| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/1586/Э |
| Дугаар | 1650 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 1650
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Б.Ганбулган,
шүүгдэгч Ч.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.З-д холбогдох эрүүгийн 1806070571974 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ч.З.
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.З нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 дугаар гудамж 256 тоотод хадам эгч болох Ц.Мөнгөнзулыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Мөнгөнзулын: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 15 цагийн үед өөрийн төрсөн дүү Мөнхтуяагийн гэрт очиж хүргэн дүү Ч.Зтой нийлж, 2 шил 0,5 литрийн архи хувааж уусан. Тэр үед би хүргэн дүү Ч.Зд “чи яагаад манай хамаатан саданд дургүй байдаг юм бэ архи уух болгондоо л муулж байна” гэж хэлээд би уурандаа Ч.Зг нэг удаа алгадсан чинь эргүүлээд миний нүүр хэсэг рүү гараараа хүчтэй цохиж газар уначихсан байхад дээрээс дэвсээд байсан. Тэр үед манай дүү Мөнхтуяа салгасан. Тэгэхээр нь би өөрөө цагдаа дуудсан чинь Ч.З зугтаад олдоогүй. Хүргэн дүү Ч.Зд ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-12, 15/,
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Мөнхтуяагийн: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр миний төрсөн эгч Ц.Мөнгөнзул манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн ирээд дахиж манай нөхөр Зтой нийлж 0,5 литрийн шилтэй Хараа архи хувааж уугаад манай нөхрийг “чи дандаа манай хамаатан саданг муулж байдаг” гээд цохиод авсан чинь нөхөр З буцаад манай эгч Ц.Мөнгөнзулын нүүр рүү нь гараараа цохиж, бас хөлөөрөө өшиглөж зодоод байхаар нь би салгаад эгчийг аваад гэрээс гарсан. Тэр үед эгч цагдаа дуудсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,
Мөрдөн байцаалтанд Ч.Згийн яллагдагчаар: “...Надад ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... ...Маргааш өглөө нь бэр дүү босч ирээд, дахиж үлдэгдэл архийг нь би хувааж уугаад архи дуусахаар нь би дахиж нэг шил архи аваад хувааж уугаад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би уурандаа шууд алгадаад цохиж зодсон. Нэг харахад бэр дүү Мөнгөнзулын нүүр цус болчихсон байхаар нь би гэрээс гараад явсан. Тухайн үед би нилээн хэдэн удаа цохисон. Би их согтуу байсан. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Миний буруу...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-34/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №8493 тоот:
1. 2. Ц.Мөнгөнзулын биед дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, хэвлий, баруун шуун, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
2. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэсэн дүгнэлт /хх-21/,
Ч.Згийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-24/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/, Баянзүрх дүүргийн шүүхийн 2007 оны 09 сарын 10-ны өдрийн 370 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-27-28/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.З: “”...Хохирогч тухай өдөр шөнө 04 цагт согтуу ирээд “архи ууя” гэхээр нь би “уухгүй” гэсэн. Тэгээд өглөө босоод нөгөө архи хамт уугаад согтоод маргалдаж ийм зүйл болсон. Би хохирогчийг 2, 3 удаа цохисон. Хохирогчоос уучлалт гуйсан. Одоо бид хоёрын харилцаа хэвийн байгаа. Уучлалт гуйсан. Хийсэн зүйлдээ гэмшиж байна...” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Зд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ч.З нь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 дугаар гудамж 256 тоотод хадам дүү болох Ц.Мөнгөнзулыг зодож буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч Ц.Мөнгөнзулын: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ...би уурандаа Ч.Зг нэг удаа алгадсан чинь эргүүлээд миний нүүр хэсэг рүү гараараа хүчтэй цохиж газар уначихсан байхад дээрээс дэвсээд байсан. Тэр үед манай дүү Мөнхтуяа салгасан. Тэгэхээр нь би өөрөө цагдаа дуудсан чинь Ч.З зугтаад олдоогүй. Хүргэн дүү Ч.Зд ямар нэгэн гомдол санал байхгүй. Надад одоо нэхэмжилж байгаа зүйл байхгүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-12, 15/,
Мөрдөн байцаалтанд гэрч Б.Мөнхтуяагийн: “...2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр миний төрсөн эгч Ц.Мөнгөнзул манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн ирээд дахиж манай нөхөр Зтой нийлж 0,5 литрийн шилтэй Хараа архи хувааж уугаад манай нөхрийг “чи дандаа манай хамаатан саданг муулж байдаг” гээд цохиод авсан чинь нөхөр З буцаад манай эгч Ц.Мөнгөнзулын нүүр рүү нь гараараа цохиж, бас хөлөөрөө өшиглөж зодоод байхаар нь би салгаад эгчийг аваад гэрээс гарсан. Тэр үед эгч цагдаа дуудсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-19/,
Мөрдөн байцаалтанд Ч.Згийн яллагдагчаар: “...Надад ял сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... ...Маргааш өглөө нь бэр дүү босч ирээд, дахиж үлдэгдэл архийг нь би хувааж уугаад архи дуусахаар нь би дахиж нэг шил архи аваад хувааж уугаад бид хоёр хоорондоо маргалдсан. Тэгээд би уурандаа шууд алгадаад цохиж зодсон. Нэг харахад бэр дүү Мөнгөнзулын нүүр цус болчихсон байхаар нь би гэрээс гараад явсан. Тухайн үед би нилээн хэдэн удаа цохисон. Би их согтуу байсан. Би өөрийн хийсэн хэргээ хүлээж байна. Миний буруу...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-34/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн №8493 тоот: Ц.Мөнгөнзулын биед дух, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, уруулд язрал, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамарт зөөлөн эдийн няцрал, хэвлий, баруун шуун, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх-21/ зэрэг болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүгдэгч Ч.Зг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч Ч.З нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй, харин торгох ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ч.Зд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Ч.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806070571974 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ч.З-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ч.З-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.З-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь зааснаар Ч.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.
5. Ч.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар тус тус давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД