| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 164/2018/0107/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/117 |
| Огноо | 2018-12-17 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 2018/ШЦТ/117
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Сарантуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн
Улсын яллагч Ц.Сайнхүү
Шүүгдэгч Э.Пүрэвнямын өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ
Шүүгдэгчийн А.Бадамсэрээжидийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм
Шүүгдэгч П.Дашнямын өмгөөлөгч М.Энхзаяа
Хохирогч Т.Соёлмаа
Шүүгдэгч Э.Пүрэвням, А.Бадамсэрээжид, П.Дашням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816001080096 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.Пүрэвням: Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, 1996 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 22 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 3, ээж, аав хоёрын хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суудаг, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, Жаргалтайж овогт Энхбаатарын Пүрэвням, РД: ДК96123011 гэв.
Шүүгдэгч П.Дашням: Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, 1984 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн, 34 настай, боловсролгүй, бичиг үсэг мэдэхгүй, уншиж бичиж чадахгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт оршин суудаг, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, сумын сайн малчин болж байсан, одоо мал малладаггүй, Аливаа овогт Пүрэвийн Дашням, РД: ДП84101412 гэв.
Шүүгдэгч А.Бадамсэрээжид: Монгол улсын иргэн, халх, эрэгтэй, Говь-Алтай аймгийн Халиун сумын харьяат, 1993 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэр хүүхдүүдийн хамт Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суудаг, урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 3 жилийн хугацаагаар тэнсэж байсан, төрөөс авсан гавьяа шагнал байхгүй, Жалайр овогт Алтанцэцэгийн Бадамсэрээжид, РД: ДК93052810 гэв.
Шүүгдэгч Э.Пүрэвням, П.Дашням, А.Бадамсэрээжид нар нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суух иргэн Т.Соёлмаагийн нэг тооны тэмээг 2018 оны 01 дүгээр сарын дундуур хулгайлж, тус багийн Халзан довон гэх газарт нядлан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Э.Пүрэвням, П.Дашням, А.Бадамсэрээжид нар нь Говь-Алтай аймгийн Халиун сумын Олонбулаг багт оршин суух иргэн Т.Соёлмаагийн нэг тооны тэмээг 2018 оны 01 дүгээр сарын дундуур хулгайлж, тус багийн Халзан довон гэх газарт нядлан 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал нь хүний өмчлөх эрхэд халдаж хохирол учруулсан шинжээрээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх дүгнэлээ.
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Э.Пүрэвням, П.Дашням, А.Бадамсэрээжид нар гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Э.Пүрэвнямын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дашням дуудаад Дашнямынд очоод мөнгөний хэрэгцээ болоод байна. Тэмээнд явъя гэхээр нь зөвшөөрөөд хоёулханаа явж байхаар Бадамсэрээжидийг аваад гурвуулаа явъя гээд Бадамсэрээжидтэй явсан. Тэр шөнө Халиун сумын Олон булгийн Халзан дов гэх газар очиж олон тэмээ байсан. Нэг тооны тэмээ барьж нядлаад аймагт шөнө орж ирээд Бадамсэрээжидийн хашаанд мах машинаа тавиад өглөө нь Лхагва гэдэг махны ченжид өгөөд тус бүр 100.000 төгрөг болсон. Тэрийгээ хуваагаад салцгаасан...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч П.Дашнямын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Явсан өдрөө сайн мэдэхгүй байна. Пүрэвням, Бадам бид гурав 01 сард оройхон Олон булгийн цөлөөс урагшаа эргээд хөндлөн замын доор хэдэн тэмээ харагдаж байсан. Тийшээ ороод нэг тэмээ Пүрэвням бугуйлдаж хөтөлж авч ирээд загны тэнд бид 3 нядлаад арьс толгойг тэнд нь орхиод ачиж аваад 6 болж байхад аймаг руу орж ирээд Бадамын хашаанд очиж машинаа тавиад шөнө гэртээ очиж унтчихаад өглөө нь Лхагва гэдэг хүний хашаанд өгсөн. Бензиний мөнгө өгсөн. Дээр нь бас хэдэн төгрөг өгсөн. Сайн санахгүй байна...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Шүүгдэгч А.Бадамсэрээжидийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн: “...2018 оны 01 сарын дундуур нэг орой Пүрэвням найз нь тэмээ гаргаж ирэх гэсэн юм хамт яваад өгөөч Дашням ахтай явахаар болсон гээд манайд ирсэн. Тэгээд бид 3 Халиун сумын Олонбулаг багийн халзан дов гэх газар очиж нэг тэмээ Э.Пүрэвням бугуйлдаад тэндээ нядлаад аймагт шөнө 6 цагийн үед ирээд манай хашаанд машины тавиад гэр гэртээ очиж хоноод өглөө нь махаа гурвуулаа явж өгөөд 400.000 гаруй төгрөг болоод П.Дашням ах бензин өөрөө хийж явсан гээд арай илүү мөнгө өгсөн... Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж ийм хэрэг үйлдэхгүй...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Хохирогч Т.Соёлмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сарын 10-20-ны үеэр хүмүүс тэмээнд явсан. Тэгэхэд таны бүх тэмээ байна гэсэн. Би өрх толгойлсон эмэгтэй. Тэгээд хараад явсан шөнө тэмээ алсан байна гэсэн. Тухайн үед миний бүх тэмээг байна гэсэн учраас тэмээгээ байгаа гэж бодоод яваад байтал тэр тэмээнд эзэн нь олдохгүй байна гэсэн. Ганцаараа байдаг болохоор миний тэмээ байх гэж бодоод халиун сумаас 60.000 төгрөгөөр машин хөлсөлж яваад тэр газар цас зудтай байсан учраас алхаж очиж үзсэн. Миний тэмээ мөн байсан. Харсан хүмүүс нь ч гэсэн цагаан хоншоортой буйлгүй, хацар хавтгай гуян дээрээ саран тамгатай гэсэн очоод үзэхэд манай тэмээ мөн байсан. Байцаагч надаас мэдүүлэг авсан. Энэ хүмүүс алсан гэдэг нь тогтоогдсон. Зөвхөн махыг нь аваад явсан байсан. Сүүлчийн тэмээнүүдээ бас тийм аргаар хийсэн байсан. Хохирол барагдуулсан учраас гомдолгүй байна. Гэхдээ дахиж ийм зүйл хийвэл муухай шүү. Надад гомдол санал байхгүй. Энэ 2 манай нутгийн хүмүүс байна. Гомдолгүй ч гэсэн нэг зүйл хэлэхэд тэмээ гаргаад ирье гээд явж байхад хэний тэмээг нядлах гэж байгаа юм. Шөнө явж байна гэдгээ анзаардаггүй. Өөрөө өөрсдийгөө хэрэгтэн болгож байна гэдгээ ухаардаггүй юм байна. Би нэг оюутан, 2 бага ангийн хүүхэдтэй. Шүүх хуралдаанд заавал ир гэхээр нь 100.000 төгрөгөөр машин хөлслөөд шөнө 6 өнгөрөөж машин дуудаж 2 цагт орж ирсэн. Нэг өдөр малаа хүнд үлдээгээд ирэхэд өдрийн 20.000 төгрөгөөр тооцож авдаг. Тийм л амьдралтай хүн. Ийм байдлаас айгаад борлуулалт хийсэн. Залуу хүмүүс байна. Миний дүү нар дахиж ийм хэрэг битгий хийгээрэй гэж хэлмээр байна. Өөр гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Ж.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Эрдэнэпүрэв бид хоёр тэмээгээ хайх гэж 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хамт доод хоолой орсон юм. Тэгээд Олонбулаг багийн Халзан довон гэх газрын баруун талд шувуу нисээд байхаар нь очоод хартал 1 тооны тэмээ нядлаад арь, шир толгой, дотор гэдсийг нь аваад хаячихсан байхаар нь сумын цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ21/,
Гэрч Д.Эрдэнэпүрэвийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Халзан довон гэх газар явж байхад шувуу эргэлдээд байхаар нь яваад очтол дотор гэдсийг нь хаяад арьсыг бөөрөнхийлөөд тавиад махыг аваад явсан нэг тооны тэмээний сэг байсан. Уг тэмээг би урьд өдөр нь тэмээ хурааж явахдаа харахад хэрэг болдогийн хажуухан талд бэлчиж байсан... Манай багийн Соёлмаагийн тэмээ байж магадгүй...” гэсэн мэдүүлэг /ХХ22/,
Насанд хүрээгүй гэрч Ж.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн”... Сувдаа нь надад танай тэмээ алга болчихсон юм уу гэж асуусан тэгэхээр нь би мэдэхгүй яаж байна гэсэн чинь танай цагаан хошуутай тэмээ чинь их номхон тэмээ байна гэсэн. Тэгээд бурантаг шидсэн чинь зүгээр зогсож байгаад баригдаж, алуулсан гэсэн. Хүмүүс ярихдаа Соёлоогийн тэмээ байгаа юм гээд байсан...” гэсэн мэдүүлэг /ХХ23/,
Гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 01 дүгээр сард тэмээний мах худалдаж авсан. Гэхдээ яг хэдэн килограмм мах худалдан авсан талаараа санахгүй байна. Пүрэвням хүмүүстэй ирээд өгөөд явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ37-38/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүний гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ7-9/, авто машинд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /ХХ10-13, хөрөнгийн үнэлгээчин Р.Цанжидмаагийн 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай автомашины үнэлгээ /ХХ102/, 45 дугаартай тэмээний үнэлгээ /ХХ104/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн өмгөөлөх болох яллах талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүх хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтуудыг хангалттай цуглуулж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүхээс шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Э.Пүрэвням, П.Дашням, А.Бадамсэрээжид нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх
Шүүх шүүгдэгч Э.Пүрэвням, П.Дашням, А.Бадамсэрээжид нарыг Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч Э.Пүрэвням, П.Дашням нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Бадамсэрээжидийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Учир нь бусдын мал хулгайлсан бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх,эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан байх бөгөөд шүүх шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч тус бүрийн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, тэдгээрийн хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хүнд ял хорих ялыг шүүгдэгч нарт ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пүрэвнямд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял сольсон 17 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.Пүрэвнямын нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 7 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пүрэвнямын эдлэх 1 жил 7 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Дашнямын эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Бадамсэрээжидийн эдлэх 06 сарын хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Т.Соёлмаа нь “...Шүүх хуралдаанд заавал ир гэхээр нь 100.000 төгрөгөөр машин хөлслөөд шөнө 6 өнгөрөөж машин дуудаж 2 цагт орж ирсэн. Нэг өдөр малаа хүнд үлдээгээд ирэхэд өдрийн 20.000 төгрөгөөр тооцож авдаг...” гэх боловч тухайн зардлыгнотлх баримт байхгүй байх тул шүүхээс хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Э.Пүрэвням, П.Дашням, А.Бадамсэрээжид нарын хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд,шүүгдэгч А.Бадамсэрээжидийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч Э.Пүрэвням, П.Дашням, А.Бадамсэрээжид нар нь бүлэглэж үйлдсэн байх тул мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзэв.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан, хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй, хохирогч Т.Соёлмаад 1.200.000 төгрөг төлсөн, хохирогч нь замын зардал бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 34-54 ГАА улсын дугаартай, УАЗ-2202 маркын пургон автомашин нь эрүүгийн 1816000350028 дугаартай хэрэгт шийдвэрлэгдсэн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овгийн Э-ны П, А овгийн П-ийн Д, Ж овгийн А-ийн Б-д нарыг бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн 3.7 дугаар зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П, П.Д нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч А.Б-ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.П-д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 08 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял сольсон 17 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Э.П-ын нийт эдлэх ялын хэмжээг 1 жил 7 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пүрэвнямын эдлэх 1 жил 7 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч П.Д-ын эдлэх 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.Б-ийн эдлэх 06 сарын хугацаагаар хорих ял тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Э.П, П.Д, А.Б-д нарыг цагдан хорьж,ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цахим үнэмлэх нь шүүхэд ирээгүй, хохирогч Т.С-д 1200.000 төгрөг төлсөн, хохирогч нь замын зардал бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 00-00 ГАА улсын дугаартай, УАЗ-2202 маркын пургон автомашин нь эрүүгийн 1816000350028 дугаартай хэрэгт шийдвэрлэгдсэн, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Э.П, П.Д, А.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.САРАНТУЯА