Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 2

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, М.Нямсүрэнгийн нэхэмжлэлтэй “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх”  шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа, хариуцагч Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ч.Батсүх, Ц.шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гарьдхүү нар оролцов.

 

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч М.Нямсүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “М.Нямсүрэн миний бие Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын ажлаас халах тухай 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 тоот тушаалыг 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан.

Ингээд Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.8-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдсэн өдрөөс хойш нэг сарын дотор төрийн дээд шатны байгууллага, эсхүл шүүхэд гаргаж болно...” гэсний дагуу дээд шатны байгууллага болох Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд, мөн Өмнөговь

 

D:\Захиргаа\Ч.БАЯРМАА\Шийдвэр төсөл\М.Нямсүрэн_ГБДЦГХЗ_17.02.06.docx

аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд тус тус бичгээр гомдол гаргасан. Өмнөговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, 2016 оны 04 дүгээр 11-ний өдөр хариу өгөхдөө “2016 оны 04 дүгээр 06-ны өдрийн хуралдаанаар таны асуудлыг хэлэлцээд өргөдлийг харьяаллын дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны дэргэдэх салбар зөвлөлд шилжүүлсэн” гэсэн хариу өгсөн.

Улсын Их Хурлын өргөдлийн байнгын хороонд бичгээр 2016 оны 02 дугаар  сарын 16-ны өдөр гомдол гаргасан бөгөөд гомдлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэгт шилжүүлсэн тухай 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7/1963 тоот албан бичгийг ирүүлсэн. Би ажлаас халсан тушаалыг эс зөвшөөрч дээд шатны байгууллага, албан тушаалтанд удаа дараа гомдол гарган тасралтгүй явсан. Өмнөговь аймгийн төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар тогтоолыг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 16.00 цагт гардан авч, тогтоолыг эс зөвшөөрч, Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч, тус шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 29 өдрийн 473 дугаар захирамжаар хэргийн харьяалал зөрчсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул танай шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.

 Нэхэмжлэлийн талаар: Миний бие 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Ханбогд сум дахь Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ажил олгогчийн санаачилгаар ажлаас халагдсан.

Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар ажлаас халсан явдал нь хууль зүйн үндэслэлгүй гарсан тушаал юм.

Дээрх тушаалын 1-д: “...Аялал жуулчлал, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Мижиддорж овогтой Нямсүрэнг 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөр тасалбар болгож үүрэгт ажлаас халсугай...” гэжээ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3-д захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах...” мөн зүйлийн 40.2.5-д “...захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах...” мөн 40 дүгээр зүйлийн 40.4-д Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана...” гэж заасан.

Гэтэл ажлаас халсан тушаалд дээрх хуулийн шаардлагуудыг бичилгүй  илтэд хууль бус тушаал гаргаж, ажлаас халсан явдал нь миний хөдөлмөрлөх эрхийг бүдүүлгээр зөрчсөн байна.

Иймд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.” гэв.

Хариуцагч Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ч.Батсүх шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд Аялал жуулчлал сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа даргын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүйн улмаас удаа дараа сануулга өгч байсан. Хамгаалалтын захиргааны даргын 2015 оны 10 дугаар сарын 06 өдрийн 26 дугаар тоот тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 15%-аар бууруулсан.

 Хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар халагдахдаа ашиглаж байсан ширээний түлхүүр өгөөгүй, компьютероо кодлоод орхиж явсан. Компьютерийн код, ширээний түлхүүр нэхэхээр “Та нар мундаг сүрхий улс өөрсдөө тайлаад ав” гэсэн хариу өгч байсан.

2016 оны 05 сард хамгаалалтын захиргааны даргын ажлыг хүлээлцэх гэж ирэхдээ Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Г.Бадамдулам, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын мэргэжилтэн Ц.Түвшинбат нар ирэхдээ ийм юм гэж юу байдаг юм гэсэн. Ширээг нь эвдсэн, компьютерыг нь форматалж авсан. М.Нямсүрэн нь ажил үүрэгтэй холбоотой баримт бичиг, файл хүлээлцээгүй. Байгаль зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчдийн газраас манай байгууллагад өгсөн 1600000 /нэг сая зургаан зуу мянга/ төгрөгийн үнэтэй Nikоn MONARCH М511 маркийн дуран одоо хүртэл хүлээлгэж өгөөгүй байгаа.

 Хамгаалалтын захиргаанаас М.Нямсүрэнгийн гэр бүлийг дэмжихэд зориулан 2014 оны 03 сарын 17-нд 200000 /хоёр зуун мянга/, мөн 2013 оны 07 сарын 28-нд 300000 /гурван зуун мянга/ төгрөгийн буцалтгүй тусламжийг тус тус олгосон.

Байгууллагаас 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 01 сарын 15 хүртэл хугацаанд cap бүр цалингаа тогтмол авч байсан, ажиллаж байсан хугацаандаа Хамгаалалтын захиргаатай гэрээ хийж сургуульд сураагүй. Өөр мэргэжлээр сургуульд сурсан төдийгүй сурч байх хугацаандаа жилд 90 хоног явахдаа цалингаа бүтэн аваад явж байсан. Иймд хамгаалалтын захиргаанд ажилд авах боломжгүй байна.” гэв.

                                                         

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Нямсүрэн нь “Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгуулан, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай” нэхэмжлэлийн шаардлагыг Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргажээ.

Хариуцагч Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалаар[1]  Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэн нэхэмжлэгч М.Нямсүрэнг тус байгууллагын аялал жуулчлал, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний үүрэгт ажлаас халахдаа хууль бус шийдвэр гаргасан болох нь дараах байдлаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд Төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах нөхцөлүүдийг заасан бөгөөд М.Нямсүрэнгийн тухайд хуулийн дээрх заалтад хамаарахгүй, нэхэмжлэгчийг төрийн албанаас халах нөхцөл бүрдээгүй байна.

Хариуцагч маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа нэхэмжлэгчийг “албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэх буруутай үйлдэл, эс үйлдэхүйд зохих дотоодын хяналт шалгалт явуулж, ажлын хэсгийн дүгнэлтээр буруутгаж байгаа үйл баримтыг тогтоосон байх шаардлагатай.

Учир нь хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэхэмжлэгч өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй (самбар хийгээгүй), сургалт хийдэггүй, үр дүнгийн гэрээнд заасан ажлууд хийгдээгүй, ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж тайлбарладаг боловч энэ талаарх нэхэмжлэгчийн зөрчлийг шалгаж тогтоогоогүй, дээрх зөрчлүүдэд 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаар тушаалаар[2] үндсэн цалинг 2 сарын хугацаатай, 15 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан атлаа хариуцагч албан тушаалтан дурдаж буй зөрчлүүдийг ажлаас халах үндэслэл болгосон нь зөрчилд дахин шийтгэл ногдуулсан хууль бус шийдвэр болжээ.

 Мөн нэхэмжлэгч М.Нямсүрэнгийн 2015 онд ажилласан үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг 55.0 буюу “F” (хангалтгүй) гэж дүгнэсэн[3] гэх боловч тухайн үнэлгээ Төрийн албаны зөвлөлийн 2012 оны 134 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”-ын 6.7-д “Гэрээний биелэлтийг дүгнэх “Илтгэх хуудас”-нд талууд тус тусын гарын үсгийг зурж, эрх бүхий этгээд тэмдэг дарж албажуулснаар үнэлгээ хүчин төгөлдөр болно”, 6.8-д ““Илтгэх хуудас”-ыг 3 хувь үйлдэж, менежер, төрийн жинхэнэ албан хаагч, үнэлгээний мөрөөр авах арга хэмжээний санал боловсруулах зорилгоор байгууллагын хүний нөөцийн асуудал хариуцсан нэгж (албан хаагч) тус бүр 1 хувийг авна” гэж заасны дагуу хүчин төгөлдөр болоогүй байна.

Өөрөөр хэлбэл журмын 6 дугаар зүйлийн 6.5-д “...Төрийн жинхэнэ албан хаагч нь менежерийн өгсөн үнэлгээтэй санал нийлээгүй тохиолдолд үндэслэл бүхий тайлбарыг түүнд бичгээр гаргаж болно. Энэ тохиолдолд талууд үнэлгээтэй санал нийлээгүй асуудлыг дахин авч үзнэ…” гэж заасны дагуу санал нийлээгүй тохиолдолд тайлбар гаргах боломжийг олгоогүй, мөн заалтын “...Хэрэв менежер түрүүчийн өгсөн үнэлгээг өөрчлөөгүй бол гэрээний биелэлтийг дүгнэсэн “Илтгэх хуудас”-нд тайлбарыг хавсарган төрийн жинхэнэ албан хаагчийн Хувийн хэрэгт хадгалах бөгөөд гэрээг дүгнэсэнд тооцно...” гэсэн арга хэмжээ авагдаагүй тохиолдолд М.Нямсүрэнгийн 2015 оны үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээг хүчин төгөлдөр гэж үзэх боломжгүй.

Хариуцагчийн тайлбараа нотолж буй Говийн бага дархан цаазат газрын захиргаанд санал хүргүүлэх тухай ажилтнуудын гомдол, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын 16 дугаар шүүхэд гаргасан тус сумын Засаг дарга Т.Буян-Өлзий, Баян-Овоо сумын Засаг дарга Б.Эрдэнэцэцэг, Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Цэцэгсүрэн, иргэн Н.Болд нарын тодорхойлолт нь[4] нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргаан бүхий захиргааны акттай холбоо бүхий үйл баримтад хамааралгүй байна гэж үзлээ.

Эдгээрээс дүгнэн үзэхэд нэхэмжлэгч М.Нямсүрэнг “...удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх төрийн албанаас халах үндэслэл тогтоогдохгүй байх ба хариуцагч нь зөрчил гэж үзэн маргаж байгаа асуудлуудыг шалган тогтоогоогүй, түүнчлэн хуулийн дээрх үндэслэлд хамаарахгүй ёс зүйн зөрчлийн шинжтэй асуудлуудаар нэхэмжлэгчийг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.1-д “...энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх...” гэж заасныг зөрчсөн хариуцагчийн 2016 оны 02 дугаар тушаал нь хууль бус бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна гэж дүгнэлээ.

Иймд Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Нямсүрэнг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, М.Нямсүрэнгийн ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7105735 ( долоон сая нэг зуун таван мянга долоон зуун гучин тав) төгрөгөөс хуульд заасан шимтгэлийг суутган тооцож, үлдэх олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Ажилгүй байсан хугацааны олговроос зохих татвар шимтгэлийг суутган, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх зэрэг нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг байдаг болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтыг тус тус баримтлан Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны даргын 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, М.Нямсүрэнг Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны аялал жуулчлал, сургалт, сурталчилгаа хариуцсан мэргэжилтний  албан тушаалд  эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 7105735 ( долоон сая нэг зуун таван мянга долоон зуун гучин тав) төгрөгөөс хуульд заасан шимтгэлийг суутган тооцож, үлдэх олговрыг хариуцагч Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас гаргуулан, нэхэмжлэгч М.Нямсүрэнд олгосугай.

3.Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр  зүйлийн 51.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

  • , ШҮҮГЧ                                 Ч.БАЯРМАА

 

 


[1] Хавтаст хэргийн 16 дугаар хуудас

[2] Хавтаст хэргийн 108 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 92 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 104-107 дугаар хуудас