Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2018/ШЦТ/118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Лханаасүрэн

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм

Хохирогч Б.Амаржаргал

Иргэний нэхэмжлэгч Б.Мядагбадам

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Бат-Эрдэнийн Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1816001970111 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Говь-Алтай аймгийн Хөхморьт сумд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монсуль ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Найрамдалын хорооны 4-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ДЛ71010711 регистрийн дугаартай, Еншөөбү овогт Дашпунцагийн Бат-Эрдэнэ.

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт шороон зам дээр өөрийн төрсөн охин Б.Мядагбадамын өмчлөлийн 72-17 УБИ улсын дугаартай Приус-20 маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэний нэхэмжлэгч Б.Мядагбадамд 4.345.000 төгрөгийн хохирол учруулж, 5 настай А.Батбилэгийн амь насыг хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон”  гэмт хэрэгт хамаарна.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ах дүү нарын хамт амарч явж байгаад осолдож талийгаач дүү машинаас унаж амь насаа алдсанд би маш их харамсаж байна... Би энэ шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Хохирогч Б.Амаржаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Осол болох үед  би хамт байгаагүй.  Урд нь түрүүлээд явчихсан байсан. Осол болсон газар дээр очиход машин шарваад унасан байсан. Хүүгээ амьд байгаа болов уу? гэж бодоод тухайн үед шууд эмнэлэг явсан. Гэвч газар дээрээ нас барсан байсан. Бид нар ах дүү хүмүүс хохирогчийн мэдүүлгээ гомдолгүй гээд өгсөн байгаа. Цуг явж  байгаад ийм зүйл болсон. Тухайн нөхцөл байдалд нь хамт байсан болохоор хэлээд байх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Иргэний нэхэмжлэгч Б.Мядагбадамын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би тэр үед Говь-Алтай аймгийн төвд байсан болохоор ослын талаар сайн мэдэхгүй байна. Аймагт ирсэн байна осол гарлаа гэхэд эмнэлэг дээр очиход талийгаач хүү нас барсан байсан. Өөр зүйлийн талаар сайн мэдэхгүй байна ... Тээврийн хэрэгсэлтэй  холбоотой гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг / шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

Шинжээч Д.Даваахүүгийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 45 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн “...1. Талийгаачийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр суурь ясны салсан хугарал, зүүн хөмсгөнд шарх, нүүрэн хэсгийн үйрч бяцарсан хугарал, доод уруулын баруун булангийн урагдсан шарх, хүзүү, баруун мөр, баруун шилбэнд зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдээс тархинд үүссэн гэмтэл нь нас барахад нөлөөлсөн байна.

4. Талийгаач нь амьдрах боломжгүй гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ...” гэсэн дүгнэлт /ХХ45-46/,

Шинжээч, цагдаагийн хошууч Б.Түмэнбаярын 2018 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн “... Нэг: Приус-20 маркын 72-17 УБИ улсын дугаартай автомашиын жолооч Д.Бат-Эрдэнэ нь замын хөдөлгөөнд оролцож явах үедээ автомашинаа онхолдуулсан нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9-р бүлгийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн буруутай үйлдэл байна.

Хоёр: Жолооч Бат-Эрдэнэ нь аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйн улмаас осол үйлдэгдэхэд нөлөөлсөн байна...” гэсэн дүгнэлт /ХХ54/,

Шинжээч С.Мөнхдалайгийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 6168 дугаартай “... 1. Хаймар дугуйнд гарсан гэмтэл нь ослын үед үүссэн байх үндэслэлтэй тул осол гарахад нөлөөлөхгүй. Хаймар дугуй хагарч буудаагүй байна.

2. Хаймар дугуйн хээ нь стандарт шаардлагыг хангаж байна...” гэсэн дүгнэлт /ХХ96-97/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-н Говь-Алтай аймгийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай “...1. Рулийн аппарат болон тоормосны систем хэвийн ажиллагаатай байна. Урд тэнхлэгийн хажуу, гулсалтын хазайлтын хэмжээ 24 мм байсан. /стандарт -5 мм-ээс +5 мм хооронд/

2. Эвдрэл гэмтэл байхгүй.

3. Уг тээврийн хэрэгсэл онхолдсоны дараа зориулалтын багаж дээр шалгаж үзэхэд рулийн аппарат болон тоормосны систем явах эд ангид ямар нэгэн нөлөөлөх эвдрэл гэмтэлгүй хэвийн ажиллагаатай байна...” гэсэн дүгнэлт /ХХ125-128/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл/ХХ4-6/, гэрэл зургийн үзүүлэлт/ХХ7-10/, Ашид Билгүүн ХХК-ний 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 1785 дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ /ХХ77/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг дэвсгэрт шороон зам дээр өөрийн төрсөн охин Б.Мядагбадамын өмчлөлийн 72-17 УБИ улсын дугаартай Приус-20 маркын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “ Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж иргэний нэхэмжлэгч Б.Мядагбадамд 4.345.000 төгрөгийн хохирол учруулж, 5 настай А.Батбилэгийн амь насыг хохироосон болох нь хөдөлбөргүй тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, хор уршгийг арилгасан хохирогч, иргэний нэхэмжлэгчийн зүгээс гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруйдаа хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд зааснаар эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож хорих ял оногдуулахыг тэнсэж, албадлагын арга хэмжээ авахдаа харгалзаж  үзсэн болно.

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 3 жилийн хугацаагаар хасч, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явах тохиолдолд хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасан болохыг тэмдэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.Амаржаргал хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч хохиролд 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Мядагбадам нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Еншөөбү овогт Дашпунцагийн Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бат-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж,  мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн 3 жилийн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавих эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд сануулсугай. 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, хохирогч Б.Амаржаргал хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч хохиролд 1.000.000 /нэг сая/ төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч Б.Мядагбадамд нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.Бат-Эрдэнэ нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар  шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА