Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2023/00548

 

Н.Ч-гийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02898 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Ч-гийн хариуцагч Б.М-д холбогдуулан гаргасан газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Жавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Л.Оюун-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Н.Ч- нь иргэн Б.М-тай харилцан тохиролцож, Сүхбаатар дүүргийн 19-р хороо, Шаргаморьтод байрлах, нэгж талбарын 1462006255 дугаартай, 700 м.кв талбайтай газрыг 14,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хэлцэл хийж, худалдагч Б.М-д газрын төлбөр 14,000,000 төгрөгийг шилжүүлж, харин хариуцагч Б.М-ы хувьд газрын гэрчилгээ, газар эзэмших эрхийн гэрээ зэргийг гаргаж өгсөн. Тухайн үед бусад бичиг баримтыг удахгүй гаргаж өгөөд газрыг нэр дээр чинь шилжүүлж өгнө, тэгж байгаад хугацаа тохиръё гэж хэлсэн тул итгээд худалдаж авсан газар дээрээ өөрийн амины орон сууцыг барьж эхэлсэн. Гэтэл Б.М- нь харилцан тохиролцсоны дагуу газрын гэрчилгээг шилжүүлэхэд шаардлагатай бусад баримтыг өнөөдрийг хүртэл хүлээлгэж өгөөгүй ба би мөнгөө бүрэн өгсөн боловч хохирсоор байна. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг Б.М-д даалгаж өгнө үү гэжээ.

2.Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Өөрийн эзэмшлийн газрын эзэмших эрхийг 20,000,000 төгрөгөөр Н.Ч-д шилжүүлэхээр амаар тохиролцсон юм. Үүний дагуу урьдчилгаа төлбөр болох 14,000,000 төгрөгийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлж, үлдэгдэл төлбөрийг бүрэн төлсний дараа газрын эзэмших эрхийг шилжүүлэхээр тохирсон. Нэхэмжлэлд хавсаргасан 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн баримт нь дээрх урьдчилгаа мөнгийг хүлээлгэн өгсөн тухай баримт юм. Газар худалдах, худалдан авах гэрээг хуульд заасны дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх журамтай. Бид бичгээр гэрээ байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлээгүй тул миний хувьд дээрх газрын эзэмших эрхийн гэрчилгээг Н.Ч-д шилжүүлэн өгөх хууль зүйн үндэслэлгүй. Н.Ч- нь өнөөдрийг хүртэл миний газрыг эзэмшиж, ашиглаж байгаа бөгөөд газрын үнийг бүрэн төлөөгүй атлаа газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасанд гомдолтой байна. Б.М- миний бие Н.Ч-гийн шилжүүлсэн 14,000,000 төгрөгөөс түүний 1 жил гаруй хугацаанд миний газрыг үнэ төлбөргүй эзэмшиж, ашигласны зардлыг хасаж, үлдэх хэсгийг буцаан төлөхөд татгалзах зүйлгүй. Харин үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэн өгөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ч-д Сүхбаатар дүүргийн 19-р хороо Шаргаморьт нэгж талбарын 1462006255 дугаар бүхий 700 мкв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг хариуцагч Б.М-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Н.Ч-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 228,000 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.М-аас 228,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Ч-д олгуулахаар шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцээгүй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтуудыг үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж байна. Талууд анх хэлцэл хийхдээ газар эзэмших эрхийг 20,000,000 төгрөгөөр худалдахаар амаар харилцан тохиролцсон. Хариуцагч талаас дээрх нөхцөл байдлыг нотлох зорилгоор гэрч Х.Мэдэхгүйг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр асуулгасан бөгөөд гэрч нь талуудыг 20,000,000 төгрөгөөр газар эзэмших эрх шилжүүлэхээр харилцан тохиролцсон талаар тодорхой мэдүүлсэн. Гэтэл шүүх дээрх гэрчийн мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэхгүйгээр хэт нэг талыг барьсан дүгнэлт хийж зөвхөн нэхэмжлэгч талд ашигтай байдлаар тайлбарлаж хэргийн бодит үнэнд нийцээгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

4.а.Шүүх Иргэний хуулийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой зүйлийг үндэслэн шийдвэр гаргасан нь зөв боловч тухайн маргааныг нарийвчлан зохицуулсан гол хуулийн заалт болох Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсгийг хэрэглээгүй орхигдуулсан. Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дах хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцлийг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлснээр хүчин төгөлдөр болохыг тусгайлан зохицуулсан. Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, нотаритаар гэрчлүүлээгүй бөгөөд ийм хэлцэл хавтаст хэрэгт авагдаагүй болно. Гэтэл шүүх талуудын хооронд 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр үйлдсэн бичгийн баримтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Дээрх баримт нь үл хөдлөх хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээ биш харин 14,000,000 төгрөг хүлээлцсэн талаарх баримт юм. Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт эд хөрөнгө шилжүүлснээр хүчин төгөлдөр болно гэж Иргэний хуулийн 196.1.1-т заасан ... гэж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Дээрх зохицуулалт нь хөдлөх эд хөрөнгөд буюу хуульд тусгайлан заасан тохиолдолд хамаарах юм. Харин талуудын хооронд амаар байгуулагдсан хэлцлийн зүйл нь газар буюу үл хөдлөх эд хөрөнгө байх тул энэ маргааны хувьд хуулийн дээрх зохицуулалт хамааралгүй, хэрэглэх ёсгүй заалт юм. Өөрөөр хэлбэл гэрээний зүйл ямар шинжтэй байхаас шалтгаалан худалдах, худалдан авах гэрээний хэлбэрийн шаардлагыг хуулиар тусгайлан зохицуулдаг. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2 дах хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр буюу нотариатаар гэрчлүүлсэн гэрээ болон холбогдох бусад баримтыг үндэслэн бусдад шилжүүлэхээр хуульчилсан. Мөн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт тус тус зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжүүлэх хэлцлийг нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх хэлбэрийн шаардлага тусгайлан тавигддаг. Нэгэнт талуудын хооронд хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байгуулагдаагүй тул амаар байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэх ү ндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг хангасан. Хариуцагч талын гомдолд гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй гэж дурдсан. Гэрчийн мэдүүлэгт хариуцагч нэхэмжлэгчээс урьдчилгаанд 2,000,000 төгрөг, 14,000,000 төгрөг тус тус авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Тиймээс гэрчийн мэдүүлгийг үндэслэлтэй дүгнэсэн. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийллээр байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс гэрээний дагуу мөнгөө шилжүүлсэн, харин хариуцагчаас газрын гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр рүү шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Иймд шүүхээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасны дагуу талуудын хооронд худалдах, худалдан авах харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хариуцагч талаас 4,000,000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар тайлбарлаж байна. Хариуцагч тал 4,000,000 төгрөгийн төлбөр авах үндэслэлтэй бол хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг нэхэмжлэл гаргаагүй. 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зохигчдын хооронд хэлцэл хийгдсэн. Энэ хэлцлийн дагуу нэхэмжлэгч үүргээ биелүүлээгүй бол хариуцагч тал гэрээнээс татгалзах эрх нь хуулиар олгогдсон. Мөн төлбөрийн үлдэгдэл 4,000,000 төгрөгөө авах талаар мэдэгдэл хүргүүлж болно. Гэтэл энэ талаар мэдэгдээгүй. Хариуцагч гомдолдоо хэлцэл хүчин төгөлдөр бус талаар дурдсан. Энэ гэрээ нь хүчин төгөлдөр бус бол Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн аль үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцуулж байгаа нь тодорхойгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2.Нэхэмжлэгч Н.Ч- нь хариуцагч Б.М-д холбогдуулан Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 19-р хороо, Шаргаморьтод байрлах, нэгж талбарын 1462006255 дугаар бүхий, 700 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байна.

4.Нэхэмжлэгч Н.Ч- нь хариуцагч Б.М-аас худалдан авсан газрын үнэ 14,000,000 төгрөгийг түүнд төлсөн гэх үндэслэлээр газрын гэрчилгээг гаргуулахаар шаардсан ба хариуцагч Б.М- нь газрыг 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, Н.Ч- нь 14,000,000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй гэх үндэслэл заан нэхэмжлэлээс татгалзжээ.

4.а.Зохигчид 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр газар эзэмших эрх худалдах, худалдан авах талаар бичгийн баримт үйлдэж, тус баримтад Газрын гэрчилгээний дугаар 000146849, газрын үнэд 14 сая төгрөгийг Б.М-д Н.Ч-гаас хүлээлгэн өгөв. Газрыг Н.Ч-гийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн байна. /хх-ийн 10-р тал/

4.б.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ. Тодруулбал, худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг худалдагчид төлөх үүргийг тус тус хүлээдэг. Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь Иргэний хуулийн 83 дугаар зүйлд зааснаар бүх төрлийн хөрөнгө байх бөгөөд агуулгын хувьд шилжүүлж болох бүх эрхүүд болон шаардлага буюу шаардах эрхүүд ордог. Иргэний хуулийн 3 дугаар хэсгийн, хорин хоёрдугаар бүлэгт бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн талаар зохицуулсан бөгөөд 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт эрх, шаардлага, бусад хөрөнгийг худалдах, худалдан авах талаар заасан байна.

4.в.Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж заасан. Гэрээний гол нөхцөлийн талаар тохиролцсон дээрх баримтад талууд газрын үнэ 14,000,000 төгрөг гэж тодорхой тусгасан байх тул газрыг 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.Ч- нь газар эзэмших эрхийн үнэ 14,000,000 төгрөгийг төлж, гэрээний үүргийг биелүүлсэн гэж үзэхээр байна.

4.г.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч Х.Мэдэхгүй нь ... газрыг 20,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, Н.Ч- нь 14,000,000 төгрөгийг манай хүүгийн данс руу шилжүүлж, үлдэх төлбөрийг төлөөгүй гэж мэдүүлсэн боловч тус мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар давхар нотлогдоогүй, мөн гэрч Х.Мэдэхгүй нь хариуцагч Б.М-ы гэр бүлийн гишүүн байгаа зэрэг нөхцөл байдлыг харьцуулан дүгнэвэл гэрчийн мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй.

5.Харин маргааны зүйл нь эзэмших эрхтэй газар байхад анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх талаар зохицуулсан Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт хамааруулан дүгнэсэн нь буруу байна. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 260 дугаар зүйлд заасан эрх шилжүүлэх хэлцэлд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2 дах хэсэгт заасан шаардлага тавигдахгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

5.а.Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд шууд хамаарахгүй тул газрын эзэмших эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч Н.Ч-д шилжүүлэхийг хариуцагч Б.М-д даалгаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.

6.Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1- т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2022/02898 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 228,000 төгрөгийг улсын төвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Г.ДАВААДОРЖ