Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 58

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Байгальмаа даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ

            Улсын яллагч А.Тунгалагтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч Х.Д нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х.Д холбогдох 1840000850056 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 11 сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд эрэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, Бор-Өндөр сумын улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Х.Д

              Шүүгдэгч Х.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “Хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

               Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Х.Д нь 2018 оны 08 сарын 30-наас 08 сарын 31-ний хооронд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг 4-402 тоотод оршин суух Б.М байнга амьдардаг гэрт нэвтрэн орж улаан өнгийн “HP” брендийн нотебүүк хулгайлж бусдад 220.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасны үндсэнд Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүгдэгч Х.Д нь 2018 оны 08 сарын 30-наас 08 сарын 31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг 4-402 тоотод оршин суух Б.М байнга амьдардаг гэрт нэвтрэн орж улаан өнгийн “HP” брендийн нотебүүк хулгайлж бусдад 220.000 төгрөгний хохирол учруулж “Хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Х.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би тэр өдөр нотебүүкийг айлд орж аваад түүнийгээ Д.Ж ахад 20000 төгрөгөөр зарсан. Тэгээд мөнгөөр нь юм авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

Хохирогч Б.М 2018 оны 10 сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2018 оны 08 сарын 22-ны өдөр нөхөр Э  эмнэлэгт үзүүлэх гээд Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хот руу явахдаа өөрийнхөө найз М  манай гэрийг хаяа эргэж тойрч байгаарай гэж захиад явсан. Тэгтэл 2018 оны 08 сарын 31-ний өдөр манай найз М  над руу залгаад танай гэрт хулгай орсон юм шиг байна, гэрийн цоож эвдэрсэн, хаалга нь хагас нээлттэй онгорхой байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би М ыг манай гэр рүү очоод юм алдагдсан байна уу очоод үзчих гэж хэлсэн. Манай гэрээс зурагт, зөөврийн компьютерээс өөр алдагдах зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгтэл манай найз манай гэр рүү очоод улаан өнгийн зөөврийн компьютер чинь алга болсон байна, зурагт чинь харин байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Улаанбаатар хотоос өөрийнхөө утсаар цагдаад дуудлага өгч шалгуулсан. Манай гэрээс миний өөрийн HP брендийн зөөврийн компьютер хулгайд алдагдсан, өөр зүйл алга болоогүй байсан. Би ягаан өнгийн хумсны будгаар батарей дээр нь тэмдэг байсан байсан өөр зүйл байхгүй. Би HP брендийн зөөврийн компьютероо 2014 онд Улаанбаатар хотоос 1000000 төгрөгөөр худалдаж авсан. 2014 онд худалдаж авснаасаа хойш өөрөө байнга хэрэглэж байгаа. Тэгэхээр би HP брендийн зөөврийн компьютерээ 500000 төгрөгөөр үнэлж байна. Бор-Өндөр сумын Засаг даргын тамгын газрын үнэлгээний комисс 200000 төгрөгөөр үнэлсэн байна. Би энэ үнэлгээг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/

Хохирогч Б.М 2018 оны 12 сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Болд овогтой Б.М  миний бие нь Х.Д холбогдох эрүүгийн хэргийн хуралдаанд нөхөр маань хугалгаанд орж асрах шаардлагатай байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Би notebook-ээ хүлээж авахад ассан боловч дэлгэц нь цагаарч ажиллахгүй байсныг цагдаад хэлж зургийг авч баталгаажуулсан. Компьютер Ланд дээр очиж засварын газраар оношлуулан засварлуулахад дэлгэцний болор гэмтэлтэй гэж дэлгэж сольж засахад 140000 төгрөг болсон тул хохирлыг барагдуулж өгнө үү. Өөр санал гомдол байхгүй” гэжээ.

Хохирогч Б.М 2018 оны 12 сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Болд овогтой Б.М  миний бие 2018 оны 08 сарын 29-ний өдрөөс 31-ний өдрийн хооронд гэрээсээ HP брендийн улаан өнгийн зөөврийн компьютероо хулгайд алдсан бөгөөд 2018 оны 10 сарын 24-ний өдөр Бор-Өндөр сум дахь Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах хэсгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Х зөөврийн компьютерийг минь хүлээлгэн өгсөн. Компьютерийг хүлээн авахад дэлгэц нь цайраад асахгүй байсан ба Улаанбаатар хотод очиж засварлуулахад 140000 төгрөг болсон. Уг хохирлыг Х.Д хууль ёсны төлөөлөгч Х.Б хүлээн зөвшөөрч 2018 оны 12 сарын 04-ний өдөр 100000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулсан. Үлдэгдэл 40000 төгрөгийг 2019 оны 01 сарын 16-ны өдөр бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн. Надад өөр нэхэмжлэх зүйл болон, гомдол санал байхгүй. Иймд Х.Д холбогдох хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Иргэний нэхэмжлэгч Д.Ж 2018 оны 10 сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтанд өгсөн: ”Би 2018 оны 09 дүгээр сарын 12-ны орой Х.Д  улаан өнгийн HP брендийн зөөврийн компьютер 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед би ганцаараа, мөн Х.Д ганцаараа явж байсан. Тэгтэл Х.Д  надад зарсан улаан өнгийн HP брендийн зөөврийн компьютер нь хулгайн эд зүйл байсан. Би Х.Д  худалдаж авсан улаан өнгийн зөөврийн компьютер У  зарж шар өнгийн "Timberland" гэх гутал авсан. Тэгтэл хулгайн эд зүйл гэдгийг нь мэдээд У шар өнгийн гутлаа авья гэхэд нь би гутлыг У  эргүүлээд өгсөн. Би одоо Х.Д  улаан өнгийн зөөврийн компьютер худалдаж авсан 20.000 төгрөгөө нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 52-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Ж 2018 оны 10 сарын 30-ны өдөр 2 дахь удаа мөрдөн байцаалтанд өгсөн: ”Би улаан өнгийн HP брендийн зөөврийн компьютерийг Бор-Өндөр суманд байдаг Х.Д гэдэг казак хүүхдээс 20.000 төгрөгөөр худалдаж авсан. Тухайн үед Х.Д ганцаараа явж байсан бөгөөд өөрийнхөө HP брендийн зөөврийн компьютерийг зарж байна гэж надад хэлсэн. Би У гэрт очихдоо Х.Д  худалдаж авсан улаан өнгийн HP брендийн зөөврийн компьютероо бариад очсон. Тэгээд У  харуулаад энэ компьютерийг зарах гэсэн юм, авах хүн байна уу гэж У-аас асуусан. Мөн У  ажилд өмсөх гутал байна уу гэж асуусан. Тэгэхэд У  миний өөрийн "Timberland" гэсэн гутал байна гэж хэлэхээр нь надад манай ахын өгсөн цэнхэр өнгийн пүүзэн гутал 6aйна, би энэ гутлыг зөөврийн компьютертой хамт өгье чи надад "Timberland" гэсэн гутлаа өгчих тэгээд сольчихьё гэж хэлэхэд У  зөвшөөрсөн. Би У  авсан гутлаа шууд тэр дор нь өмсөөд явсан. Харин дараа нь Х.Д  авсан зөөврийн компьютерийг хулгайнх гэдгийг нь цагдаад хураалгасны дараа У  надаас өөрийн "Timberland" гэх гутлаа авсан, би ч гэсэн өөрийнхөө цэнхэр пүүзэн гутлаа У  авсан. Би одоо Х.Д  20.000 төгрөг авах дутуу байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 53-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Ж 2018 оны 12 сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Дорж овогтой Д.Ж миний бие 2018 оны 09 сарын 12-ны өдөр Х.Д гэдэг хүүхдээс хулгайн эд зүйл гэдгийг мэдэлгүйгээр зөөврийн компьютер худалдан авсны улмаас надад 20000 төгрөгийн хохирол учирсан. Х.Д хууль ёсны төлөөлөгч Х.Б-ээс хохирол 20000 төгрөгийг 2018 оны 11 сарын 22-ны өдөр төлж барагдуулсан. Надад өөр нэмж нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй тул Х.Д холбогдлх хэргийг хөнгөн шийдвэрлэж өгнө үү” гэжээ.  

Хууль ёсны төлөөлөгч С.Х-аас 2018 оны 12 сарын 04-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: “С.Х миний бие хүү Х.Д холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа боловч би 2018 оны 11 сарын 12-ны өдөр амаржиж нялх биетэй байгаа тул 2018 оны 12 сарын 05-ны өдрийн 10 цагт зарлагдсан шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй болоод байна. Иймд тус шүүх хуралдааныг С.Х намайг оролцуулахгүйгээр өмгөөлөгч Л.Номин-Эрдэнийг байлцуулан хийж өгнө үү” гэжээ. 

Гэрч Д.Х-ын 2018 оны 08 сарын 31-ний өдөр өгсөн: “Би 2018 оны 08 сарын 31-ний өдөр хувийн ажлаар Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирээд өөрийн төрсөн эгч Д.М ын гэрт очоод байж байтал манай эгч надад Сүхээ гэх айлд юм хүргээд өг гэхээр нь дүү Н.Эрдэнэсувдын хамтаар 13 цагийн үед гэрээс нь гараад явж байгаад Э.Э  гэх нутгийн ахын гэрийх нь хажуугаар нь гартал гэрийх нь хаалга хагас онгорхой байхаар нь гэртээ ирсэн юм байхдаа гэж бодоод очоод хархад цоож нь эвдэрсэн хүнгүй байж байсан. Тэгэхээр нь би дүүгийн хамтаар буцаад эгчийн гэрт очоод эгчид Э.Э  ахын гэрийн хаалга нь онгорхой мөртлөө хүнгүй байна гэж хэлсэн. Тэгтэл эгч Э.Э  ахруу яриад хэлсэн чинь Э.Э  ах гэрт очоод зурагт нотебүүк 2 байгаа очоод үзчих гэж хэлсэн. Тэгхээр нь би дүүгийн хамтаар очоод гэрт нь ороод хархад нотебүүк нь байхгүй зурагт нь байсан. Тэгээд би гэрийг нь түгжээд эгчид очиж хэлсэн. Гэрийх нь үүдэнд хар өнгийн цоож унасан байдалтай 3-н унь нь унасан ор хөнжил нь орон дээр нь тарсан байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/

Гэрч Д.М ын 2018 оны 08 сарын 31-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр манай төрсөн дүү Д.Х нь Дархан сумаас манай гэрт ирсэн. Тэгээд би өдөр 13 цагийн үед өөрийн охин Н.Эрдэнэсувдыг төрсөн дүүгийн хамтаар Сүхээ гэх айлд юм хүргэж өгчөөд ир гээд явуулсан. Тэгээд байж байтал манай дүү охин 2 гаднаас Э.Э  ахын гэрт нь хулгай орсон юм шиг байна хаалга нь онгорхой цоож нь эвдэрсэн байна гэж хэлсэн. Тэгхээр нь би шууд Э.Э ын .......... дугаарын утас руу нь залгаад танай гэрт хулгай орсон юм шиг байна хаалга нь онгорхой цоож чинь эвдэрсэн байна гэж хэлтэл надад манай гэрт алга болох юм зурагт, нотебүүк 2 байгаа тэр хоёрыг очоод харчих гэж хэлсэн. Тэгхээр нь би дүүгээ очоод хараад ир гээд явуулсан. Тэгээд манай дүү яваад буцаад зурагт нь байна нотебүүк байхгүй байна цоожилчоод ирлээ гэж хэлсэн. Тэгхээр нь би Э.Э  луу залгаад нотебүүк байхгүй байна гэж хэлсэн. Тэгээд надруу удалгүй залгаад би цагдаад дуудлага өгчихлөө очхоор нь яваад очоорой гэж хэлсэн. Э.Э ын эхнэр Б.М  бид 2, 8 жилийн нэг ангид сурдаг байсан. Энэ 2 хол явахдаа надад гэрээ захиад явдаг би бороо орхоор очиж өрхийн татаж хажуугаар нь явахдаа хардаг байсан.  Э.Э ын гэрт урьд нь хулгай орж байгаагүй байхаа намайг лав гэрийг нь эргэж тойроод харж байхад хулгай орж байгаагүй. Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Э.Э ын гэрийн хашаанд Б гэдэг айл байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотруу нүүсэн тэгхээр нь би орой гэрийн ирээд шалгахад зүгээр байсан. Тэгхээр 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 31-ний хооронд хулгай орсон юм шиг байна лээ. Улаан өнгийн нотебүүк миний мэдхийн 3 жилийн өмнө авч байсан байх. Би Улаанбаатар хотоос 2018 оны 08 сарын 24-ний өдөр ирсэн. Тэгхэд тэд нар зөрөөд Хэнтий аймгийн Дархан сум яваад тэндээсээ Улаанбаатар хот явсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/

Гэрч О.Ш-ийн 2018 оны 10 сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би У гэх залууг анх 2017 оноос хойш Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын жоншны талбайд пүүлэгч хийдэг байхдаа танидаг болсон. Тэгээд 2018 оны 10 сарын 08-ны өдөр 17 цагийн үед би гэртээ байж байхад У гэх залуу гаднаас орж ирээд би нотебүүкээ зарах гэсийн чи 50,000 төгрөгөөр худалдаж авах гээд улаан өнгийн "HP" гэсэн бичигтэй нотебүүк гаргаж ирсэн. Тэгэхээр нь би надад мөнгө байхгүй би авахгүй гэж хэлсэн. Тэгтэл У  гарч яваад буцаад удалгүй 20 орчим минутын дараа орж ирээд чамд гар утас байна уу? хэрвээ гар байвал дээр нь 1 пивоны мөнгө нэмээд өгчих тэгээд солий гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөн адил авахгүй гэж хэлээд гаргасан. Тэгээд У г гарсаны дараа манай охин Ш.М хичээлээ тараад ороод ирхэд нь У  дахиад ороод ирсэн. Тэгэхээр нь би охиндоо миний охин нотебүүк авах уу? гэж хэлтэл манай охин тэгий гэж хэлсэн. Тэгэхээр нь би У д надад Самсунг С-3 маркын гар утас 7000 төгрөг байна гар утас нь асахгүй байгаа баттарейг нь соливол асна гэж хэлсэн.  Тэгтэл У  заза наадхаа надад өгчих гээд аваад надад нотебүүкээ өгөөд гарсан. Намайг нотебүүк авхад тухайн нотебүүк нь цэнэггүй асахгүй байсан. У-с надад анх орж ирэхдээ миний нотебүүк байгаамаа гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь би 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 16 цагийн үед гэрээсээ нотебүүкэндээ цэнэглэгч авах гээд гараад Бор-Өндөр сумын "Юнителийн" төврүү  очиж цэнэглэгч байна уу? гэж асуухад байхгүй байсан. Тэгээд нь би цаг хархад манай хүүхдийн цэцэрлэг тарах болсон байхаар нь би Бор-Өндөр сумын “Бүжинхэн" цэцэрлэгт очоод хүүхдээ авахдаа хүүхдийнхээ багш М-ээс таньд нотебүүкний цэнэглэгч байна уу? гэж асуусан. Тэгтэл М багш надад байхгүй О багшаас асуу гэж хэлсэн. Тэгэхээр нь би О багшаас асуутал О багш миний нотебүүкний цэнэглэгчийг аваад үз гэж хэлсэн Тэгээд би О багшийн нотебүүкний цэнэглэгчийг нь аваад үзхэд таарахгүй байсан. Тэгээд би болохгүй болхоор нь хүүхдээ аваад гэртээ очоод байж байтал цагдаа ирээд наадах чинь хулгайн нотебүүк байна гэж хэлсэн. У  их ажилсаг жоохон архи уугаад байдаг. Гэхдээ би хулгай хийхээргүй залуу гэж боддог. Би У г хулгай хийхгүй гэж итгэдэг болохоор энэ нотебүүкийг худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21-23-р хуудас/

Гэрч О.Шийн 2018 оны 10 сарын 30-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би У  авсан улаан өнгийн "HP" брендийн зөөврийн компьютерийг хулгайн болохыг нь мэдээгүй. У  өөрийнхөө  компьютерийг зарж байгаа юм гэж хэлсэн, тэгээд хэдэн пиво уух гэсэн гээд байсан. Тэгээд цагдаа нар хулгайн нотебүүк авсан байна гэхээр нь У ыг надад хулгайн нотебүүк зарсан гэж мэдээд “Samsung S-3” маркийн гар утас, 7000 төгрөгөө эргүүлж авсан. Надад одоо бол нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 55-р хуудас/

Яллагдагч Х.Д 2018 оны 10 сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өөрийн найз Б-ийн гэр лүү явж байтал Жаргалантын 4-402 тоот хашаанд байх монгол гэр цоожтой байсан. Тэгэхээр нь би тэр айл руу оръё гэж бодоод хашаанд ороод монгол гэрийн үүдэнд очиход гадна тал нь цагаан дотор тал нь хар өнгийн цоожийг нь төмрөөр хөшиж онгойлгоод тэр гэр лүү орсон. Би тухайн үед ганцаараа явж байсан. Тэгээд тэр гэр лүү ороод гэрт нь байсан улаан өнгийн зөөврийн компьютер буюу нотебүүкийг аваад гарсан. Би тэдний гэрээс өөр зүйл хулгай хийж аваагүй. Тэгээд хулгайлсан нотебүүкээ өөртөө байлгаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Д.Ж гэдэг ахад 20.000 төгрөгөөр зарсан. Би Д.Ж тай Зулбаяр-1 дэлгүүрийн урд талын гудамжинд таарсан юм. Би Д.Ж гаас авсан 20.000 төгрөгөөрөө Пүрдэм худалдааны төвөөс ундаа авсан. Би хулгайн гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна. Би зүгээр хулгай хиймээр санагдаад тэр айл руу орсон юм. Тэгээд хулгай хийж авсан нотебүүкээ 20.000 төгрөгөөр зарж борлуулсан. Би хулгай хийхдээ ганцаараа байсан. Би хулгай хийсэн талаараа хэн нэгэнд хэлээгүй. Намайг хулгай хийснийг мэдэх хүн байхгүй. Намайг хулгай хий гэж айлгаж дарамталсан хүн байхгүй. Би Д.Ж ахад нотебүүкээ зарахдаа хулгайлж олсон гэж хэлээгүй. Би өөрийнхөө компьютерийг зарж байгаа юм, мөнгөний хэрэг гараад зарж байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-7-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10-р хуудас/, эд мөрийн баримтын хураан авсан тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/, 2018 оны 09 сарын 03-ны өдрийн Эд зүйлийн үнэлгээ / хх-ийн  31-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 47-р хуудас/, 2018 оны 10 сарын 23-ны өдрийн Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тогтоол /хх-ийн 58-р хуудас/, 2018 оны 10 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-р хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 60-61-р хуудас/, ул мөр, эд мөрийн баримт /хх-ийн 62-67-р хуудас/, 2018 оны 10 сарын 29-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 70-р хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-р хуудас/;

Шүүгдэгч Х.Д нь 2018 оны 08 сарын 30-наас 08 сарын 31-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3-р баг 4-402 тоотод оршин суух Б.М байнга амьдардаг гэрт нэвтрэн орж улаан өнгийн “HP” брендийн нотебүүк хулгайлж бусдад 220000 төгрөгний хохирол учруулсан буюу “Хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

 Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Х.Д холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, прокуророос зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүгдэгч Х.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн  нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Х.Д өмгөөлөгч Л.Номин-Эрдэнийн “миний үйлчлүүлэгч Х.Д нь хохирогч Б.М байнга амьдрах зориулалтай орон байранд нэвтрэн орж HP брендийн зөөврийн компьютерийг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Шүүгдэгч Х.Д ял шийтгэлийг оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжтой байна. Учир нь шүүгдэгч Х.Д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хохирогч Б.М нэхэмжилсэн дэлгэцний засварын үнэ 140000 төгрөгөөс 100000 төгрөгийг төлсөн баримт, үлдэгдэл 40000 төгрөгийг 2019 оны 01 сарын 16-ны өдөр төлөхөө илэрхийлсэн хүсэлт, иргэний нэхэмжлэгч Д.Ж нэхэмжилсэн 20000 төгрөгийг төлж барагдуулсан гэх хүсэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байна.

Иймд өсвөр насны шүүгдэгч Х.Х.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, өсвөр насны шүүгдэгч Х.Д хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол зэргийг харгалзан үзээд түүнд ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэх үүргийг эцэг, эхэд нь даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Хохирогч Б.М  нь эд хөрөнгөд учирсан хохирол 40000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Д  гаргуулж хохирогч Б.М т олгохоор шийдвэрлэж байна.

 

Шүүгдэгч Х.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М т 100000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ж д 20000 төгрөгийг тус тус төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3

дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг

удирдлага болгон Т О Г Т О О Х нь:

 

1. Шүүгдэгч Х.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар “Хүн байнга амьдрах орон байранд нэвтрэн орж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3, 8.1 дүгээр зүйлийн 3,  8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д г 1 /нэг/ жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Х.Д хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эцэг Х.Б, эх С.Х нарт даалгасугай.

4. Шүүгдэгч Х.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.М т хохирол 100000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Ж д 20000 төгрөг тус тус төлсөн, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Х.Д  40000 /дөчин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.М т олгосугай.

             6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

           8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                             С.БАЙГАЛЬМАА