Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2018\ШЦТ\386

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 166/2018/0333/Э/

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа,

Хохирогч Б.Э,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд,

Шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.М холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818004160273 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, программист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл, 4 эхнэр, 2 хүүхдийн хамт  ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.М

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Э.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.М нь согтуурсан үедээ 2018 оны 05 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө  Дархан-Уул аймгийн Дархан сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гялс төвийн гадна иргэн Б.Этай маргалдан эрүүн тус газар өшиглөж эрүүл мэндэд нь доод эрүүний хугарал бүхий  гэмтэл учруулсан болох нь:

Хохирогч Б.Эгийн “... би түүнд хандаж чи яах гээд байгаа юм бэ гээд гараараа түлхээд машины хаалга хаах гэсэн чинь тэрээр буцаж машины хаалга онгойлгоод хөлөөрөө мөр лүү жийсэн,  ...******* намайг бүдэрч унахыг хараад миний араас гүйж ирээд хөлөөрөө миний зүүн талын шанаа хэсэг рүү дэвссэн.  ...тухайн үед миний зүүн талын эрүү өвдөлт мэдрэгдээгүй, хавдсан ярьж болж байсан. ...Унтаад босоод ирсэн ам ангайхгүй амаа хөдөлгөхөөр  таг таг гээд яс дугараад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн  10-11 хуудас/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Одоо би шүүхэд гаргаж өгсөн баримтын хүрээнд эмчилгээний зардал болох 1,050,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнээс шүүгдэгч өнөөдөр надад 250,000 төгрөгийг өгсөн учир нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасаж тооцоод үлдэгдэл 800,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг

          

Гэрч ******* “ ...миний  зүс таних ******* гэгч эмэгтэй намайг дуудаад танихгүй  залуучууд дагаад байна гэсэн. Тэгээд ******* бид 2-г найзтай минь гэр лүү дөхүүлээд өгөөч гэж гуйсан. ... тэгсэн чинь  гэнэт******* араас дагаад байсан залуучуудын нэг буюу******* гээд байгаа залуу машины хойд талын суудал руу чихээд суусан.  Тэгсэн таксины жолооч түүнийг буучих гэсэн. ******* шахаад суучихъя гээд дайраад байсан, ...Тэгээд би хойшоо харсан чинь модны хажууд ******* газар уначихсан *******, ******* толгой дээр хөлөөрөө дэвсэж харагдсан” гэх мэдүүлэг /хх-ийн  16-17 хуудас/,

 

 Гэрч*******  “ ...миний санаж байгаар тухайн залуучууд хамт явж байсан 2 эмэгтэйгээ булаалцалдаад байсан. Тэр үед миний машинд чихдэг залуу өөрөөсөө гадна 2 залуутай нийлээд 3-уулаа явж байсан.  Тэдгээр залуучууд миний машинаас буугаад маргалдаж байгаад хоорондоо зодолдсон” гэх  мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

           

Гэрч  ******* “ ... би тухайн хүмүүс дээр очоод уулзахад 2 залуутай хамт явж байсан 2 эмэгтэйгийн араас дагаж явж байсан 3 залуугийн нэг өндөр залуу дээрх хүмүүсийг такси бариад суух гэж байхад сууж байсан таксинд чихэж ороод маргаан үүсгэсэн гэж байсан. Маргаан үүсгэсэн өндөр нуруутай залуу 2 хүүхэнтэй хамт явж байсан 2 залуугийн нэг залуугийн эрүү рүү цохисон, эрүү сонин болчихлоо гэж байсан” гэх   мэдүүлэг /хх-ийн  32-р хуудас/,

 

Гэрч ******* “...хүмүүс зодолдоод салчихсан хоорондоо маргалдсан байдалтай байж байсан. Тэр үед тухайн маргаан дотор байсан 1 залуу миний эрүү сонин болчихлоо, өндөр нуруутай залуу нүүр лүү өшиглөсөн гээд байсан” гэх мэдүүлэг /хх-ийн  33-р хуудас/,

 

Гэрч ******* “...Гялс төвийн хажууд байдаг шатаар Арбатын талаас гарч ирэхэд 3 залуу хэрүүл маргаан хийгээд хоорондоо зууралдаад байсан, замын голд ертөнцийн зүгээр зүүн талд Сэлэнгэ рүү явах чиглэлд ... нэг машин гэрлээ асаачихсан зогсож байсан. Машины гэрэлд тэр 3 залуу заамдалцаад маргалдаад байсан. Тэр 3-н ойролцоо нэг хүүхэн ирээд болиочээ гээд байсан, ...Гялс төвийн тийшээ мод руу явахаар  нь салахаа больж байх шиг байна гээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-ийн 119-р дүгээр хуудас/

         

Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн  2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 572 дугаартай “...******* биед доод эрүүний хугарал, хагалгааны дараах байдал, тархи доргилт тогтоогдлоо. ГЗТЖ-ын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болно” гэх дүгнэлт / хх-ийн 38-р хуудас/,

 

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн  “Эрүү нүүрний  мэс заслын тасаг”-т хэвтэн  эмчлүүлсэн өвчтөний түүх, гэрэл зураг /хх-ийн 47-58-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоож байна.

 

Иймд шүүгдэгч Э.Мыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Шүүгдэгч Э.М нь хохирогч Б.Эд хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч орлого олох боломжтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг хагалзан торгох ялаар шийтгэж, 4 сарын хугацаанд төлөх хугацаа тогтоов.

 

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.М-ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.М-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.Мт оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Дархан-Уул аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Шүүгдэгч Э.Маас гаргуулах төлбөргүй, шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ГЭРЭЛТ-ОД