Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00547

 

А.Ц-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/03457 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А.Ц-ийн хариуцагч Н-т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С, гуравдагч этгээд Х-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Одбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Х-ХХК, Эс пи си эм ойл ХХК, А.Ц-, С- ХХК нар нь 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр №102 А дугаартай эвлэрлийн гэрээ байгуулж зээл, хүүгийн төлбөрт 3,813,034,718.48 төгрөгийг Х-ХХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсоныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 183/ШЗ2020/06896 дугаартай захирамжаар баталгаажуулсан. Гүйцэтгэх хуудас гарснаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа эхэлсэн байдаг. Төлбөр төлөгч нь цар тахлын нөлөөгөөр бизнесийн хэвийн үйл ажиллагаа доголдож, алдагдалтай ажиллаж байгаа тул шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг төлөх боломжгүй байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийн үнэлгээтэй танилцахад 2,648,802,400 төгрөгөөр үнэлсэн байсан. 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Үнэлгээний мэдэгдэл-д төлбөр төлөгч Б.Төрбат гэх этгээдийн талаар дурьдсан байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Б.Төрбат гэх этгээд оролцоогүй, түүнчлэн тийм нэртэй этгээдийн аливаа хөрөнгийг битүүмжилж, хураан аваагүй. Мөн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ гуравдагч этгээдийн буюу бусдын өмчлөлд байх үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаа явуулах мэтээр хамтад нь үнэлжээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21-р хороолол, /18082/ 13 тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгийн 2 дугаар давхрын урд хэсэг нь гуравдагч этгээдийн өмчлөлийн хөрөнгө бөгөөд тухайн хөрөнгө нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай хамааралгүй болно. Харин тус давхрын хойд хэсэг /Ү-2201035931/ буюу 270 м.кв талбай нь А.Ц- миний өмчлөлийн хөрөнгө болно. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхдээ бусдын өмч хөрөнгөд халдаж болохгүй бөгөөд хэрэв энэ үнэлгээгээр дуудлага худалдаа явуулбал бусдын өмчлөлийн хөрөнгөнд хууль бусаар халдах нөхцөл үүснэ. Иймд М- ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 20/Ш тоот үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудад хөрөнгийн үнэлгээг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцож, тогтоох тухай 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 4-92/10795 тоот албан бичгийг гардуулан өгөхөд төлбөр төлөгч А.Ц- 10,270,000,000 төгрөгөөр үнэлэх саналыг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчид ирүүлсэн. Төлбөр авагч Х-ХХК төлбөр төлөгчийн үнийн саналыг зах зээлийн үнээс хэт өндөр байх тул хөндлөнгийн шинжээч томилох хүсэлт гаргасан тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дах хэсэгт заасныг үндэслэн "М- ХХК-ийн шинжээч Б.Э-ыг томилж, үнэлгээ тогтоолгоход 2,648,802,400 төгрөгөөр үнэлэгдсэн байна. Төлбөр төлөгч А.Ц-т 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр мэдэгдсэн. Тухайн үнэлгээнд хамт үнэлүүлсэн гэх гуравдагч этгээдийн улсын бүртгэлийн дугаартай хөрөнгө байхгүй. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжпэгч А.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Гуравдагч этгээд Х-ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга: Хариуцагчийн гаргасан хариу тайлбарыг дэмжиж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд бусдын өмчлөлийн хөрөнгө тусгагдаагүй. Мөн нэхэмжлэгчээс үнэлгээ нь өөрийнх нь биш бусад хүмүүсийн эрх ашгийг зөрчинө гэж тайлбарлаад байгаа нь ойлгомжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Ц-ийн Н-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ц-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилохдоо гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг хамтад нь үнэлүүлэхээр тогтоол гаргасан байдаг. Уг алдаатай тогтоолын дагуу шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035931, Y-2201035932, Y-2201054882 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21-р хороолол. /18082/ 13 тоот хаягт байрлах хөрөнгийг үнэлэхдээ тус тогтоолд дурьдсанчлан гуравдагч этгээдийн хөрөнгийг оролцуулан үнэлсэн. Уг тайлбар, үндэслэлээ нотлохын тулд бидний зүгээс шүүхийн журмаар улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа гаргуулсан байдаг. Тус лавлагаанд Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, 21-р хороолол, /18082/ Баянхошуу гудамж, 13 тоот хаягт байршилтай 180 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай, 2 дугаар давхрын хэсгийн Ү-2201036101 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр Чингүсүн ХХК бүртгэлтэй болох нь нотлогдсон. Уг тайланд Чингүсүн ХХК-ийн хөрөнгийг хамтад нь үнэлсэн болох нь нотлогдсоор байтал энэхүү нөхцөл байдлыг шүүхээс зөвтгөсөн нь ойлгомжгүй байна. Бидний зүгээс ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоох ёстой гэж үзэж байна.

 

5.а.2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Үнэлгээний мэдэгдэл гэх албан мэдэгдэлд төлбөр төлөгч Б.Төрбат гэх этгээдийн талаар дурьдсан байдаг. А.Ц-ийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Б.Төрбат гэх этгээд оролцоогүй, түүнчлэн тийм нэртэй этгээдийн аливаа хөрөнгийг битүүмжилж, хураан аваагүй. Бид уг мэдэгдлийг хүлээн авч, танилцаад алдаатай байгаа тухай шийдвэр гүйцэтгэгчид хэлж, гомдол гаргасан. Гэтэл шүүхээс төлбөр төлөгч Б.Төрбатын өмчлөлийн гэснийг андуурч бичсэн болохыг тайлбарлаж тэмдэглэлээр бэхжүүлэв... гэсэн байх тул энэ үндэслэлээр үнэлгээ хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. гэж үзсэн. Үнэлгээний мэдэгдлийг алдаатай болсон нөхцөл байдлыг шүүх хэрэв үндэслэлтэй гэж үзсэн хэрнээ тэмдэглэл бичсэн гэх үндэслэлээр тус нөхцөл байдал үндэслэлгүй гэж үзсэн тайлбар нь ойлгомжгүй болсон. Шийдвэр гүйцэтгэгч алдаа гаргасныг төлбөр төлөгч мэдэгдсэний дагуу шийдвэр гүйцэтгэгч тэмдэглэл үйлдсэн нь зөвтгөх хүчин зүйл болохгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

6.Хариуцагч тал давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй болно.

7.Давж заалдах гомдолд гаргасан гуравдагч этгээд Х-ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангасан. Тиймээс шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч А.Ц- нь хариуцагч Н-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг гуравдагч этгээд болон хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзлээ.

4.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6896 дугаар захирамжаар Эс пи си эм ойл ХХК, С- ХХК, А.Ц- нараас зээлийн гэрээний үүрэгт 3,813,034,718.48 төгрөг гаргуулж, Х-ХХК-д олгож, гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд

4.а.А.Ц-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035931 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/, Баянхошууны гудамж, 13 тоот хаягт байрлах 270 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

4.б.эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035930 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/, Баянхошууны гудамж, 13 тоот хаягт байршилтай, 450 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

4.в.эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035932 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/, Баянхошууны гудамж, 13 тоот хаягт байршилтай, 450 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

4.г.С- ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 1802301250 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар олгогдсон 951 м.кв талбай бүхий газар,

4.д.А.Ц-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201054882 дугаарт бүртгэгдсэн Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/ 13 тоот хаягт байршилтай, 129.54 м.кв талбайтай, автомашины гаражийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,

4.е.С- ХХК-ийн эзэмшлийн, нэгж талбарын 18635311743407 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 18082 гудамж 13 тоот хаягт байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалтаар олгогдсон 180 м.кв талбай бүхий газар зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №102А дугаар эвлэрлийн гэрээг баталгаажуулжээ. /хэргийн 25-26-р хуудас/

5.Төлбөр төлөгч нар нь дээрх шийдвэрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх тул төлбөр авагч Х-ХХК-ийн хүсэлтээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 777 дугаар гүйцэтгэх хуудсыг олгосон байна. /хх-ийн 24-р тал/

 

5.а.Хариуцагч Н- нь дээрх гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол үйлдэж, барьцаа хөрөнгүүдийг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр битүүмжилж, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хураажээ. /хх-ийн 30-36-р тал/

 

5.б.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны доод үнийг тогтоох зорилгоор төлбөр төлөгч нараас үнийн санал авахад Эс пи си эм ойл ХХК нь барьцаа хөрөнгийг нийтэд нь 10,270,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч Х-ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. /хх-ийн 41-42-р тал/. Талууд дээрх байдлаар үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээнд тохиролцоогүй байх тул хариуцагч Н- нь үнэлгээ тогтоолгохоор 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 5/159 дугаар тогтоолоор Мөнх- Оргил трейд ХХК-ийн захирал буюу үнэлгээчин Б.Э-ыг шинжээчээр томилжээ. /хх-ийн 43-р тал/

 

5.в.Дээрх шинжээч томилох тухай тогтоолд А.Ц-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201035931 дугаарт бүртгэгдсэн, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/, Баянхошууны гудамж, 13 тоот хаягт байрлах 270 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн м.кв-ыг 450 м.кв гэж буруу бичсэнтэй холбоотойгоор шинжээч нь 450 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөд бүхэлд нь үнэлгээ тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн /2010 оны/ 9 дүгээр зүйлийн 9.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, хөрөнгийн үнэлгээний тайлан нь үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, түүнийг тогтоосон үндэслэл, нотолгоог агуулсан үндсэн баримт бичиг бөгөөд хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болсон шийдвэрт заасан хөрөнгийн хүрээнд дүгнэлт гаргуулах учиртай.

5.г.Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, 21 дүгээр хороолол, /18082/, Баянхошууны гудамж, 13 тоот, 2 дугаар давхрын нийт 450 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 270 м.кв талбайн өмчлөгч нь А.Ц-, 180 м.кв талбайн өмчлөгч нь Чингүнсүн ХХК болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон, мөн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үндэслэл болсон Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 6896 дугаар захирамжид 270 м.кв гэж тодорхой заасан байхад шүүхийн шийдвэрт заагаагүй, өөр этгээдийн өмчлөлийн хөрөнгийг оролцуулан үнэлгээ тогтоосон нь үндэслэлгүй байна.

6.Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, М- ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 20/Ш дугаар хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгох нь зүйтэй.

6.а.Үнэлгээний мэдэгдэлд төлбөр төлөгч Б.Төрбат гэж алдаатай бичсэн гэх гомдлын тухайд хариуцагч байгууллага нь уг алдааг тэмдэглэлээр залруулсан байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШШ2022/03457 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт зааснаар М- ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 20/Ш дугаар хөрөнгийг үнэлгээг хүчингүй болгосугай. гэж,

2 дах заалтын ... үлдээсүгэй. гэснийг үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А.Ц-т олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Г.ДАВААДОРЖ