Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2018\ШЦТ\377

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0349/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Идэр,

Хохирогч Б.А,

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Б холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818006670398 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, эгчийн хамтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын ******* тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 16-ний шөнийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг, 18 дугаар цэцэрлэгийн хашаан дотор иргэн Б.Аыг ямар ч шалтгаангүйгээр толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Б.Аын “...согтуу хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд яахав гээд босоод явах гэсэн чинь араас*******нь зуураад хэрүүл өдөөд янз бүрийн авир гаргаад байсан. Тэгсэн манай найз Б.Б найзтай юм яриад бид нараас холдох гэхээр нь би араас нь явсан. ******* араас гараараа юм уу ямар нэг зүйлээр гэдгийг нь мэдэхгүй байна, миний баруун талын чих болон толгойны баруун тал руу нэг удаа цохисон. Миний эмчилгээний зардал 1,051,200 төгрөг болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоогоор асуудал гайгүй нүд хааяа улайх болсон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Гэрч ******* “...******* тэнд байсан хашлагыг түшчихсэн завьжнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд “яасан юу болсон” гэсэн чинь *******, *******, ******* гээд залуу цохичихлоо гэсэн. Б.А баруун талын чих сонсохгүй байна гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...******* биед баруун талын дунд чихний хэнгэргэн хальсны цоорол, тархи доргилт, баруун чамархайн зулгаралт, цус хуралт, дээд уруулын язрал тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно” гэх мэдүүлэг /хх-ийн 13/,

Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тухайн өдөр цэцэрлэгт архи ууж байгаад түлхэхээр нь нэг цохисон. Би хохирогчийн урьд нь зүс л мэддэг, хохирогчоос уучлалт гуйж байна” гэх мэдлүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Б.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,050,000 төгрөг төлсөн, хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагад хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160-р зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ГЭРЭЛТ-ОД