Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 211/МА2023/00038

 

 


                            


                                                                   211/МА2023/00038

             Д.Бын хүсэлттэй иргэний 
           хэргийн тухай


            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч В.Цэцэнбилэг, ерөнхий шүүгч Н.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
           Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 
2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2023/00113 дугаартай шийдвэртэй
Б овогт Дгийн Б /РД:АГ......./-ын ажиллаж байсан байдал болон мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг 
    хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн
       ерөнхий шүүгч Т.Даваасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
     Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Д.Б, түүний өмгөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов. 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

             Хүсэлт гаргагч Д.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Д.Б би 1975 онд А аймгийн И сумын 8 жилийн сургуульд орж, 4 дүгээр ангиасаа сургуулиас гарч, аав ээжтэйгээ мал маллаж ирсэн. 1981 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн А аймгийн Хүүхдийн Тамир зусланд малчнаар орж, 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажилласан. 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс И сумын Г нэгдэлд малчнаар ажиллаж байгаад 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл ажиллаад, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр цэргийн албанд татагдаад, 1989 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр халагдаж ирсэн. 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс мөн А аймгийн Тамир зусланд малчнаар орж, 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл тасралтгүй малчнаар ажилласан. Ингээд 1995-2000 онд А аймгийн И сумын Э багт хувийнхаа малыг маллаж жил бүр тоолуулж байсан боловч малын А данс гарахгүй байна. Нэгдлийн архив тухайн үед шатсан, мөн аймгийн архивд материал шилжиж очоогүйтэй холбоотой байна. Би дээрх онуудад мал маллаж байсан бөгөөд тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцож баталгаажуулсан. Сумын орон тооны бус салбар зөвлөл хуралдаад мал маллаж байсан тухай нотлох баримт олдохгүй байгаа учир шүүхээр шийдүүлэх хэрэгтэй гэсэн. Ажилласан байдлаа бичүүлсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажилласныг нотолсон тушаал бүрэн бус дутуу бичсэн, зарим онуудын лавлагаа архиваас дутуу гарсан учир нийгмийн даатгалын байгууллага шүүхээр шийдүүлэх хэрэгтэй гэсний дагуу шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэр, бусад нотлох баримтуудыг үндэслэн Д.Б намайг А аймгийн Хүүхдийн төлөө төвийн Тамир зусланд 1981 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар, А аймгийн И сумын Г нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, А аймгийн Хүүхдийн төлөө төвийн Тамир зусланд 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал малчнаар, А аймгийн И сумын Э багт 1995-2000 оныг дуустал хувийнхаа малыг маллаж байсныг тус тус тогтоож өгнө үү.” гэжээ.
         Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2023/00113 дугаартай шийдвэрээр: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт Дгийн Бын А аймгийн И сумын Г нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний  А аймгийн Хүүхдийн төлөө төвийн Тамир зусланд 1981 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Дгийн Бын А аймгийн И сумын Э багт 1995-2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, дутуу тушаасан улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг хүсэлт гаргагчаас гаргуулж орон нутгийн орлогод оруулж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна. 

              Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.П би А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүсэлт гаргагч талд гардуулан өгсөн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2023/00113 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх Д.Бын хүсэлтээс А аймгийн Хүүхдийн төлөө төв Тамир зусланд ажиллаж байсан хэсгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Д.Б нь өөрөө бичиг үсэг мэдэхгүй, түүнд шүүхэд ажилладаг гэх хүн тусална гэж хэлж, түүний ажилласан байдлыг буруу тодорхойлсон хүсэлтийг шүүхэд гаргаж, уг зөрүүтэй гаргасан хүсэлтийн дагуу хүсэлтийн шаардлагыг өөрчлөх эрхээ мэдэхгүйгээр түүний ах төлөөлөн орсон. Нөгөө талаар хамт ажиллаж байсан хүн болон бусад нотлох баримт гаргаж өгөх эрхийг хэрэгжүүлж чадаагүй зэргээс түүний эрх ашиг хохирход хүрсэн байна. Иймд хэргийг хянаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү. Шүүх хуралдаанд биечлэн оролцож дэлгэрэнгүй тайлбар гаргах хүсэлттэй.” гэжээ. 
                                                            ҮНДЭСЛЭХ нь:
      Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

   Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

          Хүсэлт гаргагч Д.Б нь А аймгийн И сумын Г нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөөс 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар, А аймгийн Хүүхдийн төлөө төвийн Тамир зусланд 1981 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай, мөн А аймгийн И сумын Э багт 1995-2000 оныг хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг  анхан шатны шүүхэд гаргасан байна.

              Анхан шатны шүүх нь хүсэлт гаргагч Д.Бын А аймгийн И сумын Г нэгдэлд 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний  А аймгийн Хүүхдийн төлөө төвийн Тамир зусланд 1981 оны 03 дугаар сарын 24-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1989 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, мөн хүсэлт гаргагчийн А аймгийн И сумын Э багт 1995-2000 онд мал маллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэжээ. 

           Энэ хүсэлт нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал бөгөөд шүүх онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх  хэргийн нэг төрөл юм.

          Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ” гэж заасан.

         Онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг нь нэг талын хүсэлтэд үндэслэсэн, эрх зүйн маргаантай асуудлаар нэхэмжлэл гомдол гаргахаас өөр онцлог ажиллагаа учраас шүүх зөвхөн хүсэлт гаргагчийн хүсэлтэд тулгуурлалгүйгээр санаачилгаараа эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтооход зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг бүрдүүлэхэд анхаарах шаардлагатай юм.

        Хүсэлт гаргагч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг мэдэх гэрч нарыг шүүхэд гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг /хх-ийн 46 дугаар тал/ анхан шатны шүүх үндэслэлгүйгээр тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй нь  шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзнэ.

         Дээр дурдснаар анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд энэ нөхцөлд шүүх хүсэлтийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

         Хүсэлт гаргагч Д.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

                                                          ТОГТООХ нь:    


            1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 129/ШШ2023/00113 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

       2. Хүсэлт гаргагч Б овогт Дгийн Б /РД:/-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Пгийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 
           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

   

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                Т.ДАВААСҮРЭН
      ШҮҮГЧИД                             В.ЦЭЦЭНБИЛЭГ
                                            Н.ЭНХМАА