Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2018 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 198

 

 

 

 

 

                                             

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шїїх хуралдааныг шүүгч С.Болортуяа даргалж,

Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхтуяа,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Ц.Н,

Хохирогчийн өмгөөлөгч: Ө.Нарантуяа,

Шүүгдэгч Г.Шгийн өмгөөлөгч: Б.Батгэрэл,

Шүүгдэгч Н.Хгийн өмгөөлөгч: Ц.Алтанзаяа,

Шүүгдэгч: Г.Ш, Н.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Н-гийн Х, Б овогт Г-ын Ш нарт холбогдох 1835001730167 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч Г.Шгийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1989 оны 1 дүгээр сарын 01-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн 33в тоотод оршин суух, /РД:ОЭ89010115/ Б овогт Г-ын Ш.

            Шүүгдэгч Н.Хгийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1994 оны 1 дүгээр сарын 16-нд Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоо Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч ажилтай, ам бүл-4, аав, ээж, ах нарын хамт Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр багийн 08-06 тоотод оршин суух, /РД:ОЮ94011617/ Х овогт Н-гийн Х.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:

2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч, яллагдагч Нгийн Х, тус сумын цагдаагаар ажиллаж байсан яллагдагч Ганболдын Ш нар нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан “Саатуулах байрна дэглэм, журам”-ын 2 дахь хэсэгт заасан ахуй нөхцөл хангагдаагүй, цагдаагийн хэсгийн байранд хохирогч О.Быг “согтуугаар зөрчил үйлдсэн” гэх үндэслэлээр саатуулахдаа мөн журмын 3.4-д заасан “...саатуулах өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын үдээс, хумсны хутга, хурц үзүүртэй болон хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлс авч орох, утаат тамхи нэвтрүүлэх, татахыг хориглоно” гэх, 4.6.7-д заасан “саатуулагдсан хүнд үзлэг хийх, түүний эд зүйлийг хураан авах ажиллагааг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О.Б нь цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилж нас барсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:      

  1. Шүүгдэгч Г.Ш, Н.Х нарыг цагаатгасан үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогчийн хууль ёсны төлөөөлгч Ц.Нгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би О.Бтой 2009 онд гэр бүл болсон. Одоо 6-13 насны 3 хүүхэдтэй. О.Б 2013 онд мотоцикльтой явж байгаад онхолдож толгойдоо гэмтэл авсан бөгөөд тэр үеэс эхлэн архи, согтууруулах ундаа хэрэглэх болсон. Эхэндээ архи бага уудаг байж байгаад 2014 оноос хойш согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэх болсон. Архи уусан үедээ гэртээ агсам согтуу тавьдаг, жилдээ 2-3 удаа намайг зоддог байсан. Би О.Быг архинаас гаргах зорилгоор 2013, 2015 онд Улаанбаатар хот руу архины эмчилгээнд явуулж байсан боловч үр дүнд хүрээгүй. О.Быг байнга архи ууж намайг зоддог тухай түүний төрсөн ах, эгч нар нь мэднэ. 2017 онд О.Б байнга архи уугаад гэрт агсам тавиад болохгүй болохоор нь тусдаа 3 сар амьдарч үзсэн. Тэгээд 2017 оны 9 дүгээр сард эргэж нийлсэн. 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс хойш О.Б гэртээ ирээгүй, гадуур архи уугаад яваад байгаа сурагтай байсан. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр сумын албан байгууллагуудын ажилчид баруун гол дагуу бүх нийтийн цэвэрлэгээ хийсэн тул би уг цэвэрлэгээнд явж ажиллаж байхад өдрийн 16 цагийн үед Ө гэх хүн надтай гар утсаар ярьж “танай нөхөр Б чинь манай дэлгүүрт согтуу ирчихээд, 1 шил архи зээлчих гээд байна, мотоциклио жолоодоод явж байна шүү” гэж хэлсэн. Би Өд “Бод архи өгч болохгүй шүү, та сумын цагдаа дуудаад Быг өгчих, Улаангомын цагдаагаас Мөнхнасан гэх мөрдөгч гар утсаар над руу залгаж Быг Улаангомд дуудаад байгаа шүү гэж хэлээд гар утсаа тасалсан. Тэгээд би өөрийн 91800085 дугаарын гар утаснаас хэсгийн төлөөлөгч Н.Хгийн 99062052 дугаарын гар утас руу залгасан боловч утсаа аваагүй. Энэ үед Ө эгч над руу залгаж “О.Быг сумын цагдаа Ш ирээд бариад явсан” тухай надад мэдэгдсэн. Би тухайн үед ажилтай байсан болохоор Цагдаагийн хэсэг дээр ирээгүй юм. Тэгээд 16 цаг 30 минутын үед цэвэрлэгээ хийж байхад миний хамаатны эгч болох Лхамхүү над руу залгаж “Быг цагдаа ирээд аваад явлаа. Түүний мотоцикль нь Өгийн дэлгүүрийн гадна үлдлээ. Мотоциклийг нь ирж аваач гэхээр нь түүнд би ажилтай байна, дараа очоод авъя гэж хэлсэн. Тэгээд би ажлаа дуусгаад 17 цаг 30 минутын үед дэлгүүрийн гадна очиход Бын мотоцикль байхыг хараад Өгийн дэлгүүрт ороход Ө ганцаараа дэлгүүр дотор байсан. Би дэлгүүр дотор өөрийнхөө гар утсаар цагдаа Ш рүү залгаж “Б цагдаа дээр байгаа юу, юу болж байна, Быг Улаангомоос Мөнхнасан гэдэг мөрдөгч залгаж дуудаад байна” гэхэд Ш “би өнөө шөнө харж хоночихоод маргааш өглөө Улаангом руу явах автомашинд явуулна, энэ хүнийг хайгаад олохгүй байсан юм, одоо ингээд явуулчихвал маргааш дахиад олдохгүй байх” гэж хэлэхээр би Ш цагдаад “би одоо хөдөө явж магадгүй. Маргааш Улаангом руу явах машин олоод хурдан явуулаач, би унааны зардлыг нь боловч өгье” гэж хэлсэн. Тэгээд Шгээс мотоциклийн түлхүүрийг аваад мотоциклийг гэртээ хүргэж тавих гэхэд нь Ш цагдаа та мотоцикль барих хүн дагуулж ирээд мотоциклио ав гэхэд би хүн олдохгүй байсан учраас мотоциклио авч чадаагүй юм. Тэгээд би хоёр хүүхдээ аваад эгч Анхбаярын гэрт хонож байтал 2018 оны 05 дугаар сарын 05-ны шөнө 01 цагт хэсгийн төлөөлөгч цагдаагийн дэслэгч Н.Х манайд ирээд өөртэй чинь уулзаж юм асуумаар байна гэж хэлээд Цагдаагийн хэсгийн байранд дагуулж ирээд О.Б нас барчихлаа, өөрийгөө боомилсон юм шиг байна. Хүзүүнд нь уяа байсан, би хиймэл амьсгаа хийж анхны тусламж үзүүлэх гэж оролдсон боловч яаж ч чадсангүй ээ, уучлаарай гэх хэлсэн. Би Быг орж үзээгүй. Би О.Бтой 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш уулзаагүй. Энэ хүн гэртээ ирээгүй. Гадуур архи уугаад яваад байгаа бололтой байсан. Яагаад гэртээ ирэхгүй байсныг мэдэхгүй. О.Бод цэнхэр өнгийн малгайтай ноосон цамц байдаг. Уг хар хөх өнгийн малгайтай цамц нь малгай хэсэгтэй саарал имжээртэй цамц байсан ба малгайны хэсэгт саарал имжээртэйгээ адил өнгийн нарийн олс уяатай байдаг байсан. Би уг цамцыг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр өмсөж явсан эсэхийг мэдэхгүй байна. О.Б эрүүл байхдаа зүгээр, харин архи уухаараа өөрийгөө жолоодох чадваргүй болдог, агсам согтуу тавьдаг. Байнгын шахуу согтуу байдаг. Архи уугаад байхаар нь ах дүү нар нь тоохоо больсон. Одоо О.Э гэдэг ах нь санаа тавьдаг. Архи ууж ирчихээд надыг хүмүүстэй хардаж сэрдээд, янз бүрийн зүйл ярьж хэрүүл гаргаж байгаад намайг зодож цохьдог байсан. Би Бод архи тамхины мөнгө гэж өгдөггүй юм. Харин хүмүүс надаас хонь ямааны мөнгө нэхсэн ирдэг. Б хүмүүст мал өгнө гэж хэлээд малын мөнгө аваад архи уудаг байсан. 2018 оны 2 дугаар сард би Боор зодуулчихаад цагдаад өргөдөл өгч шалгуулсан. Энэ хэрэг нь шүүхээр орж 500.000 төгрөгөөр торгуулах шийтгэл авсан. Анх удаа ингэж цагдаад өргөдөл гаргасан. Урьд нь бол ерөөсөө зодуулчихаад би цагдаад хэлдэггүй байсан. Надад ажлаа хийж байсан хүмүүст гомдол санал байхгүй, согтуу байсан хүнийг цагдаагийн байрандаа авч ирж ажлаа хийсэн. Тэр хүн өөрийгөө боомилсон түүний буруу байхаа. Б нь хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх ёстой гээд Мөнхнасан мөрдөгч надтай яриад Быг явуулаач гэж хэлж байсан. Миний хувьд ямар хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх байсныг мэдэхгүй. Архи уучихаараа байнга өөрийгөө хорлож үхнэ. Эсвэл чамайг алчихаад дараа өөрөө үхнэ гэдэг байсан. Би О.Быг архи аваад уучихна гээд ерөөсөө мөнгө өгдөггүй, тэгээд байхад л мөнхийн өдөр болгон согтуу байгаад байдаг. Өндөрхангай сумын дэлгүүрүүд хүнд архи зээлээр өгөхөө болих хэрэгтэй гэж бодож байна. Зарим дэлгүүрүүд группын дэвтрийг нь хүртэл барьцаанд аваад архи өгсөн байсан... Манай нөхөр О.Б архи, уухаараа агсарч, согтуурч ууралдаг. Хэрэг гарахаас өмнө гэрээс хөдөө явна гэж гарчихаад 7 хоног сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тэр хугацаанд гэртээ ирээгүй байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэртээ унтчихдаг, заримдаа агсам тавьдаг байсан. Манай нөхөр О.Б толгой нь өвдөхөөр архи уудаг байсан. Тийм учраас архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг болсон. Манай нөхөр талийгаач О.Б нь 2014 онд мотоцикльтой онхолдож толгойны хэсэгт хүнд гэмтэл авсан. Жил бүр Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэдэг байсан. Хөлний судас томорч 2017 онд хагалгаанд орж байсан. О.Бын нэг талын нүд хараа орохгүй байсан учраас халамжийн мөнгө авдаг байсан. Хөдөлмөрийн чадвар алдалт халамжид орохдоо 50 хувиар ороод, сүүлдээ 70 хувиар тогтсон байсан. Тархины уйланхай, зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн онош мотоцикльтой осолд орсоны дараа гарч байсан. Манай нөхөр О.Б Өндөрхангай сумын арван жилийн сургуулийн 2-р ангид суралцаж байгаад сургуулиас гарсан, боловсролгүй, мэргэжилгүй. О.Б нь мал малладаг байсан. Манай нөхөр О.Б нь урьд өмнө амиа хорлох үйлдэл хийж байгаагүй. Айлган сүрдүүлж байгаагүй. Mанай нөхөр О.Б нь архи уухаараа муухай зан ааш гаргадаг болохоос эрүүл энгийн үедээ даруухан зантай, ажилсаг, тусархуу, дуу цөөтэй хүн байсан...” /хх-ийн 33-34, 65-66 тал/ гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Тухайн хэрэг 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гарсан. Талийгаач О.Б нь гэрээсээ хэрэг гарахаас 6 хоногийн өмнө хөдөө явж адуугаа туугаад айлд аваачиж өгнө гээд гарахад нь би хөдөөнөөс ирээд аймаг орж гэрчийн мэдүүлгээ өгчихөөд Улаанбаатар хот руу явж эмчилгээгээ хийлгээрэй гэж хэлээд гаргасан. Удалгүй хэд хоногийн дараа Увс аймгаас Мөнхнасан байцаагч залгаж асуухад нь О.Б хөдөөнөөс ирээгүй байна. Ирэхээр нь аймаг руу явуулна гэж хэлж байсан. Дараа нь би Н.Х руу залгаад О.Б харагдвал хэлээрэй, аймаг руу явуулж мэдүүлэг өгүүлэх шаардлагатай байна. Байшингийн түлхүүр гээсэн тул хаалгаар орох боломжгүй байгаа. Манай байшинд очоод нэг шалгаад үзээрэй гэж хэлэхэд Н.Х Танай байшинд 3-4 удаа очиж харсан О.Б байхгүй байсан. Суманд харагдахгүй байгаа гэж хэлсэн. Хэрэг гарсаны дараа би суманд байдаг байшингийнхаа хөрш айлуудаас сураглахад талийгаач О.Б байшиндаа 3-4 хоносон гэж хэлсэн. Хэрэг гардаг өдөр манай суманд дулаахан байсан. Би гол дээр хог цэвэрлэж байхад дэлгүүрийн эзэн Ө залгаад О.Б манай дэлгүүр дотор орж ирээд архи нэхээд байна гэж залгасан. Тэр үед нь би завгүй байсан тул архи битгий өгөөрэй гэж хэлээд цагдаа дуудаад өгчих гэж хэлсэн. Цагдаа Н.Х 2018 оны 5 дугаар сарын 04-ний 16 цаг 30 минутын үед талийгаач О.Быг авч явсан. Шөнө 1 цагт би эгчийндээ хонож байхад орж ирээд кобан руу явъя гэсэн. Кобан дээр ирээд талийгаачийг амиа хорлосон гэж хэлэхэд нь ах дүүг нь дууд гэж хэлээд өөрөө орж хараагүй. Надад тийм сэтэл зүйн бэлэн байдал байгаагүй. 21 цагт талийгаач О.Б амиа хорлосон юм бол 21 цагаас шөнийн 1 цаг хүртэл 5 цагийн хооронд ар гэрт нь мэдэгдэхгүй юу хийж байсан бэ? Дараа нь хавтаст хэргийн материалтай танилцаж байхад талийгаач О.Быг хэвтүүлсэн байдалтай байсныг, мөн гавласан байсныг харсан боловч талийгаачийг шонгийн модноос гавласан байсныг сонсоогүй, хараагүй байсан. Сүүлд прокурор дээр ирж хэргийн материалтай танилцаж байх үед шонгийн модноос гавласан байсан гэдгийг уншаад мэдсэн. Шонгийн модноос гавласан байсныг мэдээгүйдээ гомдолтой байна. Тухайн хүнийг эрүүлжүүлж чадахгүй байсан юм бол яах гэж баривчилсан юм бэ? Магадгүй тэр хүн 10.000 төгрөгөөрөө архи аваад байшиндаа очиж уусан бол одоо амьд сэрүүн байх ёстой байсан. Ард үлдэж байгаа 3 хүүхэд, гэр бүлийнхэнд нь хэцүү байна. Талийгаач О.Б амиа хорлосон гэдэгт итгэхгүй байна. Гэр бүлдээ сэтгэл хангалуун биш байсан бол ганцаараа байшинд 3-4 хонох үедээ амиа хорлох боломжтой байсан. Гэтэл цагдаагийн кобанд очоод амиа хорлосон гэдэгт үнэхээр гомдолтой байна. Бид хоёр 2009 оноос хойш хамт амьдарсан, 3 хүүхэдтэй. Зунд манайх хөдөө гардаг. Бусад улиралд нь талийгаач О.Б суманд орж ирээд 2-3 хонож байгаад хөдөө мал маллахаар явдаг байсан. 250 бог малтай, 20 үхэр, 20 адуу байгаа. Адууг сарын 150.000 төгрөгийн хөлсөөр хүнээр харуулж байгаа. Бог, үхрээ өөрийн аавын гэрт хөлсний малчин авч харуулж байна. Талийгаачийн оршуулгын зардалд 3.456.100 төгрөг, сэтгэл санааны хохирол 10 сая төгрөг буруутай хүмүүсээс гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.

Гэрч Г.М-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 21 цаг 20 минутын үед би гэртээ байж байтал сумын цагдаа Ш гар утас руу залгаж кубон дээр хүний бие муудлаа, та яаралтай цагдаагийн кобан дээр хүрээд ир гэхээр нь би гэрээсээ өөрийнхөө хувийн автомашинаар шууд 4-5 минутын хооронд яваад очиход хэсгийн төлөөлөгч Н.Х, цагдаа Ш хоёр кобан дотроо байсан. Тэр хоёрын хажууд саатуулах байр дотор О-ын Б гэх залуу шалан дээр дээшээ харсан байдалтай дөрвөн мөчөө дэлгэсэн хувцастайгаа хэвтэж байсан. Би ороод Б-ын биед үзлэг хийхэд хүн нэгэнт нас барсан байсан болохоор үзлэгийг зогсоосон. Бын нүүр болон биед ямар нэгэн шарх сорви байхгүй, цус гарсан зүйл байхгүй байсан. Түүний нүүр хөхөрсөн мөн их бие хөхөрсөн байсан. Хоолой хүзүүнд нь ямар нэг олс дээс байхгүй байсан. Би Х, Ш нараас юу болсон талаар асуухад Ш надад Б-ыг саатуулчихсан байж байгаад би түр гараад ороод ирэх хооронд Б өөрийгөө боомилчихсон байсан. Тэр уяагаар өөрийгөө боосон байсан гэж Бын хажууд хэвтэх нарийн уяаг заасан. Б-ын хүзүү хоолойг харахад уяаны ором гүн шигдэж орсон ором харагдахгүй байсан. Б-ын нүүр их бие нь хөхөрчихсөн байсан болохоор сайн мэдэгдэхгүй байсан. Х, Ш нарт Б-ыг нас барсан байна гэдгийг хэлээд явсан. Б гэх залуу нь толгойдоо гэмтэл авч байсан удаатай. Гэхдээ манай эмнэлэгээр орж эмчлүүлж байгаагүй. Архи их уудаг, эхнэр хүүхдээ зодож цохиж хэл ам болоод явдаг залуу байсан. Ухаан санаа эрүүл залуу байсан” /хх-ийн 39-40 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Т.Ө-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “О.Быг танина. Би түүний эхнэр Ц.Нгийн найз. Миний бие Өндөрхангай сумын Цэцэрлэг багт "3 жигүүр" гэх 8 нэрийн дэлгүүр ажиллуулж амьдардаг. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн үдээс хойш 16 цагийн үед О.Б манай дэлгүүрт нилээд согтуу ирээд 1 шил архи өгчих гэж хэлсэн. Өгөхгүй гэсэн чинь би мөнгөөр нь авна гээд 20 төгрөг гаргаж ирсэн. Би 20 төгрөгөнд зарах архи байхгүй, мөнгө байсан ч чамд архи зарахгүй гэхэд Ц.Н та хоёрыг харна гээд агсам тавиад эхэлсэн юм. Би Ц.Н рүү залгаж О.Б мотоциклоо согтуу жолоодоод явж байна, манай дэлгүүрт ороод ирчихсэн архи нэхээд байна гэж хэлсэн. Ц.Н наад хүндээ архи битгий өг, цагдаа дуудаад өгчих, би голын цаана цэвэрлэгээ хийж байна гэж хэлсэн юм. Өчигдөр манай сумын бүх төрийн байгууллагууд цэвэрлэгээнд гарсан юм. Тэгээд хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Хд дуудлага өгөхөөр 16 цаг 27 минутанд залгасан боловч утасаа авахгүй байсан тул цагдаа, цагдаагийн ахлагч Б.Ш рүү тэр доор нь залгаж О.Б энд согтуу ирээд агсам тавиад байгаа тухай мэдэгдсэн, Б.Ш наад хүнээ хаашаа явахыг нь харж байгаарай би одоо очлоо гэж хэлсэн. Удалгүй бараг 3 минутын дотор байх цагаан өнгийн машинтай хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Х ирээд О.Быг аваад явсан юм. Дараа нь сумын цагдаа, цагдаагийн ахлагч Б.Ш ирээд манай дэлгүүрийн гадна байсан О.Бын унаж явсан мотоциклийг аваад явсан. О.Быг олон хоног гэртээ ирээгүй гадуур архи уугаад яваад байна, харагдвал хэлээрэй гэж Ц.Н надад захисан байсан юм. Гадна төрхнөөс нь харахад царай алдсан хүрлийж харласан, хордлогонд орсон байдалтай байсан. Түүнийг манай дэлгүүр орж ирээд гарах хүртэл бүх бичлэг хяналтын камерт бичигдсэн байгаа. Би Өндөрхангай суманд ирээд 2 жил болж байна. Эрээ цээрээ алдсан, хүнийг хүндэлдэггүй байнга шахуу архи уудаг байсан. Дандаа эхнэрээ зоддог байсан. Эрүүл үедээ хүнтэй нэг их дуугараад байдаггүй, тархиндаа гэмтэл авч байсан гэсэн. О.Б-ыг саатуулаад аваад явж байгаа талаар манай дэлгүүрийн гадна хяналтын камерт байгаа. Шаардлагатай гэж үзвэл та бүхэн үзэж болно. Б нь их сонин зантай хүн байсан. Эхнэрээ маш их харддаг хүн байсан. Байнга ганцаараа архи уугаад суудаг хүн байсан. Би талийгаачийг эрүүл саруул хүн гэж боддоггүй юм. Сэтгэцийн юмтай хүн байх гэж боддог” /хх-ийн 41-42 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Ц.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 04-ний шөнө би гэртээ унтаж байхад 23 цагийн үед манай сумын цагдаа Ш орж ирээд: “та босоод хувцасаа өмсөөд манай цагдаагийн байранд очих шаардлагатай байна” гэж хэлэхээр нь би цагдаа Шг дагаад гэрээс гарахад хашааны үүдэнд манай сумын Эрүүл мэндийн төвийн дарга М автомашинтайгаа байсан. Мын автомашинд суухад М, манай ээжийн ахын хүүхэд болох Дгийн Б хоёр байсан. Цагдаагийн байр руу явж байх замд Д.Б надад “Б ах Цагдаагийн байрны дотор амиа хорлочихсон байна гэнэ” гэж хэлсэн. Машинаас бууж цагдаагийн хэсгийн цагдаа нар амьдардаг байранд ороход Х, Н нар байсан. Тэр хоёр надад юм хэлээгүй. Би ч гэсэн тэр хоёроос юм асуугаагүй юм. Миний хувьд Б яагаад нас барсан талаар мэдэх зүйл байхгүй. Ар гэрийн асуудал байсан юм уу, аль эсвэл цагдаа нарт асуудал байсан уу надад мэдэх зүйл байхгүй. Талийгаачийн цогцост ямар нэг шарх сорви байхгүй байсан. Талийгаач архи уугаагүй байхдаа ажилд сайн, хүний урдаас юм дуугардаггүй инээчихээд сууж байдаг хүн байсан. Архи уучихаараа жаахан муухай зантай болчихдог. Олон жилийн өмнө мотоциклиос унаж аваарт ороод өрөөсөн нүд хараагүй болж, тархины сааталттай, юм их амархан мартдаг болчихсон байсан. Гэр бүлийн хувьд тогтворгүй маргаантай байсан. Талийгаачийг хөдөө ийшээ тийшээ явсны хойгуур энд тэнд эхнэр нь хүмүүстэй уулзаж архи пиво уудаг байна гэж хэлдэг байсан. Ийм байдлаас нь болоод эхнэртэй гар хүрч зодож цохьдог байсан байх. Талийгаач ер нь архи дарс их уудаггүй байсан. Сүүлийн нэг жилээс архи их уух болсон. Урьд өмнө нь талийгаач өөрийнхөө амийг хорлоно гэж хэлж байгаагүй. Тийм үйлдэл ч гаргаж байгаагүй. Амьдрал ахуйн хувьд бол боломжийн амьдралтай байсан. Өөрийн гэсэн малтай. Харин гэр бүлийн жаахан маргааны улмаас дотроо гомдолтой явдаг байсан байж магадгүй” /хх-ийн 43 тал/ гэх мэдүүлэг,

гэрч М.Л-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед би сургуулиас нэгдүгээр ангийн хүүхдээ аваад явж байгаад гудамжинд хүүхдийнхээ багш Этай уулзаж байхад Өгийн дэлгүүрийн үүдэнд Б ганцаараа өөрийнхөө мотоцикльтой ирээд зогсоод Ө-гийн дэлгүүр рүү орсон. Б-ын Өгийн дэлгүүр рүү орж байхад би Э багштай уг дэлгүүрийн баруун талын өнцөгт уулзаж байхад Б дэлгүүрээс гарч ирэхэд Э багш бид хоёр салаад би гэр рүүгээ явах гээд явж байхад Б араас ирээд намайг хүзүүдээд нэг шил архи аваад өгөөч гэсэн.  Би түүнд чи согтуу байна. Гэртээ очиж унт гэхэд тэр архи аваад өгөөч гэхэд би түүнд чамд архи авч өгдөг мөнгө надад байхгүй гэж хэлсэн. Б миний баруун талд намайг хүзүүдэж яваад миний зүүн талд гарах гэж байгаад Б миний хүүхдийг газар унагаачихсан юм. Тэгээд Б бид хоёр хүүхдийг хоёр талаас нь өргөж босгосон. Яг энэ үед бид хоёрын хажууд цагаан өнгийн жийп машин ирээд зогсож машинаас нэг цагдаа гарч ирэхэд Б тэр цагдаагийн өмнөөс явж очиход цагдаа түүнийг сугадаж аваад машиндаа суулгаад аваад явсан. Хаашаа авч явсныг мэдэхгүй. Машин явсны дараа эргээд харахад Бын мотоцикль нь дэлгүүрийн гадна байхаар Бын эхнэр Н рүү гар утсаар залгаж Быг цагдаа аваад явчихлаа, мотоцикль нь Өгийн дэлгүүрийн үүдэнд байна гэж хэлэхэд Н надад мотоциклийн түлхүүр нь толгой дээрээ байна уу үзээд өг гэхээр очиж үзэхэд түлхүүр нь байхгүй байсан. Би Нд мотоциклийн түлхүүр нь байхгүй байна гэж хэлэхэд Н Өд захиад үлдээчих гэхээр нь Өгийн дэлгүүрт ороход тэр надтай зөрөөд гараад гүйгээд явахаар нь түүнийг дуудахад тэр уулзалгүй гүйгээд явахаар нь дэлгүүрт орж эгчид нь Бын мотоциклийг харж байгаарай гэж хэлээд явсан. ...Хааяа Б архи уучихсан байна, Нг зодчихсон байна гэсэн хэл сонсогддог байсан. Би хааяа сумын төвд ирэхэд ихэнхдээ Б архи уучихсан согтуу байдаг байсан. Би хэсгийн төлөөлөгч болон цагдаа нарыг танихгүй. Ямар нэг байдлаар хүч хэрэглээгүй. Түүнийг сугадаад машинд суулгаж байсан. Архи уухаар агсам согтуу тавьдаг. Эхнэр хүүхдээ зодож цохьдог, айлган сүрдүүлдэг хүн байсан. Аав согтуу байна гэхэд гурван хүүхэд зугтдаг. Гурван хүүхэд нь хоёр жилийн өмнө манай аав согтуу байна гэж манай гэрт хоёр удаа ирж хонож байсан. Эхнэрийнхээ нүдийг цохиж гэмтээж байсан ба эхнэр нь нүдээ эмчлүүлэхээр Улаанбаатар хот руу явж байсан” /хх-ийн 44-45 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Бын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 04-ний шөнө гэртээ унтаж байхад миний гар утас дуугараад аваад ярихад сумын эмч М надтай яриад та гараад ирээч. Танай гэрийн гадна би байна гэхээр нь би хувцасаа өмсөөд гарахад М өөрийнхөө автомашинтай сумын цагдаа Шгийн хамт байсан. Намайг машинд суу гэхээр нь машинд би суухад М цагдаагийн байранд Оын Б өөрийгөө боомилж нас барсан байна, энэ талаар төрөл садны ямар хүнд хэл дуулгах вэ гэхээр нь бид нар Бын нагац болох Бын гэрт очиж түүнийг Ш дуудаж гаргаж ирэхэд би түүнд Б цагдаагийн байранд нас барсан талаар хэлсэн. Тэгээд Ш, М, Б бид дөрөв цагдаагийн кабон дээр очиход хэсгийн төлөөлөгч Х болон талийгаачийн эхнэр Н нар цагдаа нарын амьдардаг гэрт нь байсан. Бид нар ороод хэн нь ч юу ч яриагүй. Ш, М хоёр гарч яваад талийгаачийн авга ах болох Тийг авч ирсэн. Т гэрт орж ирээд бид нар юу ч ярилгүй суусан. Тэгээд би нимгэн хувцастай байсан болохоор хөл гар даараад байхаар нь гарч гэр рүүгээ явсан. 2018 онь 5 дугаар сарын 04-ний шөнө Б хаана өөрийгөө боомилж нас барсныг хараагүй. Ажлын өрөө рүү бид нарыг цагдаа нар оруулаагүй. Улаангомоос бүрэлдэхүүн ирж байгаа талаар хэлж байсан” /хх-ийн 46 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.Т-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр эхнэрээ Эрүүл мэндийн төвд эмчлүүлэхээр хэвтүүлчихээд орой гэртээ амарч байхад шөнө гэрийн хаалга хүн цохихоор нь хаалгаа тайлж өгөхөд Б гэрт орж ирсэн. Би Баас “чи харанхуй шөнө яаж яваа юм” гэж асуухад Б “нөгөө Б гэдэг хүн чинь Цагдаагийн кабонд нас барчихсан байна” гэж хэлсэн. Би түүнээс “Б яагаад нас барчихсан юм вэ?” гэж асуухад Б “Б өөрийгөө боомилчихсон юм шиг байна” гэж хэлсэн. Би босож хувцасаа өмсөөд гэрээс гарахад сумын эмч М өөрийнхөө хувийн автомашинтай хашааны гадна зогсож байсан. Б бид хоёр Мын автомашинд суугаад Цагдаагийн хэсгийн байранд ирэхэд Бын эхнэр Н өөрийн төрсөн эгчтэйгээ ирчихсэн байсан. Мөн сумын хэсгийн төлөөлөгч Х, цагдаа Ш болон талийгаач Б-ын нагац болох Д.Б нар байранд байсан. Тэгээд намайг хэсгийн төлөөлөгч Х дуудаж байрнаас гаргаж надтай уулзаад 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр иргэн Өгаас Б гудамжинд согтуу явна гэж хэлэхээр нь бид нар Б-ыг авч ирж цагдаагийн байранд саатуулж байсан. Тэгээд саатуулж байх хугацаанд Б гэдэг хүн өөрийгөө боомилж нас барсан байна гэж хэлсэн. Би Х-д та нар энэ хүнийг хамгаалах гэж авч ирчихээд ийм болгочихдог яаж байгаа юм вэ гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Б согтуу байсан бол ах дүү бид нарыг дуудаад өгөөд явуулчихсан бол бид нар бас хамгаалаад хонох байсан. Талийгаачийг өөрийгөө боомилсон гэх боловч боосон гэх олс нь хүзүүнд нь байхгүй. Баруун гар дээр уяаг нь тавьчихсан байсан. Зүүн гарт нь гавласан гавны ором байсан. Хэрэв өөрийгөө боомилж нас барсан бол цагдаагийн бүрэлдэхүүн иртэл уяаг тайлахгүй гар хүрэлгүй хөдөлгөхгүй хамгаалж байх ёстой байсан. Миний зүгээс Б нас барсан асуудалд гомдолтой байна. Хууль шүүхийн байгууллага үнэн зөвөөр шалгаж өгөхийг хүсье. Б хамгийн сүүлд Цагаан сарын баяраар золгож нэг ирсэн. Мөн 2018 оны 3 дугаар сард нэг удаа хамгийн сүүлд уулзсан. Б ноднин жилээс хойш архи их уудаг болсон. Хөдөө мал руугаа явахаар архи уудаггүй. Хөдөөнөөс орж ирэхээрээ архи уучихдаг байсан” /хх-ийн 47 тал/ гэх мэдүүлэг,

гэрч О.Э-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 05-ны өглөө би гэртээ байж байхад сумын төвөөс Н гэх хүн ирж Б нас барсан талаар хэлсэн. Н Б цагдаагийн кабонд байхдаа нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд би хөдөөнөөс одоо сумын төвд ирж байна. Би өөрөө Быг нас барж байхад нь хажууд нь байж харж үзээгүй болохоор юу болсныг мэдэхгүй байна. Ямар шалтгааны улмаас Быг цагдаагийн байранд авчирж саатуулсан, хэн дуудлага өгч бариулсан болохыг мэдмээр байна. Миний дүү энэ хавар цагдаад баригдаж Улаангомд хоёр сар орчим байсан. Ямар хэргийн улмаас тэнд байгаад байсныг мэдэхгүй. Талийгаач зан аашийн хувьд архи уугаагүй үедээ хүнд их тусархуу, хар ажилд маш сайн, хүнтэй харьцах харьцаа хүртэл сайн байдаг. Энэ хавраас хойш хоёр гурван удаа архи ууж эхнэртэйгээ маргалдсан байна. Энэ маргалдааны улмаас цагдаад шалгагдаж байсан байх. Төрсөн дүүгээ цагдаагийн байранд нас барсан явдалд гомдолтой байна. Хэрэв гудамжинд явж байгаад нас барсан бол надад гомдоод байх зүйл байхгүй. Миний дүү өөрийнхөө амь насыг хорлоно гэж ярьж хэлдэггүй байсан. Хэрэв өөрийнхөө амь насыг хороосон бол ямар нэг дарамт байсан байх. Түүнээс биш өөрийнхөө амийг хорлох хүн биш юм” /хх-ийн 48 тал/ гэх мэдүүлэг,

гэрч О.Э-ы хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Манай гэр Цагааннуурт байдаг ба 2018 оны 5 дугаар сарын 05-ны өглөө төрсөн дүү Быг нас барсан талаар мэдсэн. Дүүг маань Цагдаагийн байранд нас барсан гэдгийг л мэдсэн. Өөр мэдсэн зүйл байхгүй. Хөдөөнөөс сумын төвд ирээд ах дүү нараасаа Быг юунаас болж нас барсан талаар асуухад мэдэх хүн байхгүй байна. Би хамгийн сүүлд 20 гаруй хоногийн өмнө гар утсаар Бтой ярьсан. Үүнээс хойш холбоо байхгүй. Дүү маань ар гэрийн асуудлаас болж жаахан гомдонгуй явдаг болсон. Эхнэр нь болох бүтэхгүй хүнтэй явалдаж байгаад баригдаж байсан удаатай гэсэн. Гэр бүлийн таарамжгүй харьцаа дүүгийн минь үхэлд шууд нөлөөлсөн гэж бодож байна. Миний хувьд Бын үхсэн шалтгааныг цагдаагийн байгууллага үнэн зөвөөр олж өгнө гэдэгт найдаж байна. Өөр надад мэдэх зүйл байхгүй болохоор ярих зүйл олдохгүй байна. Талийгаач маань өрөвч зөөлөн дөлгөөн зантай, хурдан морь уядаг, хүнд тусархуу хүн байсан. Цагдаагийн саатуулах байранд ирээд дүү маань амь насаа алдсан явдалд эргэлзээ төрж байна. Согтуу хүнийг авч ирээд эрүүлжүүлээд гаргадаг байгууллага хүний амь насыг хохироож байгаад гомдолтой байна. Энэ асуудлыг хурдан шуурхай шийдэж өгөхийг хүсэж байна” /хх-ийн 49 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Л.Э-ын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 04-ний өглөө хэсгийн төлөөлөгч Н.Х надтай уулзаж цагдаагийн хэсгийн хашааны хаалга хийгээд өг гэхээр нь зөвшөөрсөн юм. Тэгээд өдрийн 16 цагийн үед би цагдаагийн хэсгийн хашааны жижиг хаалганы модыг нь солиод ганцаараа байж байхад хэсгийн төлөөлөгч Н.Х, цагдаа Ш хоёр манай сумын харьяат О-ын Б гэх залууг дагуулж хашааны хаалгаар орж ирээд Ш цагдаа хэсгийн төлөөлөгч Н.Хгаас “энэ Быг одоо яах юм бэ?” гэж асуухад Х түүнд “биед нь байгаа зүйлийг аваад гавлачих” гэж хэлсэн. Чухам хаанаас гавла гэж байгааг би мэдээгүй. Тэгээд би хашаагаа янзалж байхад Х хашааны хаалгаар гараад явсан. Харин Ш миний хажууд байгаад байсан. Би хашааны мод боох төмөр утас хайгаад хашааны дотор явж байхад кобаны хажууд байдаг цахилгааны шонгийн модноос Быг тэврүүлээд гавлачихсан байсан. Намайг ороход Б шонгийн модыг тэврээд хоёр хөлөө жийгээд унтаж байгаа бололтой байсан. Тэгээд төмөр утас олоод Ш бид хоёр хашаа янзалж байхад Х гаднаас орж ирээд юу болж байна, хашааны мод дутаж байна уу гэж асуугаад гарч явсан. Энэ үед Б нэг муухай орилж хашгирахад Ш очиж харчихаад очилгүй хариу буцаад ирсэн. Би Быг харах боломжгүй байшингийн эсрэг талд нь байсан юм. Цагдаагийн хэсгийн хашааг янзалж дуусаад гарч явахад 19 цаг өнгөрч байсан. Намайг Цагдаагийн хэсгийн байрнаас явахад Б шонгийн модноос гавлаатай байсан. Б өөрөө согтуу байсан. Цагдаа нар Бтой зүй бус харьцаж зодож цохиогүй” /хх-ийн 50-51 тал/ гэх мэдүүлэг,

гэрч М.Ц-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 05-ны өглөө манай сумын цагдаагийн байранд О.Б залуу нас барсан талаар сонссон. Талийгаач О.Б Жаргалант багийн иргэн учраас сайн танина. Ер нь сүүлийн жилүүдэд Б нь архи уудаг болчихсон. Архинд толгойгоо мэдүүлдэг болсон. Архи ууж яваад аваарт орж толгойдоо гэмтэл авсан байдаг. Мөн гэр бүлийн маргаантай эхнэр хүүхдээ байнга зодож цохьдог болсон. Архи ууж байгаа шалтгаан нь аваарт орсноос болсон уу, аль эсвэл гэр бүлийн маргаантай байдлаас болоод байна уу даа гэж бодож явдаг байсан. Уул нь Б намайг хүүхэд байхад морь уядаг. Манай ахтай хамтарч их морь уралдуулдаг залуу байсан. Сүүлийн жилүүдэд цагдаагийн байгууллагад байнга шалгагдах болж амьдрал нь нэг бүтэхгүй байж байгаад ийм асуудалд хүрч байх шиг байна. Б нь ганц эхнэртэйгээ маргалдаад байдаггүй. Архи уусан үедээ тааралдсан хүмүүстэй маргалдаж харагдаж байсан. Амьдрал ахуйн хувьд боломжийн мал хөрөнгөтэй орон сууцтай айл байсан. Сүүлийн жилүүдэд малаа нилээн зарсан байх. Хэсгийн төлөөлөгч Х, цагдаа Ш нарын зан харьцааны талаар сумын иргэдээс ирсэн гомдол санал өнөөдрийн байдлаар ирээгүй байна. Иргэдтэй хууль дүрмийн дагуу шаардлагаа тавьж ажил үүргээ гүйцэтгэж байна” /хх-ийн 52 тал/ гэх мэдүүлэг,

гэрч М.Г-ийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би О овогтой Б гэх хүнийг танина. Бид хоёр Жаргалант багийн хүмүүс болохоор бие биенээ сайн танина. Эхнэр гурван хүүхдийн хамтаар амьдардаг. Эхнэр Н нь манай сумын ахлах сургуулийн бага ангийн багшаар ажилладаг. Талийгаач Б нь байнга архи ууж явдаг юм. Архи уусан үедээ эхнэрээ зодоод байдаг. Энэ хавар эхнэрээ зодсон хэргээр шалгагдаж байсан. Архи уугаагүй үедээ үг дуу цөөтэй даруухан залуу байдаг. Тодорхой ажил эрхэлдэггүй. Хөдөө малаа маллаж амьдардаг байсан. Эхнэрээсээ салж нийлээд байдаг. Хэнээс нь болж маргаан гараад байдгыг би мэдэхгүй. Байнга л гудамжинд архи ууж явдаг юм. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны үед Бтой гудамжинд тааралдаж байсан. Би Боос зээлсэн мөнгөө авах гэж уулзахад архи уучихсан байсан. Энэ өдөр хоёр гурван удаа тааралдаж байсан” /хх-ийн 53 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Д.О-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед би Өгийн дэлгүүрийн хажуугаар зөрж байхад дэлгүүрийн цонхоор Ө намайг дуудсан. Дэлгүүрт ороход дэлгүүрийн эзэн Ө, Б хоёр байсан. Ө надаас зээлдэж авсан барааныхаа мөнгийг өгөөч гэхэд нь би түүнд: “би удахгүй чиний мөнгийг өгнө” гэж хэлсэн. Өөр зүйл бид хоёр яриагүй. Б ногоон өнгийн дээл өмсчихсөн цаашаа хараад согтуу зогсож байсан. Б бид хоёрын хооронд ямар нэг яриа өрнөөгүй. Намайг дэлгүүрт ороод байж байхад Ө гар утсаар нэг хүнтэй ярьж байхад Б дэлгүүрээс гараад явсан” /хх-ийн 54 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Х.Баттогтуурын хэрэг бүртгэлтэнд өгсөн: “О-ын Б нь манай багийн иргэн бөгөөд ам бүл 5, эхнэр гурван хүүхдийн хамтаар амьдардаг. Эхнэр нь сургуулийн бага ангийн багш ажилтай, Б өөрөө ажил хөдөлмөр эрхэлдэггүй. Хэдэн малтай учраас малаа маллаж амьдардаг. Мал нь Жаргалант багт ах Э-ынд байдаг байх. О.Бын зан аашийн хувьд их даруухан зантай, дуу цөөтэй залуу байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд архи их уудаг болсон. Эхнэр Н-тэй сүүлийн үед салж нийлээд харьцаа муутай байдаг болсон. Юунаас болж Б, Н хоёр маргалдаж хэрэлдээд байдгыг мэдэхгүй. Талийгаач архи их уудаг болохоор архинаас болж хэрүүл гардаг байх гэж бодож байна. 2018 оны хавар О.Б нь эхнэрээ зодсон хэргээр шалгагдаж байгаад шүүхээр торгуулийн ял авсан юм шиг байна лээ. Амьдрал ахуйн хувьд боломжийн амьдралтай. Өөрийн гэсэн 200 гаруй малтай. Хувьдаа мотоцикльтой” /хх-ийн 55 тал/ гэх мэдүүлэг,

гэрч Б.М-гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: “Би Увс аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгчөөр ажилладаг. Над дээр мөрдөн байцаалтад байсан 1835001260097 дугаартай “2018 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч З.Ш-ийг хүчиндэхийг завдсан” гэх хэргийг хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад аймгийн прокурорын газрын хяналтын прокурорт хянуулахад 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр 5/104 дугаартай прокурорын даалгавар ирүүлсэн бөгөөд прокурорын даалгаврын 2 дахь заалтанд “гэрч О.Боос дахин мэдүүлэг авч тухайн үед П.М болон өөрөө ямар хувцастай явсан болохыг тодруулах” гэсэн заалт ирүүлсэн. Прокурорын даалгаврын дагуу Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Хд О.Быг мэдүүлэг авах ажиллагаанд ирүүлэх талаар утсаар мэдэгдсэн. О.Б нь өөрийн гэсэн гар утасгүй, холбоо барих боломжгүй учраас түүний эхнэр Ц.Нтэй 98850085, 91800085 дугаарын утсуудаар холбогдож О.Боос гэрчээр дахин мэдүүлэг авах шаардлагатай талаар мэдэгдэхэд Ц.Н нь “О.Б гэртээ ирэхгүй байгаа болохоор цагдаагийн газраас мэдүүлэг авахаар дуудаж байгаа талаар мэдэгдэх боломжгүй байна. Хэрэв О.Б гэртээ ирэх юм бол цагдаагийн газраас мэдүүлэг авахаар дуудаж байгаа талаар мэдэгдэнэ. Тэр хүн Өндөрхангай сумын төвд байнга архи уугаад яваад байгаа. Өмнө нь ч бас байнга архи уудаг байсан” гэж утсаар хэлсэн. Улмаар 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 16 цаг 27 минутанд Ц.Н нь 91800085 дугаарын утаснаас холбогдож “манай нөхөр О.Б Өндөрхангай сумын төвд бас л согтуу явж байна. Би Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч Н.Хд О.Бын байгаа газрыг хэлж өгсөн” гэж утсаар ярьсан. Мөн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 28 минутанд Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч Н.Х нь “би О.Бтой уулзлаа, согтуу байна. О.Быг Увс аймгийн Улаангом сум руу явуулна гэхээр одоо манай сумаас Улаангом сум руу явуулах машин байхгүй” гэж танилцуулахад нь “О.Бын архийг гарсаны дараа, гэрчээр дахин мэдүүлэг өгүүлэхээр Увс аймгийн Улаангом сум руу явуулах шаардлагатай. О.Бын уусан архи нь гарч, эрүүлжсэний дараа Улаангом сум руу явуулна уу” гэж мэдэгдсэн” /хх-ийн 56 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Г.Ш-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед цагдаагийн хэсгийн байрны хашааг янзлаж байхад Ө гээд дэлгүүрийн худалдагч над руу залгаад О.Б согтуу орж ирээд архи нэхээд байна гэхэд нь би хэсгийн төлөөлөгчид хэлье гэж хэлсэн. Аймгийн цагдаагийн газрын мөрдөгч, Мөнхнасан хэрэг болохоос 2-3 хоногийн өмнө О.Быг наана чинь байна уу? О.Б над дээр шалгагдаж байгаа гэж хэлсэн. Мөн энэ талаар Н.Хд хэлсэн байсан. Ө надтай утсаар ярьсныхаа дараа Н.Хтай утсаар яриад О.Б дэлгүүр дээр агсам тавиад байна гэж хэлсэн. Тэгсэн удалгүй Н.Х О.Быг кабоны байранд аваад ирсэн. Тэр үед би кабоны хашаа янзлаж байсан болохоор кабоны хашаанд О.Быг аваад ирсэн. Тэгээд Н.Х намайг О.Быг хараад байж бай гэж хэлсэн. Би хашаан дотор хашаа янзлаж байсан болохоор О.Быг шонгийн модноос гавласан. Н.Х О.Быг хаяад хөдөө явна гээд унаа хайхаар явсан. Би кабоны хашааг янзлаад 2-3 цаг болсон. Тэр хооронд Н.Х хашаа нь дотор 2-3 удаа ирсэн. Мөн хашаа янзлаж байх хоорондоо О.Б дээр 2-3 удаа очиж гавыг нь чангарч уу гэж шалгаж бие засуулсан. О.Быг 19 цагийн үед гавнаас нь тайлаад кабоны үүдэн дээр тамхи татуулаад зогсож байтал Н.Х хүрч ирээд яагаад кабоны үүдэн дээр тамхи татуулаад байгаа юм бэ гээд бид гурав зэрэг кабон дотор орсон. Тэгээд кабон дотор орж ирээд би О.Бын биед үзлэг хийж биед байсан бүс, тамхи болон бусад эд зүйлүүдийг нь хураан авч кабон дотор байсан саатуулах байрны дотроос нэг гарыг нь гавласан. Би уг нь нэг гарыг нь гавлах гэтэл гавлуулахгүй байсан. Тэр үед гаднаас Н.Х орж ирээд хоёр гавыг нь сараалжин төмрөөс гавласан. Удалгүй О.Б нэг тамхи татуулчих гэхээр өөрөөс нь хурааж авсан тамхинаас нэг аваад татуулсан. Н.Х унаа олсон гэхээр нь бид хоёр бичиг цаасаа янзлаад урд талын өрөөнд хэсэг суусан. Би Н.Х-д чи хөдөө явах гэж байгаа юм чинь О.Быг тавиад ах дүү нарт нь хүлээлгээд өгчих үү гэж хэлсэн чинь Н.Х одоо хүлээлгээд өгчих юм бол ар гэр, эхнэр хүүхдүүдээ зодно гэж хэлэхээр нь хүлээлгэж өгөөгүй. Өмнө О.Б эхнэрээ зодоод шүүхээр торгуулж байсан. Тэгээд Н.Х бид хоёр юм ярьж байтал Н.Х кабоноос гараад явсан. Тэгэхээр нь би өдрөөс хойш хоол идээгүй болохоор кабон дотор байдаг байрандаа хоол хийх гээд О.Быг хаяад явсан. Тэгээд би хоолоо хийгээд байж байтал Н.Х над дээр хүрч ирээд О.Быг харахгүй бол болохгүй байх, кабоны түлхүүр аваад ир гэж хэлсэн. Тэгээд Н.Х түлхүүр аваад кабон руу орсон. Удалгүй Н.Х, Ш гээд дуудахаар нь яваад ортол Н.Х, О.Бод хиймэл амьсгаа хийж байсан. Тэгээд бид хоёр маш хурдан сумын эмчийг дуудахад 3-4 минутын дотор ирсэн. Эмч ирээд үзлэг хийгээд О.Быг нас барсан байна гэж хэлсэн. Дараад нь аймгийн жижүүр рүү утсаар яриад болсон хэргийн талаар хэлсэн. 22 цагийн үед л шиг санагдаж байна. Аймгаас бүрэлдэхүүн шөнө ирсэн байх. Тухайн үед О.Б их согтуу байсан болохоор жаахан агсам тавих гээд байсан бөгөөд кабоны хашаанаас гарч явна гээд байсан болохоор шонгоос гавласан. Бид хоёр О.Бод нэг ч удаа гар хүрээгүй. Ер нь бол бид хоёрын хэлснийг хийгээд л байсан. Би яагаад өөрийгөө боомилох болсон талаар мэдэхгүй байна. Н.Х бид хоёр талийгаачид ямар нэгэн дарамт шахалт үзүүлээгүй... Би цагдаагийн дэслэгч Н.Хгийн хуулийн дагуу өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд биелүүлдэг. Бид хоёрын дунд ямар нэгэн үл ойлголцсон асуудал байдаггүй. Надад нэг удаа хяналт тавь гэж хэлсэн. О.Быг нас барах үед буюу О.Быг үлдээгээд өрөөндөө орж ирэхэд Н.Х яагаад О.Быг үлдээгээд ороод ирсэн юм бэ гэж хэлж байсан. Би өдөржин хоолгүй байсан болохоор хоол хийж идэх гээд өрөөндөө орж ирсэн. Би өдөр хоол идэхгүй болохоор толгой өвдөж дотор муухайраад байдаг юм. Ер нь бол Н.Х, О.Быг надад үлдээчихээд өдөржин ганцаараа явах санаатай байсан. Би Н.Хд О.Быг ар гэрт нь хүлээлгэн өгье гэж хэлэхэд наад хүнийг чинь хүлээн авах хүн байхгүй. Маргааш өглөө аймаг руу явуул гэж хэлсэн” /хх-ийн 240-243, 2-р хавтасны 06-12 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Г.Шгийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Юуны өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид эмгэнэл илэрхийлье. 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай сумын цагдаагийн кобаны хашааг янзалж байхад Ө гэж хүн залгаад манай дэлгүүрт Б архидан согтуурч байна гэж дуудлага өгсөн. Тухайн үед Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн төлөөлөгч Н.Х гадуур ажилтай явж байсан тул Бын талаар дуудлага ирсэн талаар хэлэхэд 2-3 минутын дотор хэсгийн төлөөлөгч Н.Х нь Быг авч ирж өгчихөөд наад хүнээ хараарай гэж хэлсэн. Б нь цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг хүлээн авахгүйгээр намайг явуулчих, би мотоциклио аваад мал дээрээ очмоор байна гэж зүй бус үйлдэл гаргаж үгэнд орохгүй, агсараад байсан. Тухайн үед би цагдаагийн кобаны хашааг хүнтэй хамт янзалж байсан тул Быг цагдаагийн кобаны хашаан доторх шонгийн модноос гавласан. Тэгээд 19 цагийн үед кобан руу авч ороод гутал, бүс, тэлээг тайлж биед нь үзлэг хийж, нэг гарыг нь гавлачихаад нөгөө гарыг нь гавлах гэхэд нөгөө гараа гавлуулахгүй байж байтал хэсгийн төлөөлөгч Н.Х гаднаас орж ирээд 2 гарыг гавла гэсэн тул 2 гарыг нь гавласан. Бусдын амгалан тайван байдал алдагдуулсан болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр анх Быг авч ирсэн. Согтуу биеэ авч явах чадваргүй, цагдаагийн шаардлага эсэргүүцээд байсан учир гадаа хашаа янзалж байхдаа шонгийн модонд гавласан. Саатуулах байранд хаалга байхгүй, шаардлага хангаагүй байр тул өөрийнх нь аюулгүй байдлыг хангах гэж гавласан. Тухайн цагдаагийн хэсгийн байр нь бидний амьдрах, ажил хийх зориулалттай байр юм. Хэсгийн төлөөлөгч Н.Х нь хөдөө явах ажил гараад орой явах гэж байсан тул энэ хүнийг ар гэрт нь хүлээлгээд өгчих үү гэхэд ар гэрээс нь хүлээж авах хүн байхгүй, одоо хүлээлгэж өгвөл дахиад гэр орондоо агсам тавиад асуудал үүсгэх байх, тэгээд ч маргааш дахиад олдохгүй байх гэсэн тул гавласан байсан. Би нийтийн хэв журам хамгаалах, хууль сахиулах үүрэгтэй ба миний ажлын байрны тодорхойлолтод саатуулах, эрүүлжүүлэх үүрэг байдаггүй. Энэ үүрэг эрүүлжүүлэх баривчлах байрны эмч, цагдаа нарт байдаг. Манай суманд ийм хүн байхгүй” гэх мэдүүлэг,

шүүгдэгч Н.Хгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажлаа хийгээд явж байтал манай хэсгийн цагдаа над руу залгаад О.Б гэдэг хүн Өг гэдэг хүний дэлгүүрийн гадаа мотоцикольтэй ирээд агсан тавиад байна гэж хэлсэн. Тухайн үед би сумын төв дээр явж байсан бөгөөд Өгийн дэлгүүрийн гадаа очиход Ө дэлгүүрийн гадаа зогсоод надад О.Б гэдэг хүн тэр байна гэж гараараа зааж өгсөн. Зааж өгөхөөр нь би О.Бын байгаа зүг рүү хартал О.Б хүүхэдтэй явж байсан эмэгтэйгийн хүүхдийг гараараа татаж унагаахаар нь би О.Быг барьж аваад цагдаагийн кабон руугаа аваад явсан. Намайг очиход манай цагдаа Ш кабоны хашаан дотор хашаагаа янзлаж байсан. Тэгэхээр нь би Шд О.Быг хараад хяналтаа тавьж байгаарай, би хөдөө явах гэж байгаа тул машин тэрэг хайх хэрэгтэй байна гээд гараад явсан. Дараа нь сумынхаа нэг иргэн болох П гэдэг хүний машинаар хөдөө явах болсон. Тухайн үед би дэд дарга руугаа утсаар яриад хөдөө явах ажилтай болсон талаар хэлж танилцуулан зөвшөөрөл авсан. Дараа нь би очих ёстой айлынхаа хаягийг тодорхойлж байтал тэр хооронд би кабон нь дээр 2-3 удаа ирж байсан. Би хөдөө явах машинаа олчихоод орой 20 цагийн үед кабон дээрээ очиход Ш биед нь үзлэг хийчихээд... О.Бын нэг гарыг нь гавлачихсан. Нөгөө гарыг нь гавлаж чадахгүй зогсож байсан. О.Б би хоёр гараа гавлуулмааргүй байна гэж хэлэхээр нь би О.Б, Ш хоёрын хажууд нь очоод О.Бод наад хүнийхээ үгэнд орохгүй юм уу гэж хэлсэн чинь О.Б би таны үгэнд орно гээд хоёр гараа гавлуулсан. Дараад нь би Шд наад хүндээ хяналт тавиарай гээд хөдөө явах бэлтгэл ажлаа бэлдэхээр ажлынхаа өрөөнд орсон. Намайг өрөөнөөс гарах гэж байтал О.Б надад хандаад тамхи байна уу? гэж хэлэхээр нь би тамхи татуулах гээд тамхи өгөх гэтэл Ш, О.Бын тамхи энэ байна гээд цонх дээр байсан тамхийг О.Бод өгсөн. О.Б тамхи татаад дуусаж байх хооронд би кабоны үүдэн дээр тамхи татаад дуусаж байсан. Тамхи татаж байх хооронд би Шд би хөдөө явах гэж байна, машин олчихсон, одоо бензин аваад ирнэ. Би хойшоо орж хувцасаа солилоо гэж хэлээд амьдардаг өрөө рүүгээ явсан. Намайг явахад Ш, О.Быг хараад үлдсэн. Тэгээд би хувцасаа солиод буцаад ажлынхөө өрөө рүү ороод бичиг, цаасаа аваад цүнхэндээ хийгээд гарах үед О Б Ш хоёр байж байхаар нь О.Боос чи яагаад архи уугаад байдаг юм бэ гэж хэлсэн. Тэгтэл О.Б би өөрийгөө яагаад архи уугаад байгааг мэдэхгүй байна. Намайг цаанаас нь хүн удирдаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би архиа уухаа болиод малаа маллаад амьдарч болдоггүй юм уу? гэж хэлсэн чинь би таны үгэнд ороод эмчтэй уулз гэхээр нь архинаас гарах гээд эмчтэй уулзсан. Даанч миний толгой гэмтэлтэй учраас эмчилгээ хийлгэж болдоггүй. Надад санаа тавьж явдаг чинь баярлалаа гэж хэлээд Хаянаа би дахиад архи уумаар байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад архи ууж зөрчил гаргаж ирчихээд дахиад архи уумаар санагдаад байгаа юм уу? Чамд архины мөнгө чинь байгаа юм уу? гэж асуусан чинь О.Б надад архины мөнгө байна гэж хэлэхээр нь цагдаа Шд энэ хүний биед үзлэг хийсэн гэж хэлсэн биз дээ. Яагаад энэ хүний биед мөнгө байдаг юм бэ гэж Шгээс асуутал ахлагч Ш юу ч юм хэлээгүй. Тэгэхээр нь О.Бод чамд мөнгө байгаа юм уу гэж асуутал О.Б наадах чинь авсан гэж Ш рүү заасан. Тэр үед би Ш рүү чи мөнгийг нь авсан юм уу? гэж асуутал тийм ээ биед нь үзлэг хийхэд 10.000 төгрөг байсан гэж хэлсэн. Тэр үед хөдөө явах жолооч ирж байна гэж утсаар ярихаар нь би Шд О.Быг харж байгаарай гээд кабоноос гарсан. Тэгээд би амьдардаг өрөө рүүгээ ороод хувцасаа өмсөж байтал араас Ш орж ирэхээр нь мөрдөгч Мөнхнасантай утсаар ярьсан. Наад хүнээс чинь мэдүүлэг авах гэж байгаа. О.Бын эхнэр нь унааны зардал өгнө. Чи маргааш Мөнхнасантай утсаар яриараарй гэж хэлсэн. Ер нь бол Ш бид хоер О.Боос Мөнхнасан мөрдөгч мэдүүлэг авах гэж байгааг мэдэж байсан. Дараад нь Шд наад хүнээ яагаад ганцааранг нь хаяад орж ирсэн юм бэ? Чи очиж хяналтаа тавиач, аль эсвэл чи наад хүнээ авч ирээд өрөөндөө оруул гэж хэлсэн чинь Ш архи үнэртсэн архичинг яаж гэр лүү оруулж ирдэг юм гэхээр нь би Шд наад хүндээ орж хяналтаа тавиа, наад хүн чинь янз бүр болчих юм бол яах бэ гэж хэлтэл Ш миний өөдөөс: “Үхвэл үхнэ биз энэ хүний ардаас хэн ирдэг юм бэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь Шд наад хүнээ орж хардаггүй юм уу? гээд би ажлын өрөөний түлхүүрийг нь аваад ажлын өрөөндөө ортол О.Б хана налаад суусан маягтай, толгойгоо гудайлгасан байдалтай байхаар нь би О.Быг нэрээр нь дуудсан чинь О.Б дуугарахгүй байхаар нь очоод гарнаас нь татсан чинь хүзүүгээ уяагаар боогоод саатуулах байрны төмрөөс уяагаа боосон байсан. Тэр үед би цагдаагаа дуудсан. Тэр үед би гүрээний судас нь дээр хуруугаараа дарж үзэхэд гүрээний судас нь цохилох шиг болсон. Тэгэхээр нь би уяаг нь тайлаад байж байтал цагдаа орж ирсэн. Ш орж ирээд О.Быг гавыг нь тайлахаар нь би газар хэвтүүлээд хиймэл амьсгаа хийсэн. Хиймэл амьсгаа хийх гэж байх үед Шд их эмчийг яаралтай дуудаарай гэж хэлээд хиймэл амьсгаа хийж байтал эмч орж ирээд О.Бын биед үзлэг хийгээд энэ хүн нас барсан байна гэж хэлсэн. Би 21 цагийн үед аймгийн мэдээлэл хүлээн авагчдаа хөдөө явах гэж байгаа, би дэд даргад танилцуулсан байгаа, манай цагдаа нэг согтуу хүн хараад үлдэж байгаа гэж хэлсэн. Би яагаад хөдөө явах гэж байсан бэ гэхээр над дээр 183500167 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг байсан бөгөөд тухайн хэрэг дээр гэрч нарын мэдүүлэг болон холбогдогч нараас мэдүүлэг авах байсан. Мөн дээрээс нь иргэний мэдээлэл шалгах шаардлагатай байсан. Би холбогдогч нартайгаа утсаар холбогдож чадахгүй байсан болохоор очиж мэдүүлэг авах гэж байсан. Миний очих гэж байсан газар болохоор Зүүнтуруун гэдэг газар юм. Ер нь бол сүлжээ байдаггүй газар юм. Утсаар ярихаар бол уул нь дээр гарч ярьдаг. Би өөрөө хүмүүстэйгээ холбогдож чадахгүй. Тухайн үед би О.Быг Шд хүлээлгэж өгөөд явсан байсан бөгөөд буцаад ирэхэд О.Быг шонгийн модонд гавласан байсан. Би тухайн үед яагаад гавласан талаар асуугаагүй. Намайг 2-3 удаа ирэхэд шонгийн модонд О.Б гавлаастай байсан. Би тайл гэж шаардлага тавиагүй. Тухайн үед би яагаад шонгийн модноос гавласан юм бэ гэж Шгээс асуусан чинь О.Б хашаанаас гарна гээд орилоод байхаар нүдэнд ил харагдах газар гээд шонгийн модноос гавласан гэж хэлсэн. Тэгэхээр нь би гавыг тайл гэж хэлээгүй. О.Быг 16 цаг 40-50 минутын үед авчирсан. Бид хоёр О.Бод нэг ч гар хүрээгүй. Бид хоёр зодож цохиогүй. Штэй 8 сар хамтран ажилласан. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэг”/хх-ийн 2 хавтасны 02-05, 13-18 тал/ гэх мэдүүлэг,

шүүгдэгч Н.Х-гийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр үүрэгт ажлаа хийж явж байхад 15 цаг 30 минутын үед Цагдаагийн хошууч, дэд дарга Жамбалдорж даргад Увс аймгийн Өндөрхангай сумын хөдөө 38 ширхэг хурганы арьс алдагдсан, мөн над дээр шалгагдаж байгаа 173800167 дугаартай хэрэг дээр гэрчээс мэдүүлэг авах шаардлагатай байна гэж мэдэгдэхэд намайг шатахуун машинаа олоод хөдөө яваарай гэсэн үүрэг чиглэл өгсөн тул хөдөө очих айлын хаягийг тодруулж байх үед манай хэсгийн төлөөлөгч Г.Ш залгаад Өгийн дэлгүүр дотор О-ын Б нь согтуугаар танхайрч байна гэсэн дуудлага ирж байна. Та хаана явна вэ? гэхэд нь би ойрхон явж байна. Одоо аваад очно гэж хэлээд 2-3 минутын дараа Өгийн дэлгүүрийн гадна очиход Ө нь дэлгүүрээсээ гарч ирээд талийгаачийг хуруугаараа зааж өгсөн. Би талийгаачийн байгаа газар руу харахад хүүхдээ хөтлөөд явж байсан эмэгтэйн хүүхэд унахад татаад босгож байхад нь би явж очиход талийгаач Б миний өөдөөс өөрөө хүрээд ирсэн тул талийгаач Быг машиндаа суулгаад цагдаагийн кобан дээр ирсэн. Цагдаагийн кобаны гадна хашааг хэсгийн төлөөлөгч Г.Ш, иргэн Энхбат нар янзалж байсан. Би талийгаач Б-ыг оруулаад цагдаа Г.Ш-д хүлээлгэн өгч, энэ хүнээ харж байгаарай, би хөдөө явах ажилтай болсон гэдгээ хэлээд машин хайна гээд гараад явсан. Явж байгаад нэг ирэхэд хэсгийн төлөөлөгч Г.Ш нь Б хүний үгэнд орохгүй, тавьсан хууль ёсны шаардлага биелүүлэхгүй байна. Энэ хүнийг яах вэ гэж асуухад нь бүр болохгүй бол хажуудаа гавлаад харж байхгүй юу гэж хэлээд дахиад гарч явж байгаад ирэхэд хэсгийн төлөөлөгч Г.Ш нь талийгаач Б-ыг шонгийн модноос гавласан байсан. Яагаад шонгийн модноос гавласан талаар асуухад тавьсан хууль ёсны шаардлага хүлээн авахгүй мотоциклио унаад явна гээд байхаар нь шонгийн модноос гавласан гэсэн. Би хөдөө явах унаагаа олсон. Одоо шатахууны асуудлаа шийдчихээд ирнэ гэж хэлээд дахин гарч яваад шатахуун түгээгүүртэй уулзчихаад 20 цагийн орчим цагдаагийн кобан дээр ирэхэд хэсгийн төлөөлөгч Г.Ш нь талийгаач Б-ын биед үзлэг хийгээд бүс тэлээг нь хураан авч цонхны тавцан дээр тавьсан талийгаач Быг гадна гаргасан тамхи татуулж байсан. Би очоод кобаны гадна битгий тамхи татуул гэдэг шаардлага тавиад оруул гэж хэлээд би кобаны гадна утсаар ярьж байгаад кобан руу орж ирэхэд цагдаа Г.Ш 2 гарыг чинь гавлана гэж хэлэхэд нь талийгаач О.Б нь миний нэг гарыг гавлаж болохгүй юм уу? гээд байхаар нь би О.Б чи хэсгийн төлөөлөгчийн үгэнд орохгүй юм уу? гэж асуухад үгэнд орно гээд тавьсан шаардлагыг хүлээн аваад талийгаач О.Б нь 2 гараа гавлуулсан. Тэгээд би цаашаа ажлын өрөө рүү ороход миний араас Г.Ш орж ирсэн. Би хөдөө явах бичиг цаасаа янзлаад О.Бын байгаа өрөөнөөс цүнхээ авах гэж орохдоо Быг чи яагаад архи уугаад байдаг юм бэ гэж хэлээд бага зэрэг юм яриад буцаад ажлын өрөө рүү ороод хэсгийн төлөөлөгч Г.Ш-д одоо хөдөө явлаа, машин ирж байна гэнэ. Наад хүнээ хараарай гэж хэлээд мөрдөгч Мөнхнасантай ярьчихаад гарах гэтэл хэсгийн төлөөлөгч Г.Ш та хөдөө явж байгаа тул О.Б-ыг ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгөх үү гэж асуухад нь архийг нь гартал хажуудаа харж бай. Бүр болохгүй бол амьдардаг өрөөндөө оруулж ирээд гудас дэвсэж өгөөд унтуулаарай. Ар гэрт нь одоо хүлээлгээд өгвөл эхнэр хүүхдээ зодож цохиж магадгүй гэж хэлчихээд яагаад О.Б-ыг харахгүй байгаа юм бэ? гэж хэлээд түлхүүр аваад арын өрөө рүү ороод талийгаачийг дуудахад хариу дугаарахгүй байсан. Хажууд нь очоод өөрийнх нь нэрээр 2-3 удаа дуудаад баруун гараас нь татахад хүзүүнээс нь саарал өнгийн уяа хөндлөн чиглэлтэй унжиж байсан. Тухайн үед би Ш гэж орилоод уяаг хүзүүнээс нь тайлж байх үед Г.Ш цагдаа орж ирсэн. Гаваа хурдан тайлаач гэж хэлээд гавыг тайлах үед талийгаач О.Бын амнаас нь шингэн зүйл гарч байсан тул шингэн зүйлийг арчаад амаараа хиймэл амьсгаа хийж, зүрхний иллэг хийсэн.  Г.Ш цагдааг сумын их эмч рүү залга гэж хэлсэн. Сумын их эмч хурдан хугацаанд ирж нас барсан байна гэж хэлсэн тул шууд цагдаагийн 7045102 дугаар руу мэдэгдсэн. Би нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдал хангах, гэмт хэрэг гарсан зөрчлийг шалган шийдвэрлэх, илрүүлэх, таслан зогсоох чиг үүрэгтэй. О.Быг бусдын амгалан тайван байдлыг алдагдуулаад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ агсам согтуу тавьсан гэх дуудлагын дагуу цагдаагийн кобан дээр авч ирсэн. Тухайн үед талийгаач О.Б-ыг шалгах боломжгүй, архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан. Би бүртгэлд оруулж, дуудлага өгсөн хүнээс ямар зөрчилд холбогдсон талаар тодруулах арга хэмжээ авах ёстой байсан боловч ажлаар хөдөө явах гэж байсан тул энэ ажиллагааг хийж чадаагүй, харин манай цагдаагийн кобан дээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүнийг харгалзаж байгаа гэдгийг мэдээлсэн. Бид тухайн сумынхаа байгаа нөхцөл байдалд тааруулан ажиллаж байсан. Талийгаач Б нь 2 удаа гэмт хэрэгт холбогдож над дээр шалгагдаж байсан. Эхний хэрэг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хэрэгсэхгүй болсон. Нөгөө хэрэг дээр шүүхээс 500.000 төгрөгийн торгох ял авсан. Торгуулийн ял шийтгэл оногдуулах хэрэг дээр өмнө нь шалгагдаж байх явцад Улаангом сумын нутаг дэвсгэр дээр давхар хэрэгт холбогдож, тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгөх шаардлага нөхцөл байдал үүссэн. Энэ бүхнийг Г.Ш цагдаа бид 2 мэдэж байсан тул тухайн өдөр талийгаач О.Б-ыг явуулбал цаашид бусдын болон өөрийн бие махбодод, нийтийн хэв журам алдагдана гэдгийг мэдэж байсан тул тавьж явуулах боломжгүй байсан” гэх мэдүүлэг,

 “Н.Хгаас Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутагт Цагдаагийн хэсгийн кабоны түр саатуулах байрны торноос О.Б гэгч нь боомилсон байдалтай нас барсан байна гэх дуудлага мэдээллийг 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 22 цаг 18 минутанд хүлээн авч, тэмдэглэл үйлдэв” /хх-ийн 2 тал/ гэх гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай “...Талийгаач О.Б гэгч өөрийгөө боомилсон гэх газар нь Увс аймгийн Өндөрхангай сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн байр байх ба уг байр нь нэг давхар цагаан өнгийн тоосгон байшин, хаалга нь ертөнцийн зүгээр баруун зүг рүү харсан байрлалтай бор өнгийн төмөр хаалга цоожтой байв. ...хэсгийн төлөөлөгч дэслэгч Н.Хгаас цагдаагийн хэсгийн байрны хаалганы түлхүүрийг авч цоожийг онгойлгон дотогш ороход коридор байх ба коридорын урд хананд модон хаалгатай, зүүн урд хананд модон хаалгатай, хойд хананд урт нь 220 см, 205 см өргөнтэй, өндөр нь 210 см төмөр сараалжин ханаар тусгаарласан өрөө байх ба уг өрөө нь дотор шал дээр эрэгтэй хүний цогцос байв. Цогцосны биед цэнхэр өнгийн энгэр нь задгай, дотор нь цэнхэр өнгийн малгайтай цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, урт түрийтэй хар өнгийн гуталтай дээшээ харсан байрлалтай дөрвөн мөчөө дэлгэсэн байдалтай байв. Цогцосны баруун гарын бугуйн дээр саарал өнгийн олс байв. ...Өөрийгөө боомилсон олсыг уясан гэх хөндлөн төмөр нь газраас 80 см өндөрт байв. ...Хэргийн газраас суран бүс 1 ш, улаан өнгийн бүс 1 ш, цогцосны баруун гар дээр байсан саарал өнгийн олсыг тус тус хураан авав. Цогцосыг задлан шинжилгээ хийхээр Өндөрхангай сумын Эрүүл мэндийн төвийн морг уруу албаны 66-86 УВА улсын дугаартай автомашинаар зөөвөрлөв. Хэргийн газраас илрүүлж бэхжүүлж авсан ул мөр байхгүй. Үзлэгийг бэхжүүлж “Никон” загварын дижитал аппаратаар зураг авч бэхжүүлэв...” /хх-ийн 3-11 тал/ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Цогцост үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, талийгаач О.Б-ыг гавласан гэх шонгийн модонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, эд мөрийн баримт хураан авах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, гав 1 ширхэг, саарал өнгийн олс 1 ширхэг, сиди 1 ширхэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол /хх-ийн 12-30, 2 хавтасны 34, 103-110 тал/,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний “…Талийгаач О.Б-ын биед гэмтэл учирсан байна. Талийгаач О.Б-ын биед а/ хүзүүний дээд хэсэг бамбай мөгөөрсний дээгүүр 0,3 см өргөнтэй ташуу байрлалтай, дүүжлэлтийн ором илэрсэн, б/ Хоёр гарын сарвууны үений орчим зурагдалт, улайлт, 2 өвдөгний орчим зулгаралт үүсэж тавшсан, зүүн гуяны дунд хэсэгт 2*2,5 см хөхрөлт үүсэж, шар туяа татсан байдалтай хуучин гэмтлүүд үүссэн байна. Талийгаачийн хүзүүнд үүссэн дээрхи гэмтэл нь зөөлөн зүйлээр хүзүү биеийн жингээр дарагдах үед үүсгэгдэнэ, бусад гэмтэл нь мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач О.Бын биед үүссэн гэмтлүүд нь амьд үед үүссэн байна. Талийгаач О.Бын биед үүссэн дээрхи зулгаралт, улайлт зэрэг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох дүрэм журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно. Талийгаач О.Бын хүзүүнд үүссэн дээрхи гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн. Талийгаач О.Бын үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин байгаагүй. Талийгаач О.Бын үхлийн шалтгаан нь дүүжлэлтийн улмаас амьсгал зүрх-судасны хурц дутлаар нас барсан байна. Талийгаач О.Б нь нас барах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь шүүх-химийн шинжилгээгээр батлагдсан. Талийгаач нас барах үедээ дунд зэргийн согтолттой байсан байна. Шүүх-химийн №18 тоот шинжилгээг хавсаргав” гэх 17 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 77-80, 83-90 тал/,

Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шүүх-химийн шинжилгээний “Иргэн О.Бын цусанд 1.9, ходоодны шингэнд 1.7 промили спирт илрэв. Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарна” гэх 18 дугаартай дүгнэлт /хх-ийн 81 тал/,

Увс аймаг дахь Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай: “Увс аймаг дахь Цагдаагийн газрын Өндөрхангай сум дахь Цагдаагийн хэсгийн байр нь 2007 онд ашиглалтанд орсон бөгөөд ХЗДХЯ-аас батлагдсан зураг төсвийн дагуу 2 албан хаагчийн амьдрах орон сууц, ажлын болон түр саатуулах байртайгаар баригдсан. Цагдаагийн албаны тухай хуулийн 24, 26, 29, 30-д заасан үүргээ орон нутагт хэрэгжүүлэхэд энэ байр зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд нийт байруудыг барих зураг төсөв нь зөвшөөрөгдсөн гэсэн утга агуулж байгаа билээ. Монгол Улсын Албадан эрүүлжүүлэх, түр саатуулах тухай хуулийг хөдөө орон нутагт ялангуяа суманд хэрэгжүүлэхэд хүндрэлтэй байдаг бөгөөд энэ тухай ЦЕГ, УЕП, ХЗДХЯ зэрэгт удаа дараа санал хүргүүлсэн боловч энэ талаар тусгасан эрх зүйн зохицуулалт одоогоор байхгүй байна. Одоогийн байдлаар Цагдаагийн албаны тухай, Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.1-д заагдсан Эрх хязгаарлах арга хэмжээг УЕП, ХЗДХ-ийн сайдын хамтарсан 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн тушаалаар батлагдсан Эрх хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх нөхцөл, журам, ХЗДХ сайдын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаар тушаалаар батлагдсан Саатуулах байрны дэглэм журам, ЦБҮАЖ-ын код 622 албадан саатуулах журмыг баримтлан гүйцэтгэж байна. Орон нутагт ялангуяа Өндөрхангай суманд түр саатуулах байрны тусгайлсан зөвшөөрөл олгогдоогүй болно” гэх 48/815 дугаартай албан бичиг /хх-ийн 96 тал/,

Цагдаагийн Ерөнхий газар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Албадан саатуулах болон түр саатуулах байрны талаар: “Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн А/85 дугаар тушаалаар “Түр саатуулах байрны дэглэм, журам” батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. “Түр саатуулах байрны дэглэм, журам”-ын 1.1-д “Цагдаагийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1-д заасан үндэслэлээр түр саатуулахаар шийдвэрлэсэн хүнийг цагдаагийн байгууллагын тусгайлсан байранд түр саатуулна”, 1.4-т “Түр саатуулах байр нь тухайн нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын бүтцэд хамаарна”, 1.5-д “Түр саатуулах байрны үйл ажиллагаанд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга хяналт тавина” гэж тус тус заасан. Увс аймгийн Өндөрхангай сумын цагдаагийн хэсгийн байр /кобан/-нд албадан саатуулах болон түр саатуулах байр байхгүй, энэ талаар Увс аймаг дахь Цагдаагийн газраас аймгийн Прокурорын газарт 2018 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 48/731 дугаартай албан бичгээр хариу өгсөн. Албан бичгийг хавсралтаар хүргүүллээ” гэх 13/827 дугаартай албан бичиг /хх-ийн 98-99 тал/,

Албаны шалгалтын материал /хх-ийн 156-214 тал /, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сиди, хохирогчийн хувийн байдлын талаарх гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, прокурорын даалгавар, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл,  хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, хаах тухай мөрдөгчийн тогтоолууд, шийтгэх тогтоол  /хх-ийн 57, 92-94, 102-109, 118-121 тал/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн хохиролтой холбоотой баримтууд, шүүгдэгч нарын хувийн байдлын талаарх ажилд томилсон тухай тушаал, ажлын байрны тодорхойлолтууд, сахилгын шийтгэл ногдуулсан тушаал, Улаангом сумын 11-р багийн Засаг даргын 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 728 дугаар тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /122-123, 125-129, 130, 133-137, 2-р хх-ийн 22-24 тал/, Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмын код 225 Захиргааны журмаар түр саатуулах журам, Саатуулах байрны дэглэм, журам, шүүгдэгч нарын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-38, 144, 217-221, 225-229, 2-р хх-ийн 91-96 тал/ зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шүүх шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хянан шийдвэрлэлээ.

Увс аймгийн прокурорын газрын прокуророос шүүгдэгч Г.Ш, Н.Х нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан “Саатуулах байрны дэглэм, журам”-ын 2 дахь хэсэгт заасан ахуй нөхцөл хангагдаагүй, цагдаагийн байранд иргэн О.Б-ыг “согтуугаар зөрчил үйлдсэн” гэх үндэслэлээр саатуулахдаа мөн журмын 3.4-д заасан “Саатуулах өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын үдээс, хумсны хутга, хурц үзүүртэй болон хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлс авч орох, утаат тамхи нэвтрүүлэх, татахыг хориглоно”, 4.6.7-д заасан “Саатуулагдсан хүнд үзлэг хийх, түүний эд зүйлийг хураан авах ажиллагааг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах“ гэж заасныг тус тус зөрчиж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О.Б Цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилж нас барсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татан, яллаж байгаа нь үндэслэлгүй гэж шүүх дүгнэлээ.

              Учир нь прокурорын яллах дүгнэлтэнд дурдсан, улсын яллагчийн шүүхийн хэлэлцүүлэгт  шинжлэн судалсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, гэрч Г.М, Т.Ө, Л, Д.Б, Д.Т, О.Э, Л.Э, Д.О, Б.М нарын мэдүүлэг, яллагдагч Г.Ш, Н.Х нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг, албаны шалгалт хийсэн материал, Цагдаагийн газрын хариу хүргүүлэх тухай 48/815 дугаар албан бичиг, Цагдаагийн Ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 13/827 дугаар албан бичиг, хэргийн газарт үзлэг хийсэн, цогцост үзлэг хийсэн, шонгийн модонд үзлэг хийсэн, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон эд мөрийн баримт хураан авах прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар гав, цагаан саарал өнгийн олс, сиди зэргийг тооцсон мөрдөгчийн тогтоол, шинжээч эмчийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 17 дугаартай дүгнэлт, шинжээч эмчийн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шүүх-химийн шинжилгээний 18 дугаартай дүгнэлт гэх нотлох баримтууд нь шүүгдэгч Г.Ш, Н.Х нарын албан үүрэгтээ хайнга хандсан эс үйлдэхүйн улмаас хохирогч нас барсан гэдгийг нотлож чадаагүй байна. Үүнд:

              1. Хэргийн газарт үзлэг хийсэн, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээч эмчийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 17 дугаартай дүгнэлт, мөн 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шүүх-химийн шинжилгээний 18 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 3-17, 77-81 тал/ нь хэрэг учрал хаана болсон, өөрийгөө боомилсон гэх өрөөний бүтэц, зохион байгуулалт, хэргийн газрын үзлэг хийх мөчид хохирогч ямар байдалтай байсан, хэргийн газраас ямар эд зүйлсийг хураан авсан, хохирогчийн биед учирсан гэмтэл, үхлийн шалтгаан, нас барахад гадны хүчин зүйл нөлөөлсөн эсэхийг тогтоосон нотлох баримт байна.

              2. Талийгаач О.Б-ыг гавласан гэх шонгийн модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 5/66 дугаартай прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 18-23, 28-30 тал/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2-р хх-ийн 34 тал/, камерын бичлэг бүхий сиди нь  хохирогч 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Өндөрхангай сумын 5 багийн нутагт байх “3 жигүүр” хүнсний дэлгүүрт орсон, дэлгүүрийн эзний дуудлагын дагуу цагдаагийн алба хаагч хохирогч О.Б-ыг очиж авсан, бие дэх эд зүйлсийг нь хураасан, хохирогчийг шонгийн модноос гавласан нөхцөл байдлыг тогтоох зорилгоор хэрэгт авагдсан нотлох баримт юм.

              3. Хэргийн 1-р хавтасны 33-34, 65-66, 39-40, 41-42, 43, 44-45, 48, 49, 52, 53, 55 дахь талуудад авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, Г.М, Т.Ө, Ц.Б, М.Л, О.Э, О.Э, М.Ц, М.Г, Х.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд нь хохирогч О.Б 2013 онд авто осолд өртөн, тархиндаа гэмтэл авсан, үүнээс шалтгаалан архи, согтууруулах ундааны хамааралтай болсон, улмаар гэр бүлийн гишүүдийнхээ эрх чөлөө, эрүүл мэндэд халдсан хууль бус үйлдлүүд гаргаж, гэр бүлийн хувьд зөрчилтэй байсан талаарх хохирогчийн хувийн байдлыг тодруулсан нотлох баримт байна.

              4. Гэрч Т.Ө, М.Л, Д.О, Б.М нарын болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-гийн мэдүүлэг /хх-ийн 33-34, 65-66, 41-42, 44-45, 54, 56 тал/ нь 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд хохирогч О.Б согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, бусдаас архи нэхэх, агсам тавих зэргээр нийтийн хэв журам зөрчсөн, энэ талаар иргэн Ц.Н, Т.Ө нар нь цагдаагийн байгууллагад мэдээлэл гаргасан, мэдээллийн дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч Н.Х хохирогчийг цагдаагийн хэсгийн байр руу авч явсан, мөн хохирогч О.Б нь Увс аймгийн Цагдаагийн газарт гэрчээр мэдүүлэг өгөхөөр дуудагдсан байсан болохыг тус тус нотлоно.

              5. Гэрч Л.Э-ын мэдүүлэг /1-р хх-ийн 50-51 тал/ нь хохирогч О.Быг 17-19 цагийн хооронд цагдаагийн хэсгийн байрны хашаан доторх шонгийн модноос гавлаж байлгасныг гэрчилж байгаа бөгөөд энэ нөхцөл байдлыг болон цагдаагийн хэсгийн байран доторх төмөр сараалжаар тусгаарлагдсан өрөөнд хохирогчийг үргэлжүүлэн гавласан, ингэхдээ хохирогчийн биед үзлэг хийж бүс, тэлээ, малгай, калибрь бууны сум, мөнгө, тамхи, асаагуур зэрэг эд зүйлсийг хураан авсан үйл баримтыг шүүгдэгч Г.Ш, Н.Х нарын мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нотлож байна.

              6. Шүүгдэгч Г.Ш, Н.Х, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н, гэрч Г.М, Ц.Б, Д.Б, Д.Т, О.Э нарын мэдүүлэг, албаны шалгалт хийсэн материал /1-р хх-ийн 33-34, 65-66, 39-40, 43, 46, 47, 49, 156-214, 2-р хх-ийн 06-12, 13-18 тал/ хохирогч О.Б Өндөрхангай сумын 5 дугаар багт байрлах цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилсон байдалтай нас барсан байсныг тогтоож байна.

Шүүх хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, яллах үндэслэл болж буй нотлох баримтуудыг дээрх нөхцөл байдалд үндэслэн дүгнэхэд, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 16 цаг 27 минутын үед иргэн Т.Өгаас Увс аймгийн Өндөрхангай сумын цагдаа, цагдаагийн ахлагч Г.Ш-д “О.Б согтуу ирээд агсам тавиад байна” гэх дуудлага өгсөн, дуудлагын дагуу тус сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн дэслэгч Н.Х О.Б-ыг Увс аймгийн Өндөрхангай сумын 5 багийн нутаг дэвсгэрт байрлах Цагдаагийн хэсгийн байранд авч ирсэн байх ба тавьсан шаардлага эсэргүүцэн согтуугаар жолоо барьж явах гээд байсан гэх үндэслэлээр хохирогчийг 17-19 цагийн хооронд цагдаагийн байрны хашаан дотор байх шонгийн модноос гавлаж байлгасан.

Улмаар хохирогч О.Б-ыг цагдаагийн байранд оруулж биед нь үзлэг хийж, бүс, тэлээ, малгай, калибрь бууны сум, мөнгө, тамхи, асаагуур зэргийг хураан, цагдаагийн хэсгийн байран доторх төмөр сараалжин ханаар тусгаарласан өрөөний төмөр сараалж хэсгээс 2 гарыг гавлаж үлдээсэн бөгөөд энэ хооронд хохирогч О.Б өөрийгөө боомилсон байдалтай нас барсан үйл баримт нотлогдож тогтоогджээ.

Улсын яллагчийн шүүгдэгч нарыг яллаж буй эдгээр нотлох баримтуудаар хохирогч цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилж нас барсан үйл баримт нотлогдож байгаа боловч энэ нь шүүгдэгч Г.Ш, Н.Х нар албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэм буруугаас шалтгаалсан гэх нөхцөл байдлыг нотлохгүй байна.

              Иймд улсын яллагчийн зүгээс Увс аймгийн Өндөрхангай сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан шүүгдэгч Г.Ш, тус сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байгаа шүүгдэгч Н.Х нарыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан “Саатуулах байрна дэглэм, журам”-ын 2 дахь хэсэгт заасныг зөрчиж, ахуй нөхцөл хангагдаагүй, цагдаагийн хэсгийн байранд хохирогч О.Быг саатуулсан, ингэж саатуулахдаа мөн журмын 3.4-д заасан “...саатуулах өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын үдээс, хумсны хутга, хурц үзүүртэй болон хүний амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлс авч орох, утаат тамхи нэвтрүүлэх, татахыг хориглоно”, 4.6.7-д заасан “саатуулагдсан хүнд үзлэг хийх, түүний эд зүйлийг хураан авах ажиллагааг холбогдох хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах” гэж заасныг тус тус зөрчиж, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч О.Б нь цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилж нас барсан гэж ялласан нь үндэслэлгүй, шинжлэн судалсан баримтуудаар энэ нь үгүйсгэгдэж байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч, ...үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон ...” гэх Хайнга хандах гэмт хэргийн шинж нь албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандсан эс үйлдэхүй, учирсан хор уршгийн хооронд шууд шалтгаант холбоо тогтоогдсон байхыг шаарддаг.

Хохирогч О.Б дунд зэргийн согтолттой байхдаа дүүжлэлтийн улмаас амьсгал зүрх-судасны хурц дуталд орж нас барсан, энэ нь гадны хүчин зүйлийн нөлөөгүй болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн шүүх эмнэлгийн шинжилгээний 17 дугаар, 2018 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн шүүх-химийн шинжилгээний 18 дугаартай дүгнэлтүүдээр тус тус нотлогдсон.

 Шүүгдэгч нар нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.6 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дахь хэсгийн хуульчилсан тайлбарт заасан төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаалтан, хууль сахиулагч мөн боловч дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ш, Н.Х нарыг албан үүрэгтээ хайнга хандсан эс үйлдэхүйн улмаас Увс аймгийн Өндөрхангай сумын цагдаагийн хэсгийн байранд хохирогч О.Б өөрийгөө боомилсон байдалтай нас барсан, хохирогчийг амиа хорлох нөхцлийг бүрдүүлсэн гэж дүгнэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, хохирогчийг цагдаагийн хэсгийн байранд авчирч, гавлаж байлгасан шүүгдэгч нарын үйлдэл, хохирогч өөрийгөө боомилж нас барсан явдал хоёрын хооронд шууд шалтгаант холбоо байхгүй байна.

Нөгөөтээгүүр яллах дүгнэлтэд дурдсан Увс аймаг дахь Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 48/815 дугаар, Цагдаагийн Ерөнхий газар Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн “Албадан саатуулах болон түр саатуулах байрны талаар” 13/827 дугаартай албан бичгүүдээр хэрэг учрал болсон Өндөрхангай сумын 5 дугаар багт байрлах Цагдаагийн хэсгийн байр нь түр саатуулах болон эрүүлжүүлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй болох тогтоогдож байх тул улсын яллагчийн “шүүгдэгч нар Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн А/185 дугаартай тушаалаар батлагдсан “Саатуулах байрны дэглэм, журам”-ын 2, 3.4, 4.6.7 дахь хэсгүүдэд заасныг зөрчиж, ахуй нөхцөл хангагдаагүй, цагдаагийн хэсгийн байранд хохирогч О.Б-ыг саатуулсан, саатуулахдаа амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлсийг хураан аваагүй, албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй” гэж яллаж буй нь үндэслэлгүй болно. Өндөрхангай сумын цагдаагийн хэсгийн байранд хүнийг саатуулах, албадан эрүүлжүүлэх үйл ажиллагааны зөвшөөрөл олгогдоогүй учир шүүгдэгч нараас тухайн харилцаатай холбоотой буюу “Саатуулах байрны дэглэм, журам”-ыг хэрэгжүүлж ажиллах үүргийг шаардах боломжгүй юм.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн диспозид ажилтан үүргээ биелүүлээгүй буюу албан тушаалтан өөрийн хийх ёстой ажил үүргийг цаг хугацаанд нь хийхгүй орхих, залхуурах зэргээр хайнга хандаж, үүргээ огт биелүүлээгүй эс үйлдэхүй байх шинжийг хамааруулсан.

Тус сумын цагдаагийн хэсгийн байр саатуулах, эрүүлжүүлэх байрны зөвшөөрөлгүй, ахуй нөхцөл хангагдаагүй байгаа нь шүүгдэгч нарын үйлдлээс үл хамаарах хүчин зүйл буюу холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээр шийдвэрлэгдэх асуудал тул саатуулах байрны ахуй нөхцөл хангагдаагүй байранд хүн саатуулсан гэж тэдгээрийг буруутгах боломжгүй юм.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.Ш, Н.Х нар хохирогч О.Б-ыг ар гэрээс нь ирж авах хүн байхгүй, ар гэрт нь хүлээлгэн өгөх тохиолдолд өөрийн болон бусдын амь насанд аюулд учруулна, мөн дахин олдохгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулна гэх үндэслэлээр түүнийг тус цагдаагийн хэсгийн байранд харж хонох шийдвэр гаргаж, хохирогч О.Б-оос амь насанд нь эрсдэл учруулж болзошгүй эд зүйлсэд бүс, тэлээ, малгай, калибрь бууны сум, мөнгө, тамхи, асаагуур зэргийг хураан авсан болох нь тогтоогдсон тул шүүгдэгч нарыг тухайн цаг үед хийх ёстой байсан ажил үүргээ биелүүлээгүй гэж үзэхгүй.

Учир нь хохирогчийн өмсөж явсан цамцны малгайн бүч буюу уяа нь тухайн цамцны бүрдэл хэсэгт орох, салгаж авснаар дахин зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох бөгөөд дээр дурдсан хүний амь насанд эрсдэл учруулж болзошгүй бие даасан эд зүйлсэд хамаарахгүй тул улсын яллагчийн амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй эд зүйлсийг хураан аваагүй гэж шүүгдэгч нарыг яллаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Дээрх үндэслэлүүдээр шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б, Ц.А нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “гэмт хэргийн шинжгүй тул шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж дүгнэв.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагч, ...үүргээ биелүүлээгүйн улмаас хүний амь нас хохирсон бол...” гэсэн Хайнга хандах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр шүүгдэгч нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.14 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ш, Н.Х нарыг цагаатгаж шийдвэрлэлээ. 

Харин шүүгдэгч Г.Ш /цагдаагаар ажиллаж байсан/ нь хэрэг учрал болсон өдөр өдөржин цагдаагийн хэсгийн байрны хашаа янзалж байсан, тухайн үед О.Б шаардлага эсэргүүцээд байсан тул хяналт тавих зорилгоор түүнийг ойролцоох шонгийн модноос гавласан гэж, шүүгдэгч Н.Х /хэсгийн төлөөлөгч/ нь хохирогч О.Быг авч ирж цагдаа Г.Шд хүлээлгэн өгчихөөд гадуур ажил хөөцөлдөж яваад 2-3 удаа ажлын байр дээрээ ирэхэд О.Быг шонгийн модноос гавласан байсныг мэдсэн боловч гавыг нь тайлах талаар ямар нэгэн шаардлага тавиагүй, хохирогч О.Быг 17-19 цагийн хооронд гадаа шонгийн модноос гавлаастай байлгаж хүний эрхийг зөрчсөн үйлдэл гаргасан болох нь Цагдаагийн газраас явуулсан албаны шалгалтын материал, шүүгдэгч Г.Ш, Н.Х нарын болон гэрч Л.Э-ын мэдүүлгээр тогтоогдсон байна. 

Дээрх үйлдэлд нь Увс аймаг дахь Цагдаагийн газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Б/27 дугаар тушаал, Увс аймаг дахь цагдаагийн газрын даргын зөвлөлийн хурлын 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 11 тоот тэмдэглэлээр шүүгдэгч Г.Ш-г цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халахаар, шүүгдэгч Н.Х-г цагдаагийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах саналыг Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж шийдвэрлүүлэхээр тогтсон байгааг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2-д “шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжгүйгээс түүнийг цагаатгасан бол нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих”-оор заасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Н-гийн шүүхийн хэлэлцүүлэгт “талийгаачийн оршуулгын зардал 3.456.100 төгрөг, сэтгэл санааны хохирол 10.000.000 төгрөгийг тус тус буруутай хүмүүсээс гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.

Хэрэгт гав 1 ширхэг, гавны түлхүүр 1 ширхэг, хохирогчийн цамцны малгайд байсан бүч буюу уяа /мөрдөгчийн тогтоолд дурдснаар саарал өнгийн олс/ 1 ширхэг, “Гурван жигүүр” хүнсний дэлгүүрийн дүрс бичлэг бүхий сиди 1 ширхэгийг тус тус хураан авч, эд мөрийн баримтаар тооцсон /2-р хх-ийн 34 тал/ байна. Сиди, олс буюу уяа нь тухайн хэргийн үйл баримтыг тогтоосон, ул мөрийг агуулсан эд зүйлс байх тул хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв. Харин гав, гавны түлхүүр нь шүүгдэгч Г.Ш-д албан үүргээ гүйцэтгэхэд нь зориулж цагдаагийн байгууллагаас олгосон хэрэгсэл байх бөгөөд шүүгдэгч Г.Ш-г 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгон Цагдаагийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулсан эрх бүхий этгээдийн шийдвэр хүчин төгөлдөр байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тухайн хэрэгслийг Увс аймаг дахь Цагдаагийн газарт буцаан хүргүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.  

 Шүүгдэгч Г.Ш, Н.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдаж, тэдгээрийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй гэж дүгнэж, цагаатгасантай холбогдуулан шүүгдэгч Г.Ш, Н.Х нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-3, 5 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.9 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Г-ын Ш, Х овогт Н-гийн Х нарт прокуророос Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1835001730167 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.Ш, Н.Х нарыг цагаатгасугай.

            2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох ба шүүгдэгч Г.Ш, Н.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Нгийн нэхэмжилсэн оршуулгын зардал, сэтгэл санааны хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

            4. 1835001730167 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэгийн 1 ширхэг сиди, саарал өнгийн олс 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, гав 1 ширхэг, гавны түлхүүр 1 ширхэгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Увс аймаг дахь Цагдаагийн газарт буцаан хүргүүлсүгэй.

            5. Шүүгдэгч нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.БОЛОРТУЯА