| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/1540/Э |
| Дугаар | 1610 |
| Огноо | 2018-11-27 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | О.Багшбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 1610
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч О.Багшбаяр,
шүүгдэгч Л.Б, түүний өмгөөлөгч Н.Дашдулам /ҮД:0725/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Б-д холбогдох эрүүгийн 1806083641874 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Л.Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 85 дугаар байрны 1 дүгээр орцны 105 тоотод эхнэр Н.Чинчулууныг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Чинчулууны: “...Би нөхрийн хамт Испани улсад ажиллаж амьдарч байгаад 2018 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Монгол Улсад ирсэн. Тэгээд би 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр аав, эгч, хүргэн ахдаа Испани улсаас авчирсан гарын бэлгээ өгөхөөр явах гэтэл нөхөр Б “танайхан гуйлгачин, чамд яаж гийгүүлсэн юм бэ” гээд хүнийг хэлэх хэлэхгүй үгээр хэлж намайг байж суухын аргагүй болтол доромжилж хэлэхээр нь би босоод нэг удаа хацар луу нь алгадсан юм. Гэтэл Б босч ирээд зүүн, баруун хацар луу цохиод, зүүн гарыг үений эсрэг дарж, боож унагаан хэвлий давсаг орчимд гараа атгаж байгаад цохиод байсан. Чи байж бай “манай дүүг иртэл байж бай,хоёулаа эв зүйтэй салъя” гэхэд гараад зугтсан. ...15 цагийн орчим хаалга нүдээд байхаар нь Бг байх гэж бодоод хаалгаа тайлаагүй. Гэтэл удалгүй хаалга гаднаас түжигнээд байхаар нь Бг хаалга оролдож байгаа байх гэж бодоод тоохгүй байсан чинь нэг залуугаар хаалга эвдүүлээд ороод ирсэн. Тэр залууд би “чи яагаад хаалга эвдэж байгаа юм бэ” гэтэл би энэ хүний иргэний үнэмлэхийг үзсэн гэж байсан. Тэр залууг гараад явангуут намайг нөгөө л бас л хэлэх хэлэхгүй үгээр буюу аль муу үг байна түүгээр доромжилж эхэлсэн тул өөдөөс нь маргалдсан ба зүүн хацар луу гараараа цохиж, баруун гарыг мушгиж унагаасан. Тэгэхэд манай дүү Баасанжаргал өөр өрөөнд байж байснаа орж ирээд салгасан. Би өөдөөс нь биеэ хамгаалахын тулд гар мушгихад нь гарыг нь хазсан, эсэргүүцсэн. Б хэл амаар доромжилдог нь байнгын өдөр болгоны асуудал. Б бид хоёр 2009 онд Испани улсад танилцаж гэр бүл болсон ба 2011 оноос эхлэн зоддог болсон. Испани улсад 2 ч удаа цагдаад баригдаж байсан. Баруун гарын шууны хэсэг хавдсан, хөхөрсөн, сарвууны арын хавдсан хөдлөх боломжгүй байна. Зүүн гарын шууны ард дунд долоовор хурууны хооронд хавдсан, зүүн хацар хавдаж хөхөрсөн, баруун хацар их эмзэглэлтэй юм идэхэд их зовиуртай байна. 2 мөрний доор хөхөрсөн, боож унагаснаас болж хүзүү улайсан, биеийн энд тэнд хөхөрсөн байгаа... ...Надад нэхэмжлэх зүйл байхгүй, энэ хүн хийсэн хэрэгтээ гэмших ёстой, хариуцлага хүлээх ёстой гэж бодож байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-6-7, 23-24/,
Мөрдөн байцаалтанд гэрч О.Баасанжаргалын: “...2018 оны 10 сарын 11-ний өдөр би эгч Чинчулууны гэрт хамт байж байхад өдөр хавьд байсан байх цагийг нь сайн санахгүй байна. Гэрийн хаалга тогшсон чинь “эгч битгий онгойлго” гэж хэлэхээр нь онгойлгохгүй байж байтал цохихоо больчихсон. Тэгтэл эгчийн нөхөр гэх ах хүүхдийн тоглоомын талбай дээр очоод сандал дээр суух гээд явж байсан. ...Хэсэг хугацааны дараа хаалга балбаж байгаад гэнэт хаалга онгойлгосон. Тэгээд эгчтэй маргаан болсон. Би том өрөөнд сууж байсан. Б ах хувцсаа солих гээд жижиг өрөөнд орсон, тэр өрөөнд эгчтэй маргаад эгчийг цохих шиг болохоор нь би яваад очиход хоёулаа зууралдчихсан байдалтай, Б ах “явна” гээд эгч явуулахгүй гээд хувцаснаас нь чангаачихсан, “цагдаа ирэхээр чамайг өгнө, намайг цагдаа дууд” гээд би цагдаа дуудсан юм. Тэр хоёр нилээн маргалдаад сүүлдээ эгчийн гарыг мушгиад байхаар нь “та эмэгтэй хүний болиоч” гэхэд “чи эгчийгээ аваач” гээд дайраад байсан. Төд удалгүй цагдаа ирээд аваад явсан. Тэрний дараа баруун гарын шуу нь улайчихсан хавдчихсан өвдөөд байна гээд цагдаа дээр ирчихээд гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хугарчихсан байна гээд гипс тавиулсан юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-25-26/,
Мөрдөн байцаалтанд Л.Бгийн яллагдагчаар: “...Би эхнэр Чинчулуун, 3 хүүхдийн хамт Испани улсад амьдарч байгаад 2018 оны 10 дугаар сарын 07-ны өглөө Монголд ирсэн. 10 дугаар сарын 08-ны өдөр Испаниас авч ирсэн хэдэн шил виски болон жаахан юмнуудаа Чинчулуун өөрийнхөө ах, дүү нарт өгнө гээд авч явах гээд савлаж байхаар нь би уурлаад “танайхан гэж яасан идэж ууж ханадаггүй юм бэ, том жижиггүй нийлээд архидацгаадаг, чи тэгээд архиар нь угжаад байх юм” гэж хэлсэн. Тэгтэл Чинчулуун “манайхан яачихсан юм бэ” гээд над руу дайраад намайг маажаад зуураад цохиод орилж хашхичаад байсан. Би гэрээс гараад зугтах гэсэн чинь гаргахгүй хувцаснаас зуураад, маажаад чимхээд цохиод байсан. Би тэвчээд байсан. Би юм ярьж байтал миний эрүү рүү гараараа цохиод авахаар нь би уурлаад Чинчулууны эрүүн тус газар нь 2 удаа гараараа цохисон. Би Испаниас ангийн хутга авч ирсэн цонхны тавцан дээр хуйтайгаа ил байсан. Тэгтэл Чинчулуун тэрийг гаргаж ирээд намайг ална гэхээр нь би цамцаа сөхөөд гэдсээ гаргаад “ал” гэсэн. Тэгсэн сүүлдээ өөрийгөө алах юм болоод байхаар нь би хутгыг нь булааж авсан. Тэгээд би гараад явчихсан. Тэгээд 10 сарын 11-ний өдөр гэртээ ирэхэд хаалгаа тайлахгүй байхаар нь “би ингэж гадуур тэнэж яваад байхдаа яадаг юм, гэртээ оръё” гэж бодоод цоож онгойлгодог хүн дуудаад онгойлгуулсан чинь Чинчулуун гэртээ байсан. Намайг ороход Чинчулуун орилж хашхичаад зууралдаад байсан. Тухайн үед эхнэрийн дүү нь байсан. Би дүүд нь “наад эгчийгээ аваач” гэж хэлсэн. Чинчулуун миний хувцаснаас 2 гараараа зуурчихсан байхаар нь би гарыг нь 2 гараа барьж байгаад тавиулсан. Тэгээд цагдаа дуудаад цагдаа ирээд намайг аваад гарсан. Чинчулууны биед учирсан гэмтэл нь би учруулсан гэмтэл мөн байна. Сүүлд хаалга онгойлгож орсон өдөр гар нь хугарсан юм шиг байна лээ. Би сүүлд мэдсэн. Бусад гэмтэл нь 2018.10.08-ны өдөр маргалдаад цохиход учирсан гэж үзэж байна. Би уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн №12331 тоот:
1. Н.Чинчулууны биед баруун богтос ясны зөрүүгүй далд хугарал, зүүн хацар, шанаа, эрүү, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Баруун богтос ясны зөрүүгүй далд хугарал, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой бусад гэмтэл хэрэг болсон гэх 2018.10.11-ний өдөр үүсгэгдэх боломжгүй хуучин гэмтэл байна. Шинжээч эмч Г.Ханхүү гэсэн дүгнэлт /хх-10/,
Л.Бгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-13/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-14/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Л.Б: “Намайг тухайн өдөр гэртээ орох гэтэл оруулахгүй байсан. Би хаалгаа хүн дуудаж онгойлгуулаад орсон. Гэтэл над руу дайраад, үстээд, зуураад байсан. Би хувцсаа солиод гарах гэсэн чинь надаас зуураад, тавихгүй байхаар нь гарыг нь тавиулах гэж байгаад ийм зүйл болсон. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй. Хорих ялыг тэнсэж өгнө үү” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс шүүгдэгч Л.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 85 дугаар байрны 1 дүгээр орцны 105 тоотод эхнэр Н.Чинчулууныг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Н.Чинчулууны: “...Нөхөр Б “танайхан гуйлгачин, чамд яаж гийгүүлсэн юм бэ” гээд хүнийг хэлэх хэлэхгүй үгээр хэлж намайг байж суухын аргагүй болтол доромжилж хэлэхээр нь би босоод нэг удаа хацар луу нь алгадсан юм. Гэтэл Б босч ирээд зүүн, баруун хацар луу цохиод, зүүн гарыг үений эсрэг дарж, боож унагаан хэвлий давсаг орчимд гараа атгаж байгаад цохиод байсан. Чи байж бай “манай дүүг иртэл байж хоёулаа эв зүйтэй салъя” гэхэд гараад зугтсан. ...15 цагийн орчим хаалга нүдээд байхаар нь Бг байх гэж бодоод хаалгаа тайлаагүй. Гэтэл удалгүй хаалга гаднаас түжигнээд байхаар нь Бг хаалга оролдож байгаа байх гэж бодоод тоохгүй байсан чинь нэг залуугаар хаалга эвдүүлээд ороод ирсэн. Тэр залууд би “чи яагаад хаалга эвдэж байгаа юм бэ” гэтэл би энэ хүний иргэний үнэмлэхийг үзсэн гэж байсан. Тэр залууг гараад явангуут намайг нөгөө л бас л хэлэх хэлэхгүй үгээр буюу аль муу үг байна түүгээр доромжилж эхэлсэн тул өөдөөс нь маргалдсан ба зүүн хацар луу гараараа цохиж, баруун гарыг мушгиж унагаасан. Тэгэхэд манай дүү Баасанжаргал өөр өрөөнд байж байснаа орж ирээд салгасан. Би өөдөөс нь биеэ хамгаалахын тулд гар мушгихад нь гарыг нь хазсан, эсэргүүцсэн....” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-6-7, 23-24/,
Мөрдөн байцаалтанд гэрч О.Баасанжаргалын: “...Б ах “явна” гээд эгч “явуулахгүй” гээд хувцаснаас нь чангаачихсан. Тэгээд цагдаа ирэхээр чамайг өгнө, намайг цагдаа дууд гээд би цагдаа дуудсан юм. Тэр хоёр нилээн маргалдаад сүүлдээ эгчийн гарыг мушгиад байхаар нь “та эмэгтэй хүний болиоч” гэхэд “чи эгчийгээ аваач” гээд дайраад байсан. Төд удалгүй цагдаа ирээд аваад явсан. Тэрний дараа баруун гарын шуу нь улайчихсан хавдчихсан өвдөөд байна гээд цагдаа дээр ирчихээд гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд хугарчихсан байна гээд гипс тавиулсан юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-25-26/,
Мөрдөн байцаалтанд Л.Бгийн яллагдагчаар: “...Би тэвчээд байсан би юм ярьж байтал миний эрүү рүү гараараа цохиод авахаар нь би уурлаад Чинчулууны эрүүн тус газар нь 2 удаа гараараа цохисон. Би Испаниас ангийн хутга авч ирсэн цонхны тавцан дээр хуйтайгаа ил байсан. Тэгтэл Чинчулуун тэрийг гаргаж ирээд намайг ална гэхээр нь би цамцаа сөхөөд гэдсээ гаргаад “ал” гэсэн. Тэгсэн сүүлдээ өөрийгөө алах юм болоод байхаар нь би хутгыг нь булааж авсан. Тэгээд би гараад явчихсан. Тэгээд 10 сарын 11-ний өдөр гэртээ ирэхэд хаалгаа тайлахгүй байхаар нь би ингэж гадуур тэнэж яваад байхдаа яадаг юм, гэртээ оръё гэж бодоод цоож онгойлгодог хүн дуудаад онгойлгуулсан чинь Чинчулуун гэртээ байсан. Намайг ороход Чинчулуун орилж хашхичаад зууралдаад байсан. Тухайн үед эхнэрийн дүү нь байсан. Би дүүд нь наад эгчийгээ аваач гэж хэлсэн. Чинчулуун миний хувцаснаас 2 гараараа зуурчихсан байхаар нь би гарыг нь 2 гараа барьж байгаад тавиулсан. Чинчулууны биед учирсан гэмтэл нь би учруулсан гэмтэл мөн байна. Сүүлд хаалга онгойлгож орсон өдөр гар нь хугарсан юм шиг байна лээ. Би сүүлд мэдсэн. Бусад гэмтэл нь 2018.10.08-ны өдөр маргалдаад цохиход учирсан гэж үзэж байна. Би уг гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн №12331 тоот: Н.Чинчулууны биед баруун богтос ясны зөрүүгүй далд хугарал, зүүн хацар, шанаа, эрүү, сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн мөрөнд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Баруун богтос ясны зөрүүгүй далд хугарал, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой бусад гэмтэл хэрэг болсон гэх 2018.10.11-ний өдөр үүсгэгдэх боломжгүй хуучин гэмтэл байна гэсэн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдов.
Улсын яллагчаас шүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч эрүүгийн хуулийн тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчаас Л.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Хохирогч гомдол саналгүй гэж мэдэгдсэн байгаа. Миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг авч үзвэл гадаад улсад амьдарч байгаад эх орондоо ирээд ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд улсын яллагчаас гаргасан 6 сарын хорих ялын саналыг тэнсэж хянан харгалзах ялаар өөрчилж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн, мөн мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Чинчулуун нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байдлуудыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт, мөн шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан саналыг харгалзан, шүүгдэгч Л.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806083641874 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүд, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Л.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар Л.Б-г хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5 дахь заалтад зааснаар Л.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жил тэнссэн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг Л.Б-д мэдэгдсүгэй.
5. Л.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбаргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Л.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД