Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/116

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн

Улсын яллагч Х.Гүнжидмаа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаа

Шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х овогт Г-ийн Б-д холбогдох 1816002090098 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Х овогтой Г-ийн Б.

Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байх Шүтээний өндөрлөг гэх газарт иргэн Б.А-ийн Самсунг эс-6 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 210.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Г.Б нь 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт байх Шүтээний өндөрлөг гэх газарт иргэн Б.А-ийн Самсунг эс-6 маркын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 210.000 төгрөгийн хохирол учруулсан нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.

 Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Г.Б гэм буруутай болох нь:

 Шүүгдэгч Г.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...: Утсыг нь би гуйж авсан. Гэхдээ энэ хэргийг хүлээн зөвшөөрч байна. Шүтээний өндөрлөг дээр А-тай таараад хөлийг нь өшиглөөд ахдаа утсаа өгчих гэж хэлсэн. Манай найз охин С манай сумын хүүхэд яах гээд байгаа юм гэхээр нь за ахын дүү яв гэсэн. Тэгээд драгоны урд талын автобусны буудал дээр сууж байхад байр руугаа явж байна гээд явж байсан. Тэгэхэд нь дахиад гуйхад за за ах надад барих утас өгөөд ав гэсэн... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хорихоос өөр арга хэмжээ аваасай гэж хүсэж байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 Хохирогч Б.А-ийн мөрдөн байцаалтад өгсөн “...  Б дуудаад миний хөл рүү нэг удаа өшиглөж аваад дуудаад байхад яагаад муриад ирдэггүй юм. Чи хаагуур юу хийгээд байгаа юм гээд намайг дахиад цохих гэтэл С гэх хүүхэд болиулсан юм. Тэгээд Б юм ярьж байгаад А өөрийнхөө барьж байгаа гар утсаа хэд хоног хэрэглүүлчих гэсэн юм. Тэгээд намайг дугаалаад Шүтээний өндөрлөгөөс буух гээд явж байхад Б намайг хүзүүнээс тэвэрчихээд яваад байсан ба драгон төвийн автобусны хажууд явж байхад гар утсаа өгчих гэхээр би дургүй байсан ч намайг дахиад цохиж, зодож магадгүй гээд айгаад өөрийн гар утсаа өгөөд явуулсан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ62-63/,

Гэрч М.С-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Шүтээний өндөрлөгийн хийдийн барилгын хажуу талд сууж байхад А гэх хүүхэдтэй таарсан юм. Тэгээд манай найз залуу Б нь А-аас хэд хоног гар утсаа хэрэглүүлчих гэж гуйсан юм. Тэгэхэд А нь ихэд дургүйцэж байгаад шүтээний өндөрлөгөөс буугаад драгоны хажуу талын автобусны буудлын хажууд явж байхад А нь Б-д утсаа өгөөд өөрөө Б-ын барьж байсан гар утсыг аваад Б нь 99999999 дугаар луу залгаад гар утсаа аваарай гээд А-д хэлсэн... Шүтээний өндөрлөг дээр байхдаа нэг удаа хөл рүү нь өшиглөхөд би А-г өмөөрч Б-ыг болиулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ66-67/,

Гэрч Э.Б-ийн “... Б нь ахын дүү яагаад худлаа яриад байгаа юм гээд А-г нэг удаа өшиглөж авсан юм. Тэгээд Б нь чи хэд хоног гар утсаа бариулчих гэхэд А үгүй гэж хэлэхэд С нь А-тай нэг сум гэхэд Б за аан тийм үү гэсэн юм. Тэгээд тэндээ байж байгаад шүтээний өндөрлөгөөс бууж драгон төвийн хажуу талын автобусны тэнд очихдоо Б нь дахиад А-д хандан ахын дүү тэгээд утсаа яах юм гэхэд А нь та надаа тэгүүл барих утас өг, тэгээд миний утсыг хоёр хоног барина шүү гэж хэлээд Б, А нар нь гар утсаа сольж барьсан...” гэсэн мэдүүлэг /ХХ68-69/,

Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хохирогч Б.А-ийн өргөдөл /ХХ7/, Гар утсанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /ХХ20/, “Ашид Билгүүн” ХХК-ний оны   2018-ны  10 дугаар сарын 10-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ /ХХ79/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт  гаргаагүй болно.

Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан буюу дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох  үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.

Шүүхээс шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлж, Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хянан хүмүүжүүлэх 1 жилийн хугацааанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүхээс шүүгдэгч Г.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, түүний цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй, хохирогчид хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Г-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хянан хүмүүжүүлэх 1 жилийн хугацааанд мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хариуцуулсугай.

 5. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Б-д танилцуулсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдоогүй, түүний цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй, хохирогчид хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.САРАНТУЯА