| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0108/Э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/113 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Гүнжидмаа |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Х.Гүнжидмаа
Шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овгийн Ч-ны С-д холбогдох 1816002370118 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт Ч-ны С.
Шүүгдэгч Ч.С нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн үед Г*** аймгийн *** сумын нутаг дэвсгэр ВМ баарны гадаа Г.Д-н духан тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Ч.С нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 21 цагийн үед *** аймгийн *** сумын нутаг дэвсгэр ВМ баарны гадаа Г.Д-н духан тус газар чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Ч.С гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ч.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “... ***, Д бид хэд БМ бааранд байж байгаад Д бид 2 нойлд муудалцсан. Ү салгаад сууж байгаад Д гадаа тамхи татаад зогсож байхаар нь би чулуугаар нэг цохисон. Тэгээд тэнд байсан хүмүүс салгаад, цагдаад дуудлага өгсөн байсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Г.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Би С-ыг сайн танихгүй болохоор чи чинь хэн билээ танихгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чи зөндөө олон танилцчихаад яагаад танидаггүй юм гэсэн. Тэрнээс болоод бид хоёр муудалцаад баарны 0-н өрөөнд орсон. 0-н өрөөнд ороод маргалдаад С намайг багалзуурдаад түрхсэн. Тэгэхээр нь би буцаагаад түлхээд гарыг нь тавиулсан чинь намайг зөрүүлээд цохисон. Тэгсэн чинь Үүрийнтуяа орж ирээд С-тай нийлж над руу дайрах янзтай байхаар нь би гараад зугтаасан. Тэгээд би буцаж ирээд ширээн дээрээ сууж байгаад хэсэг хугацааны дараа гадаа гарч ирээд баарны зүүн талд хашааны гадаа тамхи татаад зогсож байтал С баарнаас гарч ирээд шууд урдаас ирээд гартаа чулуу атгаж байгаад миний духанд нэг удаа цохисон, би ухаан балартаад С-ыг бариад авсан, тэгээд бид хоёр барилцаад байж байхад хүмүүс салгасан... Тэгээд би цагдаад дуудлага өгч, гомдол гаргасан...” гэсэн мэдүүлэг /ХХ24-25/,
Гэрч Ө.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... Тэгээд Цагдаагийн газар дээр ирээд юу болсон талаар Ү, С нараас асуухад С хэлэхдээ намайг нэг залуу баарны 0-н өрөөнд зодоод байхаар нь шарандаа баарны гадаа чулуу атгаж байгаад цохичихсон гэж бид 2-т хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ28-29/,
Гэрч М.Ү-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... баарнаас гартал баарны үүдэнд Д дух нүүр нь цус болсон зогсож байхаар нь яасан бэ? гэхэд чамд хамаагүй гэсэн. Тэгээд би буцаж баар луу ороод С-тай уулзаад хоёулаа явъя гээд гарч ирээд Б гэх зүс таних залуутай таараад машинтай явах гэж байхаар нь хүргээд өгөөч гээд хамт явах гэж байтал цагдаа нар ирээд бид нарыг авч явсан... С-аас юу болсон талаар асуухад би Д-г баарны гадаа тамхи татаад зогсож байхаар нь шарандаа гартаа чулуу атгаж байгаад цохисон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ30-31/,
Гэрч Б.Н-лийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2018 оны 10 дугаар сарын 04-ний орой 23 цагийн үед манай нөхөр Г.Д ВМ баарны хажуу талд байна хүнд зодуулчихлаа намайг ирээд аваатахаач гэхээр нь очсон. Тэгээд очиход толгой дух орчмоос цус гоожсон байдалтай байсан. Тэгээд нөхрөө аваад эмнэлэг явах гээд ВМ баарны хажуу талын байшингийн хажуугаар гарах гэж байхад зодсон хүмүүс энд байна гэхээр нь цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ36/,
Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 252 дугаартай “...1. Иргэн Г.Д-ийн биед тархи доргилт, духанд шарх, үүдэн шүдний эмтрэл, дүүн нүдний алимны салстын цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг үд хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ42-43/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн улсын яллагчийн хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.С-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул үндэслэлтэй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй, шүүгдэгч Ч.С нь өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтийг бичгээр ирүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Ч.С-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүгдэгч Ч.С-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Ч.С-ын цагдан хоригдсон 3 хоногийг торгох ялын 45 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 45000 төгрөгөөр тооцож, эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй, хохирогчид 1.450.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Ч-ны С-ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сар бүр 150.000 төгрөгөөр 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сын цагдан хоригдсон 3 хоногийг торгох ялын 45 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 45000 төгрөгөөр тооцож, эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.С-д танилцуулсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй, хохирогчид 1.450.000 төгрөг төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА