Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2023/00038

 

 

     

   

     

 

 

К.Б-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж, 

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж шийдвэрлэсэн, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00016 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч *** оршин суух К.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Ц сумын Засаг дарга (Т.Айтуган)-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.   

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Т.Еркегүл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Малик нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:  

1.1. Миний бие Ц сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/03 дугаартай захирамжаар Ц сумын Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдон одоо хүртэл ажиллаж байна. Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга К.Б нь албан тушаалд томилогдсон цагаас эхэлж К.Б надад удаа дараа хүүхдийн цэцэрлэгийн ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн.

1.2. Миний бие тухайн албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн цагаас хойш тус Хүүхдийн цэцэрлэгийн ажлыг хэвийн хэмжээнд явуулж ирсэн ба өнгөрсөн хугацаанд ажлын хариуцлага алдаж, ямар нэгэн сахилгын зөрчил гаргаж байгаагүй. Өнгөрсөн онд би сахилгын зөрчил гаргаагүй байхад сумын Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсныг иргэний шүүхээс хүчингүй болгож байсан.

1.3. Гэтэл Ц сумын Засаг дарга К.Б нь 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/35 дугаартай захирамжаар К.Б нь тамга, тэмдэг ашиглах журам зөрчсөн гэсэн үндэслэл зааж миний үндсэн цалинг гурван сар хүртэлх хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан явдалд гомдолтой байна.

1.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан. Тиймээс нэхэмжлэгчийн гаргасан гэх энэ зөрчлийг хариуцагч Ц сумын Засаг дарга 2022 оны 9 дүгээр сарын 12-ны мэдсэн байна гэж үзэж байна. Харин ажил олгогч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр надад сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасныг зөрчсөн гэж үзэж байна.

1.5. Ажил олгогчийн маргаан бүхий 2022 оны Б/33 дугаартай захирамж нь К.Бг тэмдэг ашиглах журам зөрчсөн гэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэвэр оногдуулсан байхад давхардуулан дахин арга хэмжээ оногдуулсан явдлыг зөвшөөрөхгүй байна.

1.6. Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Тус сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А сумын Засаг даргад ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар бүхий албан бичиг нь Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн албан бланканд бичигдэж, 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.А өөрөө гарын үсэг зурсан боловч Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдгийг тус тус дарсан бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, эцэг эх, харгалзан дэмжигч болон баг хооронд хийгдсэн гуравласан гэрээнд 2 дугаар цэцэрлэгийн тамга тэмдэг дарагдсан байдалтай байсан.

2.2. К.Бгийн дээрх үйлдэл нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1-д “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг ажлын байранд цоожтой шүүгээ, сейфэнд хадгална”, 6.2-т “Тамга тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудсыг албан бус хэрэгцээнд ашиглах бусдад шилжүүлэх болон Нотариатын тухай хуулийн 5.2 дахь хэсэг, Монгол Улсын хилийн чанадад ажиллаж байгаа Дипломат төлөөлөгчийн газраас иргэдэд консулын үйлчилгээ гарахыг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 0145180 дугаар шийтгэлийн хуудсаар К.Бг 50 нэгжээр буюу 50000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

2.3. К.Бгийн нэхэмжлэлд: ...Засаг дарга К.Б нь албан тушаалд томилогдсон цагаас эхэлж К.Бд удаа дараа хүүхдийн цэцэрлэгийн ажлаа өг гэсэн хууль бус шаардлага тавьж, ялгаварлан гадуурхах бодлого баримталж ирсэн байна... гэсэн нь үндэслэлгүй бөгөөд Засаг даргын зүгээс хууль зөрчиж хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн ялгаварлан гадуурхах бодлого баримталж байгаагүй болно.

2.4. Мөн К.Б нь тэмдэг ашиглах журмыг зөрчсөн гэж аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс торгуулийн шийтгэвэр оногдуулсан байхад давхардуулан дахин арга хэмжээ оногдуулсан явдлыг зөвшөөрөхгүй байна гэжээ. Гэвч ажил олгогчоос ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан нь давхардуулан шийтгэл оногдуулж байгаа явдал биш өөрөөр хэлбэл холбогдох хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтнаас холбогдогчийн гаргасан зөрчилд торгох шийтгэвэр оногдуулсан явдалд сахилгын шийтгэл ногдуулахад саад болохгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00016 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5-ыг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргаас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:  

4.1. Е.Малик би К.Бгийн нэхэмжлэлтэй Ц сумын Засаг даргад холбогдох “Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/35 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна.

4.2. Миний бие анхан шатны шүүхийн ...шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх маргааны бүхий иргэний хэрэгт Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн хэм хэмжээг хэрэглээгүй, хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв дүгнэж чадаагүй, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн хэм хэмжээг анхан шатны шүүх зөрчсөн болно.

4.3. Анхан шатны шүүх шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 4.5 дахь заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 “сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байна. Хариуцагч Ц сумын Засаг дарга К.Бы 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр өөрт нь хаяглан ирүүлсэн Ц сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тэмдэг дарагдсан гэдгийг мэдсэн буюу илрүүлсэн, улмаар Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга К.Б 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эрх нь хөндөгдөж байгаа 1, 2. 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт сонсох ажиллагаа явуулсан байна...” гэжээ. Гэвч хариуцагчийн зүгээс 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ирсэн албан бичигт дарагдсан тамгыг аль цэцэрлэгийн тамга болохыг шууд мэдэх боломжгүй буюу зөрчил мөн эсэхийг нь тогтоох боломжгүй юм. 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус сумын иргэн С.А нь сумын Засаг даргад хандсан ба Ц сумын хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч К.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгч С.Ад хууль бус замаар шилжүүлсэн, зохих журмын дагуу хадгалаагүй талаар мэдэгдсэн байна. Хариуцагчаас зөрчил гарсан эсэхийг нь шууд мэдэгдэх боломжгүй тул хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч нараас тайлбар авахаар 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр “Сонсох ажиллагаа” явуулсан. Үүний дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хариуцагчаас зөрчил мөн эсэхийг нь тогтоолгохоор эрх бүхий албан тушаалтан буюу Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан байдаг.

4.4. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг дүгнэхдээ алдаатай дүгнэлт хийсэн явдалд гомдолтой байна. Хариуцагчийн зүгээс зөрчил тогтоогдсоны дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин Сонсох ажиллагаа явуулж сахилгын шийтгэл оногдуулсан юм. Хариуцагч Ц сумын Засаг даргаас 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр К.Бд сахилгын шийтгэл оногдуулахдаа Хөдөлмөрийн тухай хуульд заасан ....сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна... гэснийг зөрчөөгүй буюу зөрчил илэрсэн хугацаа болох 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр хүртэл дээрх Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаа болох нэг сарын дотор сахилгын шийтгэл оногдуулсан юм.

4.5. Иймд анхан шатны шүүхийн ...шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 

5.1. Анхан шатны шүүх энэ хэргийг шийдэхдээ зөрчил гаргасан, гаргаагүй гэж дүгнээгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д зааснаар зөрчлийг илрүүлснээс хойш сарын хугацаа өнгөрсөн гэдгээр нь дүгнэлт хийсэн.

5.2. Хариуцагчаас ирүүлсэн тайлбартаа “...тус сумын хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Х.Агийн сумын Засаг даргад ирүүлсэн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар албан бичиг хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн албан бланкад бичигдэж, цэцэрлэгийн эрхлэгч А өөрөө гарын үсэг зурсан боловч хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн тамга тэмдгийг, уг албан бичгийн хавсралтад хүүхдийн 2 дугаар цэцэрлэгийн тамга тэмдгийг тус тус дарсан бөгөөд цэцэрлэгийн эрхлэгч, эцэг, эх, асран хамгаалагч болон багш нартай хийгдсэн гуравласан гэрээнд 2 дугаар цэцэрлэгийн тамга тэмдэг дарагдсан байдалтай байсан” гэсэн.

5.3. Засаг дарга К.Б 2022 оны 9 дүгээр сарын 12-нд үүнийг мэдсэн болохоор 10 дугаар сарын 12-ны өдөр арга хэмжээ авах ёстой байсан. 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр арга хэмжээ авч байгаа нь өөрөө илрүүлснээс хойш  сарын хугацаанд арга хэмжээ авах хугацаа өнгөрөөсөн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

6. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч К.Б-гийн Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргад  холбогдуулан гаргасан 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлоор авч хэлэлцэх хэргийг зөвхөн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр бус, бүхэлд нь хянан үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

8. Гэтэл анхан шатны шүүх ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн, сахилгын шийтгэл ногдуулах тухай маргааны үйл баримт, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг тогтоох нотлох баримтуудыг хуульд заасан журмаар үнэлээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл, хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэж, эрх зүйн алдаатай дүгнэлт хийж, К.Бгийн сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь хууль ёсны байх шаардлагыг зөрчсөн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, ажил олгогчийн гомдлыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.  

 

9. Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга К.Б Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.10, 59.1.20, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 48.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.3, 123.3, эрхлэгч К.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дах заалтыг тус тус үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар Ц сумын хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч К.Б нь хууль, журам, албан тушаалын тодорхойлолтод заасан эрх үүргээ биелүүлээгүй, Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1.7, Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгүүдийг зөрчиж байгууллагын тэмдгийг зохих журмын дагуу хадгалаагүй, бусдад дамжуулан, ашиглуулсан зөрчил гаргасан нь тогтоогдсон тул үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. /хавтаст хэргийн 3 дахь тал/

 

Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.10, 59.1.20, 66 дугаар зүйлийн 66.1, Төрийн албаны тухай хуулийн 48.2, Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.3, 123.3, эрхлэгч К.Бтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1, 7.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн байгууллагын тэмдгийг зохих журмын дагуу хадгалаагүй, бусдад дамжуулан, ашиглуулсан зөрчлийг гаргасан үндэслэлээр К.Бгийн үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.3, 123.3 дахь зохицуулалтад нийцжээ.

 

   10. Ажилтан хууль, журам, албан тушаалын тодорхойлолтод заасан эрх үүргээ биелүүлээгүй, Засгийн газрын 2020 оны 246 дугаар тогтоолоор батлагдсан “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журам”-ын 8 дугаар зүйлийн 8.1.7, Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1, 6.2 дахь хэсгүүдийг зөрчиж, 4 дүгээр цэцэрлэгийн  тэмдгийг зохих журмын дагуу хадгалаагүй, бусдад дамжуулан, 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч С.Ад ашиглуулж ажлын хариуцлага алдсан болох нь 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 11 дугаартай, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын зөвлөлийн хурлын тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Еркегүлийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, 2022 оны 10 дугаар сарын 13-ны  өдрийн шийтгэлийн хуудас  /хавтаст хэргийн 42-58 дахь тал/ зэрэг баримтаар тогтоогджээ. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

11. Анхан шатны шүүх “...хариуцагч Ц сумын Засаг дарга К.Бы 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр өөрт нь хаяглан ирүүлсэн Ц сумын Хүүхдийн 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 26 дугаар бүхий албан бичигт тус цэцэрлэгийн эрхлэгч өөрөө гарын үсэг зурсан боловч Хүүхдийн 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн тэмдэг дарагдсан гэдгийг мэдсэн буюу илрүүлсэн, улмаар Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга К.Б 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эрх нь хөндөгдөж байгаа 1, 2, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт сонсох ажиллагаа явуулсан байна.  ХариуцагчК.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулах ёстой байхад 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамж гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-ийг зөрчсөн байна. Иймд хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга К.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын зөрчлийг илрүүлэн, 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр эрх нь хөндөгдөж байгаа 1, 2, 4 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нарт сонсох ажиллагаа явуулсан байх тул Ц сумын Засаг дарга К.Б 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр №01/333 дугаартай “Зөрчил шалгуулах тухай” албан бичгийг Улсын Бүртгэлийн хэлтсийн даргад явуулснаар сахилгын зөрчил гаргасан хугацаа нь тасалдсан байна гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Учир нь уг зөрчилд 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр сонсох ажиллагаа явуулж, Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 01/333 дугаартай “Зөрчил шалгуулах тухай” албан бичгийг Улсын бүртгэлийн хэлтсийн даргад явуулснаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч А.Еркегүл нь 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр зөрчлийг тогтоож, хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийдвэрлэж К.Бд 50.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийтгэлийн хуудас үйлджээ.

Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч зөрчлийг тогтоосны дараа ажил олгогч 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дахин сонсох ажиллагаа явуулж, 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр сахилгын шийтгэл оногдуулсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т “Сахилгын зөрчил гаргасан өдрөөс, эсхүл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш зургаан сар, ажил олгогч түүнийг илрүүлснээс хойш нэг сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д “Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ...сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий байгууллагаас шалгах хугацаанд тасалдана” гэж зааснаас үзэхэд ажилтны гаргасан зөрчил нь эрх бүхий байгууллагаас шалгаж тогтоогдсоноос хойш нэг сарын дотор буюу 18 хоногийн дараа түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна.      

 

12. Ажилтан К.Бгийн холбогдсон зөрчлийг ажил олгогч шууд илрүүлэх, улмаар хариуцлага тооцох боломжгүй, түүний холбогдсон зөрчил нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчид хуулиар харьяалуулсан зөрчлийн хэргийн шинжтэй байх тул түүнийг уг зөрчлийг эрх бүхий байгууллагаас шалгаж, шийтгэл оногдуулсны дараа хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан ажил олгогчийн үйл ажиллагаа хуульд нийцсэн бөгөөд зөрчлийг ажил олгогчийн хүсэлтээр эрх бүхий албан тушаалтан шалгаж, улмаар шийтгэл оногдуулах хүртэл хуульд заасан тодорхой хугацаа шаардлагатай бөгөөд энэ хугацааг өнгөрөөж, эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудас гарсны дараа Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор ажилтан К.Бд шийтгэл оногдуулсан нь ажил олгогчийн үйлдлийг хуульд нийцсэн гэж үзнэ.

 

Харин ажилтан К.Б нь Зөрчлийн тухай хуулийн зөрчлийн хэрэгт шийтгэл хүлээсэн нь түүнд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулахад саад болохгүй бөгөөд тэрээр талуудын хооронд 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 7.1-т зааснаар сахилгын шийтгэл оногдуулах хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдсон байна.

 

12. Иймээс дээр дурдсан үндэслэлүүдээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх заалтад зааснаар, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4, 123.6 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч К.Бгийн Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Маликийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 130/ШШ2023/00016 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.5 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч К.Бгийн Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/35 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Маликийн давж заалдах гомдлыг хүлээж авсугай. 

 

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгч К.Бгийн нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

                        ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ