Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 1087

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч Ц.Ариунтуяа, шүүгдэгч С.Л, түүний өмгөөлөгч Г.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт С.Л-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 02653 1481 дугаартай хэргийг 2018 оны 12 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Б овогт С.Л, Монгол Улсын иргэн, ..... өдөр Архангай аймагт төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “......” ХХК-д туслах ажилтан, ам бүл хоёр, хамтран амьдрагчийн хамт ... тоотод оршин суудаг, регистрийн дугаар ....., урьд ял шийтгүүлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч С.Л нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны орой согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны 15 дугаар гудамжны 10а тоотод байрлах нийтийн байранд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч О.Н-тэй “гэр цэвэрлэсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгой руу нь хөлөөрөө өшиглөж түүний эрүүл мэндэд баруун, зүүн нүдний зовхи болон хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн бугалга, зүүн шуу, цээжний зүүн дээд хэсэг, зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт, бүсэлхий нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр “шүүгдэгч Б овогт С.Л нь 2018 оны 5 дугаар сарын 17-ны орой согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тоосгоны 15 дугаар гудамжны 10а тоотод байрлах нийтийн байрны 3 тоот өрөөнд “гэр цэвэрлэ гэж хэллээ” гэсэн шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч О.Н-ийн нүүр, толгойн баруун хэсэг рүү цохиж, өшиглөж, түүний бие махбодод “зүүн нүдний зовхи болон хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн бугалга, зүүн шуу, цээжний зүүн дээд хэсэг, зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт, бүсэлхий нуруунд зулгаралт” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:

1. Шүүгдэгч С.Л-ийн шүүх хуралдаанд өгсөн: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Прокурорын санал болгосон ялын төрөл, хэмжээ, хууль зүйн үр дагаврыг ухамсарлаж ойлгосон. Цаашид эхнэрээ дахин зодохгүй. Үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг;

2. Хохирогч О.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ... Л миний нүүр лүү нэг удаа, толгой руу нэг удаа гараараа цохисон. Мөн хөлөөс чирж, шалан дээр унагаад, зүүн шилбэ болон гуя руу хөлөөрөө өшиглөчихөөд гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-22 дугаар хуудас);

“...2018 оны 5 дугаар сарын 17-ны орой би Л-д “гэрээ цэвэрлэхгүй яасан юм бэ” гэж хэлсэн. Гэтэл түүнээс болж маргалдсан бөгөөд би түүнээс гэрийн түлхүүр булааж аваад гэрээс хөөсөн чинь Л надаас гэрийн түлхүүр авах гээд намайг ор луу түлхэж унагасан. Тэгээд миний нүүр, толгой руу нэг, нэг удаа гараараа цохисон, хөлөөс чирж, шалан дээр унагаад, зүүн шилбэ болон гуя руу хөлөөрөө өшиглөчихөөд гараад явсан бөгөөд өөр цохиж зодсон зүйл байхгүй. Л намайг өмнө нь зодож цохиж байгаагүй. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй. Би ажилтай учраас шүүх хуралдаанд оролцож чадахгүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24 дүгээр хуудас);

“...2018 оны 5 дугаар сарын 17-ны оройн 19 цагийн үед би ажлаа тараад Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15 дугаар гудамжны 10а тоотод байрлах нийтийн байрны 3 тоот гэртээ ирэхэд хамтран амьдрагч С.Л согтуу байдалтай, гадуур хувцас болон гуталтайгаа орондоо хэвтэж байхаар нь миний уур хүрээд “дандаа архи уудаг, чамтай хамт амьдрах сонирхол байхгүй чи зайлаад өгөөч” гэж хэлээд түлхүүрээ авахад Л босож ирээд надаас түлхүүр авах гээд намайг хажуу тийш түлхэж, нүүр лүү гараа атгаад цохиж зодоод гар луу 4-5 удаа өшиглөсөн. Тэгээд маш хурдан гараад явсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага өсгөн. Миний дух хавдсан, хоёр нүд хөх туяатай, хамар хавдартай, чих улайж хавдарсан, зүүн гарын дотор хэсэгт хөх  болсон, цээж болон гар, хөл орчимд зулгарсан шинжтэй улаан эрээн болсон байсан. Мөн толгой дүүрч, эрүү хөндүүртэй байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 30-32 дугаар хуудас);

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 6452 дугаартай “...Ю.Н-ийн биед баруун, зүүн нүдний зовхи болон хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зүүн бугалга, зүүн шуу, цээжний зүүн дээд хэсэг, зүүн шилбэ, баруун гуянд цус хуралт, бүсэлхий нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 36 дугаар хуудас);

4. Шүүгдэгч С.Л-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 56 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 57 дугаар хуудас);

5. Гэмт хэргийн талаарх дуудлагын мөрөөр очсон цагдаагийн алба хаагчийн үйлдсэн аюулын зэргийн үнэлгээ (хх-ийн 39-40 дүгээр хуудас), Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 07-17 дугаар хуудас);

6. Шүүгдэгч С.Л-ийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын сүүлээр хамтран амьдрагч О.Н-ийн хамт Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 15-10а тоотод байрлах нийтийн байранд амьдарч эхэлсэн бөгөөд 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгаас манай найз Булгантамир ирсэн бөгөөд бид хоёр “Хархорин” захын орчимд нэг шил архи хувааж уусан. Тэгээд найз Булгантамираас салаад, гэртээ ирээд байж байхад хамтран амьдрагч Н гаднаас орж ирээд “архи уулаа, гэр цэвэрлэсэнгүй” гэж уурлаад надаас гэрийн түлхүүр булааж аваад намайг гэрээс хөөхөөр нь би уурлаад түлхүүрээ буцааж авах гэж ноцолдож байгаад би түүнийг ор луу түлхэж унагаад, гараараа нүүр лүү нь нэг удаа цохисон. Мөн толгой руу нь нэг удаа цохисон. Хөлөөс нь чирж орон дээрээс унагаад зүүн шилбэ болон гуя руу нь өшиглөчихөөд гарч явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 83-86 дугаар хуудас) зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч О.Н-ийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.Л, хохирогч О.Н нар гэр бүлийн баталгаа бүхий эхнэр, нөхөр биш боловч нэг гэрт хамт амьдардаг хамтран амьдрагч нар байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд гэж зааснаар тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс болно.

Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ хэмээн хуульчилсан байдаг тул шүүгдэгч Ч.Мөнх-Эрдэнийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болж байна.

Шүүгдэгч С.Л-ийн үйлдэл нь идэвхтэй бөгөөд ухамсартай байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч О.Номин-Эрдэнийн биед хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно. 

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Түүнчлэн, шүүгдэгч С.Л нь шүүх хуралдааны үед хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болно.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч С.Л-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч О.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ч.Л-ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Л нь урьдчилан төлөвлөсөн шинжгүй буюу гэнэт үүссэн гэмт санаагаар гэмт хэрэг үйлдсэн байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон бусдад төлөх төлбөргүй байгааг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч С.Л-д 485 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 485,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна...” гэв.

Шүүдэгчийн өмгөөлөгчийн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтэд: “...Миний үйлчлүүлэгч С.Л нь өөрийн үйлдсэн гэмт хэрэг болон гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурортой ялын талаар харилцан тохиролцсон тул улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү...” гэв

Прокуророос гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-д дөрвөн зуун наян таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун наян таван мянган төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлаж ойлгосон байна. Түүнчлэн уг санал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж зааснаар хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-д дөрвөн зуун наян таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун наян таван мянган төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хувийн байдал, хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоолоо. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Л нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, түүнд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Б овогт С.Л-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-д дөрвөн зуун наян таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун наян таван мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Л-д оногдуулсан торгох ялыг дөрвөн сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоосугай.

4.Шүүгдэгч С.Л торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч С.Л нь цагдан хоригдсон хоноггүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч С.Л-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 ШҮҮГЧ                                    Б.БАТАА