Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/114

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа

Шүүгдэгч О.Цэцэгмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхбатын Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816001420088 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, халх, 1964 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Халиун сумд төрсөн, 54 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сүү технологич мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Түмэн багийн Сутай хороо 5-9 тоотод оршин суух, урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 01/А дугаартай шийтгэх тогтоолоор 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагнал байхгүй,  ДЭ64121707 регистрийн дугаартай, Жалайр овогт Ойдовын Цэцэгмаа.

Шүүгдэгч О.Цэцэгмаагийн нөхөр Д.Гансүхийг нас барсан гэх бичиг баримт бүрдүүлэн тэжээгчээ алдсан тэтгэвэр авах зохиомол байдлыг зориудаар бий болгож, нийгмийн даатгалын сангаас охин Оюун-Эрдэнийн нэр дээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон нийгмийн даатгалын санд 3.660.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “залилах” гэмт хэрэгт хамаарна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч О.Цэцэгмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би Гансүх гэдэг хүнтэй 1986 онд айл гэр болж, 6 хүүхэд төрүүлсэн. 2008 онд  энэ хүн намайг 6 бага хүүхэдтэй хамт орхиж  гэрээсээ яваад эргэж ирээгүй.  Эргээд ирэх юм болов уу? гэж нилээн харсан. Хэл сураггүй болсон болохоор нь 2017 онд охин Оюун-Эрдэнийн нэр дээр тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгосон.  Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. 4 хүүхэд ажил хийдэг. Нэг хүү  цэрэгт явсан. Одоо бага охинтойгоо гэртээ амьдардаг... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Охин Оюун-Эрдэнэтэйгээ хамт амьдардаг. Хөнгөн ял оногдуулж өгнө үү?...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Д.Гансүхийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн “...  Би 2010 оноос хойш өөрийн эхнэр Цэцэгмаа гэгчээс салж, Улаанбаатар хотод ирж амьдрах болсон юм. 2017 онд бичиг баримтаа хаячихаад 2018 оны 03 дугаар сард ТҮЦ машинаас лавлагаа авах гэтэл Цэцэгмаа намайг нас барсан гэж бүртгүүлж тэтгэмж авч байсныг нь мэдсэн юм... 2018 оны 03 дугаар сард Цэцэгмаатай утсаар яриад намайг яагаад нас барсан гэж бүртгүүлсэн талаар асуухад чи ор сураггүй алга болсон учраас чамайг нас барсан юм байна гэж бодоод нас барсан гэж бүртгүүлсэн юм гэж хэлж байсан...Би О.Цэцэгмаатай бол холбоо бариад байдаггүй. Өөрийн төрсөн охин Отгонжаргал, Оюунзул, Пүрэвзул нартай холбоотой байдаг...” гэх мэдүүлэг /ХХ23-25/,

Хохирогч С.Чанцалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би ажил дээрээ Цэцэгмаа гэх хүнийг дуудан уулзахад О.Цэцэгмаад тэжээгчээ алдсаны тэтгэврийн хувийн хэргийг танилцуулаад яагаад амьд сэрүүн байгаа Д.Гансүхийг нас барсан болгож хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэжээгчээ алдсаны тэтгэмж авч, нийгмийн даатгалын сангаас 3.660.000 төгрөг үрэгдүүлсэн талаар асуухад О.Цэцэгмаа нь би нөхөр Д.Гансүхийн амьд байгааг нь мэдээгүй, амьд сэрүүн нь мэдэгдэхгүй болохоор би нас барсан гэж бүртгүүлсэн гэхээр та өөрийн нөхөр Гансүхийн амьд сэрүүн байхыг тогтоохын тулд Цагдаагийн байгууллагад хандан үнэхээр Гансүх нь хаана байгаа нь тогтоогдохгүй бол шүүхээс нас барсан талаар нь захирамж гарч та нийгмийн даатгал авах ёстой гэж хэлсэн... О.Цэцэгмаа нь нийгмийн даатгалын сангаас хуурамч бичиг баримт бүрдүүлэн авсан тэжээгчээ алдсаны тэтгэмж болох 3.660.00 төгрөгийг нийгмийн даатгалын улсын байцаагчийн актаар тухайн 3.660.000 төгрөгийг нийгмийн даатгалын санд буцаан төлүүлэхээр хугацаа зааж О.Цэцэгмаа нь заасан хугацаанд 3.660.000 төгрөгийг төлсөн...” гэх мэдүүлэг /ХХ29-30/,

Гэрч Б.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... 2017 оны 02 дугаар сарын 10-ны үед байхаа надад зохих ёстой материалыг бүрдүүлэн өгч, дээд шатны дарга нар бүгд О.Цэцэгмаагийн тэтгэврийн материал дээр гарын үсэг зурж баталгаажуулан тэтгэврийн мөнгө нь олгогдож эхэлсэн... Манай байгууллага нь улсын бүртгэлийн баазаас тухайн хүний мэдээллийг олж авдаг юм. Тэгээд улсын бүртгэлийн баазад Гансүх нь нас барсан гэж гарч ирвэл хуулийн дагуу тэтгэврийг нь тогтоодог юм. Ийм болохоор О.Цэцэгмаагийн авч ирсэн материал ямар нэгэн байдлаар хуурамчаар бүрдүүлсэн гэх зүйл байхгүй, авах ёстой газруудаас нь лавлагаа болон төрсний гэрчилгээ, гэрлэлтийн баталгаа, нас барсны гэрчилгээ, Гансүхийн нийгмийн даатгал төлсөн дэвтэр зэргийг авсан болохоор мэдэх боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ31-32/,

Гэрч С.Эрдэнэчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Иргэн Цэцэгмаа нь манай салсан нөхөр хүүхдүүдтэйгээ уулзах гэж ирээд талийгаач болсон гэж уйлж дуулаад байхаар нь гэрчилгээ олгосон... Албан ёсны бүрдүүлэх материалын талаар журам бол байхгүй, тавигддаг шаардлага нь тухайн талийгаач болсон гэх хүний иргэний үнэмлэх болон эрүүл мэндийн карт тэгээд ар гэрийн /эхнэр, нөхөр, хүүхэд/ ирж авдаг юм...” гэх мэдүүлэг /ХХ33-34/,

Гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...  Говь-Алтай аймгийн харьяат Дугарын Гансүх гэх хүн иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаж бичиг баримттай болох гээд ирсэн чинь танай аймагт уг хүнийг нас барсан байна гэж бүртгэсэн байна гэж утсаар ярьсан юм. Тэгээд би тус хэлтсийн иргэний бүртгэлийн баримтын архиваас Д.Гансүхийн нас барсан бүртгэлийн анхан шатны баримтыг үзэхэд нотлох баримт холбогдох хууль, журмын дагуу бүрэн бүрдсэн байсан юм...” гэх мэдүүлэг /ХХ130/,

Нас барсны бүртгэлийн 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 045/003098 дугаар лавлагаа /ХХ8/,  О.Цэцэгмаагийн Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан өргөдөл /ХХ97/ Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн албан бичиг/ХХ-54/, Говь-Алтай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн акт /ХХ-94-95/, О.Цэцэгмаагийн дансны гүйлгээний жагсаалт/ХХ-92/ зэрэг хавтаст хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Цэцэгмаагийн нөхөр Д.Гансүхийг нас барсан гэх нөхцөл байдлыг бичиг баримт бүрдүүлэн хуурамчаар бий болгон охин Оюун-Эрдэнийн нэр дээр тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгон нийгмийн даатгалын санд 3.660.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар “залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг.

Хуульд заасан болзол, шаардлагыг хангасан тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авах нь эд хөрөнгийн эрхийн агуулгаар тайлбарлагдах бөгөөд уул эрхийг нь дээрх хууль бус аргаар шилжүүлэн авч тэтгэвэрийг нь ашиглах мөн нийгмийн даатгалын сангийн мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх нь нийгмийн даатгалын санд байхад хууль бусаар буюу үндэслэлгүйгээр тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон хохирол учруулах нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүхээс шүүгдэгч О.Цэцэгмаад гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Урьдаас төлөвлөн гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн ялаас чөлөөлүүлэх тухай хүсэлтийг хангах боломжгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Цэцэгмаа нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Жалайр овогт Ойдовын Цэцэгмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэцэгмааг 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Цэцэгмаад шүүхээс оногдуулсан 1.200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Цэцэгмаад сануулсугай.

5. Шүүгдэгч О.Цэцэгмаад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.Цэцэгмаа нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА