Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2023/00464

 

 

 

 

 

К-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/02813 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч К- ГҮТББ-ын хариуцагч С- ХХК, Г- ХХК-д холбогдуулан гаргасан ашиглалтын төлбөрт нийт 20,564,517 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв. хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бадамханд, хариуцагч Г- ХХК-ийн өмгөөлөгч Д.Давааням, хариуцагч С- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батцэрэн, Г.Батбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Шолпан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Компьютер молл нь Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, Их тойруу гудамжны 54 дүгээр барилгад байрладаг. Энэ барилгын ашиглалтыг хариуцахаар К- ГҮТТБ байгуулагдсан. Уг байгууллага нь 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тус барилгад үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 70 өмчлөгч, 10 эзэмшигчтэй. 10 эзэмшигчийн өмчид нийт 309 өрөө байдаг. Өмчлөгч, түрээслэгч нар буюу 200 гаруй хүмүүсийн эрх ашгийг хамгаалах үүднээс Цахилгаан түгээх төв, Дулааны сүлжээ, Ус сувгийн удирдах газар зэрэг байгууллагаас нийт 300 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн өмнөөс гэрээ хэлцэл хийх, төлбөр тооцоог дамжуулан хийх зэрэг бүх үйлчилгээг нь явуулдаг. Тус байгууллагын гүйцэтгэх захирал, менежер, үйлчлэгч, хамгаалагч, инженер, сантехникч, нягтлан бодогч зэрэг нийт 17 ажилтан, албан хаагч энэ үйл ажиллагааг эрхлэн явуулдаг. Энэ барилга нь зоорийн В1 давхартайгаа нийлээд 14 давхар гэж явдаг. Энэ объектын бүх гадна, дотно болон нойлын цэвэрлэгээ үйлчилгээг 4 үйлчлэгч цэвэрлэдэг. Цахилгаан дулаан, ус, хогны төлбөр энэ бүгдийг төлөөгүй байгууллагуудын өмнөөс төлөөд тэнд үйл ажиллагаа явуулж буй 200 гаруй аж ахуйн нэгж, иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс төлдөг. Үйл ажиллагаа явуулж байгаа 200 гаруй иргэн, аж ахуй нэгжийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болох талбай, хана, хаалга, цахилгаан шат, урсдаг шат зэрэг хөрөнгийг бүгдийг нь үйлчлэгч цэвэрлэдэг, үүний хажуугаар цэвэрлэгээний бараа материалыг Барилга өмчлөгчдийн холбооноос цалинжуулдаг. В1-13 давхар хүртэл харуул хамгаалалт ажиллуулдаг. 2019 оноос хойш харуул хамгаалалтын төлбөрийг төлсөн, төлбөр тооцоогүй байгаа. Зорчигч болон ашиглалтын цахилгаан лифт зэргийг сар бүр засуулдаг, төлбөр төлдөг. Барилга доторх сантехник гэрэл дохио зэргийг сэлбэн засах бүх ажлыг барилга өмчлөгчдийн холбооноос явуулдаг. Цалин хөлс, засварын бүх зардлыг хариуцан ажилладаг. Төрийн чиг үүрэг бүхий байгууллагаас сар бүр ирсэн нэхэмжлэлийн дагуу аж ахуйн нэгжүүдээс цахилгаан, дулаан зэргийн мөнгийг төлдөг. Эрүүл орчинд ажиллуулах нөхцөлөөр хангахын тулд ариутгал хийгддэг. Ариутгал хийгдсэний дагуу зардал төлдөг. Ажилдагсдын цалин, нийгмийн даатгалын төлбөр, газрын төлбөрийг төлдөг. Энэ бүх зардлыг төлөхийн тулд 1/01 тоот төлөөлөн удирдах зөвлөлийн даргын тогтоолын тооцооллоор 1 м.кв-ыг 3,300 төгрөгөөр тооцсон. Мөн төрийн өмчит байгууллагын дулаан, эрчим хүч зэрэгтэй гэрээ хийдэг. Гэрээнээс үүдэлтэй гэрээ сунгахгүй байх асуудал гардаг учир ашиглалтын гэрээг өмчлөгч, түрээслэгч нартай хийдэггүй. Байгууллага, иргэдийн өмнөөс бид гэрээ хийсэн. Төлбөр төлдөггүй хүмүүсийн цахилгаан дулаан усыг таслуулахгүйн тулд гэрээндээ шинэчлэл хийж явдаг. Тийм учраас энэ ашиглалтын гэрээгээр бусад үйл ажиллагаа явуулж буй нийт иргэд, аж ахуй нэгжийн 80 гаруй хувь нь үүргээ ухамсарлан байнгын төлбөрөө төлдөг. Иймд гэрээний үүргийн асуудал яригдахгүйгээр гишүүнчлэлийн татвар нэхээгүй авсан үйлчилгээний төлбөрийг төлөхийг шаардсан. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилж байна. С- ХХК-аас нэхэмжилсэн дүн нь 2017-2020 оны 10 дугаар сар хүртэл нийт 16,058,716 төгрөг, Г- ХХК-аас нийт 4,505,801 төгрөг, 2 компаниас нийт 20,564,517 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

2.Хариуцагч Г- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Төрийн бус байгууллага нь сууц өмчлөгчдийн холбооны эрх эдлэхгүй. Бид нэхэмжлэгч байгууллагын гишүүн болохгүй гэсэн байхад мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Улсын бүртгэлийн лавлагаанаас харахад 1 гишүүнтэй төрийн бус байгууллага байна. Гэтэл Барилга өмчлөгчдийн холбоо төрийн бус байгууллагын дүрэм дээр бүгд гишүүн гэж заасан нь үндэслэлгүй байна. Төрийн бус байгууллагын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т зааснаар төрийн бус байгууллагад албадан оруулахыг хориглоно гэсэн байгааг зөрчиж байна. Гишүүн бус байгууллагын эзэмшигчийг нь хариуцагчаар татсан нь хариуцах асуудал биш. Б/022 тоотод хамаарах мөнгө хэдэн төгрөг болох нь тодорхой бус. Бид өөрсдөө цахилгаан, дулаанаа төлөөд явах боломжтой. 1 м.кв-ыг 3,300 төгрөгөөр тооцож байна. Энэ бүх дүнг нэхэмжлэгч тал нотлох баримтаар нотлох ёстой. Тодорхойгүй дүн нэхэмжилж байна. Бусад давхар хэдэн төгрөгийн төлбөр төлж байгаа нь тодорхой бус. Мөн өр, авлага үүссэн тухай батлагдахгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Хариуцагч С- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: К- нь гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар "сууц өмчлөгч" гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг хэлнэ гэж заасан. Хуулийн энэ заалт нь сууц өмчлөгч болон сууц өмчлөгчдийн холбоо, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хоёрын дундах харилцааг зохицуулдаг тухай байна. Үйлчилгээний зориулалттай байгууллага болон төрийн бус байгууллагын хоорондын харилцааг дээрх хуулиар зохицуулж өгнө үү гэх агуулгаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Барилга өмчлөгчдийн холбооны гишүүнээр элсээгүй байхад хууль бусаар тулгаж дундын өмчлөлийн зардлыг гаргуулахаар шаардаж байна. С- ХХК нь нэхэмжлэгч байгууллагын гишүүнээр элсээгүй. Тэгэхэд сууц өмчлөгчдийн холбооны журмаар дундын өмчлөлийн төлбөр төл гэж шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2007 оноос хойш 2020 он хүртэлх хугацаанд 8008 тоот өрөөнд хэдэн төгрөгийн төлбөрийг яаж тооцсон, үлдсэн 198 иргэн, аж ахуйн нэгж хэдэн төгрөг төлдөг байсан, дундын өмчлөлийн 1 м.кв үнийг 3300 төгрөгөөр бодсоны хэдэн м.кв нь 8008 тоотын м.кв юм зэрэг нөхцөл байдал тодорхой бус байна. С- ХХК нь өнөөдрийг хүртэл ус цахилгаан дулааны ямар нэг асуудал байхгүй. Манайх төлбөрийн үлдэгдэлгүй. 8 давхрын харуул хамгаалалт авдаггүй, 1 лифт ажилладаг, явган шат 5000 төгрөгөөр явуулдаг карттай, тог тасарсан үед явдаггүй. Бид мэргэжлийн байгууллагаар үйлчлүүлмээр байна. Ашигтай болохоор нь төлбөр нэхэмжлээд байна. Ашиг орлогогүй байгаа бол мэргэжлийн байгууллагад шилжүүлнэ үү. Ямар ч тооцоо байхгүй судалгаагүй мөнгө нэхэмжилж байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй олгож өгнө үү гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д заасан үндэслэлгүй тул Г- ХХК, С- ХХК-аас ашиглалтын төлбөрт 20,564,517 төгрөг гаргуулах тухай К- ГҮТББ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 325,287 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Г- ХХК нь В022 тоотын өмчлөгч биш учраас ашигласан хэрэглэсэн, үйлчилгээ авсан төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж буйг эс зөвшөөрч байна. Учир нь B022 тоотод байрлах 43 м үйлчилгээний талбай нь иргэн Б.Мөнхшүрийн өмч боловч Г- ХХК нь 2018 оны 5 сараас эхлэн 2020 оны 7 сар хүртэл түрээсээр ашигласан бөгөөд анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэгт өмчлөгч Б.Мөнхшүртэй тохиролцон түрээслэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно. Тиймээс цахилгаан, дулаан, усыг Б.Мөнхшүр бус Г- ХХК ашиглаж хэрэглэснээс гадна дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалтыг хариуцан ажиллаж буй Барилга өмчлөгчдийн холбооноос үзүүлж бүй бүх үйлчилгээг авч дундын эд хөрөнгийг ашиглаж байсны хувьд Г- ХХК төлөх нь хууль зүйн үндэслэлтэй. Дээрх бүхий л төлбөр, зардлыг төлөх үүргийг Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 болон бусад салбар хуулиудаар үүрэг болгосон. Хуулиар хүлээсэн үүрэг болохоос гэрээгээр хүлээх үүрэг биш болно.

5.а.С- ХХК нь 2008, 8007, 8008 тоот өрөөнүүдийн өмчлөгч биш гэдэг талаар маргаагүй харин ч анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэгт манай компаний өмч мөн гэж хариулсан. Нэхэмжлэлийн шаардлагыг гаргахдаа өрөөний тоот бүрээр, он, сараар, юуны төлбөр тооцоо болохыг хүснэгтээр гарган байгууллагын нягтлан бодогч гарын үсгээ зурж, санхүүгийн тамга дарж баталгаажуулсан баримт гаргаж өгсөн болно. Үүнийг анхааран үзэж үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна. С- ХХК болон Г- ХХК нь 2017 оны 9 сараас 2020 оны 08 сар хүртэлх хугацааны ашигласан, хэрэглэсэн цахилгаан, дулаан, усны төлбөр болон дундын өмчлөлийн талбай, эд хөрөнгийг ашигласан болон барилгын ашиглалт хариуцсан байгууллага болох барилга өмчлөгчдийн холбооноос авсан бүхий л үйлчилгээний төлбөрийг төлөх ёстой хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас болж бусад өмчлөгч, эзэмшигч, түрээслэгч нарын эрх ашиг хөндөгдөж хохирох нөхцөл үүсэхээс болгоомжилж бусдад хохирол учруулахгүйн тулд өмнөөс нь барагдуулсны хувьд Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжилсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Г- ХХК-ийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Төрийн бус байгууллага гишүүнийг албадан элсүүлэхийг хориглодог. Хариуцагчдын зүгээс сууц өмчлөгчдийн холбоогоор барилгын ашиглалтын хариуцуулах байр суурьтай байсан. Их хэмжээний м.кв эзэмшдэг өмчлөгчид нь өөрсдөө тусдаа төрийн бус байгууллагаар явна, хамаарал бүхий этгээдүүдэд гэрээ байгуулдаг юм уу үндэслэл бүхий ашиглалтын төлбөрийг өөрсдөө тогтоодог. Үүнийг бид тохиролцож чадахгүй, өөрсдөө шаардлага тавьж явна, төрийн бус байгууллагад гишүүнээр элсэхгүй талаар хэлсэн. Тухайн ашиглалтын төлбөрийг компанийн нэрийн өмнөөс төлсөн гэж тайлбарладаг. Гэтэл 8 давхар 2 хариуцагчийн дунд байдаг. Заримдаа цэвэрлэгээ үйлчилгээ хийдэггүй, төлбөр нэхэмжилж байх хугацаанд тухайн лифтний товчлууруудыг хүртэл авдаг байсан. Гомдол үндэслэлгүй гэжээ.

7.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч С- ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг үндэслэдэг боловч сууц өмчлөгчдийн холбоонд төлбөр төлөх зохицуулалт байгаа. С- ХХК нэхэмжлэгч байгууллагын гишүүн биш, гэрээ байгуулаагүй. Мөн хэрэгт авагдсан баримтаар тухайн нэхэмжилж буй төлбөрийг эрх бүхий байгууллагад төлсөн. Ямар үндэслэл, тооцооллоор нэхэмжилж байгаагаа, нэхэмжлэлийн үндэслэлийг нотлох баримтууд хэрэгт авагдаагүй. Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу нотлох үүргийг биелүүлээгүй. Тийм учраас анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон. Мөн нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргахдаа хариуцагч С- ХХК-аас төлбөрөө давхардуулан нэхэмжилсэн. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2.Нэхэмжлэгч К- ГҮТББ нь хариуцагч нарт холбогдуулан ашиглалтын төлбөрт С- ХХК-аас 16,058,716 төгрөг, Г- ХХК-аас 4,505,801 төгрөг тус тус гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Нэхэмжлэгч К- ГҮТББ нь гишүүдийнхээ болон тус төвийн үйл ажиллагаа, эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээ, үйлчилгээний таатай нөхцөлийг дэмжих, хамтран ажиллах чиглэлээр байгуулагдаж, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх-ийн 9-р тал/

 

4.Сүхбаатар дүүрэг, 7-р хороолол, Их тойруу гудамж, 54-р барилга Компьютер худалдааны төв-д үйл ажиллагаа явуулдаг С- ХХК, Б.Мөнхшүр, Х.Батпүрэв нар нь К- ГҮТББ-д холбогдуулан тус холбоо нь Компьютер молл худалдаа үйлчилгээний төвийн эд хөрөнгийн ашиглалт хамгаалалт, засвар үйлчилгээг хариуцах эрхгүй болохыг тогтоолгох, тус холбоог албадан татан буулгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 258 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн үйл баримтын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /1хх-ийн 100-103/

4.а.Дээрх барилгын ус, дулаан, цахилгаан зэргийг хангахтай холбоотойгоор бусадтай байгуулсан гэрээ, төлбөр тооцооны баримтууд хэрэгт авагдсан боловч маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй гэж үзэхээр байна.

4.б.Тодруулбал, хариуцагч С- ХХК нь нэхэмжлэгч байгууллагаас үйлчилгээ авдаггүй, харуул хамгаалалт, цэвэрлэгээг өөрсдөө хариуцан хийдэг гэж тайлбарлан, уг тайлбараа нотлохоор төлбөрийн баримтуудыг нотлох баримтаар гаргасан. Гэвч эдгээр баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй буюу хуулбар баримтууд байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна. /2хх-ийн 29-33-р тал/. Дээрх нотлох баримтууд нь хариуцагчийн татгалзал үндэслэлтэй эсэх талаар дүгнэлт өгөхөд ач холбогдолтой.

4.в.Нэхэмжлэгч К- ГҮТББ нь хариуцагч Г- ХХК-аас 2018 оны 05 сараас 2020 оны 07 сар хүртэлх ашиглалтын төлбөр нэхэмжилсэн. /1хх-ийн 12-р тал/.

4.г.Гэвч Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн өмчлөгчдийн мэдээлэл гэх баримтад В022 тоотын өмчлөгчөөр Б.Мөнхшүр бүртгэгдсэн байх бөгөөд хариуцагч Г- ХХК нь тус талбайг хагас жилийн хугацаанд түрээсэлж байгаа талаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд тайлбарлажээ. /1хх-ийн 83-86, 232-р тал/. Энэ тохиолдолд нэхэмжлэгч байгууллага нь ямар үндэслэлээр 2018 оны 5 сараас 2020 оны 7 сар хүртэлх хугацааны төлбөрийг хариуцагч Г- ХХК-аас нэхэмжилж байгааг тодруулах, энэ талаар талуудыг мэтгэлцүүлэх шаардлагатай.

5.Түүнчлэн, анхан шатны шүүх хариуцагч С- ХХК-ийн хүсэлтээр тус компанийн үйл ажиллагаа явуулдаг газарт үзлэг хийсэн байна. /1хх-ийн 157-170-р тал/

5.а.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан үзлэг хийх ажиллагааг явуулахдаа шүүх хөндлөнгийн гэрчээр уг хэрэгт хувийн болон албаны сонирхолгүй, эрх зүйн бүрэн чадамжтай хоёроос доошгүй хүн оролцуулахаар тогтоосон. Уг ажиллагаанд оролцож байгаа хөндлөнгийн гэрч нь түүнийг байлцуулан хийсэн ажиллагааны явц, агуулга, дүнг баталж өгөх үүрэг хүлээж, тэмдэглэлд засвар оруулахаар санал гаргах эрхтэй. Түүнчлэн тухайн гэрч нь үүргээ биелүүлээгүй бол хуульд заасан хариуцлага хүлээхээр зохицуулагдсан байдаг.

5.б.Гэтэл шүүх хөндлөнгийн гэрч нарт энэхүү үүрэг болон эрхийн талаар танилцуулан тайлбарласан, хариуцлага хүлээх талаар хууль сануулах ажиллагааг хийсэн эсэх нь хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Үзлэг хийсэн тэмдэглэлд хөндлөнгийн гэрч нар оролцсон талаар тусгагдсан байх боловч тэдгээрийн эрх зүйн бүрэн чадамжтай болох нь нотлогдох иргэний үнэмлэх, эсхүл биеийн байцаалт бүхий албан ёсны бичиг баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 181/ШШ2022/02813 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч К- ГҮТББ-аас төлсөн 325,287 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

Г.ДАВААДОРЖ