Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 1651

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Б.Ганбулган,

шүүгдэгч С.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э-д холбогдох эрүүгийн 1806071501719 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, С.Э.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Идэр Дөрвөнбат” хүнсний дэлгүүрийн гадаа байрлуулсан, хохирогч Б.Галрагчаагийн унаж явсан, иргэн Ш.Тунгалагийн эзэмшлийн 63-35 ЗАН улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Платц” маркийн автомашиныг автомашин эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Галрагчаагийн: “...2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн орчим Завхан аймагт байдаг авга ах Тунгалаг гэдэг хүнээс 63-65 ЗАН улсын дугаартай  Тоёота Платз маркийн тээврийн хэрэгслийг би Улаанбаатар хотод янзалж байгаад зарахаар авчруулсан юм. 08 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Идэр дөрвөн бат” хүнсний дэлгүүрийн гадна 63-65 ЗАН улсын дугаартай машиныг унтраагаад машины түлхүүрийг зоолттой орхисон. Ингээд дэлгүүр дотор зогсож байгаад гарч ирэхэд миний унаж байсан 63-65 ЗАН улсын дугаартай Платз маркийн тээврийн хэрэгсэл алга болсон байхаар нь шууд цагдаа дуудсан. Би цагдаагийн алба хаагч болон хувийн машинтайгаа алга болсон газрын ойр орчмоор хайсан боловч олдоогүй бөгөөд хойшоогоо “Гахайн байр” гэх газар руу явж байгаад машиныг 1 эрэгтэй уначихсан хажууд нь 1 эрэгтэй суучихсан явж байсан. Ингээд хойноос нь дагаад явсан бөгөөд цагдаа нартай ярьж байгаад энд байна гэдгийг нь хэлээд барьж авахад жолооч нь согтуу, мөн түүнтэй 2 эрэгтэй хүн хамт суугаад явж байсан. Би машинаа хүлээгээд авсан учир, одоо надад гомдол санал байхгүй ээ...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч С.Самдангийн: “...2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ байхад өглөө 11 цагийн орчим Э гэж 16 дугаар сургуульд хамт сурдаг байсан найз хүрч ирсэн. Бид хоёр байхад Нямбат гээд машин засдаг ах миний машиныг засаж өгөхөөр ирсэн. Ингээд миний эзэмшлийн 15-76 УНВ улсын дугаартай верна маркийн машиныг бид гурав засаж эхлээд орой 17-18 цагийн орчим дууссан байх. Машин засаж байхдаа бид нар 1 шил архи уусан. Тэгээд дууссаны дараа дахин 0,5 литрийн 2 шил архи ууж дуусгасан. ...Э манай гэрээс 19 цаг өнгөрч байхад гарсан бөгөөд би гэртээ амрах гээд хэвтэж байхад эргээд нэг их удалгүй Завхан аймгийн дугаартай машин унаад хашаанд ороод ирэхэд манай эхнэр Отгонхишиг “юун машин уначихсан юм бэ” гэхэд дүүгийн машин гэж хэлсэн. Тэгээд “намайг явъя” гэхээр нь уурлаад “балайраад бай би явахгүй, чи согтуу байна” гэж хэлэхэд манай хашаанаас нөгөө машинтайгаа гараад явчихсан. Түүнээс хойш манай гэрээр ирээгүй. Улсын дугаарыг нь харахад Завхан аймгийн дугаартай цагаан өнгийн машин л харагдаж байсан. Тэр үед бодоход хамаатан садан нь Завхан аймгийн дугаартай машин унадаг хүн байхгүй болохоор уурласан юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Болдбаатарын: “...2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр бага зэрэг архи уучихсан Самдан гэх залуугийн гэрт очоод байж байхад “согтуу орж ирлээ гар зайл” гэхээр нь би гараад яваад өгсөн. Тэгээд орой нь 19 цагийн орчим хашааныхаа гадаа зогсож байхад Э ирээд “суучих ах аа дээшээ Самдангийнд очъё” гэхээр нь би машинд нь суугаад Самдан гэх залуугийнд очоод машинтайгаа хашаан дотор нь ороод уулзахад Самдан “би машинтай явж архи дарс уухгүй” гээд гэртээ үлдсэн. Тэгээд бид хоёр гудамжинд зогсож байгаад Хараа нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад хойшоо айл руу явъя гээд явсан. Тэгээд нэг засварчин гээд нэг залууг суулгаад буцаад явж байхад нь би муурын байшин дээр “гэртээ харилаа” гэж хэлээд буухад цагдаа ирж намайг саатуулсан. Би Эыг автомашин авч зугтаж яваа гэдгийг мэдээгүй, надад машин авч зугтаж байгаа талаараа ямар нэгэн юм яриагүй.  Би тэр үед их хэмжээний архи уусан байсан болохоор зарим зүйлсийг санахгүй байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Я.Нямбатын: “...Би гэртээ очоод амарч байхад 21 цагийн орчим санагдаж байна Э гээд Самдангийн хашаанд машин засалцсан залуу цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирснээ “ах аа Самдангийн машин Болор дэлгүүрийн үүдэнд явахаа байчихлаа, та суучих” гэхээр нь машинд орж суусан. Машинд суухад өдөр нь Этай архинаас болоод маргалдаад явсан залуу сууж байсан бөгөөд бид гурав доошоогоо замаар уруудаж байхад цагдаа нар зогсоосон. Цагдаа зогсоогоод энэ хулгайлагдсан машин байна гэхээр нь “юу яриад байна вэ, ах нь сая гэрээсээ гарч ирлээ” гэхэд “цагдаагийн газар очиж шалгана” гээд тухайн үед аваад явсан юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-24/,

 

Мөрдөн байцаалтанд С.Эын яллагдагчаар: “...2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ...би тэндээс Улиастайн шинэ эцсээс автобусанд суух гээд алхаад явсан. Би ингээд явж байгаад тасарчихсан байна лээ. Нэг сэрсэн чинь машин уначихсан байдалтай явж байсан бөгөөд яагаад ч юм Самдангийн гэр рүү шууд явсан. Би Самдангийн гэр рүү машинаа унаад явж байхад өдөр хэрэлдсэн Болдбаатар гэдэг залуу өвөртөө архи хийчихсэн явж байхаар нь машинд суучих гэж хэлээд машинд суулгасан. Би машин бариад шууд Самдангийн гэрийн гадаа очоод Самданг “машинд суучих явъя” гэж хэлэхэд “би суухгүй юун машин бариад яваад байгаа юм боль чи” гэж хэлэхээр нь Болдбаатартай нөгөө архиа ууж байгаад “би явлаа” гээд машинаа унаад хашаанаас нь гараад явсан. Самдангийн гэрийн гаднаас хөдөлж Нямбат ахын гэр рүү очиход Нямбат ах намайг “хоосон ирлээ архи авчирсангүй” гэж хэлэхээр нь “надад мөнгө байхгүй та өөрөө зохицуул” гэхэд “шинэ эцэс орж автобусны жолооч нараас мөнгө авъя” гээд миний машинд суухаар нь хуучин эцэс орохоор явж байгаад замдаа цагдаа нарт баригдсан юм. Надад ямар нэгэн санаа зорилго байхгүй ээ, би өөрөө машин унах дуртай учир зүгээр л унаад явчихсан юм шиг байна лээ. Би яг хаанаас яаж авснаа санахгүй байгаа юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-3-4/,

 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10/, “Тод үнэлгээ” ХХК-ийн тоёота платц маркийн автомашинд хийсэн үнэлгээ /хх-27/,

 

С.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-33/, Сум дундын 9 дүгээр шүүхийн 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-44-46/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 408 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-49-51/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1314 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-52-54/ зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.Э: “Би машиныг согтуу үедээ авсан байсан. Миний буруу. Гахайн байрны тэнд машин унаад очиход Нямбат ахыг загнаад надаас машин хураагаад авах байх гэж бодсон. Хамт сууж яваад буцаж явж байгаад цагдаад баригдсан. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлэв.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхээс шүүгдэгч С.Эд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

I. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Э нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Идэр Дөрвөнбат” хүнсний дэлгүүрийн гадаа байрлуулсан, хохирогч Б.Галрагчаагийн унаж явсан, иргэн Ш.Тунгалагийн эзэмшлийн 63-35 ЗАН улсын дугаартай, цагаан өнгийн “Тоёота Платц” маркийн автомашиныг автомашин эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч яван, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Галрагчаагийн: “...Дэлгүүр дотор зогсож байгаад гарч ирэхэд миний унаж байсан 63-65 ЗАН улсын дугаартай Платз маркийн тээврийн хэрэгсэл алга болсон байхаар нь шууд цагдаа дуудсан. Би цагдаагийн алба хаагч болон хувийн машинтайгаа алга болсон газрын ойр орчмоор хайсан боловч олдоогүй бөгөөд хойшоогоо Гахайн байр гэх газар руу явж байгаад машиныг 1 эрэгтэй уначихсан хажууд нь 1 эрэгтэй суучихсан явж байсан. Ингээд хойноос нь дагаад явсан бөгөөд цагдаа нартай ярьж байгаад “энд байна” гэдгийг нь хэлээд барьж авахад жолооч нь согтуу, мөн түүнтэй 2 эрэгтэй хүн хамт суугаад явж байсан. Би машинаа хүлээгээд авсан учир, одоо надад гомдол санал байхгүй ээ” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-18/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч С.Самдангийн: “...Би гэртээ амрах гээд хэвтэж байхад эргээд нэг их удалгүй Завхан аймгийн дугаартай машин унаад хашаанд ороод ирэхэд нь манай эхнэр Отгонхишиг “юун машин уначихсан юм бэ” гэхэд “дүүгийн машин” гэж хэлсэн. Тэгээд “намайг явъя” гэхээр нь уурлаад “балайраад бай би явахгүй, чи согтуу байна” гэж хэлэхэд манай хашаанаас нөгөө машинтайгаа гараад явчихсан. Түүнээс хойш манай гэрээр ирээгүй. Улсын дугаарыг нь харахад Завхан аймгийн дугаартай цагаан өнгийн машин л харагдаж байсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-21/,

 

Мөрдөн байцаалтанд гэрч Х.Болдбаатарын: “...Тэгээд орой нь 19 цагийн орчим хашааныхаа гадаа зогсож байхад Э ирээд “суучих ах аа, дээшээ Самдангийнд очъё” гэхээр нь би машинд нь суугаад Самдан гэх залуугийнд очоод машинтайгаа хашаан дотор нь ороод уулзахад Самдан “би машинтай явж архи дарс уухгүй” гээд гэртээ үлдсэн. Тэгээд бид хоёр гудамжинд зогсож байгаад Хараа нэртэй 0,5 литрийн хэмжээтэй архи хувааж уугаад хойшоо “айл руу явъя” гээд явсан. Тэгээд нэг засварчин гээд нэг залууг суулгаад буцаад явж байхад нь би муурын байшин дээр гэртээ харилаа гээд буулаа гэж хэлээд буухад цагдаа ирж намайг саатуулсан....” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-23/,

Мөрдөн байцаалтанд гэрч Я.Нямбатын: “...Би гэртээ очоод амарч байхад 21 цагийн орчим санагдаж байна Э гээд Самдангийн хашаанд машин засалцсан залуу цагаан өнгийн жижиг тэрэгтэй ирснээ “ах аа Самдангийн машин Болор дэлгүүрийн үүдэнд явахаа байчихлаа, та суучих” гэхээр нь машинд орж суусан. Машинд суухад өдөр нь Этай архинаас болоод маргалдаад явсан залуу сууж байсан бөгөөд бид гурав доошоогоо замаар уруудаж байхад цагдаа нар зогсоосон. Цагдаа зогсоогоод энэ хулгайлагдсан машин байна гэхээр нь “юу яриад байна вэ ах нь сая гэрээсээ гарч ирлээ” гэхэд цагдаагийн газар очиж шалгана гээд тухайн үед аваад явсан юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-24/,

 

Мөрдөн байцаалтанд С.Эын яллагдагчаар: “...2018 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ...би тэндээс Улиастайн шинэ эцсээс автобусанд суух гээд алхаад явсан. Би ингээд явж байгаад тасарчихсан байна лээ. Нэг сэрсэн чинь машин уначихсан байдалтай явж байсан бөгөөд яагаад ч юм Самдангийн гэр рүү шууд явсан. Би Самдангийн гэр рүү машинаа унаад явж байхад өдөр хэрэлдсэн Болдбаатар гэдэг залуу өвөртөө архи хийчихсэн явж байхаар нь “машинд суучих” гэж хэлээд машинд суулгасан. Би машин бариад шууд Самдангийн гэрийн гадаа очоод Самданг “машинд суучих явъя” гэж хэлэхэд “би суухгүй юун машин бариад яваад байгаа юм боль чи” гэж хэлэхээр нь Болдбаатартай нөгөө архиа ууж байгаад “би явлаа” гээд машинаа унаад хашаанаас нь гараад явсан. Самдангийн гэрийн гаднаас хөдөлж Нямбат ахын гэр рүү очиход Нямбат ах намайг “хоосон ирлээ архи авчирсангүй” гэж хэлэхээр нь “надад мөнгө байхгүй та өөрөө зохицуул” гэхэд шинэ эцэс орж автобусны жолооч нараас “мөнгө авъя” гээд миний машинд суухаар нь хуучин эцэс орохоор явж байгаад замдаа цагдаа нарт баригдсан юм. Надад ямар нэгэн санаа зорилго байхгүй ээ би өөрөө машин унах дуртай учир зүгээр л унаад явчихсан юм шиг байна лээ. Би яг хаанаас яаж авснаа санахгүй байгаа юм...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-3-4/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-10/, “Тод үнэлгээ” ХХК-ийн тоёота платц маркийн автомашинд хийсэн үнэлгээ /хх-27/ зэрэг болно.

 

Иймд улсын яллагчаас шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүгдэгч С.Эыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,

Шүүгдэгч С.Э нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн саналыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг харгалзан С.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

III. Бусад асуудлаар:

 

Эрүүгийн 1806071501719 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. С.Э-ыг автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Э-ыг 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг  1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

 

  1. С.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

  1. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ОЛЗОД