| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Санги-Очирын Олзод |
| Хэргийн индекс | 105/2018/1557/Э |
| Дугаар | 1652 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Батбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 1652
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Олзод даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ч.Батбаяр,
хохирогч М.Оюунбаатар,
шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б-д холбогдох эрүүгийн 1806059801810 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ж.Б.
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянбулгийн 3-41 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Оюунбаатарыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, 11, 22, 23, 43-р шүдний булгарал, 21-р шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч М.Оюунбаатарын: “...2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр намайг гэрт байж байхад хадам дүү Б манайд согтуу ганцаараа ирээд “наадмын архи ууя” гэж нэхсэн. Тэр үед манайд архи байгаагүй учир “архи байхгүй” гэдгээ хэлсэн. Би Бд “Ургийн баяраар ээжийгээ явган явуулаад” гэсэн утгатай юм ярьсан чинь Б уурласан, “дээрээс нь архи өгсөнгүй” гэж уурлаад намайг орон дээрээс татаж босгоод заамдаад нүүр рүү гараараа 1 удаа цохиод, коридорт чирээд нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон. Би согтуу байсан болохоор гарын аясаар нь цохиулсан учир нүүрэнд хөхөрч хавдсан юм байгаагүй. Б миний нүүр рүү цохичихоод гэрээс гараад зугтахаар нь би уурлаад хойноос нь гарсан. Яг тэр үед эхнэр Цэвээнсүрэн хашаагаар гараад ах дүүгээ дуудах гээд гарсан. Тэр хооронд нь хашаан дотор Б бид хоёр заамдалцаад миний нүүр рүү гараараа 1 удаа цохиход би газар унасан, намайг газар унасан байхад Б миний ам, цээж рүү нилээн олон удаа өшиглөхөд нь миний дээд үүдэн 6 шүд тэр дороо унаад цус гарч, дээд уруулын дотор тал язарсан. Намайг боссон чинь Б намайг заамдсан, би ч адилхан заамдаад хашааны хаалгаар гараад бид хоёр салсан. Миний амнаас цус гараад байсан ба “шүд унагаачихлаа шүү дээ” гээд хашааны гадна зогсож байтал цаанаас Занданбаатар ирэнгүүтээ “найз зодлоо” гээд миний нүүр рүү 2-3 удаа цохисон. ...Б миний уруул руу өшиглөснөөс болж уруул язарч, 6 шүд унасан. Би зодуулснаас болж гэмтлийн эмнэлгийн хажуу талд байдаг хувийн эмнэлэгт тархины компьютер томографийн зураг, Мед эмнэлэгт бас тархины зураг авахуулсан. Нийтдээ би 2 өөр газар тархины зураг авахуулсан, эм тариа хэрэглэсэн боловч баримт байхгүй. Б надад 450.000 төгрөг эмчилгээнд зориул гэж өгсөн. Энэ мөнгийг нь би эмчилгээнд зориулаад дууссан. Одоо би унасан шүдээ буйлан дээрээ суулгаж шүд хийлгэмээр байна. Шүд хийлгэх мөнгийг гаргуулж өгнө үү. Шүд хийлгэхэд дор хаяж 5-6 сая төгрөг хэрэгтэй болно. Гэхдээ шүдээ хийлгээгүй болохоор ямар нэгэн баримт гаргаж өгч чадахгүй. Миний хохирлыг барагдуулах юм бол гомдол гэх юм байхгүй...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9-10/,
Мөрдөн байцаалтанд Ж.Бы яллагдагчаар: “...Би 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянбулагийн 3-41 тоот Оюунбаатар ахын гэрт муудалцаж би Оюунбаатар ахын нүүр рүү нь цохисон нь үнэн. Энэ асуудалд маргаан байхгүй. Энэ болсон асуудлыг би хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлаа хурдан шийдүүлмээр байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №8662 тоот:
1. М.Оюунбаатарын биед тархи доргилт, 11, 22, 23, 43-р шүдний булгарал, 21-р шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. 4 шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулна.
5. Уг гэмтэл нь 2018.07.13-ны өдөр үүссэн байх боломжтой. Шинжээч эмч С.Чулуунсүх гэсэн дүгнэлт /хх-16/,
Ж.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-17/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-18/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.Б: “...2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр наадмын үе байсан. Баяр тэмдэглээд архи уусан байсан. Тэгээд би ахындаа ороод сууж байгаад муудалцаад ахыг цохисон байна. Би хохирогчид 450.000 төгрөг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлэв.
Шүүх хуралдаанд хохирогч М.Оюунбаатар: “...2018 оны 7 дугаар саоыг 13-ны өдөр Б манай гэрт орж ирсэн. Би бас тухайн үед хүн ирээд уусан байсан. Хүүхэдтэйгээ унтаж байхад орж ирээд шууд татаж сэрээгээд архи нэхэхээр нь би байхгүй гэж хэлсэн. Гэтэл би “ургийн уулзалтаар ээжтэйгээ явахгүй яасан юм бэ” гэж хэлэхэд намайг орноос татаж босгоод цохисон. Манай эхнэр гэрийнхнийг нь дуудах гээд явах хооронд гадаа гараад өшиглөсөн. Тэгсэн чинь Зандан гэх найз нь ирээд намайг бас цохисон. Тэгээд гэрийнхэн нь гарч ирээд цагдаа дуудсан. Цагдаа ирэхэд эд нар зугтсан байсан. Тэгээд би гэмтэл орж оёо тавиулсан... ...Миний шүд хоёр газар хугарсан. Бүр буйл ухаж шүд авсан. Надад шүдний эмнэлгээс мөнгөний баримт гаргаж өгөөгүй. Бүх эмчилгээ дуусахаар нийт тооцоог нь гаргаж өгнө гэсэн. Би идэж чадахгүй байгаа. Гомдол саналын хувьд шүднүүд хийлгэж өгөөч гэж гуйж байгаа. Занданбаатараас бол хохирол төлбөр нэхэмжлээгүй. Тэр хүнээс гэрчийн мэдүүлэг аваагүй байсан. Занданбаатар намайг цохьсон. Гэхдээ энэ гэмтэл үүсгэхэд оролцоогүй гэж үзэж байгаа...” гэж мэдүүлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүхээс шүүгдэгч Ж.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
I. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянбулгийн 3-41 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч М.Оюунбаатарыг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, 11, 22, 23, 43-р шүдний булгарал, 21-р шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн байцаалтанд хохирогч М.Оюунбаатарын: “...намайг орон дээрээс татаж босгоод заамдаад нүүр рүү гараараа 1 удаа цохиод, коридорт чирээд нүүр рүү гараараа 1-2 удаа цохисон. Би согтуу байсан болохоор гарын аясаар нь цохиулсан учир нүүрэнд хөхөрч хавдсан юм байгаагүй. Б миний нүүр рүү цохичихоод гэрээс гараад зугтахаар нь би уурлаад хойноос нь гарсан. Яг тэр үед эхнэр Цэвээнсүрэн хашаагаар гараад ах дүүгээ дуудах гээд гарсан. Тэр хооронд нь хашаан дотор Б бид хоёр заамдалцаад миний нүүр рүү гараараа 1 удаа цохиход би газар унасан, намайг газар унасан байхад Б миний ам, цээж рүү нилээн олон удаа өшиглөхөд нь миний дээд үүдэн 6 шүд тэр дороо унаад цус гарч, дээд уруулын дотор тал язарсан, намайг боссон чинь Б намайг заамдсан, би ч адилхан заамдаад хашааны хаалгаар гараад бид хоёр салсан. ...Б миний уруул руу өшиглөснөөс болж уруул язарч, 6 шүд унасан. Б надад 450.000 төгрөг эмчилгээнд зориул гэж өгсөн...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-9-10/,
Мөрдөн байцаалтанд Ж.Бы яллагдагчаар: “...Би 2018 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Баянбулагийн 3-41 тоот Оюунбаатар ахын гэрт муудалцаж би Оюунбаатар ахын нүүр рүү нь цохисон нь үнэн. Энэ асуудалд маргаан байхгүй. Энэ болсон асуудлыг би хүлээн зөвшөөрч байна. Энэ асуудлаа хурдан шийдүүлмээр байна...” гэж мэдүүлсэн мэдүүлэг /хх-26/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн №8662 тоот: М.Оюунбаатарын биед тархи доргилт, 11, 22, 23, 43-р шүдний булгарал, 21-р шүдний хугарал, буйланд цус хуралт, дээд уруулд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4 шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 15% алдагдуулна. Уг гэмтэл нь 2018.07.13-ны өдөр үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт зэрэг болно.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасныг хүлээн авч шүүгдэгч Ж.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг,
Шүүгдэгч Ж.Б нь улсын яллагчийн саналаар оногдуулсан эрүүгийн хариуцлагатай мэтгэлцэхгүй гэсэн саналыг тус тус гаргав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Ж.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүхээс улсын яллагчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гаргасан саналыг хүлээн авч Ж.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
III. Бусад асуудлаар:
Эрүүгийн 1806059801810 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь хохирогч М.Оюунбаатарт хохирлын төлбөр болох 450.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ж.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-г 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ж.Б нь хохирогч М.Оюунбаатарт хохирлын төлбөр болох 450.000 төгрөг төлсөн ба хохирогч цаашид гарах гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Ж.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЛЗОД