Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/115

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ

Хохирогч Ё.Д

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч М.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816002460134 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, У овогт М-ийн М.

Шүүгдэгч М.М-ийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын ****** багийн нутаг дэвсгэрт иргэн Ё.Д-ийг зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарна. 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч М.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тэр өдөр дугуй завсар дээр ажиллаж байтал манай хоёр найз ирсэн. Бид нар дугуй засвараа хаачихаад “************” дээр Б-тай очиж уулзаад “*********” караокед 2 цаг дуулсан. Тэндээсээ 2 шил пиво авч уугаад гарч явсан. *****-р байранд амьдардаг найзыгаа хүргэж өгөх гээд явж байтал замаар мотоцикльтой хүн явж байхаар нь таксидаад гэртээ харих  гээд зогсоосон. Тэгээд энэ залуутай муудалцаад толгой руу нь чулуугаар цохисон юм. Би буруу зүйл хийснээ ойлгож, гэмшиж, гэм буруугаа хүлээж байна...”  гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Ё.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Тэр өдөр манай найз миний данс руу мөнгө хийсэн байсан.Тэр  мөнгийг нь авч өгөх гээд явж байтал 4 залуу  зам дээр хөндлөн зогссон байхаар нь хажууд нь очоод зогстол хажууд хүрч ирээд М гэж таних уу? гэж асуухад нь танихгүй юм байна яасан? гэхэд миний мотоциклийн түлхүүрийг булааж авсан.  Тэгээд түлхүүрээ авах гээд байж байтал манай найз дүүгийн хамт миний араас ирсэн. Би түлхүүрээ авах гээд араас нь очиход намайг М.М цохихоор нь одоо яв гээд цааш түлхэхэд хашааны хажуу руу унасан. Би  тэндээс эргээд явах гэтэл миний араас толгой руу чулуугаар цохисон. Тэгээд зугтаах гэхээр нь найз О-г наад хэдийгээ бариад ав гэхэд нэгийг нь барьж авсан...одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.О-ийн өгсөн “...  Д тэр залуучуудтай маргалдаад байгаа бололтой нэг залуу нь мотоциклийн түлхүүрийг нь авах гээд байх шиг байсан. Тэгээд буугаад яваад очсон чинь нэг залуу нь миний баруун талын хөмсөгний орчим цохиж аваад дахин цохих гэхээр нь би бултаад зөрүүлээд цээж рүү нь нэг цохиж аваад холдсон чинь Д нэг залуутай зодолдоод барьцалдаад явсан. Намайг нэг залуу нь ах боль гээд бариад авсан. Тэр үед Д О гээд намайг дуудсан. Яваад очиход Д-ийн зүүн талын шанаа руу цус урсаж байсан, наад хэдээ бариад аваарай гэж хэлсэн. Нөгөө 4 залуу урд зүг рүү зугтаасан. Би араас нь хөөгөөд 1 залууг барьж авсан. Бусад 3 нь зугтаад явсан...” гэх мэдүүлэг /ХХ16/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Э-ын өгсөн “... араас нь яваад очиход М тэр залуутай маргалдаж байсан. Тэр үед араас нь бас нэг мотоцикльтой 2 залуу ирсэн. М нөгөө залуутай барьцалдаад авахаар нь би болиоч гээд салгасан чинь тэр залуу миний хамарт цохиод миний хамраас цус гарсан... Би цусаа тогтоочихоод ирсэн чинь манай 3 найз зугтаад явсан байсан.Тэр 3 залуу намайг барьж аваад нэгийг нь барьсан юм чинь наад гурваа хая хая гэсэн. Тэгээд нэг залуугийнх нь нүүр цус болсон байсан... М тэр  залуутай зодолдсон, манай 2 найз зодоонд оролцоогүй, салгах гэхээр нөгөө 2 залуу нь урдуур ороод салгуулахгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ18-19/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ц.Ю-ын өгсөн “... М эхэлж зогссон мотоцикльтой залуутай маргалдсан. Тэр залуу би энэ аймагт явж болохоо байсан  юм уу? гээд М руу томроод тэгээд барьцалдаж авсан. Нөгөө хоёр залуу нь бууж ирээд М руу хамт дайрах гээд байхаар нь Э бид хоёр салгасан. М нөгөө залуутай зодолдоод холдоод явсан. Би нэг залууг боль гээд бариад зогсож байтал М зугтаад явахаар нь Б бид 2 дагаад зугтаасан, Э тэнд үлдсэн...” гэх мэдүүлэг /ХХ20-21/,

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Б-ын өгсөн “... М намайг таних уу? М гэж таних уу? гэж хэлээд тэр хоёр маргалдаж, барьцалдаж авсан. Тэгээд салгах гэхэд нөгөө 2 залуу нь ойртуулахгүй барьж аваад байхаар нь би холдоод хараад зогсож байсан... М тэр залуутай зодолдоод холдоод явсан. Би бага зэрэг зайнаас хараад зогсож байсан. Гадаа харанхуй байсан учраас сайн хараагүй, харилцан нэг нэгнээ цохиод зодолдоод байх шиг байсан...” гэх мэдүүлэг /ХХ22-23/,

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 251 дугаартай “... 1. Иргэн  Д-ийн биед хохирол учирсан байна.

2. Иргэн Д-ийн зүүн чамархай, дагз, зүүн чихний дэлбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. 

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэсэн дүгнэлт /ХХ32-33/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.М-ийн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Ё.Д-ийг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг мөн хуулийн 17.5 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

  2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүхээс шүүгдэгч М.М-д торгох ял  оногдуулах тухай прокурорын санал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон дээрх хүчин зүйлсийг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгийн хэмжээ, орлого олох боломжоос нь хамааран шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.М нь цагдан хоригдоогүй, хохирогч Ё.Д-т 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах  нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт М-ийн М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М-д шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш  3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.М-д сануулсугай.

5. Шүүгдэгч М.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Мөнхдалай нь цагдан хоригдоогүй, хохирогч Ё.Д-т 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай Монгол Улсын хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА