Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 1095

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 03                        Дугаар 1095                                Улаанбаатар хот

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, М.ХХХХХ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02920 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ХХХ” ХХК,

Хариуцагч “ХХХ” ХХК нарт холбогдох,

Өрлөг заслын ажлын хөлс 126 684 767 төгрөгийг гаргуулах болон барилгын ажил, материалын зардалд 29 265 231 төгрөгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “ХХХ” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагч “ХХХ” ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч М.ХХХХХийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХ,

Нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр өрлөг, заслын ажил гүйцэтгэх гэрээг “ХХ”     ХХК-тай байгуулж, ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Дөрвөн улирлын цэцэрлэг” орон сууцны барилгын 110, 117 дугаар блокын өрлөг, шавардлага, засал, чимэглэлийн ажлыг 2014 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс хийж эхлэхээр болж, тус ажлын санхүүжилтийг 15,15 хоногоор буюу сард 2 удаа хугацааг нь хоцруулахгүй хийхээр ярилцаж тохиролцсоны үндсэн дээр ажлаа гүйцэтгэж эхэлсэн. 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд гүйцэтгэх нийт ажлын 70-80 хувийн ажлыг хийж гүйцэтгэсэн. Энэ хугацаанд “ХХХ” ХХК-иас ерөнхий гүйцэтгэгч болох “ХХХ” ХХК-д хийсэн ажлын гүйцэтгэлийн санхүүжилтийг цаг тухайд нь бүрэн хийж байсан боловч “ХХХ” ХХК нь “ХХХ” ХХК-иас гүйцэтгэл орж ирээгүй, тал нь орж ирсэн гэх шалтгаанаар манай компанийн сар болгоны гүйцэтгэлийг хоцроогоод зогсохгүй сард 1 удаа гүйцэтгэлийн мөнгийг хагас дутуу олгодог болж, дараагаар нь 40 хоногт нэг удаа олгодог болсон. Хамгийн сүүлд 2014 оны 11 болон 12 дугаар саруудад хийсэн ажлын гүйцэтгэлийг өнөөдрийг хүртэл манай компанид олгоогүй байгаа. “ХХХ” ХХК нь олон сарын санхүүжилтийг хоцроохын зэрэгцээ сар болгоны гүйцэтгэлийг тус компанийн инженерүүд ямар ч үндэслэлгүйгээр гүйцэтгэсэн ажлын м.кв-иас хасалт хийдэг. Үүгээр ч зогсохгүй тус компани нь өөрсдийн компанийн 20-30 ажилчдыг туслан гүйцэтгэгч компаниудад хүчээр хуваан өгч, ажлын гүйцэтгэл, ажилласан цагийг харгалзахгүйгээр цалин хөлсийг компанийн ажлын гүйцэтгэлийн мөнгөнөөс суутгаж, цэргийн албан хаагч, барилгын коллежийн оюутнууд зэргийг бидний санал бодлыг асуулгүйгээр ажиллуулж цалин хөлс, хоол унааны мөнгийг гүйцэтгэлээс шууд бүрнээр суутгаж авдаг байсан.

Монгол Улсын Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.1.1-т зааснаар “Гэрээнд заасан хугацаанд, эсхүл ажлын үр дүнг хүлээн авмагц зохих журмын дагуу хөлс төлөх” үүргээ “ХХХ” ХХК зөрчсөн, мөн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” тул 2014 оны 05 дугаар сараас 10 саруудын ажлын гүйцэтгэлд дутуу олгосон 37 298 887 төгрөг, энэ хугацаанд хийсэн зөөвөр тээврийн ажлын хөлс 53 680 000 төгрөг, 2014 оны 11, 12 сард хийсэн ажлын хөлс 35671465 төгрөг, нийт 126 570 352 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ХХХ” ХХК нь 2011 оноос “ХХХ” ХХК-тай гүйцэтгэгч компаниар хамтран ажиллаж байна. “ХХХ” ХХК-тай 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр заслын гэрээ байгуулсан. Огноо буруу бичигдсэн байгаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 2014 оны 11, 12 саруудад хийсэн ажлын хөлс, 322 ажилтны зөөвөр тээврийн ажлын хөлсийг олгоогүй, олгох ёстой байсан ажлын гүйцэтгэлийн дутуу зэрэгт нийт 126 684 767 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч бэлтгэл ажлаа хийсээр, 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс талбайд, 110-р блок дээр ажилласан. 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэхэд ажлын гүйцэтгэл байхгүй байсан бөгөөд хүүхдийн баяр болох гээд байна гээд захирал ХХ нь дансаар урьдчилгаа 4 000 000 төгрөгийг манайхаас шилжүүлүүлээд, түүнийгээ орж ирэхгүй байна гэж шалсаар байгаад ХХХ захирлаас 4 000 000 төгрөгийг авч, нийт 8 000 000 төгрөг авсан. Үүнийхээ бэлнээр авсан     4 000 000 төгрөгөө аваагүй гээд мэлзээд байгаа. Эднийх хэзээ ч 322 ажилчинтай байгаагүй. Арав гаруйхан хүнтэй, тэдгээрийнхээ нэрийг дахин дахин давтан бичсэн баримт гаргасан байна. Хоол манайхаас иддэг. Ажлын хөлснөөс хоолны мөнгийг манайх суутгана. Зардлыг гүйцэтгэлээр хасуулахаар тохирсон. Ажилчид нь цалин аваагүй гээд хэрүүл маргаан үүсгэдэг тул 2014 оны 10 сард ажлын талбай дээр нь манайх цалинг нь тавиулсан. Ажлын гүйцэтгэлээс нь илүү мөнгө тараалгасан. Манайх багаж, туслах материал, хүн хүчээр нэмж хангаж байсан. Ажил хариуцсан инженерүүд нь байнга солигддог. 2014 оны 10 дугаар сард “ХХХ” ХХК-иас 110-р блокийг хураан авах мэдэгдэл ирсэн тул 110-р блокийн ажлыг зогсож, нэхэмжлэгчийг 117-р блок руу шилжүүлсэн. Эднийх хийсэн ажлын 166240719 төгрөгийн санхүүжилт авсан. Үүнээс урьдчилгаа бичсэн хоолны мөнгө 12171500 төгрөг, унааны хөлс 223000 төгрөг, материалын зардал 1502000 төгрөг, ажилчдын цалин 5321000 төгрөг, цэргийн цалин 4786000 төгрөг, цалин 9017233 төгрөг, бусад түлш, даатгалын суутгал 1570716 төгрөг, НӨАТ-ыг хасч 125 314 573 төгрөгийг олгохоос 2014 оны 05 сарын 31, 12 дугаар сарын 31 өдөр бэлнээр авсан 9 000 000 төгрөгтэй, 134 314 573 төгрөгийг олгосон. Илүү 9 000 000 төгрөг олгосон. Зөөвөр тээврийн ажлын хөлс 53 600 000 төгрөг гэж ажлын үнэлгээ огт байхгүй. “ХХХ” ХХК-тай манай хийсэн гэрээний үнэлгээнд огт ийм ажил байхгүй. Зөөвөр тээвэр нь тухайн ажлын үнэлгээндээ шингээд хөлс тооцогддог. 2014 оны 11, 12 сард эднийх ажил хийгээгүй. 11 сарын дундуур ажлаа хаяад зугатаагаад явсан. 117-р блок буюу 19 давхар барилгын F2 давхраас ажлаа эхлээд хүчрэхгүй болохоор нь манайх 11-ээс дээш давхрыг авч, 1-10 давхарт ажиллуулсан боловч гүйцэтгэл байхгүй болохоор нь 1-6 давхар болгосон. Гэтэл гүйцэтгэл гараагүй, хийсэн ажил нь чанарын шаардлага хангахгүй болсон. Бид 11 сарын дундуур гэрээ цуцлах мэдэгдлийг “ХХХ” ХХК-д хүргүүлсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хавсралтад заасан 42 нэр төрлийн ажлаас 1, 2, 3-т заасан айл доторх F16, 17, 19, 20 давхруудын өрлөг, нийтийн эзэмшлийн F16, 17, 18, 19, 20 давхруудын өрлөг, ариун цэврийн өрөөний F19 даврын өрлөгийг, 4, 5, 6-д заасан нийтийн эзэмшлийн салхивчний өрлөгийн F13-18, 19, 20 давхруудын шавар, ариун цэврийн F16-20 давхруудын өрлөгийн шавар, айл доторх өрлөгийн F16, 17, 19, 20 давхруудын шаврыг, 7-д заасан В1, F1 давхруудын шатны марш эргэлтийн тавцангийн чулууг, 8-д заасан F2 давхрын үүдний тамбрын ханын плитаг, 9-д заасан F6-9, 15 давхрын нийтийн эзэмшлийн шалны чулууны ажлыг солонгос ажилчдаар хийлгэсэн. 10-д заасан F2-19 давхрын хогийн бункерийн хаалга, 11-д заасан F20-техникийн давхрын хаалга, 12-т заасан гадна хогийн бункерийн хаалгыг ХХХХ хийж, цалингаа авсан. 13, 14, 17-д заасан ажлыг “ХХХ” ХХК хийсэн. 15-д заасан F2-19 давхрын айлуудын үүдний шалны плитаг Солонгос ажилчин хийсэн. 16-д заасан F2 давхрын нийтийн эзэмшлийн ханын плитаг “ХХХ” ХХК хийсэн. 18-д заасан F2-19 давхрын шатны хонгилын цагаан замаск 2 үе хийх ажлыг ХХХХХ, 19-д заасан F2-6 давхрын айлын таазны цагаан замаск 2 үе хийх ажлыг “ХХХ” ХХК-ийн ажилчин Х, ХХ, ХХХХ, ХХХХХ, ХХ нар хийсэн. 20, 21-д байгаа F3-15 давхрын эргэлтийн балконы таазны эмульс, эргэлтийн балконы ханын эмульсний ажлыг ХХХ хийсэн. Энэ ажил эргэлтийн балкон, эргэлтийн балконы өнгө өөрчлөх ажил гэж ажлын хуудсанд бичсэн байгаа. 22-т заасан F2-20 давхрын айлын хаалганы бүх проём алдаатай байсан тул гажааг гаргаж, алдааг засах бүх ажлыг ХХХХ 2015 оны 01 дүгээр сарын 09-нөөс 16 хүртэл хугацаанд хийсэн. 23, 24-т байгаа F6-10 давхрын ариун цэврийн өрөөний хана, шалны плита наах ажлыг 6,7,9 давхрыг солонгос ажилчин, 8 давхрын 1,2-р айлыг ХХХХ, 3,4-р айлыг ХХХ, ХХ, 10-р давхрын 1,2,3-р айлыг ХХХ, 4-р айлыг ХХ хийсэн.

25-д байгаа 110-р блокын B1, F1 давхрын хар замаскны ажлыг 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн гүйцэтгэлийн 8-д бичигдэж нэхэмжлэгч 3512 м.кв хар замаскны ажлын хөлс авсан. 26-д байгаа F2-20 давхрын шатны хонгилын амрах тавцангийн таазны эмульсийг “ХХХ” ХХК-ийн ажилчин ХХХ хийсэн. Манай баримтын хуудас 138-д баримт нь байгаа. 27-д байгаа F2-10 давхрын нийтийн эзэмшлийн таазны цагаан замаскийг “ХХХ” ХХК-ийн ажилчин ХХХ, ХХХ, ХХХ, ХХ нар хийсэн. 28-д F2-10 давхрын нийтийн эзэмшлийн ханын цагаан замаскны ажлыг ХХХ, ХХХ, ХХХХ, ХХХ нар хийсэн. 29-д байгаа F2-10 давхрын шатны хонгилын маршны коронда гэдэг ажил “ХХХ” ХХК, “ХХХ” ХХК-тай байгуулсан гэрээнд ч байхгүй. 30, 31, 32, 33-т заасан F2-7 давхрын айлуудын таазны тэгшилгээ, цагаан замаск, цонхны амалгаа, хаалганы амалгааны ажлыг Х, ХХХ, ХХХХ, ХХ, ХХХХХ, ХХ хийсэн баримт манай нотлох баримтын 143, 151-166,168-184 дүгээр хуудсуудад байгаа. 34-т байгаа 110-р блокын хар шалны ажлын хөлсний зөрүүд нэхэмжилсэн 13658940 төгрөг үндэслэлгүй. 2014 оны 07 сарын 08, 07 сарын 28, 08 сарын 25, 09 сарыг 30 өдрийг ажлын гүйцэтгэлээр нийт 3745,44 м.кв талбайгаас 1872,72 м.кв талбайн хөлсийг 8600 төгрөгөөр, 1872,72 м.кв талбайн хөлсийг 3000 төгрөгөөр тооцож олгосон. 110-р блокын 1-р орцыг нэхэмжлэгч, 2-р орцыг “ХХХ” ХХК хийж байсан тул 1-р орцны шалыг 8600 төгрөгөөр, 2-р орцныхыг Батжаргалын бригадаар 3000 төгрөгөөр хийлгэхээр тохироод, тэр үнээр ажлын хөлс олгогдсон. Энэ ажлыг Батжаргалын бригад хийсэн бөгөөд ажлын хөлс 21723552 төгрөг өгөх ёстой боловч манайх 22434381 төгрөгийг олгосон. Энэ мөнгөнөөс гадна 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ХХ-д “ХХХ” ХХК-ийн захирал ХХХ 17191100 төгрөг өгч, нийт       39 500 000 төгрөг болсон тул ямар зөрүү байхгүй. 35-д байгаа 2014 оны 05 сараас 09 сарыг дуустал хугацаанд хийсэн материалын зөөвөр, тээврийн ажлын хөлсөнд 53 600 000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Гэрээний 4.2-т зөөвөр тээврийг гүйцэтгэгч өөрөө хариуцна гэж байгаа. Ийм тусдаа үнэлгээтэй ажил байхгүй. Уг ажлын хөлс тухайн ажилдаа шингэж тооцогддог тул үндэслэлгүй байна. 36-д F2-19 давхрын нийтийн эзэмшлийн таазны тэгшилгээ, элсэн замаскны ажлын хөлс нэхэмжилжээ. Уг ажлыг манай компанийн ажилчин Х, ХХХ, ХХХ нар болон “ХХХ” ХХК хийсэн нь нэмэлт материалын 4-19, 23-27 дугаар хуудсуудад байгаа баримтаар нотлогдоно. 2-р давхар плитатай тул хар замаск хийхгүй. 37-д байгаа F2-16 давхрын нийтийн эзэмшлийн тай, коронда, медашийн ажлын хөлс олгохгүй. Барилгын карказыг манайх хийсэн тул ХХХ, ХХХ, ХХХ нар хийж дуусгасан. Энэ тухайлсан үнэлгээгүй ажил. 38, 39-д заасан хогийн бункерийн амалгаа, эргэлтийн балконы амалгааны ажлыг ХХХ хийсэн баримт манай нотлох баримтын 138 дугаар хуудсанд байгаа. 40-д заасан давхруудын шитний хураалт ба өрлөгийн ажил нь ажлын комиссын шаардлагаар хийсэн ажлаа өөрчилж хийх шаардлага гарч хийгдсэн ажил тул гэрээний 4.5-д зааснаар гүйцэтгэгч өөрөө хариуцах ажил юм. Иймд хөлс төлөхгүй. 41-д заасан F15-20 давхрын шатны хонгилын тай, медаши зөрүү нэхэмжлэхгүй. Манай ажилчин н.ХХХ хийсэн. 42-д байгаа F15-19 давхрын шатны хонгилын хар замаскны ажлыг н.ХХХ хийсэн. Иймд ажлыг хөлсний дутуу болон ажлын хөлс нэхэмжилсэн ажлаас 13, 14, 17-д заасан ажлын хөлсийг төлөөгүйг зөвшөөрнө. Бусад нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ХХХ” ХХК нь шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ХХХ” ХХК нь дөрвөн улирлын цэцэрлэг төслийн гүйцэтгэгчээр нэхэмжлэгч “ХХХ” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй. Өөрөөр хэлбэл эрх зүйн харилцаанд ороогүй байна гэжээ.

Хариуцагч “ХХХ” ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч компанид засал чимэглэл, өрлөгийн мэргэжлийн ажилчин цөөн байснаас сар бүрийн төлөвлөгөөт ажлыг графикт хугацаанд нь хийж чадахгүй, хугацаа хожимдуулж байснаас манай компани 2014 оны 07, 08, 09, 10, 11 саруудад нэмэгдэл ажиллах хүчээр хангасан. 2014 оны 12 сарын сүүлчээр “ХХХ” ХХК нь гэрээний үүргээ зөрчин, өөрийн хийх ёстой ажлаа хугацаанд нь хүлээлгэж өгөөгүй, гэрээгээ дүгнээгүй, хүлээн авсан барилгын материалыг хүлээлгэж өгөөгүй дур мэдэн ажил хаяж явсны дараа “ХХХ” ХХК-иас нэхэмжлэгч байгууллагын барилгын ажлыг стандартын шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр манайд акт тавьсан. Тухайн акт тавигдсан ажлуудыг манай компани хөрөнгө материал, ажиллах хүч гаргаж дахин хийж, “ХХХ” ХХК-д хүлээлгэн өгсөн. Энэхүү дахин хийсэн барилгын ажил, материалын зардалд нийт 29 265 231 төгрөг гаргасан. Гипсэн таазыг стандартын дагуу хийгээгүйгээс хагарч, шаардлага хангахгүй байна гэж “ХХХ” ХХК-иас шаардлага авсан тул таазыг дахин засварлахад ажлын хөлсөнд төлсөн 2500000 төгрөг,    11-12 сарын хоолны мөнгө 2347500 төгрөг, плитаг хөндий наасан зөрчлөөс плитаг дахин хуулсан зардал 733000 төгрөг, энд ажилласан ажилчдын хоолны мөнгө 197500 төгрөг, плитаг дахин наалгасан хөлс 990640 төгрөг, материал зөөсөн хөлс 3245667 төгрөг, актын дагуу дахин гаргасан /плита, плитаны цавуу, эмульс, замаск/ материалын үнэ 9538424 төгрөг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа хариуцсан инженерийн ажлын хувцасны үнэ 90000 төгрөг, F12-ын 1, F13-ын 1 дэх айлын гипсэн дутуу хийгээд орхисон ажлыг Гомбожаваар гүйцээлгэхэд төлсөн ажлын хөлс 622500 төгрөг, 2014 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч компанийн захирал ХХын бэлнээр авсан 4 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр авсан 5 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар эдгээр зардал, илүү олгосон мөнгийг сөрөг нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Манай байгууллага барилгын ажлыг хаяж яваагүй бүрэн дуусгасан. Хэдэн ажилчинтай ажиллаж байсан талаар хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны дэвтэрт бичигдсэнээр нотлогдоно. 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд манай хийсэн ажилд чанартай болсон тул акт тавигдаагүй, бидэнд мэдэгдсэн зүйлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компанийн зүгээс хариуцагч байгууллагад хийсэн ажлаа дүгнэх, акт үйлдэхийг шаардсан боловч акт үйлдээгүй тул бид дотооддоо акт үйлдсэн. Ажилчдын хоолны мөнгийг хийсэн ажлын гүйцэтгэлээсээ суутгуулж байсан. Иймд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “ХХХ” ХХК-иас 48446341 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ХХХ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 78124011 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг болон хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.4, 352 дугаар 352.2.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс 8672212 төгрөгийг гаргуулан хариуцагчид олгож, сөрөг нэхэмжлэлээс 20593019 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлийн 56.1, 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 791374 төгрөг, сөрөг нэхэмжлэлд хариуцагчийн төлсөн 304276 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 400181 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс 153705 төгрөгийг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч “ХХХ” ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ задлан ярьж чадахгүй байснаа шүүгчийн олон удаагийн зөвлөсөн шинжтэй үйлдлүүдээс санаа авч үндэслэлгүй зүйл нэхэмжилж эхэлсэн. Сүүлд нь нэхэмжлэгчийн зүгээс өөрсдөө зохион бичиж авчирсан баримт материалуудыг хүлээн аваад шүүхийн шийдвэрийг гаргахдаа “ХХХ" ХХК-ийн хийгээгүй ажлыг хийсэн болгож түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хөтлөж тайлбар авч байсанд үнэхээр гомдолтой. Шүүх мөн хэргийг хянан шийдвэрлэхдээ хариуцагч манай компани болон "ХХХ" ХХК-тай байгуулсан 2014 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн огноотой 5 дугаар сарын барилгын "өрлөг заслын ажил гүйцэтгэх гэрээний" үндсэн нөхцөл, ажил гүйцэтгүүлэгч манай компани туслан гүйцэтгэгч "ХХХ" ХХК-ийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрхэн биелүүлсэн, туслан гүйцэтгэгч "ХХХ" ХХК-ийн 2014 оны 11 дүгээр сарын дундуур ямар нэгэн шалтгаангүйгээр ажлаа хаяж явсанаас тухайн гэрээг дуусгавар болж цуцалсан талаар нотлох тодорхой баримт байсаар байтал дүгнэлт өгөлгүй ажлаа хийж байсан гэж үзэж, 2014 оны 11, 12 дугаар сарын гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгсөн байна гэж шийдвэр гаргаж 25454686 төгрөгийг олгоогүй байна гэж шийдвэрлэсэнд үнэхээр гомдолтой байна.

"ХХХ" ХХК-ийн захирал ХХ 2014 оны 5,6,7,8,9,10-р сард хийсэн ажлын гүйцэтгэлийнхээ санхүүжилтыг бүрэн авч, хийсэн ажлын үнэ хөлс дээрээ бүрэн тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулж байсан баримт хавтаст хэрэгт байхад шүүх хурал дээр "ХХХ" ХХК-ийн хэмжээ тарифаар бодож "ХХХ" ХХК нь гүйцэтгээгүй ажлыг гүйцэтгэж хийсэн мэт болгоод ажлын хөлсийг дутуу өгсөн байна гэж 22991654 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт 117-р блок дээр хийгдэх өрлөг засал чимэглэлийн тоо хэмжээг "ХХХ" ХХК-ийн батласан тоо хэмжээнээс хэт өндрөөр бодон бодит баримтан дээр тулгуурлаагүй нэхэмжлэгчийн таамгаар бодсон нь үндэслэлгүй тооцоо бөгөөд нэхэмжлэгч нь энэ бүгдийнхээ нотлох баримтыг шүүхэд нэгийг ч ирүүлээгүй байхад, шүүгч нэхэмжлэгчийн өмнөөс нотолж шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Мөн манай компанийн зүгээс "ХХХ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 129 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн хариу тайлбарыг хугацаанд нь гаргаж өгсөн бөгөөд манайх хариу тайлбар гаргаж өгөхдөө "ХХХ" ХХК-ийн 2014 оны 5 дугаар сараас 2014 оны 11 дүгээр cap хүртэл хийж гүйцэтгэсэн ажлын гүйцэтгэл түүнд олгосон хөлс бусад санхүүгийн баримтыг нотлох баримтын шаардлага хангаж шүүхэд гаргаж өгсөн юм.

Үлдсэн 6,7 хүн нь ХХ захиралаас цалингаа авах гээд хайгаад явдаг байсан болохоос ажил гүйцэтгэсэн юм байхгүй.

Манай компани 6-7 жил “ХХХ” ХХК-ийн ерөнхий туслан гүйцэтгэгчээр ажиллаж ирэхдээ нэг ч удаа бусдын хөдөлмөрийн хөлсийг өгөөгүй байна гэж шүүхэд дуудагдаж маргаан гарч байсан удаа байхгүй. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нотлох баримтаас харахад "ХХХ" ХХК нь 2013 онд шинээр үүсгэн байгуулагдаад хагас жил ч болоогүй шахам байхдаа манай туслан гүйцэтгэгчээр ажиллахаар гэрээ байгуулсан. Туслан гүйцэтгэгчээр манай компанитай гэрээ байгуулах үедээ тодорхой мэргэжлийн болон бусад ажиллах хүчин байхгүй зөвхөн 12 хүнтэй өөрийн гэсэн инженер техникийн орон тооны ажилтан байхгүй, барилгын өрлөг засал хийх тусгай зөвшөөрөлгүй, өөрийн гэсэн багаж техник байхгүй, ажилчиддаа хооллох болон хөдөлмөр хамгаалалтын хувцасаар хангах хөрөнгө мөнгөгүй компани байсныг болон манай компаниас бүх талаар тусламж дэмжлэг байнга авч байсныг шүүх дүгнэж үзсэнгүй.

Манайхаас шүүхэд өгсөн санхүүгийн нотлох баримтуудыг бид нэг бүрчлэн дугаарлаж өгсөн бөгөөд харин нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хавсралт болох 42 нэр төрлийн ажлыг нэг бүрчлэн санхүүжилт өгсөн тайлбараар нотлогдох ёстой байсан. Тус шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн A.I болон А.2-т зааснаар 117-р блокын F16-F20 давхар хүртэлх айл доторх өрлөг, нийтийн эзэмшилийн өрлөг, F19 давхарын өрлөг болон шаврын ажлын хөлс буюу 5 834 304 төгрөгийг нэхэмжлэгч тал манайхаас шаардах эрхтэй гэжээ. Үүнийг гаргахдаа ажлын тоо хэмжээг хэт ихэсгэж бодсон нь бодит байдлаас зөрж байна, хийгдэх ийм өндөр квадрат байхгүй бөгөөд энэ ажлыг солонгос ажилчдын бригад хийж гүйцэтгэн хөлсийг бүрэн авсан. Үндэслэх хэсгийн А.4-т зааснаар F15 давхарын ажлыг хариуцагч манайх хийсэн бөгөөд нэхэмжлэгч тал энэ ажлаа хийсэн гэдгээ нотлож чадаагүй. Иймээс манай тал 714 000 төгрөгийг төлөх нь үндэслэлгүй юм. Үндэслэх хэсгийн А.9-т зааснаар F2-F19 давхарын шатны хонгилын цагаан замаскны ажлыг ХХХ ахлагчтай бригад шатны хонгил, нийтийн эзэмшил эргэлтийн ажлыг хийж санхүүгийн баримтад байгаа 138-142-т, ХХХтай хийсэн ажил гүйцэтгэх гэрээгээр нотлогдоно. Нэхэмжлэгчээс энэ талаар хийсэн ажлаа нотлоогүй. Иймээс 1 045 629 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа энэ талаар дурдаагүй байсан бөгөөд ХХ захирал 2014 оны 6-с 10 дугаар cap хүртэл cap бүр 2 удаа санжүүжилт авахдаа гүйцэтгэсэн ажлаа харилцан тохиролцож ажлын чанар гүйцэтгэлээс хамаарч түүнд тохирсон тариф, тоо хэмжээ, үнэлгээгээр үнэлүүлэн гарын үсэг зурж, харилцан зөвшөөрсөний дагуу суутгах суутгалуудаа хийлгүүлэн авч байсан. "ХХХ" ХХК болон манай компаниас санхүүжилт ороогүй гэсэн шалтгаанаар хэзээ ч гүйцэтгэлийнхээ төлбөрийг хоцроож байгаагүй болно. Мөн нэхэмжлэгч байгуулга болон "ХХХ" ХХК-н захирал ХХ 2014 оны 5-10 дугаар сарын дутуу олгосон санхүүжилт гэж ямар нэгэн шаардлага санал гомдол, тавьж байсан асуудал байхгүй байтал шүүх нэхэмжлэгчийн нэрийн өмнөөс тухайн саруудад нь санхүүжилт ажлын хөлсийг дутуу олгосон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Барилгын засал чимэглэлийн ажил cap бүрийн тухайн ажлын гүйцэтгэлээр санхүүжиж явдаг болно. Нэхэмжлэгч "ХХХ" ХХК нь 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 117-р блок дээр ямар нэгэн ажил үүрэг гүйцэтгээгүй ба ажлаа хаяж явж сураггүй болсон. Ажил гүйцэтгэх гэрээнд тусгагдсан хаяг, утсан дээрээ байдаггүйн холбоо тогтоох бодлого амжилтгүй болсон. Захирал ХХт 2014 оны 11 дүгээр сарын 10-нд уулзаж 7 хоногийн хугацаа өгсөн боловч үр дүнд хүрээгүй учир манай зүгээс 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөр тасалбар болгон гэрээгээ цуцалсан. Хариуцагч манай компаний эрх ашгийг ноцтой хохироож нэхэмжлэгч "ХХХ"   ХХК нь гаргасан нэхэмжлэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байхад "ХХХ" ХХК-д 54 000 000 төгрөгийг манай компаниас гаргуулах шийдвэрийг уншиж хурлыг хаасан болно. Гэтэл шүүгч шийдвэрийг бичгээр 48446341 төгрөг болгож гаргасан байна. Мөн манай сөрөг нэхэмжлэлээс 20 593 010 төгрөгийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч хуулийн дагуу шийдэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “ХХХ” ХХК нь хариуцагч “ХХХ” ХХК, “ХХХ” ХХК-иудад холбогдуулан өрлөг, заслын ажлын хөлс 126 684 767 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “ХХХ” ХХК эс зөвшөөрч, барилгын ажил, материалын зардалд 29 265 231 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба хариуцагч “ХХХ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...нэхэмжлэгчтэй, гэрээ байгуулаагүй, эрх зүйн харилцаа үүсээгүй...” гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа талуудын хооронд 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр байгуулагдсан Өрлөг, заслын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлын 2014 оны 11, 12 дугаар сарын хөлс гэж тодорхойлсон.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2014 оны 3 дугаар сарын 05-ны өдөр “ХХХ” ХХК болон “ХХ” ХХК-ийн хооронд Өрлөг, заслын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээнд гүйцэтгэгч нь хаана, ямар ажлыг, хэний зардлаар, ямар хугацаанд гүйцэтгэх болон ажлын хөлсний хэмжээг заагаагүй тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээргүй байна.

Гэвч нэхэмжлэгч нь ХХХХХХ дүүргийн ХХ дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Дөрвөн улирлын цэцэрлэг” орон сууцны барилгын 110, 117 дугаар блокын өрлөг, шавардлага, засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэсэн тухайд талууд маргаагүй.

Хариуцагч “ХХХ” ХХК нь “ХХХ” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 31-ний өдөр ХХХХХХХХХХХ дугаар байранд дотор засал чимэглэлийн ажил гүйцэтгэхээр байгуулсан Заслын ажил гүйцэтгэх гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхдээ нэхэмжлэгчтэй гэрээ байгуулан, өрлөг, заслын ажлыг хийлгэсэн гэх ба ХХХ байрны заслын ажлын тоо, төсөвт өртгийн хэмжээгээр, ажлын хөлсийг амаар тохиролцсон гэснийг хариуцагч няцаагаагүй тул Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар ажлын хөлсийг гэрээний талууд тохиролцсон гэж үзэх юм.

Хэдийгээр талууд гэрээндээ гүйцэтгэх ажил, түүний хэмжээ, ажил гүйцэтгэх хугацаа, төсөвт өртгийн талаар тусгаагүй ч дээрх байдал, хэргийн нотлох баримтаас дүгнэвэл нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хэмжээ, түүнд төлөгдөх хөлсийг тодорхойлж болохоор байна.

Нэхэмжлэгч нь дээрх орон сууцны барилгын 110, 117 дугаар блокд хийж гүйцэтгэсэн 42 ажлын хэмжээ, түүний үнэлгээ, захиалагчаас авсан ажлын хөлс болон ажлын хөлсөнд төлбөл зохих мөнгөний дутуу хэмжээг тооцож гаргасныг үгүйсгээгүй.

Харин захиалагч буюу хариуцагч компани нь нэхэмжлэгч нь ажлыг бүрэн гүйцэтгээгүй, түүний гүйцэтгэсэн ажил нь доголдолтой байснаас захиалагч өөрийн зардлаар доголдлыг арилгахад 29 265 231 төгрөг зарцуулснаа нэхэмжлэгчээс гаргуулахаар маргаж байна.

Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор шүүхэд гаргасан нотлох баримтын хэмжээнд шүүх дүгнэлт хийсэн нь зөв байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хариуцагчийн татгалзал, тэдгээртэй холбогдох нотлох баримтуудыг хуульд нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийн болон сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч “ХХХ” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

Түүнчлэн шүүх тухайн маргааныг шийдвэрлэхэд холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/02920 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 505 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                               ШҮҮГЧИД                                   Т.ТУЯА

                                                                  М.ХХХХХ