хамаарах эсэх талаар удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргуулж 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Тус маргааныг эцэслэж, хянан шийдвэрлэсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүхийн 2020.02.19-ний өдрийн 87 дугаар тогтоолын хянавал хэсгийн 17 дугаарт ...нэхэмжлэгчийн оруулж ирэхийг хүсэж буй Вепрь загварын галт зэвсэг нь Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын хамтран баталсан 2015 оны А/250А/379,437 дугаар тушаалын хавсралтаар баталсан Иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр төрлийн жагсаалт-д хамаарах бөгөөд эдгээр нь гохны нэг даралтаар нэг сум гардаг ба спорт сургалт, харуул хамгаалалтын чиглэлээр ашиглаж болох нь тогтоогдсон байна хэмээн дүгнэлт хийсэн. Дээд шүүхийн энэ шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Ийнхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтанд давж заалдах шатны шүүх дахин үнэлэлт, дүгнэлт өгсөн төдийгүй дээрх магадлагааг үндэслэн энэхүү хүчин төгөлдөр шийдвэрийн эсрэг дүгнэлт гаргасан нь хуулийг нэг мөр хэрэглэх, дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болох зарчмуудыг ноцтой зөрчсөнийг харуулж байна.

Хууль буруу хэрэглэсэн тухайд:

7. Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт ...нэхэмжлэгчийн улсын хилээр оруулж ирэхийг хүссэн Вепрь загварын 180 ширхэг галт зэвсэг нь хагас автомат буюу ажиллагааны хувьд автоматаар цэнэглэгддэг нь Галт зэвсгийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-т автоматаар буудах боломжгүй мөн дээрх гурван сайдын хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр төрлийн жагсаалтын 2.1-д заасан ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй гэж тус тус заасан шаардлагыг хангахгүй байх тул шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй хэмээн дүгнэлт хийсэн нь Галт зэвсгийн тухай хуулийн 6.2 дугаар заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Үүнд: шүүх автоматаар цэнэглэгдэх гэх ойлголтыг автоматаар буудах ойлголттой нэгэн ижил утгаар хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа болсон байна. Цэнэглэх нь хүхээгэнд сум оруулах үйлдэл бол буудах нь хүхээгнээс сум гаргах үйлдэл болно. Энэ 2 үйлдэл нийлээд автомат ажиллагаа болно. Тухайн галт зэвсгийн хувьд энэ 2 үйлдлийн зөвхөн нэг нь байгаад нөгөө үйлдэл нь байхгүй бол хагас автомат болно. Галт зэвсгийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-р заалт нь энэхүү автомат ажиллагааны зөвхөн автоматаар буудах үйлдлийг онцлон зааж хориглосон.

8. Ийм ч учраас 3 сайдын тушаалын хавсралтын 2-р зүйлийн 2.1-т Автоматаар буудах гэдгийг гохон дээрх нэг удаагийн даралтаар 2 ба түүнээс дээш тооны сум гарахыг ойлгоно 2.2-т автоматаар буудах боломжгүй-г гохон дээрх нэг удаагийн даралтаар 2 ба түүнээс дээш тооны сум гарахгүй байх гэж тодотгон тайлбарласан байдаг. Энд цэнэглэх тухай огт байхгүй. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан Вепрь загварын буунууд цэнэглэх үйлдэл нь автомат боловч буудах үйлдэл нь автомат биш юм. Ийм буунуудыг харуул хамгаалалтын зориулалтаар тус улсад ашиглахыг зөвшөөрсөн төдийгүй Цагдаагийн байгууллагын бүртгэлээр одоо улсын хэмжээнд 600 гаруй буу ашиглагдаж байна. Эдгээр буунууд нь урт, богино 2 төрөлтэй бөгөөд Вепрь, Сайга, МП-153 зэрэг буунууд нь хөдөө орон нутгуудад, ой хамгаалагч, экологийн цагдаа, мөн уурхайнуудын хамгаалалт, нисэх онгоцны буудлуудад шувуу үргээх зорилгоор өргөнөөр ашиглаж буй. Харин хагас автомат богино буу нь бүх төрлийн гар буунууд бөгөөд улсын хэмжээнд 300 орчим гар буу банк болон харуул хамгаалалтын албан байгууллагуудад ашиглаж байна. Эдгээр гар буунууд бүгд автоматаар цэнэглэх боловч автоматаар бууддаггүй буюу ажиллагааны хувьд маргаан бүхий Вепрь буутай яг адил юм. 2020 оны 9, 10 сарын байдлаар А т ХХК-ийн бүртгэлээр нийт 9 гар буу харуул хамгаалалтын зориулалтаар бусдад борлуулагдсан бол хагас автомат урт буу МП-153-ийг Увс аймгийн Түргэн Баян хайрхан Дэглий цагаан нисэх буудал харуул хамгаалалтыг зориулалтаар худалдан авчээ. Үүнээс үзэхэд давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн төдийгүй тус буруу шийдвэрийн улмаас дээрх харуул хамгаалалтаар худалдан ашиглагдаж байгаа олон зуун хагас автомат буунуудыг тэр тусмаа бүх гар буунуудын хувьд хууль бусад тооцогдох, улмаар холбогдох худалдах худалдан авах гэрээнүүд бүгд хүчин төгөлдөр бусад тооцогдох, улмаар хагас автомат ажиллагаатай бүх буунууд энэ шийдвэрээс хойш иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар улсын хилээр оруулах боломжгүйд хүрэх, улмаар Галт зэвсгийн тухай хуулийн 16 дугаар зүйлээр эрх олгогдсон Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөлтэй борлуулагч нарын эрх ашгийг ноцтой хөндөх үр дагавар бий болгохыг анхааралдаа авахыг хүсье. Иймд үндэслэлгүй захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан Галт зэвсгийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэл бүхий байна.

10. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/112 дугаар тушаалаар иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, нийтэд худалдах тусгай зөвшөөрөл 6 жилийн хугацаатайгаар А т ХХК-д олгогдсон байжээ.

11. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 87 дугаар тогтоолоор ...нэхэмжлэгчийн улсын хилээр оруулж ирэхийг хүсэж буй Вепрь загварын 180 ширхэг галт зэвсэг нь Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Жагсаалт-ын 2-т заасан харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн ангилалд нийцэж буй эсэхийг нарийвчлан шалгаж, нэхэмжлэгч нь уг зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэхэд тавигдах холбогдох хууль, журамд заасан бусад шаардлагыг хангасан эсэх, мөн тухайн жилд харуул хамгаалалтын зориулалтаар импортлох галт зэвсгийн тоо хэмжээ зэрэг нөхцөл байдлыг тодруулсны үндсэн дээр маргаан бүхий захиргааны акт болох ... 6 сар хүртэл түдгэлзүүлэх нь зүйтэй гэж дүгнэжээ.

12. А т ХХК-ний дахин гаргасан хүсэлтийн дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны Б/07 дугаар тушаалаар байгуулсан Комиссын 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 03 дугаар хурлын шийдвэрийн 8 дахь хэсэгт Вепрь загварын 180 тооны галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан, нэхэмжлэгчээс уг шийдвэрийг хүчингүй болгож, хүсэлт гаргасан 180 тооны галт зэвсгийг иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар тус компанид 2020 онд олгогдсон квотын тоонд нь багтаан улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх шийдвэрлэсэн байна.

13. Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д галт зэвсгийг иргэний, 4.1.2-т харуул хамгаалалтын гэж ангилахыг, 4.2-т олгогдсон эрхийн дагуу Хууль зүйн сайд, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд спортын сайдын 2015 оны А/250, А/379, 437 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар (цаашид Хамтарсан тушаал гэнэ) мөн хуулийн 4.1.1, 4.1.2-т заасан ангилалд хамаарах иргэний болон харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтыг баталжээ.

14. Нэхэмжлэгч хуулийн этгээд Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 болон 4.1.2-т заасан иргэний болон харуул хамгаалалтын зориулалтаар галт зэвсгийг улсын хилээр нэвтрүүлэхээр хүсэлт гаргасан.

15. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2394 дүгээр шинжээчийн дүгнэлтээр ... Вепрь загварын галт зэвсгүүд нь гохны нэг даралтаар нэг сум гардаг ба спорт сургалт, харуул хамгаалалтын чиглэлээр ашиглаж, эзэмшиж болно... гэсэн дүгнэлт гаргажээ. Харин шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахаас өмнө нэхэмжлэгч хуулийн этгээдийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн хэв журам хамгаалах, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2020 оны 04 дүгээр сарын 07-ний өдрийн 14-2/763 дугаар албан бичгийн дагуу гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 1818 дугаартай Мэргэжилтний магадлагаа нь уг галт зэвсгүүд нь автоматаар буудах боломжтой гэсэн дүгнэлт биш байна.

16. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын хилээр (иргэний зориулалтаар) нэвтрүүлэхийг хүсч буй Вепрь загварын галт зэвсгүүд нь хуульд тодорхойлсон ан агнуурын зориулалтад нийцэхгүй, спорт-сургалтын зориулалтад нийцэж буй боловч нийтэд худалдах боломжгүй учир эдгээр (иргэний) зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох боломжгүй, энэ тухайд хариуцагчийн шийдвэр хуульд нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Тухайлбал, Галт зэвсгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ан агнуурын зориулалтаар ашиглах галт зэвсэг нь ...автоматаар эсвэл өөрөө цэнэглэх боломжгүй... гэж заасан байтал нэхэмжлэгчийн улсын хилээр нэвтрүүлэх хүсэлт гаргасан галт зэвсгүүд автоматаар цэнэглэгддэг тул хуулийн дээрх шаардлагыг хангаагүй байна.

17. Харин, давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн улсын хилээр нэвтрүүлэхийг хүссэн 180 ширхэг Вепрь загварын галт зэвсэг нь хагас автомат буюу ажиллагааны хувьд автоматаар цэнэглэгддэг нь Галт зэвсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т автоматаар буудах боломжгүй, мөн Хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан харуул хамгаалалтын ангилалд хамаарах галт зэвсэг, сумны нэр, төрлийн жагсаалтын 2.1-д ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй гэж тус тус заасан шаардлагыг хангахгүй... гэж хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-ыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

18. Галт зэвсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг нь автоматаар буудах боломжгүй, сумны хошуу нь зүрхэвчгүй байна, Хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Жагсаалтын 2.1-т хуульд өөрөөр заагаагүй бол ажиллагааны хувьд автоматаар буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй 5,6 мм-ээс 9 мм хүртэлх калибрийн галт зэвсгүүдийг ойлгоно, 2.2-т Гөлгөр гол төмөртэй ажиллагааны хувьд автоматаар /гохон дээрх нэг удаагийн даралтаар 2 ба түүнээс дээш тооны сум гаргахгүй/ буудах боломжгүй, үйлдвэрийн хийцийг өөрчлөөгүй галт зэвсгүүд, 1.2.1-т автоматаар буудах гэдгийг гохон дээрх нэг удаагийн даралтаар 2 ба түүнээс дээш тооны сум гаргахыг ойлгох-оор тус тус заажээ.

19. Үүнээс үзвэл мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-ын автоматаар буудах гэдгийг гохон дээрх нэг удаагийн даралтаар 2 ба түүнээс дээш тооны сум гаргахыг ойлгохоор тодорхой заасан байх бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан галт зэвсэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 2394, 2020 оны 3487 дугаар шинжээчийн дүгнэлтүүдээр Хамтарсан тушаалын хавсралтаар баталсан Жагсаалтын 2.1-т заасан харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсгийн ангилалд хамаарах буюу гохон дээр нэг удаагийн даралтаар 2 ба түүнээс дээш тооны сум гаргахгүй, автоматаар буудах боломжгүй галт зэвсэг байна.

20. Дээрх байдлаас дүгнэхэд, нэхэмжлэгчийн хүсэлт гаргасан галт зэвсэг нь Галт зэвсгийн тухай хууль болон Хамтарсан тушаалаар батлагдсан Жагсаалтад харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах галт зэвсэгт тавигдсан автоматаар буудахгүй байх хязгаарлалтанд нийцсэн байна. Түүнчлэн, энэ ангиллын галт зэвсэгт хуулиар автоматаар цэнэглэгдэхгүй байх хязгаарлалт тавигдаагүй байна.

21. Гэтэл давж заалдах шатны шүүх хагас автомат буюу ажиллагааны хувьд автоматаар цэнэглэгддэг нь Галт зэвсгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т автоматаар буудах боломжгүй байх шаардлагад нийцээгүй гэж мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-ыг буруу тайлбарлаж маргааны үйл баримтад хэрэглэжээ.

22. Нөгөөтэйгүүр, Галт зэвсгийн тухай хуульд заасан ангилал, уг ангилал тус бүрт хамаарах галт зэвсэгт тавигдах шаардлагыг тус тусад нь тодорхойлон зохицуулснаас үзвэл хуулиар харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах галт зэвсэгт автоматаар цэнэглэгдэх боломжгүй байх шаардлагыг тавих байсан бол уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т ан агнуурын зориулалттай галт зэвсэгт тавигдах шаардлагыг автоматаар эсвэл өөрөө цэнэглэх боломжгүй гэж заасантай адил шаардлага тавьж зохицуулах боломжтой байсан байна. Гэтэл хуульд, мөн хуулиар эрх олгосны дагуу гарсан Хамтарсан тушаалаар баталсан Жагсаалтад харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах галт зэвсэгт ийм шаардлага тавигдаагүй.

23. Мөн үйлдвэрлэгчээс ан агнуур, спорт сургалтын зориулалттай гэдэг нь Монгол Улсын хуулиар харуул хамгаалалтын зориулалтаар ашиглаж болох галт зэвсэгт тавигдсан шаардлагыг хангаж буй галт зэвсгийг, уг зориулалтаар галт зэвсэг импортлох тусгай зөвшөөрөл бүхий этгээд улсын хилээр оруулж ирэх хүсэлтийг няцаах үндэслэл болохгүй. Хариуцагч захиргааны байгууллага ч, шүүх ч энэ харилцааг зохицуулж буй Галт зэвсгийн тухай хуульд нийцүүлж хүсэлтийг шийдвэрлэх ёстой тул автоматаар цэнэглэгддэг хагас автомат ажиллагаатай тул харуул хамгаалалтын зориулалтаар ашиглах зөвшөөрөл олгох боломжгүй гэж хуульд байхгүй үндэслэлээр, энэ тогтоолын 18, 19-д дурьдагдсан тухайлсан хуулийн зохицуулалтаас давж тайлбар хийх замаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй байна.

24. Мөн хууль тогтоогч галт зэвсгийн ангилал түүнд тавигдах шаардлагыг улам тодорхой болгох замаар мэргэжлийн байгууллагын тайлбарлаж буй эрсдэл үүсэхээс сэргийлэх, энэ чиглэлийн бизнесийн байгууллагууд үйл ажиллагаагаа тодорхой төлөвлөх боломжийг олгох боломжтой. Түүнчлэн, хуулиар зөвшөөрөгдсөн төрөл, ангиллын галт зэвсгийг худалдах, ашиглалт эргэлтэд хяналт тавих үүргийг хэрэгжүүлэх байгууллагыг Галт зэвсгийн тухай хуулиар тодорхойлон заасан байна.

25. Иймд, нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын хилээр нэвтрүүлэх хүсэлт гаргасан Вепрь загварын галт зэвсгүүд харуул хамгаалалтын зориулалтаар ашиглаж болох галт зэвсгийн ангилалд хамаарч байгаа талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

26. Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт маргааны үйл баримтыг шийдвэрлэхэд шууд хамааралгүй, хэрэглэгдээгүй хуулийн зүйл, заалтыг баримталсныг хасч, зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 635 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2020/0602 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгээс Галт зэвсгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.1, 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.3, 5.4, 6 дугаар зүйлийн 6.1, 16 дугаар зүйлийн 16.1 гэснийг хассан өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                    Ч.ТУНГАЛАГ

 

 ШҮҮГЧ                                                      Ц.ЦОГТ