Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 1097

 

МАГАДЛАЛ

 

2016 оны 06 дугаар сарын 03                      Дугаар 1097                                   Улаанбаатар хот

 

“ХХ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Туяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/03087 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “ХХ” ХХК,

Хариуцагч ХХ,

Хариуцагч ХХХ нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 13 265 189 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х,

Хариуцагч ХХХ,

Хариуцагчийн өмгөөлөгч ХХХХ,

Нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: “ХХ” ХХК нь ХХтой 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ЦЗГ1822/141104 тоот цалингийн зээлийн болон барьцааны гэрээ, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ЦЗГ1801/141120 тоот цалингийн зээлийн болон барьцааны шинэчилсэн гэрээ байгуулж, нийт 13 000 000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 18 хувийн хүүтэйгээр олгосон. 2015 оны 2 сараас зээлдэгч ХХ нь гэмт хэрэгт холбогдож зээлийн төлбөрийг төлөхөө больсон. “ХХ” ХХК-иас ХХ, ХХХ нарт зээл төлөх мэдэгдэл шаардлагыг удаа дараа хүргүүлж хэд хэдэн удаа уулзаж байсан. ХХ, ХХХ нартай 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан цалингийн зээлийн болон барьцааны зээлийн гэрээг цуцалсан. Мөн өдөр төлөгдөөгүй үндсэн зээл 11 964 876 төгрөг, зээлийн хүү 1 280 405 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 908 төгрөг нийт 13 265 189 төгрөг байна. Хариуцагч ХХ нь аль аль гэрээний гол зээлдэгчийн хувьд бүх зээлийг хариуцана. Хариуцагч ХХХ хамтран зээлдэгчийн хувьд гарын үсэг зурсан 5 837 747 төгрөгийн зээлийг нэмж авсан учраас дээрх мөнгийг ХХХ хамтран хариуцах үүрэгтэй. Иймд ХХоос зээлийн гэрээний үүрэгт 7 465 189 төгрөг, ХХ, ХХХ нараас 5 800 000 төгрөгийг нийт 13 265 189 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч ХХ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Манай байгууллага Төрийн банктай харилцдаг байхад 2014 онд цалингийн зээлийг авсан ба манай байгууллага Улаанбаатар банкруу шилжихэд нь Улаанбаатар банкнаас нэмж 5 837 747 төгрөгийн зээл авсан. Уг мөнгийг 7 000 000 төгрөгийн зээлэнд нэмж авсан. ХХХ ахыг хамтран хариуцагчаар гарын үсэг зурж өгөөч, зээл авах гэсэн юм гэж хамтран хариуцагчаар оруулсан болохоос биш ХХХ ахад цалингийн зээлээс өгөөгүй. Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Төлөх нь үнэн. Би банкны ажилтанд цагдан хорих газарт ирэхэд нь зээлийг төлж барагдуулна одоогийн байдлаар төлөх боломжгүй байгаа талаараа тайлбарлан хэлсэн гэжээ.

Хариуцагч ХХХ шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ХХ нь би зээл авах гэсэн юм хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч төрийн албанд ажилладаг хүн хэрэгтэй байна гэж хэлсэн учраас хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Гэвч дүү маань хэрэгт холбогдож цагдан хоригдож байгаа учраас төлөх боломжгүй болоод байна. Зээлийн гэрээгээр нийт хэдэн төгрөг авсныг мэдэхгүй байна. Гарын үсэг зурахад зээлийн гэрээний үнийн дүн тодорхой байгаагүй. Банкнаас 2 удаа албан бичиг ирсэн ба төлбөрийг төлөх гэтэл ажлаасаа орон тооны цомхотголоор халагдаж, зээлийг төлөх төлбөрийн чадваргүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 5 800 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ХХоос 7 465 189 төгрөгийг, хариуцагч ХХ, ХХХ нараас 5 800 000 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ХХ” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 224 276 төгрөгийг төрийн санд үлдээж, хариуцагч ХХоос улсын тэмдэгтийн хураамжид 162 926 төгрөг, хариуцагч ХХХаас улсын тэмдэгтийн хураамжид 61 350 төгрөгийг гаргуулж “ХХ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч ХХХ, хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хэрэгт цугларсан баримтаас үзвэл банкны ажилтан ХХХ нь ХХХын ажил дээр гурван удаа ирж та гарын үсгээ зурчих энэ бол зээлийн эргэн төлөлтийн график байгаа юм таньд ямарч эрсдэл байхгүй. ХХ цалингаа барьцаалсан энэ гэрээнд хамтран зээлдэгчийн талаар ямарч заалт байхгүй гэж удаа дараа шаардаад байхаар нь гарын үсэг зурсан түүнээс биш ХХ хэдэн төгрөг зээлсэн, яаж авч байгааг огт мэдээгүй. Гэрээнд мөнгөний дүн байгаагүй. 5 800 000 төгрөгийн зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй байхад яагаад төлбөр төлөх ёстой юм. Банк надад нэг төгрөг ч гардуулж өгөөгүй байхад хамтран хариуцагч болдог юм. Гэрээнд хамтран хариуцагчийн эрх, үүрэг хариуцлага гэсэн заалт байхгүй байсан. Нөгөө талаар зээлийг авч захиран зарцуулсан ХХ амьд мэнд хөдөлмөрийн чадвартай авсан зээлийг би өөрөө төлнө гэж байхад би хариуцах үндэслэлгүй гэж үзэж байна. би банкнаас мөнгө зээлж аваагүй, банк надад ч мөнгө өгөөгүй. Банк ХХод мөнгө өгсөн баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан байна. ХХ би зээл авсан би төлнө гээд байхад 5 800 000 төгрөгийг бид хоёроор тус тус төлүүлэхээр шийдвэр гаргасан нь хуулийн шудрага ёсны зарчим алдагдаж иргэн миний эрх ашиг хохирч байна. Иймд шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалт нь хоёрдмол утгатай ойлгомжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгч “ХХ” ХХК нь хариуцагч ХХ, ХХХ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 13 265 189 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч ХХ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч, ХХХ нь нэхэмжлэгчээс зээл аваагүй тул мөнгийг төлөхгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл хариуцагч ХХ нь нэхэмжлэгч банкнаас 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 7 352 936 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр  13 000 000 төгрөг зээлсэн, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 11 964 876 төгрөг, хүү 1 280 405 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 19 908 төгрөг, бүгд        13 265 189 төгрөгийг төлөөгүй гэсэн нэхэмжлэлийн үнийн дүнд талууд маргаагүй.

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дах хэсэгт зааснаар өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хариуцагч ХХ нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр зөвшөөрсөн байхад 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагч ХХод бэлэн бусаар шилжүүлсэн 5 837 747,36 төгрөгийг хариуцагч нараас гаргуулсан нь үндэслэлгүй гэж үзнэ.

Учир нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлд зааснаар хариуцагч нар хамтран үүрэг гүйцэтгэгч боловч зээлийн гэрээний үүргийг хариуцагч ХХ гүйцэтгэхээр хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлахгүй юм.

Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагч нараас гаргуулахаар шаардаж байгаа тохиолдолд хариуцагч ХХын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзнэ.

Иймд шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулан, хариуцагч ХХоос зээлийн гэрээний үүрэгт 13 265 189 төгрөгийг гаргуулж, хариуцагч ХХХ, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/03087 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...ХХоос 7 465 189 төгрөг, хариуцагч ХХ, ХХХ нараас 5 800 000 төгрөгийг тус тус гаргуулан...” гэснийг “...хариуцагч ХХоос 13 265 189 төгрөгийг гаргуулан...” гэж өөрчлөх, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт “...ХХоос 162 926 төгрөг, хариуцагч ХХХаас 61 350 төгрөг гаргуулж...” гэснийг хариуцагч ХХоос 224 276 төгрөг гаргуулан...” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагч ХХХ, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагч ХХХаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 61 350 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД                                 Т.ТУЯА

 

                                                                М.НАРАНЦЭЦЭГ