Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 212/МА2023/00033

 

 

       

 

   

 

 

      К.Ө-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/01100 дүгээр шийдвэртэй, нэхэмжлэгч К.Ө-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч тус аймгийн Ц сумын Засаг дарга /Т.А/-д холбогдох,

 

“Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/29 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч К.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Серикжан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бахытбек нар оролцов.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:    

1.1. Миний бие Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвд хүний их эмчээр томилогдон одоогоор 23 дахь жилдээ ажиллаж байгаа. Ажиллаж байх хугацаанд ажлын ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй. 2016 оноос эхэлж Баян-Өлгий аймгийн Ц сумын ерөнхий эмчээр томилогдон ажиллаж, ажлыг хэвийн хэмжээнд явуулж ирсэн.

1.2. Гэтэл Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга Т.А нь ашиг сонирхол гарган намайг ажлаас чөлөөлж байгаа бөгөөд бидний ард иргэдэд үйлчлэх үйлчилгээ төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна. Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б\29 дугаартай захирамжийг түдгэлзүүлэн шийдвэрлэсэн.

1.3. Урьд өмнө намайг нь 52 хүн ажиллуулсан, урамшуулал олгоогүй, аудитын шалгалтаар зөрчил илэрсэн гэж хоёр удаа үндэслэлгүй ажлаас чөлөөлж байсан. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Аудитын газраас 52 дугаартай албан шаардлага хүргүүлсэн. Тухайн албан шаардлагыг хүлээж авсны дараа 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр би илүү ажилтнуудаа гэрээт ажилтан болгосон. Ковидын нөхцөл байдлын улмаас ажилчдаа чөлөөлөх боломжгүй байсан. 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 8 дугаар сар хүртэл надад нэг зөрчлөөр дахин дахин арга хэмжээ авч байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

1.4. Ажилчдад урамшуулал олгоогүй, эмийн өртэй гэж хэлж байгаа. Үнэн хэрэг дээрээ Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төв ямар нэгэн өргүй байгаа. 2022 оны 01 дүгээр сард 42 орон тоогоор баталж өгсөн. Харин аймгийн Эрүүл мэндийн газраас 2-4 хүнийг гэрээтээр ажиллуулж болно. MNS-50812013 оны стандартаар сумын хүн амын тоотой холбоотой шаардлагаар ажилчдыг гэрээтээр, нэмж ажиллуулж болно гэсэн заалт байгаа. Төсөвт багтаан төсвийн шууд захирагч дээрх стандартыг мөрдөн ажиллаж болно. Мөн нийгмийн даатгалын шимтгэл, халаалт, эмийн өр, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж хэлж байгаа нь худал. Би дээрх зөрчлийг гараагүй.

1.5. Статистик эмч нь сар болгоны мэдээ тайланг Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын Тамгын газарт цахимаар явуулдаг. Энэ бүх мэдээлэл цахим сүлжээнд байгаа. 2021 оны 12 дугаар сард Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төв шинэ жил тэмдэглэсэн, тухайн шинэ жилээр ажилчид гэмтэл авсан. Гэтэл тухайн асуудалд намайг буруутгасан байна. Гэхдээ тухайн шинэ жилийн арга хэмжээнд би оролцоогүй. Одоогийн ажилчид өөрсдөө нийлсэн ба тарах үедээ асуудал гарсан. Тухайн гарсан асуудал нь хуулийн байгууллагаар хянагдаж шийдвэр нь хүчин төгөлдөр болсон.

1.6. Мөн зуны улиралд урамшуулал олгоогүй. Сүүлийн 2 сарын хугацаанд бүх ажилчдад 45 хувийн урамшуулал олгосон. Жирэмсний амралт болон амарч байгаа ажилчдад урамшуулал олгоогүй. 2 жилд нэг удаа магадлалын том шалгалтад ордог. Ковидын нөхцөл байдлын улмаас 2021 онд магадлалын шалгалтад ороогүй сунгаж өгсөн. Харин 2022 оны 6 дугаар сард магадлалын шалгалтад орж тэнцэж, 2022 оны 7 дугаар сард магадлалын 2 жилийн үйл ажиллагаа явуулах эрх авсан. Сүүлийн жилд эрүүл мэндийн байгууллагыг ажлын гүйцэтгэлээр санхүүжиж эхэлсэн. Гүйцэтгэлийн санхүүжилт нь 2019 оны 257\562 тоот тушаалаар батлагдсан. Нэг хүнд ногдох норм нормативаар санхүүжилт олгож байгаа. Үүнд Баян-Өлгий аймгийн Ц сумын 10,000 иргэнд 600,000,000 төгрөгийг яамнаас хуваарилж өгч байгаа. Санхүүгийн талд ямар нэгэн асуудал гарахгүй байгаа. Нэг хүнд ногдох норм норматив эрүүл мэндийн газраас хуваарилагдаж ирсэн тохиолдолд иргэн бүрд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй. Хэрвээ хүн бүрд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Эрүүл мэндийн газраас бидэнд үйл ажиллагаа явуулахыг шаарддаг. Сэргээн засах, өдрийн эмчилгээ, гэрийн эмчилгээг хуваарилсан багаар үйл ажиллагаа явуулж, санхүүжилтээ авна. Харин тусламж үйлчилгээ нь чанарын түвшинд байгаа тохиолдолд санхүүжилтийг авах боломжтой. Иймд ажилчдын тоог заавал 42 орон тоотой байлгах асуудал цаг хугацааны хувьд яригдах асуудал болохгүй гэж үзэж байна.

1.7. Хөрөнгийн зарцуулалтыг өөр хүнээр хийлгэсэн асуудал гараагүй. Миний гарын үсэг, нягтлангийн гарын үсгээр хөрөнгө зарцуулалт хийгддэг. Өмнө нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга захирамж гарган намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж байсан ба уг захирамжийг эс зөвшөөрч тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тус сумын Засаг даргын захирамжийг шүүхээс хүчингүй болгож намайг ажилд эгүүлэн тогтоосон. Иймд Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б\29 дугаартай захирамжийг хүчингүй болгож, үүрэгт ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна.

 

2.Хариуцагчийн хариу тайлбар, татгалзал:

2.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ... ашиг сонирхол гарган намайг ажлаас чөлөөлж байгаа бөгөөд бидний ард иргэдэд үйлчлэх үйлчилгээ, төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна ... гэжээ. Гэтэл бодит байдал дээр Ц сумын Эрүүл мэндийн дарга К.Ө нь 2021 онд төсвийн батлагдсан орон тооны хязгаар нь 42 атал 10 хүнийг байхгүй орон тоонд ажилд авч 52 орон тоогоор үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ зөрчил одоо болтол арилаагүй, үүнээс болж эрүүл мэндийн төвд тодорхой хэмжээний өр төлбөр үүссэн. Эмнэлгийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, чирэгдэлгүй, тасралтгүй биелүүлэх үүргээ зөрчсөн. Өөрөөр хэлбэл, 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс болж нэг хүн нас барсан байдаг.

2.2. Иймээс ажил олгогчоос К.Өийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, мөн хуулийн арван долоодугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-т Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх гэж заасныг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т ... хууль дээдлэх ... гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн болно.

2.3. Өмнө нь ажлаас чөлөөлсний дараа дээд шатны Засаг даргаас түдгэлзүүлэх тухай шийдвэр гаргахаас өмнө нэхэмжлэгч ажилгүй байсан ба ажилд эгүүлэн тогтоох асуудал гарсан. Маргаан бүхий акт гарсны дараа шууд түдгэлзсэн, энэ хооронд нэхэмжлэгч ажлаа хэвийн хийж байсан. Тухайн сарын цалингаа нэхэмжлэгч бүтнээр нь авсан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/01100 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн Б/29 дугаартай К.Өийг ажлаас чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож, К.Өийг Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн даргын ажилд эгүүлэн тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дугаар зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа "...ашиг сонирхол гарган намайг ажлаас чөлөөлж байгаа бөгөөд бидний ард иргэдэд үйлчлэх үйлчилгээ, төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаанд саад учруулж байна..." гэжээ. Гэтэл бодит байдал дээр Ц сумын Эрүүл мэндийн төвийн дарга К.Ө нь 2021 онд төсвийн батлагдсан орон тооны хязгаар нь 42 атал 10 хунийг байхгүй орон тоонд ажилд авч 52 орон тоогоор үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ зөрчил одоо болтол арилаагүй, үүнээс болж эрүүл мэндийн төвд тодорхой хэмжээний өр төлбөр үүссэн, эмнэлгийн үйлчилгээг чанартай, хүртэмжтэй, чирэгдэлгүй, тасралтгүй биелүүлэх үүргээ зөрчсөн, өөрөөр хэлбэл 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр эрүүл мэндийн хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүйгээс болж нэг хүн барсан байдаг. Иймээс ажил олгогчоос К.Өийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" мөн хуулийн арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1/-т "Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх" гэж заасныг Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т "...хууль дээдлэх...” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзсэн болно.

4.2. Засаг даргаас Ц сумын Эрүүл мэндийн төвийн дарга К.Өийн дээрх үйлдэлд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол мэдээлэл гаргасан, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Баярмагнайн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн тогтоолоор К.Ө нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, байгууллагын батлагдсан төсөв бүтэц орон тооноос хэтрүүлж ажиллуулсны улмаас төсөвт их хэмжээний хохирол буюу 172 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд одоогийн байдлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

5.1. 2022 оны 7 дугаар сард эрүүл мэндийн яамнаас магадлан итгэмжлэл явуулж манай эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг хангалттай гэж үзээд үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилээр сунгаж өгсөн байгаа. Энэ бол манай салбарын дээд байгууллагаас манай төвийн үйл ажиллагаанд өгсөн том үнэлгээ юм. Ийм байхад сумын Засаг даргаас байгууллагын үйл ажиллагааг дүгнэж хангалтгүй гэж үнэлж байгаа нь салбарын дээд байгууллагаас давж гарсан шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байгаа.

5.2. Төрийн аудитын байгууллагаас 2021 оны санхүүгийн тайлангаар зөрчилгүй санал дүгнэлт гаргасан ямар нэгэн өр зээлгүй гэж дүгнэсэн.

5.3. Орон тооноос  илүү хүн авч ажиллуулсан гэсэн байгаа. Энэ нь ковид цар тахлын үед эмнэлгийн ачаалал их болсонтой холбоотой орон тооноос илүү хүн авч ажиллуулсан.  Дараа нь 2021 оны 4 дүгээр сарын 08-аас эхлэн гэрээтээр ажилласан хүмүүсээ чөлөөлөөд цэгцэлсэн. Одоогоор жирэмсний амралтад байгаа, сургалтад сууж байгаа хүний оронд хүн ажиллаж байгаа.

5.4. Намайг ажлаас чөлөөлсөн Засаг даргын захирамжид прокурорын байгууллагын яллах дүгнэлттэй холбоотой асуудал дурдагдаагүй. Тэгэхээр энэ асуудал захирамжийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэртэй огт холбоогүй.

5.5. Хүн нас барсан нь манай байгууллагатай огт холбоогүй, ар гэр нь ямар  нэгэн гомдолгүй гээд тайлбараа өгсөн. Бүгд хавтаст хэрэгт авагдсан. Харин сумын Засаг дарга нас барсан хүнтэй холбоотой гомдлыг аймгийн Засаг даргад уламжлан гаргасан байсан. Ар гэр нь бид эрүүл мэндийн байгууллагад гомдолгүй гээд гомдлоо буцааж авсан. Хэрвээ гомдолтой гэвэл эрх бүхий байгууллагаас дүгнэлт гарч байж эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой хүний амь нас эрсэдсэн асуудал яригдах ёстой. Тийм асуудал гараагүй, тухайн талийгаач архаг хууч өвчтэй хүн байсан, эмч тусламж үйлчилгээ үзүүлсэн. Манай суманд жилд дунджаар 70-аад хүн нас бардаг, тэр болгоныг эрүүл мэндийн байгууллагатай холбох нь зохимжгүй.

5.6. Урамшуулал цалинг ажлын үр дүнг харгалзан олгосон байгаа. 2020 оны санхүүгийн тайлангаар батлагдсан орон тоог 10 хүнээр хэтрүүлсэн гэсэн асуудал байдаг. Уг зөрчлөө би арилгаад аудитын байгууллагад тухайн үед хариуг нотлох баримтын дагуу хүргүүлсэн байгаа.

 

ХЯНАВАЛ:

 

            6. Хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянав.     

 

7. Нэхэмжлэгч К.Ө нь Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг даргын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/29 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн ерөнхий эмчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай” тухай гомдлыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            8. Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Ц сумын Засаг дарга Т.А нь 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн Б/29 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэг, 28.4.1, 28.4.2, 28.4.3 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.7 дахь заалт, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалт, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалт, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь заалт, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 41 дүгээр зүйлийн 41.2.2, 41.2.3 дахь заалт, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.6, 7.1,8 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.1, 37.1.2, 37.1.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн:

- тус сумын Эрүүл мэндийн төвийн дарга К.Ө нь төвийн төсвийн батлагдсан орон тооны хязгаар нь 42 байхад 52 орон тоогоор үйл ажиллагаа явуулж, ажилчдын үр дүнгийн урамшууллын зардлыг цалингийн зардалд гүйлгэн зарцуулж улсын төсвийг зүй бусаар зарцуулж байгаа нь Санхүүгийн хяналт, Аудитын албаны шалгалтаар тогтоогдсон атал одоо болтол уг зөрчлийг арилгаагүй,

- илүү орон тоонд хамаарал бүхий этгээдийг авч ажиллуулсан,

- нийгмийн даатгалын шимтгэл, халаалт, эмийн үнийн их хэмжээний өр төлбөр үүсгэсэн,

- удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй,

- одоо болтол эрхэлж байгаа үйл ажиллагааны талаар тайлан тавиагүй,

- эрүүл мэндийн тусламж хүссэн иргэдийг хэл амаар доромжилж, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг хангалтгүй хэрэгжүүлсэн,

- Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрээр төрийн байгууллагууд шинэ жил тэмдэглэхийг хориглосон атал уг шийдвэрийг хэрэгжүүлээгүй буюу шинэ жил тэмдэглэсэн,

- ингэж тэмдэглэснээс болж төвийн зарим ажилчид хоорондоо зодоон үүсгэсэн, үүнээс болж нэг ажилтан эрүүл мэндээрээ хохирч, хэд хэдэн албан хаагчид гэмт хэрэгт холбогдсон ноцтой асуудал үүсгэсэн,

- эмнэлгийн эмч ажилчдыг хууль бусаар ажлаас халж, хамт олны дунд хагарал үүсгэж,

- ажилчдын үр дүнгийн урамшуулал, илүү цаг, хөдөлмөрийн хөлсийг хууль журмын дагуу олгоогүй,

- өөртөө давуу байдал бий болгож илүү цагийн хөлс урамшуулалт цалинг өөрөө өөртөө тооцож бичиж авсан үйлдэл гаргасан,

- өөрөө ажлын байран дээр байгаагүй атлаа бусад ажилчдын цагийн бүртгэлийг дураараа хөтөлж, ажилтнууд зөвшөөрөөгүй байгаа үед цалин хөлснөөс дураараа суутгал хийж холбогдох хуулийг зөрчсөн,

- ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй үед ажил олгогчид мэдэгдэлгүй дур мэдэн явж, орлох эрхгүй эмнэлгийн ажилтнаар ажлаа орлуулж хөрөнгийн зарцуулалт хийлгүүлдэг,

- иргэдийн мэдлэггүй сул дорой байдлыг ашиглаж өвчтөнүүдэд дуудлагын бензин шатахууныг олгодоггүй,

- эм тариа эмчилгээний хэрэгслийн тусламжийг журам ёсоор хүргэдэггүй гэх зөрчлүүдийг давтан буюу үргэлжилсэн үйлдлээр гаргасаар байгаа,

- 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тус сумын 5 дугаар багийн иргэн Сахай овогтой Шарив өвдөхөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс болж амь нас нь эрсэдсэн зөрчил гаргасан гэж үзэж түүнийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

 

            9. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтад зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болох боловч ажил олгогчийн дээрх тушаалд заасан үндэслэл бүр хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх шаардлагатай. Ажил олгогчоос ажилтны гаргасан гэх зөрчлийн талаар гаргасан тушаалдаа нэг бүрчлэн дурдсан боловч эдгээрийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлоогүй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба нэхэмжлэгч К.Өтэй холбогдох хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж, дуусгавар болгосон тушаалын үндэслэл тус бүртэй холбоотой баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, тушаалын үндэслэлд дурдсан зөрчлүүд хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй болно.

 

            10. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч К.Өийг Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2213000160123 дугаар прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан боловч нэхэмжлэгчийн гэм буруутай эсэхийг шүүхээс тогтоогоогүй байна. Анхан шатны шүүх гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж үл болох Үндсэн хуулийн зарчмыг иш үндэс болгоод нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдолд заасан үндэслэлээр өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтогдоогүй тул хэвээр нь үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

            11. Ажилтанд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа нь эрх бүхий албан тушаалтны шийдвэр гарснаас бусад тохиолдолд албан үүргээс түдгэлзүүлэх, чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

 

12. Хуульд зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

 

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 130/ШШ2022/01100 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3  дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.КӨБЕШ

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

                       

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК