Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00463

 

 

К- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03342 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К- ХХК-ийн хариуцагч Э.Г-эд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 53,608,169 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:  Зээлдэгч Э.Г- нь манай байгууллагатай 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Хан-Уул дүүрэг, 16 дугаар хороо, Буянт-Ухаа хороолол, 801 дүгээр байрны 67 тоот хаягт байршилтай, 19.27 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг барьцаалсан. Э.Г-ийн 2016 онд авсан 16,000,000 төгрөгийн зээл нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16,000,000 төгрөг, зээлийн хүү 9,000,000 төрөг, нийт 25,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй байсныг талууд тооцоо нийлж, зээлийн гэрээг шинэчилж, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр ЗГ2018/111 тоот зээл болон барьцааны гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш зээл, хүүний төлбөрт төлөлт хийгээгүй. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 53,608,169 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Миний бие К- ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 17,000,000 төгрөгийг зээлж авсан. Уг зээлээс 7,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг төлж чадаагүй учраас зээлийн хүү нь нэмэгдсэн. Ингээд К- ХХК-тай дахин 25,000,000 төгрөгийн үнийн дүнтэй зээлийн гэрээ байгуулсан. Тус зээлийн гэрээний дагуу миний данс руу 25,000,000 төгрөг бодитоор шилжээгүй тул уг зээлийн гэрээний үүргийг хариуцахгүй гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасныг баримтлан хариуцагч Э.Г-эд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 53,608,169 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай К- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 496,191 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн гүйцэт ойлгоогүй гэж үзэхийн сацуу шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Э.Г- нь 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр зээл болон барьцааны гэрээ байгуулж, 16,000,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, нэг сарын 4 хувийн хүүтэй зээлж авсан. Э.Г-ийн хувьд 2016 онд авсан 16,000,000 төгрөгийн зээл нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар үндсэн зээл 16,000,000 төгрөг, зээлийн хүү 9,000,000 төгрөг нийт 25,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй болсныг талууд харилцан тохиролцож, 3Г2016/76 тоот зээлийн гэрээг шинэчлэн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3Г2018/111 дугаартай зээлийн гэрээг байгуулсан тул хариуцагчаас 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 3Г2018/111 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээг үндэслэн зээлийн төлбөрт 53,608,169 төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Э.Г-ийн хувьд шүүх хуралдааны шатанд гаргасан тайлбартаа зээлийн гэрээг шинэчлэн байгуулсан талаар дурдсан, энэ талаар маргаагүй атал шүүхээс зөвхөн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 3Г2018/111 дугаартай зээлийн гэрээний дагуу хариуцагчид зээлийг бодитоор олгоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчээс 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зээлийн гэрээний дагуу хариуцагчид мөнгө шилжүүлээгүй талаар нэхэмжлэл болон шүүх хуралдааны шатанд хүлээн зөвшөөрч 2016 оны гэрээг шинэчлэн байгуулсан талаар тайлбарласан, хэн ч зээлийн гэрээний дагуу мөнгө шилжүүлээгүй байж нэхэмжлэхгүй нь ойлгомжтой атал нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч К- ХХК нь хариуцагч Э.Г-эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 53,608,169 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт ... нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасан.

3.а.Нэхэмжлэгч К- ХХК нь дээрх хуульд заасан эрхийн хүрээнд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн үндэслэлийг өөрчилсөн байх ба уг шаардлагадаа 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр хариуцагч Э.Г-эд зээлийн мөнгөн хөрөнгийг олгож, 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр өмнөх зээлийн төлбөрийг баталгаажуулан, гэрээг шинэчлэн байгуулсан гэх агуулгыг заасан байна. /хх-ийн 35-р тал/.

3.б.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд дүгнэлт өгөөгүй, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх ажиллагааг бүрэн гүйцэд хийсэн гэх үндэслэлгүй байна.

4.Түүнчлэн, хариуцагч Э.Г- нь зээлийн төлбөрт 7,000,000 төгрөг төлсөн гэж тайлбарласан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл уг тайлбарт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодорхой бус тайлбар өгсөн байна. Уг нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, хариуцагч зээлийн төлбөрт хэзээ, хэдэн төгрөг төлснийг тодруулах нь нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгөхөд чухал ач холбогдолтой.

Дээрх нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2022/03342 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч К- ХХК-аас төлсөн 496,191 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ