| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/1571/Э |
| Дугаар | 1636 |
| Огноо | 2018-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Бу.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 1636
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Бу.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Э-д холбогдох эрүүгийн 1806085501923 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Э.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо “Газарчин” дээд сургуулийн нийтийн байранд иргэн М.Анхжаргалтай хаалга чанга нүдлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч М.Анхжаргалын: “...2018 оны 10 дугаар сарын 21-ний орой 22 цагийн орчим найз Туяагийн гэрт найз Баяраагийн хамт очсон. ...Туяа өөрөө над руу утсаар залгаад “хүрээд ирээч” гэхээр нь очсон юм. Туяа манай эхнэртэй хамт нэг газарт худалдагч хийж байсан учир таньдаг. Туяагийн гэрт очиход нөхөр 2 хүүхдийнхээ хамт байсан. Гэрт нь ороод юм ярьж сууж байгаад дэлгүүр гарч 0,5 литрийн Соёрхол, 2,5 литрийн пивотой аваад дөрвүүлээ хувааж уусан. Ууж дуусаад Баяраа бид хоёр явахаар гарсан. Баярааг явуулчихаад утсаа үзтэл халаасанд утас байхгүй байхаар нь эргэж Туяагийн хаалгыг тогштол хаалгаа нээхгүй байсан. Тэгээд тогшоод зогсоод байтал хаалгаа нээсэн. Туяа нөхрийн хамт гарч иртэл түүний нөхөр үгийн зөрүүгүй татаж унагаад дээрээс дэвссэн. Туяа арай гэж надаас нөхрөө салгаж гэр рүүгээ оруулахаар нь би босоод зугтаасан. ...Гомдолтой байна. Самсунг галакси нөүт 3 маркийн утсаа гээсэн. Тэдний гэрт болон гараад гээсэн эсэхээ мэдэхгүй байгаа, гэрт нь үзье гэж бодоод орсон. Тэгээд оруулалгүй зодуулсан...
...Эмчилгээ хийлгээгүй. Гэрээр эмчилж ажилдаа 14 хоног яваагүй, чөлөө авсан. Одоо нуруу зүүн хэсгээрээ өвчин нь намдахгүй өвдөж байгаа. Эмчилгээ гэрээр хийлгэхэд 50.000 орчим төгрөгний зардал гарсан, эмийн сангийн баримт өгөөгүй. Би сарын 1,8 сая төгрөгний цалин авдаг. Өмнөговь аймгийн Гурвантэс суманд уурхайд гагнуурчин хийдэг. Хагас сарын цалин 800.000-900.000 төгрөг зодуулснаар авч чадаагүй хохирсон...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8-9, 11-12/,
Мөрдөн байцаалтанд Н.Эгийн яллагдагчаар: “...2018 оны 10 сарын 21-ний орой 20 цагийн орчим ажлаа тараад гэртээ ирээд амрах гээд байж байтал хоёр залуу манай гэрт ирсэн. Сонсоод байхад манай эхнэрийн найзын нөхөр юм шиг байсан. Тэр хоёр орж ирээд хэсэг байж байгаад гараад дэлгүүрээс 0,5 литрийн соёрхол, 2,5 литрийн пиво авчирсан. Уг архи, пивийг дөрвүүлээ хуваагаад уусан. ...Тэгээд би тэр хоёрыг явуулчихаад орж ирээд байж байтал Анхжаргал дахиад манай гэрт ороод ирэхээр нь би дахиад гаргаад явуулсан. Тэгээд орондоо ороод унтаж байтал дахиад хаалга нүдээд би тайлахгүй байсан чинь “3 тооллоо, цөм өшиглөлөө” гээд чанга чанга өшиглөөд байсан. Тэгтэл 2 охин сэрээд уйлахаар нь би аргаа бараад хаалгаа нээгээд “яасан бэ” гэхэд “яасан ч яадаг юм” гэхээр нь “яв” гээд цээж рүү нь түлхтэл намайг заамдаж аваад бид хоёр зууралдаад би түүний нүүр рүү 2 удаа цохисон. М.Анхжаргал 2 дахь удаа манайд орж ирэхдээ гар утсаа барьсан байсан. Ямар гар утас байсныг мэдэхгүй, цагаан өнгөтэй байсан. 3 дахь удаагаа гар утсаа яасныг мэдэхгүй байна. Манай гэрт сууж байхдаа эхнэрийнхээ зургийг утсан дээрээсээ харуулж байсан. Би зодъё гэж бодоогүй, цааш нь түлхтэл өөрөө заамдаж аваад, тэгээд би 2 удаа нүүр рүү нь цохисон байх. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Энэ хүнд ямар нэгэн мөнгө төгрөг өгөх боломжгүй. Эхнэр маань 4-6 настай 2 охинтой, би барилгын ажил хийж эхнэр хүүхдээ авч явж байна. Өөрийн гэсэн орон гэргүй нийтийн байранд амьдарч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №12770 тоот:
1. М.Анхжаргалын биед дээд уруулын дотор хэсэгт шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Даваасүрэн гэсэн дүгнэлт /хх-20/,
Н.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Э: “...Эхлээд шөнө 3 удаа хаалга нүдээд байсан. Тэр үед нь би хаалгаа тайлж өгсөн. Тэгээд дахиад 4 дэх удаагаа хаалга нүдээд “хаалгаа тайл тэгэхгүй бол цөм өшиглөөд орлоо шүү” гээд өшиглөөд байсан. Манай хоёр хүүхэд унтаж байгаад сэрсэн. Тэгэхээр нь би хаалгаа онгойлгоод “яасан бэ хөгшөөн” гэсэн чинь “яасан ч яадаг юм” гэхээр нь би цээж рүү нь түлхээд, намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би 2 цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Торгох ялыг төлөх хугацаа олгож өгнө үү гэж хүсмээр байна...” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Н.Э нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний орой Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо “Газарчин” дээд сургуулийн нийтийн байранд иргэн М.Анхжаргалтай хаалга чанга нүдлээ гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч М.Анхжаргалын: “...халаасанд утас байхгүй байхаар нь эргэж Туяагийн хаалгыг тогштол хаалгаа нээхгүй байсан. Тэгээд тогшоод зогсоод байтал хаалгаа нээсэн. Туяа нөхрийн хамт гарч иртэл түүний нөхөр үгийн зөрүүгүй татаж унагаад дээрээс дэвссэн. Туяа арай гэж надаас нөхрөө салгаж гэр рүүгээ оруулахаар нь би босоод зугтаасан. ...Гомдолтой байна. Самсунг галакси нөүт 3 маркийн утсаа гээсэн. Тэдний гэрт болон гараад гээсэн эсэхээ мэдэхгүй байгаа гэрт нь үзье гэж бодоод орсон. Тэгээд оруулалгүй зодуулсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-8-9, 11-12/,
Мөрдөн байцаалтанд Н.Эгийн яллагдагчаар: “...2018 оны 10 сарын 21-ний орой ...орондоо ороод унтаж байтал дахиад хаалга нүдээд би тайлахгүй байсан чинь 3 тооллоо, цөм өшиглөлөө гээд чанга чанга өшиглөөд байсан. Тэгтэл 2 охин сэрээд уйлахаар нь би аргаа бараад хаалгаа нээгээд яасан бэ гэхэд яасан ч яадаг юм гэхээр нь яв гээд цээж рүү нь түлхтэл намайг заамдаж аваад бид хоёр зууралдаад би түүний нүүр рүү 2 удаа цохисон. ...Би зодъё гэж бодоогүй, цааш нь түлхтэл өөрөө заамдаж аваад тэгээд би 2 удаа нүүр рүү нь цохисон байх. Гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-30/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн №12770 тоот: М.Анхжаргалын биед дээд уруулын дотор хэсэгт шарх, баруун дээд доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-20/ зэрэг болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүгдэгч Н.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч Н.Э нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй, харин торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Н.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Н.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806085501923 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Н.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Э-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Э-д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Н.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч М.Анхжаргал нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтуудаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар Н.Эгаас нэхэмжлэн авах эрхтэй болохыг дурдсугай.
6. Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Н.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД