| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Батаа |
| Хэргийн индекс | 188/2018/1079/Э |
| Дугаар | 1104 |
| Огноо | 2018-12-13 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 11.7.1., |
| Улсын яллагч | Ц.Баасанцэрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 1104
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батаа даргалж, нарийн бичгийн дарга Ц.Баасанцэрэн, улсын яллагч М.Амарзаяа, шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Н.Цэрэндулам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тус дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Б овогт Ч.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1808 04134 1030 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овогт Ч.Г, Монгол Улсын иргэн, ...... өдөр Төв аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын 2-23б тоотод оршин суудаг, регистрийн дугаар ........, урьд ял шийтгүүлж байгаагүй.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ч.Г нь 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын 2-23б тоотод, 2018 оны 5 дугаар сард Төв аймгийн Жаргалант суманд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Д-г байнга зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,
Мөн 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын 2-23б тоот өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Дуламсүрэнгээс “барьцаалан зээлдүүлэх газарт бөгжөө тавьж, архи ууна” гэх шалтгаанаар бөгжөө нэхэж, улмаар онц харгис хэрцгийгээр зодож, баруун зүүн хөлийнх нь булчинд хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр дараах үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүгдэгч Б овогт Ч.Г нь:
- 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр, 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын 2-23б тоотод 2 удаа, 2018 оны 5 дугаар сард Төв аймгийн Жаргалант суманд 1 удаа буюу нийт 3 удаа гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Дуламсүрэнг зодсон,
- 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Оёдлын 2-23б тоот гэртээ “бөгжөө барьцаалан зээлдүүлэх газарт тавьж, архи ууна” гэсэн шалтгаанаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Дуламсүрэнтэй маргалдаж, гэр бүлийн зурагтай жаазаар цохиж, үнстэй хутгуур шидэж, улмаар түүнийг бага насны хоёр хүүхдийнхээ дэргэд цохих, дэвсэх байдлаар зодож, баруун зүүн шилбэний булчинд хутгалж, бие махбодод нь “цээж, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хоёр шилбэний хатгагдаж зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь;
Шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
1. Шүүгдэгч Ч.Г-ын шүүх хуралдаанд өгсөн: “...Би тухайн үед архи уух гээд эхнэрээсээ бөгжөө нэхэж байсан санагдана. Би тэр үед согтуу байсан учир болсон үйл явдлыг буюу эхнэрээ хаана нь яаж хутгалсан, ямар хутга хэрэглэснээ санахгүй байгаа юм. Би ийм хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Мөн эхнэрээсээ уучлал гуйсан. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргийн тухайд мөн маргах зүйл байхгүй. Харин 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр эхнэрээ зодоогүй, 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр зодсон юм. Би яллах дүгнэлтэд дурдсан хэргийн үйл баримт болон зүйлчлэлийг, мөн эхнэрийнхээ эрүүл мэндэд учирсан хохирлыг бүрэн хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг;
2. Хохирогч Б.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г-той 2002 онд гэр бүл болж, нэг гэрт орсон. Бид хоёр 3 хүүхэдтэй, 1 хүүхэд маань насанд хүрээд, одоо Солонгост ажиллаж байгаа юм. Харин 13 настай охин, 7 настай хүү маань бид хоёртой хамт байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр би ажлынхаа хүмүүстэй шар айраг уусан бөгөөд нөхөр Г-д намайг гэрт авчирсан. Тэгтэл Г-д буцаж гараад 1 лонх архи авчирсан. Тэгээд “Ганхуяг ахынд орж архиа ууя” гэхээр нь зөвшөөрсөн. Ганхуяг манай нөхрийн ах бөгөөд түүний эхнэр Энхтуяа бид дөрөв 2 лонх архи хувааж уусан. Тэгээд нөхөр “гэртээ хононо” гээд гарсан, би охин Энхзул, хүү Алтан-Эрдэнийн хамт Ганхуяг ахынд хоносон юм. Маргааш өглөө нь гэртээ ороход Г-д босчихсон байсан бөгөөд “бөгж хаана байна” гээд надаас нэхэхээр нь би бөгжийг нь гаргаж өгтөл “барьцаанд тавьж архи ууна” гэхээр нь би “тэгээ тэг, бөгжөө тултал нь тавиад, миний бөгжийг барьцаалан зээлдүүлэх газраас авч өгөөрэй” гэж хэлсэн. Гэтэл Г-д уурлаад “чи жинхэнэ пизда байхгүй юу” гээд миний үснээс зулгааж, толгой руу цохиод, хананд өлгөөтэй байсан гэр бүлийн зурагтай жаазаар намайг цохисон. Тэгээд бас пийшингийн үнстэй хутгуур шидсэн бөгөөд тухайн үед бэр эгч Энхтуяа орж ирээд “боль” гэхэд болихгүй, түүнийг гэрээс түлхэж гаргасан. Тэгээд гартаа таарсан ямар ч хамаагүй эд зүйлсийг барьж авч цохиод, дээрээс дэвслээд, хутга хайгаад “нэг мөсөн гүйцээчихье” гээд байсан. Би айгаад нүүрээ дарсан байсан бөгөөд миний гуя, бөгс, шилбэ, булчингууд руу цохиод байсан. Гэнэт цагдаа орж ирсэн бөгөөд би босоод хартал аймаар их цус гоожсон байсан. Миний хоёр хөлийн булчин хэсэг ангайчихсан байсан. Би юугаар тийм болгосныг нь мэдээгүй. Би тухайн үед айчихсан байсан болохоор өвдөлтийг ерөөсөө мэдрээгүй. Гэмтлийн эмч хутганы шарх байна гэж хэлээд хоёр хөлөнд нэлээд олон оёдол тавиад, баруун хөлийн судас гэмтсэн гээд шохойдсон. Манай нөхөр 2018 оны 5 сард Төв аймгийн Жаргалант суманд байхад намайг зодож байсан. Тэгээд би хотод ирээд 7 хоног тусдаа амьдарсан бөгөөд Г манай ааваас “дахин зодохгүй” гэж гуйгаад, бид эвлэрч байсан юм. Мөн 2017 онд нэлээн олон удаа зодож байсан. 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр Г-д намайг зодоход би цагдаа дуудаж өгч явуулсан. 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр намайг ганц нэг удаа цохисон. Г-д архи уусан үедээ намайг хэл амаар доромжилж, зодож цохиод байдаг юм...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-20 дугаар хуудас);
- “...2017 оны 7 дугаар сарын 13-ны өдөр манай нөхөр Г нь согтуурсан үедээ агсам тавьж, намайг хэд хэдэн удаа цохьсон. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм. Тэр үед миний биед гэмтэл учраагүй байсан. Түүний дараа 2018 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр агсам тавьж, намайг бас хэд хэдэн удаа цохисон бөгөөд мөн гэмтэл учраагүй. Би тэр үед гэмтээгүй боловч цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан юм. Түүний дараа 2018 оны 5 сард Төв аймгийн Жаргалант суманд байх үедээ нөхөр Г-д зодуулж байсан. Энэ үед цагдаагийн байгууллагад хандаагүй боловч зодуулсныхаа дараа аавынхаа гэрт очсон. Тийм болохоор намайг зодуулсныг аав маань мэдсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 139-140 дүгээр хуудас);
3. Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бага охин болох Нямсүрэнгийн охин Амарзаяа над руу утсаар яриад “Г-д ах Д эгчийг зодоод байна гээд, охин Энхзул нь над руу залгаад, уйлаад байна” гэж хэлэхээр нь “такси бариад өвөө дээрээ хүрээд ир” гэж хэлсэн. Би Амарзаяаг гэрт ирэхээр нь хамт гараад Дуламсүрэнгийн утас руу залгахад, утсаа авахгүй байсан. Би Г-д руу залгаж “юу болоод байна” гэхэд тэрээр “би цагдаад баригдчихсан явж байна” гэхээр нь “хохино” гэж хэлсэн бөгөөд цаанаас нь нэг цагдаа яриад “Д-г эмнэлэг рүү аваад явсан” гэж надад хэлсэн. Би шууд гэмтлийн эмнэлэг дээр ирэхэд Дуламсүрэн эмнэлгийн машинтай ирсэн. Эмч нар түрдэг тэргэн дээр суулгаж оруулаад, би араас нь орж харахад түүний хоёр хөлийн булчин аймаар ангайчихсан, цус гарчихсан байсан. Тэгээд би гар утсан дээр зургийг нь дарж авчихаад буцаж гарсан. Дуламсүрэн боолт хийлгэчихээд гарч ирэхээр нь юу болсон талаар асуухад “би Г-г ахынд хоночихоод гэртээ ороход Г над руу уурлаж, зодохоор нь би шууд толгойгоо хамгаалаад “миний ханиа битгий ингэ л дээ” гээд гуйгаад байхад намайг зодоод байсан. Тэгээд сүүлд харахад миний хөл ийм болсон байсан” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “наадахыг чинь хутгаар хатгачихсан юм биш үү” гэтэл “би мэдэхгүй байна, ямартай ч Г хутга хайгаад байсан” гэж хэлсэн. Дараа нь түүний хоёр хүүхэд ирсэн бөгөөд бид машинд суугаад явах гэж байхад манай ач болох Аптан-Эрдэнэ “өвөө, цагдаагийн нохой ёстой мундаг! зөндөө олон хутган дундаас аавын гартаа барьчихсан байсан хутгыг яг олсон” гэж хэлж байсан юм. Г нь Дуламсүрэнг нэлээн олон удаа зодож байсан. Г намайг зодоод байна гээд утсаар яриад байдаг байсан. Би шууд яваад очиход Г архи уучихсан согтуу л байж байдаг. Хамгийн сүүлд 2018 оны хавар охин Дуламсүрэн Төв аймгийн Жаргалант сумаас “Г-д зодуулчихлаа” гэж хотод ирээд манай гэрт байсан бөгөөд тэр үед биеийнх нь зарим хэсэг хөхөрчихсөн байсан. Тэр өдрөөс хойш хэсэг гэртээ хариагүй бөгөөд Г манай гэрт надтай уулзах гэж ирэхээр нь би түүнд “та хоёр сал” гэхэд тэрээр “би дахиж ийм асуудал гаргахгүй” гэж гуйж, ам өчгөө өгөөд Дуламсүрэнг аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 24-25 дугаар хуудас);
4. Гэрч Б.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 08-ны өглөө би ажилдаа явж байтал манай аав Бунтар над руу яриад “эгч чинь хутгалуулсан байна, би гэмтлийн эмнэлэг рүү явж байна, чи гэмтэл дээр хүрээд ир” гэж хэлсэн. Би гэмтлийн эмнэлэг дээр очиж аавтай уулзаад байж байтал түргэний машинаар Д эгч ирсэн. Аав миний гар утсаар түүний хөл, гарын зургийг авсан. Тэгээд би орж харахад эгч Д-гийн хоёр хөлийн булчин ангайчихсан, шархнаас нь их цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 26 дугаар хуудас);
5. Гэрч Л.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 9 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед манай нөхөр Г-г, Г, түүний эхнэр Д бид дөрөв 2 лонх архи уусан. Д “хань нь энд хонолоо” гэхэд Г “тэг тэг” гэчихээд гараад явсан. Тэгээд Энхзул, дараа нь хүү Алтан-Эрдэнэ нь орж ирээд ээж Дуламсүрэнгийн хамт манайд хоносон. Өглөө Д хоёр хүүхдээ дагуулаад гарсан. Г, Д нарын бага хүү Г.А орж ирээд “аав ээжийг зодоод байна” гэж хэлэхээр нь би дагаад гэрт нь ороход эхнэр Д нь орон дээрээ хэвтчихсэн, нөхөр Г нь гэрийн голд зогсоод хэрэлдэж байсан. Би охин Энхзул нь Г бөгж өгч байхыг харчихаад “бөгжөө барьцаанд тавьж, архи уух гэж байна” гэж бодоод Г “Болдоо одоо болио, ууж идэж чадахгүй өглөө эрт хэрэлдлээ” гэж хэлчихээд гарсан бөгөөд хашааны ойролцоо явж байтал араас охин Энхзул нь “Туяа аниа” гээд орилж хашгираад гарч ирэхээр нь буцаад ороход Д орон дээр хэвчихсэн, Г орон дээр зогсчихсон, гартаа үнсний хутгуур барьчихсан, гэрээр нэг үнс бутраачихсан байсан. Тэгэхээр нь би Г-г орон дээрээс татаж буулгаад гараас нь үнсний хутгуур булааж авч байранд нь хийчихээд “чи одоо мэдрэл муутай юм уу, идэж ууж чадахгүй, арчаагүй царайлаад” гэж хэлчихээд гарч гэр лүүгээ орсон. Тэгээд 9 цагийн үед Алтан-Эрдэнэ уйлчихсан орж ирээд “аав ээжийг хутгалчихсан байна” гээд гар нь цус болчихсон орж ирсэн. Тэр үед Энхзул манайд байсан бөгөөд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд бид гурав хамт Г-ынх руу ороход тэрээр гэрийнхээ үүдэнд зогсож байсан. Г-д Дуламсүрэн хоёр хааяа нэг хэрэлдэж муудалцдаг байсан. Гэхдээ ингэж хутга шөвгөний асуудал гаргаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 27-28 дугаар хуудас);
6. Гэрч Н.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ачит 118 дугаар чиглэлд үүрэг гүйцэтгэж байхад “аав ээжийг хутгалчихлаа” гэх дуудлагын дагуу хаягаар очиж, гэрт ороход гэр дотор эмх замбараагүй, гэрээр нь үнс цацагдсан, ор болон шалан дээгүүр цус гоожсон байдалтай байсан бөгөөд Г гэх залуу гэртээ байсан. Харин эхнэр Дуламсүрэн нь маш их айсан байдалтай уйлчихсан, салгалчихсан зогсож байсан. Г гэгчийг жолооч цагдаа Аптансүхэд өгч гаргаад Дуламсүрэн гэх эхнэрээс нь юу болсон талаар асуухад тэрээр “бөгжнөөс болж маргалдсан, намайг толгой түрүүгүй зодсон, өөрийгөө хамгаалах гээд толгойгоо дараад хэвтэхэд дээрээс дэвсээд нүүр нүдгүй зодсон” гэж хэлэхээр нь “танай хутга хаана байдаг вэ, таны хөлийг хутгаар ийм болгосон юм биш үү” гэхэд хутгаа хийдэг газраа зааж өгөхөөр нь онгойлгож үзэхэд ямар нэгэн хутга байгаагүй. Тэгээд цагдаагийн бүрэлдэхүүн ирж үзлэг шалгалтаа хийсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 143-144 дүгээр хуудас);
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 11010 дугаартай: “...хэсэг газрын үзлэгт: хоёр шилбэний ард 2-4 см урттай, баруун хөлийн шархны оёдлоос цааш шалгахад 10 см орчим гүн хөндийтэй, хөндийг угааж резинэн гуурс үлдээв...”, “...Б.Д-гийн биед цээж, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, шарх, хоёр шилбэний хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хх-ийн 35 дугаар хуудас);
8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн биологийн шинжээчийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 9454 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн 2018.09.08-ны өдөр СХД-ийн 10 дугаар хороо, Оёдлын 2-23б тоотод Д бусдад хутгалуулсан гэх хэргийн газраас авсан цустай бинт (3 ширхэг) гэсэн хаягтай цаасан уутанд 3 ширхэг бинтийн хэсэгт шингээсэн хүрэн өнгийн хатсан зүйл дээр цус илэрсэн..." гэсэн дүгнэлт (хх-ийн 48 дугаар хуудас);
9. Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн мөрдөгчийн 2018 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн “...угаалгын машины хажууд шалан дээр хоорондоо 20 см зайтай цус мэт зүйл байсныг, ...буйдангийн гол хэсэгт цус мэт зүйлээр бохирлогдсон, буйдангийн хажууд цус мэт зүйлээр бохирлогдсон 3 ширхэг бинт байх бөгөөд гэрэл зургаар бэхжүүлэв. ...Уг гал тогтооны шүүгээний баруун дээд буланд хутга байдаг гэх бөгөөд уг шургуулгыг нээж үзэхэд хутга байгаагүй тул үргэлжлүүлэн эд мөрийн баримтыг хайж, бусад шүүгээг онгойлгоход зүүн талын хоёр хаалгатай шүүгээний дээд талын тавцан дээр 4 ширхэг хутга байсныг шинжээч гэрэл зургийн аргаар бэхжүүлж, газар эгнүүлэн тавьж, нохойн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Х.Шинэбаяр “Уран” дуудлагатай албаны нохой ашиглан эд мөрийн баримтаар хураагдсан цус мэт зүйлээр бохирлогдсон бинтийг үнэртүүлж, 4 хутганаас эд мөрийн баримтыг хайлгахад ертөнцийн зүгээр баруун талаасаа 2 дахь хутга буюу бор шар өнгийн иштэй, нийт 23 см урттай, ажлын хэсгийн урт нь 10 см хутгыг зааж зуусан тул гэрэл зургаар бэхжүүлж, эд мөрийн баримтаар тооцохоор хураан авлаа...” гэсэн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 03-10 дугаар хуудас);
10. Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 21б/2530 дугаартай албан бичиг бүхий: “2017-07-13-ны өдрийн 18:59:23 цагт бүртгэгдсэн иргэн Д-гээс ирүүлсэн “манай нөхөр согтуу агсам тавиад, зодож нүдээд байна” гэсэн утгатай дуудлага, 2018-04-28-ны өдрийн 20:11:26 цагт бүртгэгдсэн иргэн Дуламсүрэнгээс ирүүлсэн “нөхөр агсам тавиад, доромжлоод байна” гэсэн утгатай дуудлагын лавлагаа бүхий хүснэгт (хх-ийн 101-103 дугаар хуудас);
11. Шүүгдэгч Ч.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 85 дугаар хуудас), урьд ял шийтгүүлж байгаагүй талаарх эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 91 дүгээр хуудас), шүүгдэгч, хохирогч нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатайг нотлох гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 92 дугаар хуудас);
12. Гэмт хэрэг, зөрчлийн талаарх дуудлагын мөрөөр очсон цагдаагийн алба хаагчийн үйлдсэн аюулын зэргийн үнэлгээ (хх-ийн 104 дүгээр хуудас), Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл болон гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ (хх-ийн 105-111 дугаар хуудас);
13. Хохирогч Б.Д-гээс 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасан “...Б.Д миний бие нөхөр болох Ч-ийн Г гомдолгүй тул ял шийтгэлгүй шийдэж өгнө үү...” гэсэн өргөдөл зэрэг нотлох баримт болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, мөн хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөгч эрүүгийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахдаа энэ хэргийн шүүгдэгч Ч.Г-ын төрсөн хүүхдүүд болох 13 настай охин Энхзул, 7 настай хүү Алтан-Эрдэнэ нарт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан төрсөн эцгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх суурь эрхийг нь тайлбарлаж өгөөгүй, мэдүүлэг өгөх эсэхийг нь тусгайлан асуугаагүй байх тул тэдний мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүйг дурдаж байна.
Хэдийгээр эрүүгийн хэрэг бүртгэлтийн онцлог нь тухайн хэрэгт хүн, хуулийн этгээд хууль зүйн хувьд холбогдоогүй байдаг боловч хэргийн нөхцөл байдлаас үүдэн хэрэгт ямар нэгэн баримтаар буруутгагдаж эхэлсэн байж болдог. Ийм учир яллагдагчаар татагдаагүй боловч хэрэгт цугларсан баримтын хүрээнд ямар нэгэн байдлаар холбогдоод эхэлсэн хүний гэр бүлийн гишүүн, эцэг эх, үр хүүхдээс мэдүүлэг авахдаа хуулиар хамгаалагдсан “мэдүүлэг өгөхгүй байх эрх”-ийг нь заавал тайлбарлаж, мэдүүлэг өгөх эсэхийг нь асууж, тэмдэглэлд тусгайлан тусгасан байх учиртай.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтын хувьд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч утгыг тодорхойлохдоо 2017 оны 7 дугаар сарын 13-ны өдрийн үйлдлийг 2018 оны 7 дугаар сарын 13-ны өдөр хэмээн зөрөөтэй тэмдэглэсэн нь техникийн шинжтэй алдаа болох нь хэргээс шинжлэн судлагдсан ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагаа, хохирогчийн мэдүүлэг, мөн шүүхийн хэлэлцүүлгийн үед гаргасан шүүгдэгчийн мэдүүлэг, улсын яллагч болон өмгөөлөгчийн тайлбараар нотлогдсон тул шүүх хэргийн үйл баримтыг зөвтгөн тогтоосныг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн шинжилгээний төв байгууллагын шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.Д-гийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ч.Г, хохирогч Б.Д нар гэр бүлийн баталгаа бүхий эхнэр, нөхөр байх тул Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заасны дагуу тэд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс байна.
Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” хэмээн хуульчилсан тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинжид хамааруулж зүйлчлэх үндэслэл болно.
Түүнчлэн, тэрээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэртээ хүч хэрэглэхдээ гэр бүлийн зурагтай жаазаар цохих, үнстэй хутгуур авч шидэх, дээрээс нь дэвслэх байдлаар балмад догшин авирласан, хоёр шилбэний булчинд хутгалж өвтгөн шаналгахуйц шарх гэмтэл үүсгэсэн, бага насны хоёр хүүхдийнхээ нүдэн дээр “ЭЭЖ”-д нь хүч хэрэглэсэн байх тул “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэж үзнэ.
Шүүх шүүгдэгч Ч.Г нь дээр дурдсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн байхаас гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.Дуламсүрэнг нийт 3 удаа буюу байнга зодсон үйлдэл нь “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Г-ын үйлдлүүд нь идэвхтэй бөгөөд ухамсартай байхын сацуу хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогч Б.Д-гийн биед хөнгөн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн, мөн байнга зодож эрх чөлөөнд нь халдсан байх тул түүнийг эдгээр гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Түүнчлэн, шүүгдэгч Ч.Г нь шүүх хуралдааны үед хэргийн үйл баримт, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний өмгөөлөгч гэм буруугийн талаарх дүгнэлтээр мэтгэлцээгүй болно.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүхээс шүүгдэгч Ч.Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд, мөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг байнга зодож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Д нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн, мөн шүүхэд бичгээр хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Ч.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэн тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.Г нь бусдад төлөх төлбөргүй байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Улсын яллагчийн дүгнэлтэд: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” үндэслэлээр хүндрүүлэх нөхцөл байдалд тооцуулж, шүүгдэгч Ч.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоногоор тооцож, 90 хоногийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгээд, нийт 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар тогтоох саналтай байна. Уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 94 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон 3 ширхэг бинтийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, мөн шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт битүүмлэгдсэн эд хөрөнгөгүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлж, энэ өдрөөс хорих ялын хугацааг тоолох саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: “...Миний үйлчлүүлэгч 2018 оны 9 дүгээр сарын 11-нээс хойш цагдан хоригдсон бөгөөд надаар дамжуулан “уучлаарай хань минь, дахин ийм үйлдэл гаргахгүй, цагдан хорих ангид ирээд маш ихийг ойлгож мэдсэн, миний буруу гэдгээ яс махаараа мэдэрч байна” гэж эхнэрээсээ уучлал гуйсан. Мөн дараа нь эхнэрээ эргэлтээр очих үед нь дахин уучлалт гуйсан. Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч гэм хор нэхэмжлээгүй тул бусдад төлөх төлбөргүй байгаа. Түүнчлэн, шүүгдэгч Г-ын ар гэрийнхэн хохирогчийг эмнэлэгт байхад нь 500,000 төгрөг өгсөн. Хохирогч шүүхэд “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Дуламсүрэнгийн эрүүл мэнд одоо хэвийн болсон бөгөөд ажил хийж байгаа юм. Улсын яллагчын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь өндөр байна. Учир нь шүүгдэгч Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон буюу урьд ямар нэгэн байдлаар эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул уг ялын доод хэмжээгээр буюу 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял болгож өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай. Иймд бусдад төлөх төлбөргүй байгааг нь харгалзан доод хэмжээгээр буюу 6 сарын хорих ял оногдуулж өгнө үү. Шүүгдэгч Ч.Г нь хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ойлгож гэмшсэн, цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэж шүүх хуралдаанд илэрхийлсэн байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгээд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг хасаад, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр үлдсэн хорих ялыг нь тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Ч.Г нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “онц харгис хэрцгийгээр” гэсэн зүйлчлэл хүндрүүлэх хоёр бүрэлдэхүүнтэй үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн гэсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалтай байх тул шүүх улсын яллагчийн 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь ялын төрөл, хэмжээний хувьд тохирсон хэмээн дүгнэв.
2015 оны Эрүүгийн хуулиар урьд хэрэглэж байсан хорих ял оногдуулсны дараа тэнсэж хянан харгалздаг хариуцлагын тогтолцоог халсан бөгөөд ял тэнсэх зохицуулалтыг онолын хувьд сонгодог утгаар нь буюу ял оногдуулах эсэх асуудлаа тэнсэхээр өөрчилсөн тул “шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн өмгөөлөгчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал болон эрүүгийн хариуцлагын шинэчлэлд ноцтой харшлахын зэрэгцээ хууль зүйн хувьд илтэд үндэслэлгүй болно.
Нөгөөтээгүүр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш санаатай гэмт хэрэг үйлдсэн хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хязгаарласан байх тул шүүгдэгч Ч.Г-д хуульд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх боломжгүй юм.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүгдэгч Ч.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар арван сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэх нь үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн ... бол ялаас чөлөөлөх;” гэж заасан хууль зүйн нөхцөл, шаардлагыг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ч.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан арван сарын хугацаагаар хорих ялаас чөлөөлөх үндэслэл болох бөгөөд шүүх түүнийг хорих ялаас чөлөөлөх нь “...гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх...” эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ хэмээн үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ын цагдан хоригдсон 94 хоногийг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцох нь зүйтэй.
Монголын ард түмэн бид хүмүүнлэг нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосон Үндсэн хуулийн тунхагийг харгалзан, шүүгдэгч Ч.Г-ыг өөртөө дүгнэлт хийж, цаашид аливаа хүчирхийлэлгүйгээр ирээдүйн сайн сайхан, үр хүүхдийнхээ төлөө зөв амьдарч чадна хэмээн өндөр итгэл найдвар үзүүлэн, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засан хүмүүжүүлэх бололцоо бий гэж дүгнэн хорих ялаас чөлөөлсөн болохыг шүүгдэгч Ч.Г ухамсарлан ойлгож, хойшид өөрийн муу зуршил, буруу зан үйлээ засаж авбал зохино.
Иймд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж “гурван сарын дотор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, “нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг хэрэглэх нь түүнийг согтуурах хорт зуршлаасаа салах, хүчирхийлэх зан үйлээ засахад нь хууль зүйн үр дагавар бүхий хөшүүрэг болох тул нийгэмшүүлэх бодит үр нөлөөтэй гэж үзэв.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүгдэгч Ч.Г-д хэрэглэсэн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний хэрэгжилтэд хяналт тавьж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд заасан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 23 см урттай, бор шаргал өнгийн иштэй нэг ширхэг хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон нэг ширхэг бинт, хоёр ширхэг давууг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Г-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Ч.Г-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд, мөн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг байнга зодож үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч Ч.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар арван сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.Г-ыг мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар оногдуулсан арван сарын хугацаагаар хорих ялаас чөлөөсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Г-ын цагдан хоригдсон 94 хоногийг түүнд мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нэг хоногийг найман цагаар оруулан тооцсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Ч.Г-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар “гурван сарын дотор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3.3 дахь заалтад зааснаар “нэг жилийн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт 23 см урттай, бор шаргал өнгийн иштэй нэг ширхэг хутга, цус мэт зүйлээр бохирлогдсон нэг ширхэг бинт болон хоёр ширхэг давууг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Г нь бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Ч.Г-д урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10.Оролцогч давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ч.Г-д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Б.БАТАА